Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 342

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Газрын харилцаа,

барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         Б.Мөнхтуяа

                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0290 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Б.Т, өмгөөлөгч Д.Г,

Хариуцагч: өмгөөлөгч Б.Г нар,

Хариуцагч Э.Ч-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т-ын Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0290 дүгээр магадлалаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Т-г Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг нөхөн гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар ... Б.Т-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл” ногдуулжээ. ...Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтад “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэлт баталгааг хангана”, 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасан байна гээд, “...Хэрэгт авагдсан нэхэмжлэгч хариуцагчийн тайлбар, Ёс зүйн хорооны дүгнэлт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзвэл иргэн Д.Гийн 42,000,000 төгрөг авч 4 газар эзэмших эрх олгосон гэх гомдлыг хянан шалгасан гэх атлаа тус гомдол үндэслэлтэй эсэх талаар дүгнээгүй, нэр бүхий 2 иргэнд газрын суурь үнэ, улсын тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнийг төлүүлэлгүйгээр гэрчилгээ олгосон нь нэгж талбарын хувийн хэргийн баримтыг бүрдүүлээгүй гэх зөрчлүүдийг тухайн үед Ахлах мэргэжилтэн хийж байсан нэхэмжлэгч Б.Т дангаараа хариуцаж байсан талаар, мөн тэрхүү зөрчлийг гаргасан нь эргэлзээгүй талаар дүгнэгдээгүй, мөн хэрхэн яаж хянан шалгасан нь тодрхой бус, энэ талаар шалгаж шийдвэр гаргах эрх хэмжээтэй эсэх нь тодорхойгүй байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх, хуульд үндэслэх, захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй, захиргаа шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох хуулиар тогтоосон журамд нийцээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг алдагдуулсан байна гэж үзлээ” гэсэн нь илтэд нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

4. Учир нь, ахлах мэргэжилтэн Б.Т нь тухайн үед хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүргийн хүрээнд Газрын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 83 дугаар тушаалын зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн. Тухайлбал, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, ААН, байгууллага зохих хууль тогтоомж гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д 23.3.1-ээс 23.3.5, 23.3.7-д заасан ...иргэн, ААН, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулах, эрхийн гэрчилгээ олгох”, 23.3.8-д “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах”, 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж газрын улсын бүртгэлд бүртгэх, газрын мэдээллийн санг эрхлэх”, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэсэн заалт, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл “газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага”, мөн хуулийн 32 дугаар зүйлд “иргэн, ААН, байгууллагын газар эзэмших хүсэлт газар эзэмшигчийн овог нэр, хаяг, иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацаа”, 32 дугаар зүйлийн 32.4-т “энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ, бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө”, 32.5-д “хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч бүртгэлээс хасна” мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан “тухай шатны Засаг дарга газар эзэмших шийдвэр гаргасны дараа Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан “...Газар эзэмших гэрээг иргэн, ААН, байгууллагатай байгуулан эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.8-д “газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” эдгээр заалтуудыг хангаагүй тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ээс 40.1.6-д заасан хор уршиг үүсдэг. Тухайн үед Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч Б, Ц.У нар нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дарааллан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбоотойгоор иргэн Д.Г асуудал үүсгэн Б.Т-аас 42,000,000 төгрөгөөр 4 газар худалдан авсан тухай гомдол гаргаж, тухайн байгууллагын Ёс зүйн хороо болон Даргын дэргэдэх зөвлөл өөрийн бүрэн эрхийн хүрээнд ахлах мэргэжилтэн Б.Т-д сахилгын шийтгэл ногдуулсан нь бүрэн үндэслэлтэй гэж үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдоллож байна.

5. Давж заалдах шатны шүүх магадлалд “Газрын тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар Газрын албаны ахлах мэргэжилтэнтэй холбоотой бусдаас мөнгө авч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон” гэх төрийн албан хаагчийн албаны бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэнтэй холбоотой гомдлыг байгууллагын ёс зүйн хороо шалгах, дүгнэлт гаргах талаар тусгайлан хуульчлаагүй байхад иргэн Д.Г-ээс нэхэмжлэгч Б.Т-тай холбогдуулан 42,000,000 төгрөг авч 4 газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэх агуулга бүхий гомдлыг байгууллагын ёс зүйн хороогоор шалгуулахаар шилжүүлсэн, түүнчлэн тус гомдол үндэслэлтэй байсан эсэх талаар эрх бүхий этгээдийн дүгнэлт шийдвэр гараагүй, мөн Ёс зүйн хороо тус гомдол үндэслэлтэй эсэх талаар дүгнээгүй байхад нэхэмжлэгч Б.Т-д сахилгын арга хэмжээ авсан хариуцагчийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн байгууллагын Ёс зүйн хорооны “...иргэн Б.Б, Ц.У нарын ... мөнгийг төлүүлэлгүйгээр газар эзэмших гэрээ байгуулалгүй, газар эзэмших гэрчилгээ гаргаж өгсөн үйлдлүүдийг ноцтой зөрчил гэж үзсэн, тус зөрчлийг Б.Т гаргасан гэж дүгнэснийг шийдвэр гаргагч албан тушаалтны хувьд хариуцагч баримт, үндэслэл, нотолгоонд тулгуурлан хянан дүгнэх, нягтлан шалгах боломжтой байснаас гадна тус зөрчилд холбогдуулан нэхэмжлэгч Б.Т-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногуулсан нь хууль бус байна гэж” дүгнэсэнг хүлээн авах боломжгүй тул гомдолтой байна.

