Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 10419

 

 

 

“С Р” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  183/ШШ2020/00103 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “С Р” ХХК-ийн хариуцагч У.М-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг цуцалснаас учирсан хохиролд 271 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С Р” ХХК нь У.Мөнхжаргалтай 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр амины орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. У.Мнь гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Асем Вилла цогцолбор, 13240 Дүнжингарав гудамж, 48 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204080419 дугаар гэрчилгээтэй, 354 м.кв талбайтай амины орон сууцыг 3 712 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т талууд төлбөрийн хуваарийг харилцан тохиролцсон бөгөөд гэрээ байгуулагдах үед 1 113 600 000 төгрөгийг төлж байрыг хүлээн авахаар, үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нь 100 000 000 төгрөг урьдчилгаа төлбөрт төлж байраа хүлээн авъя, урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлнө гэсэн хүсэлт гаргасны дагуу талууд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байр хүлээлцэх акт үйлдэн, эзэмших эрхийг У.М-д шилжүүлсэн. Гэтэл төлбөр төлөх хугацаанд төлбөр төлөхгүй 2019 оны 3 дугаар сар хүрсэн. Энэ хугацаанд нийт 4 удаа албан бичиг хүргүүлж төлбөрөө төлөхийг У.М-д мэдэгдсэн боловч хариу арга хэмжээ аваагүй тул 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр гэрээг цуцалсан. Талууд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байр хүлээлцэх акт үйлдэн хариуцагчаас 48 тоот амины орон сууцыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэн өгч худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгосон. Гэрээний 9.3-т худалдагч нь гэрээний 9.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд худалдан авагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх хариуцлага хүлээнэ гэж заасан. Гэрээний нийт үнийн дүн буюу 3 712 000 000 төгрөгийн 10 хувь 371 200 000 төгрөгийн торгуулийг хариуцагч төлөх үүрэгтэй байна. Гэрээ байгуулах үед 100 000 000 төгрөг төлсөн бөгөөд тус төлбөрийг торгуулийн төлбөрт суутган тооцсон тул үлдэгдэл 271 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Мөнхжаргалаас 271 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С Р” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 531 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 531 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болж өрхийн эмнэлэгийн актыг хавсарган шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн боловч талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгч “С Р” ХХК нь хариуцагч У.М-д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцалсны хохиролд 271 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Талууд 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “С Р” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Асем виллаж цогцолбор, 13240 Дүнжингарав гудамж, 48 тоот хаягт байршилтай, 354 м.кв талбай бүхий амины орон сууцыг У.М-д худалдах, худалдан авагч нь гэрээний үнэд 3 712 000 000 төгрөг төлөхөөс урьдчилгаа 1 113 600 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлөх, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сар бүрийн 25-нд 10 000 000 төгрөг төлөх, үлдэгдэл төлбөрийг 2018 онд багтаан төлөөгүй тохиолдолд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 12 хувийн хүүтэй сар бүр төлбөр төлөхөөр тохиролцсон. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаархи шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн. /хх-9-13/

Хариуцагч У.Мнь уг үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт 100 000 000 төгрөгийг төлж амины орон сууцыг хүлээн авсан, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр уг орон сууцыг нэхэмжлэгч “С Р” ХХК-д хүлээлгэн өгчээ. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.2-т “...төлбөрийг төлөх байсан хугацаа хуанлийн 30 хоног хэтэрсэн тохиолдолд худалдагч нь мэдэгдэл өгснөөр гэрээг нэн даруй цуцлах эрхтэй” гэж заасны дагуу “С Р” ХХК нь У.М-д амины орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж, алданги, хохирол нэхэмжлэх агуулгатай мэдэгдлийг хүргүүлж, улмаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагчийн төлбөр төлөх үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн./хх-22-27/

“С Р” ХХК нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйлийг буцаан гаргуулж авсан тул гэрээний үүргийн шаардах эрх дуусгавар болсон байна.

Хариуцагч У.Мгэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч “С Р” ХХК Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй. Энэхүү хохирлын хэмжээг гэрээнд талууд тохиролцсон бөгөөд буруутай тал нь 10 хувийн хэмжээтэй торгуулийг төлөхөөр тохиролцсныг иргэний эрх зүйн хариуцлагын хүрээнд хохирол үнийн дүнгийн хэмжээнээс ихгүй байх зарчимд нийцсэн гэж үзнэ.

          Иймд анхан шатны шүүх гэрээнээс татгалзсантай холбогдон гарсан хохирлыг арилгуулж, гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 371 200 000 төгрөгөөс урьдчилгаа төлбөр 100 000 000 төгрөгийг хасаж хариуцагчаас хохиролд 271 200 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирол шаардсан байхад гэрээний зөрчилтэй холбоогүйгээр татгалзах эрх хэрэгжүүлэх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэг болон үндсэн үүргийг гүйцэтгүүлэхэд чиглэгдсэн үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тодорхойлсон мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул алдааг зөвтгөв.  

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэл тогтоогдоогүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-аас ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн нь зөв. Учир нь “Урахуй” өрхийн эрүүл мэндийн төвөөс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.Цэцэгмаад олгосон эмнэлгийн магадлагаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-ын 4.5 дахь хэсэгт заасан эмнэлгийн магадлагаанд ерөнхий эмч гарын үсэг зурсан, эмнэлэгийн тамга дарсан байх шаардлагыг хангаагүй байна. Үүнээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-аас урьд нь шүүх хуралдаан давхацсан, өмгөөлөгч авах шалтгаанаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байжээ. /хх-46-50,51-54/

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00103 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 232 дугаар зүйлийн 232.5” гэснийг хасаж “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 ...” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 513 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                                                ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                  Д.БАЙГАЛМАА