6. Учир нь, байгууллагын ёс зүйн хороо Б.Т нь иргэн Д.Г-ийн гаргасан гомдлын хүрээнд 42,000,000 төгрөгөөр 4 газар эзэмших гэрчилгээ олгосон талаарх асуудлыг шалгаагүй, харин олгосон дээрх газруудыг Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших эрх хүсэгч Д.Г, Б.Б, Ц.У нараас албан ёсоор хүсэлтийг нь авсан эсэх, газрын суурь хураамж болон газрын гэрчилгээний үнийг гаргуулан авсан эсэх, газар эзэмших гэрээ байгуулсан эсэх, гэрээгээ дүгнэсэн эсэх, улмаар газар эзэмшигчийн хувийн хэргийн хөтлөлт хийсэн эсэх талаар хангалтгүй ажилласан талаар дүгнэлт өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Харин ахлах мэргэжилтэн Б.Т нь иргэн Д.Г-д 4 газрыг 42,000,000 төгрөгөөр албан тушаалаа урвуулан ашиглаж зарсан эсэх асуудлыг Дундговь аймгийн Цагдаагийн газар болон Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн бөгөөд тухайн байгууллагын эцсийн шийдвэрийг хүлээх боломжгүй, уг асуудал нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойш буюу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Б.Т албан тушаалаа урвуулан бусдад 4 газар зарсан асуудал нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэргэсэхгүй болгох шийдвэрийг Дундговь аймгийн Прокурорын газарт гаргасан байдаг. Мөн анхан шатны шүүх хурал дээр 4 гэрч мэдүүлэг өгсөн бөгөөд зарим нь газар авснаа ч мэдэхгүй байсан талаар мэдүүлж байсан нь энэ хүний гаргасан зөрчил нь хангалттай нотлогдож байна гэх үндэслэл болж байна.

7. Дээрх хууль сахиулах байгууллагын шийдвэрийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хүлээх боломжгүй бөгөөд сахилгын зөрчил гаргасан этгээдэд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн заалтын хүрээнд ахлах мэргэжилтэн Б.Т-ын гаргасан зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалдаа Засгийн газрын 288 дугаар тогтоолын хавсралт “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т” Б.Т нь хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээллэх гэсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тул түүнд ногдуулсан сахилгын шийтгэл хууль зүйн үндэслэлтэй болно. Ингэж ноцтой зөрчил гаргасан этгээдийн толгойг илж өнгөрөөх нь шудрага ёс, хууль дээдлэх зарчимд нийцэхгүй, ийм шийдвэр гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрт үнэхээр гомдолтой байна. Өнөөдрийг хүртэл Б.Т нь улсад учруулсан хохирлууд болох газрын суурь үнэ, гэрчилгээний үнийг төлөөгүй байна.

8. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “хариуцагч маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийг баримталсан байх бөгөөд тус зүйлийн аль ч заалтад заасан үүргээ төрийн албан хаагч хэрэгжүүлээгүй талаар тодорхой заагаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Т-ын дээрх үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэж захиргааны шийтгэл ногдуулах эрхтэй байгууллага мэтээр хариуцагчийн шийдвэрийг зөвтгөсөн нь буруу байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Ч 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Б.Т-д сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийг удирдлага болгосон бөгөөд чухам ямар заалтуудыг удирдлага болгосон талаар анхан шатны шүүх хурал дээр шүүгч хариуцагчаас тодруулахад Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1,13.1.5-д заасныг удирдлага болгосон талаар хариуцагч тайлбарласан бөгөөд энэ асуудалд нь анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт өгсөн гэж хариуцагчийн хувьд үзэж байна. Түүнээс бус шүүх захиргааны шийдвэрийг засч залруулах, зөвтгөн сайжруулах эрх хэмжээ эдэлсэн гэж үзэхгүй байна.

9. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07га-аас илүүгүй байна”, 29.2-т “энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал, тарих зориулалтаар иргэнд 0,1га-аас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын алба тухайн иргэн, ААН, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 10.2-т “иргэн, хуулийн этгээдэд холбогдох шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах гэрээ байгуулсны үндсэн дээр эрхийн гэрчилгээг газрын албаны дарга, сумын газрын даамал баталгаажуулж олгоно” гэж тус тус заажээ.

10. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг холбогдох шатны Засаг дарга гаргах бөгөөд тэрхүү шийдвэрийг үндэслэн газар эзэмших талаар тухайн аймаг, сумын газрын даамал иргэн, ААН, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулсны үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг газрын алба, газрын даамал баталгаажуулан олгохоор байна.

11. Гэтэл тухайн үед Газрын албанд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Т-г газар эзэмших гэрчилгээ олгох, гэрээ байгуулах үүргийг дангаараа хариуцдаг мэтээр маргаан бүхий актад “бусдад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахдаа гэж” зааж түүнийг буруутгах үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна гэсэн магадлалын дүгнэлтийн тухайд, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл болон Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 83 дугаар тушаалд “...Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг холбогдох шатны Засаг дарга гаргах бөгөөд тэрхүү шийдвэрийг үндэслэн газар эзэмших талаар тухайн аймаг, сумын газрын даамал иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулсны үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын алба, газрын даамал баталгаажуулан олгохоор байна” гэсэн нь ... Газрын тухай хуулиараа дан ганц газрын даамал газар эзэмших гэрээ байгуулсны үндсэн дээр газар эзэмших гэрчилгээ олгоно гэж заагаагүй, газрын даамал, Газрын алба газар эзэмших гэрээ байгуулна гэж заасан заалтыг давж заалдах шатны шүүх хэт өрөөсгөл байдлаар дүгнэж байна. Ахлах мэргэжилтэн Б.Т нь Газрын алба гэсэн ойлголтод хамаарна.

12. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг газрын даамал баталгаажуулна гэсэн нь газрын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулна гэсэн ойлголт бөгөөд Б.Т тэрхүү газрын даамлын баталгаажуулсан гэрчилгээг өөрийн бүрэн эрхийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгож улмаар улсын бүртгэлд бүртгэдэг албан тушаалтан гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхгүй байгаад гомдолтой байна. Б.Т-г газар эзэмших эрхийн гэрчилгээг баталгаажуулдаг гэж хэн ч тайлбарлаагүй болно.

13. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 221/МА2018/0290 дүгээр магадлалаараа нэхэмжлэгч Б.Т-д сахилгын шийтгэлд ногдуулсан хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Ч-ийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаар шийдвэр хуульд нийцээгүй, үндэслэлгүй, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул тус тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Т-г тус газрын Инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн томилсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

15. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Т нь  2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Б-ын хүсэлтээр түүнд газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахдаа газрын суурь үнэ, улсын тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнийг тушаагаагүй, тухайн үед бүрдүүлэх ёстой байсан газар эзэмших хувийн хэргийн баримтыг бүрдүүлээгүй зөрчил гаргасан бөгөөд тус зөрчлийг шалгах шалгалтын ажиллагаа эхлүүлснийг мэдмэгцээ буюу 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Б.Б-ын нэрийн өмнөөс холбогдох төлбөрүүдийг төлж, газар эзэмших хувийн хэргийн материалыг нөхөн үйлдсэн /1 дүгээр хавтас, 29, 78, 79 дэх тал/, мөн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Ц.У-т улсад төлөх суурь үнийг төлүүлэлгүйгээр газар эзэмших гэрчилгээ өгсөн зөрчлийг гаргасан гэдэг нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч үүнийгээ үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаан дээр өгчээ.

16. Гэхдээ маргаан бүхий актад заасан буюу дээр дурдсан нэхэмжлэгчийн 2013 онд гаргасан хоёр зөрчлийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, харин мөн актад заасан 2017 оны 4 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч нь Б.Б-ын нэрийн өмнөөс холбогдох төлбөрүүдийг төлж, газар эзэмших хувийн хэргийн материалыг нөхөн үйлдсэн гэх зөрчлийн тухайд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, уг үйлдэл нь Газрын тухай хууль болон Газрын харилцаа, геодизи зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар журмын холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”; 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”; Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.4-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэснийг тус тус зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

17. Гэтэл давж заалдах шатны шүүх “... төрийн албан хаагчийн албаны бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэнтэй холбоотой гомдлыг байгууллагын ёс зүйн хороо шалгах, дүгнэлт гаргах талаар тусгайлан хуульчлаагүй байхад иргэн Д.Г-ээс нэхэмжлэгч Б.Т-тай холбогдуулан 42,000,000 төгрөг авч 4 газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон” гэх агуулга бүхий гомдлыг байгууллагын Ёс зүйн хороогоор шалгуулахаар шилжүүлсэн нь, түүнчлэн тус гомдол үндэслэлтэй байсан эсэх талаар эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэр гараагүй, мөн Ёс зүйн хороо уг гомдлыг хянан шалгасан гэх атлаа тус гомдол үндэслэлтэй эсэх талаар дүгнээгүй, нэр бүхий хоёр иргэнд газрын суурь үнэ, улсын тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнэ төлүүлэлгүйгээр гэрчилгээ олгосон нь, газар эзэмших эрхтэй холбоотой хувийн хэргийн баримтыг бүрдүүлээгүй гэх зөрчлүүдийг тухайн үед ахлах мэргэжилтэн хийж байсан нэхэмжлэгч Б.Т дангаараа хариуцах байсан талаар, мөн тэрхүү зөрчлийг гаргасан нь эргэлзээгүйгээр тогтоогдсон талаар дүгнэгдээгүй, хэрхэн яаж шалгасан нь тодорхой бус, байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх, хуульд үндэслэх” зэрэг захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудад нийцэхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь буруу байна.

18. Учир нь, аливаа төрийн байгууллагын Ёс зүйн хороо нь тухайн байгууллагынхаа төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрхтэй этгээдийн хувьд тухайн байгууллагын төрийн албан хаагчийн хууль зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүй, тухайлбал, албаны бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэн зэрэг нь “ёс зүйн зөрчил” мөн эсэхэд дүгнэлт өгөх эрхтэй бөгөөд Ёс зүйн хорооны хяналт шалгалт нь зөвхөн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлагдана, өөрөөр хэлбэл гомдлыг хянан шалгах явцад өөр бусад зөрчил илэрсэн ч гомдолд дурдаагүй учраас шалгахгүй гэж үзэхгүй.

19. Энэхүү маргааны тухайд иргэн Д.Г-ээс 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан “...газрын гэрчилгээг дүү Б.Б-ын нэр дээр гаргаж өгсөн, гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр танай байгууллагаас газрын үнэ, гэрчилгээний үнэ тушаагаагүй байна, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэсэн, ийм мэдэгдэл ирэнгүүт Б.Т-д хэлсэн, тэгэхэд Б.Т төлчихнө, санаа зоволтгүй гэсэн хариу өгсөн, гэтэл дахин мэдэгдэл ирсэн, иймд дахин Б.Т-д хэлэхэд төлсөн гэсэн хариу өгсөн,... эдгээр газруудыг би танай мэргэжилтэн Б.Т-ын хэлсэн үнээр худалдан авсан,... хууль бусаар албан тушаалаа ашиглан уг газруудыг худалдсан Б.Т-д арга хэмжээ авч өгнө үү...” гэх утгатай гомдол ирүүлснийг “төрийн албан хаагчийн албаны чиг үүрэгт хамааралтай асуудал, иймд Ёс зүйн хороо шалгах эрхгүй” гэж үзэх боломжгүйгээс гадна хорооноос уг гомдолд дурдсан үйл баримттай холбоотойгоор хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад иргэн Б.Б-ын эзэмшлийн газрын суурь үнэ, улсын тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнэ төлөгдөөгүй байсан, эдгээрийг Б.Т нь 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр түүний нэрийн өмнөөс төлж, газрын хувийн хэргийг нөхөн бүрдүүлсэн болохыг тогтоосныг /Хэргийн 1 дүгээр хавтас, 29 дэх тал/ “гомдолд дурдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн” гэж үзэхгүй.

20. Түүнчлэн, нэхэмжлэгч өөрөө нэр бүхий хоёр иргэнд газрын суурь үнэ, улсын тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнэ төлүүлэлгүйгээр гэрчилгээ олгосон, сүүлд нь өөрөө төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад “эдгээр зөрчлүүдийг тухайн үед ахлах мэргэжилтэн хийж байсан нэхэмжлэгч Б.Т дангаараа хариуцах байсан талаар, мөн тэрхүү зөрчлийг гаргасан нь эргэлзээгүйгээр тогтоогдсон талаар дүгнээгүй, хэрхэн яаж шалгасан нь тодорхой бус, иймд маргаан бүхий акт “зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, хуульд үндэслээгүй” гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.

21. Дээрх байдлаар нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болж буй тул Төрийн албаны тухай хуулиар баталгаажуулсан “хуульд заасан үндэслэлгүйгээр төрийн албанаас халагдахгүй байх”, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан “жирэмсэн болон гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ... энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглох” тухай зохицуулалтад хамаарахгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

22. Иймээс шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг /Тодорхойлох хэсгийн 3-13/ хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0290 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Татварын хэлтсийн 5450578561 тоот дансанд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг  буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                Г.БАНЗРАГЧ