Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00103

 

 

2020 оны 01 сарын 10 өдөр

   Дугаар 183/ШШ2020/00103

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ......... 11 дүгээр хороо, байранд байрлах, С-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, хаягт оршин суух, У. М- /РД:/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээ цуцалснаас учирсан хохиролд 271 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов.                                      

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч С-ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.М- нь С-ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын      12-ны өдөр SR-CS-19-035 тоот амины орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болно. Хариуцагч нь тус гэрээний зүйл болох Нийслэлийн ......... 11 дүгээр хороо, ......... цогцолбор, 13240 дүнжингарав гудамж, 48 тоот хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний Ү-2204080419 дугаартай, №000492018 дугаарт бүртгэгдсэн 354 метр квадрат талбай бүхий амины орон сууцыг              3 712 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт талууд төлбөрийн хуваарийг харилцан тохиролцсон бөгөөд байгуулагдах үед 1 113 600 000 төгрөгийг төлж байраа хүлээн авахаар, үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч 100 000 000 төгрөг урьдчилгаа төлбөрт төлөөд байраа хүлээн авъя, урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлөх болно гэсэн хүсэлт гаргасны дагуу талууд 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байр хүлээлцэх акт үйлдэн, байрыг хүлээлцэж, эзэмших эрхийг хариуцагч талд шилжүүлэн өгсөн. Гэтэл хариуцагч дээр заасан төлбөр төлөх хугацаанд дахин ямар нэгэн төлбөр төлөөгүй 2019 оны 03 дугаар сар хүрсэн. Бид энэ хугацаанд хариуцагчид нийт 4 удаа албан бичиг хүргүүлж төлбөрөө төлөхийг мэдэгдсэн бөгөөд хариуцагч ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй тул гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр цуцалсанд тооцож гэрээнд заасан дараагийн арга хэмжээг авч эхэлсэн. Талууд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байр хүлээлцэх акт үйлдэн хариуцагчаас тухайн 48 тоот амины орон сууцыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэн өгч худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгосон болно. Худалдах, худалдан авах гэрээний 9.2-т худалдан авагч нь гэрээний үнийг төлөх ... хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх хариуцлага хүлээнэ. Энэхүү алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн эсвэл төлбөрийг төлөх байсан хугацаа хуанлийн 30 хоног хэтэрсэн тохиолдолд худалдагч нь мэдэгдэл өгснөөр гэрээг нэн даруй цуцлах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч төлбөр төлөх хугацааг 4 сар хэтрүүлсэн тул бид гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр цуцалсан болохоо мэдэгдсэн. Дээрх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний 9.3-т худалдагч нь гэрээний 9.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд худалдан авагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх хариуцлага хүлээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээний нийт үнийн дүн буюу 3 712 000 000 төгрөгийн 10 хувь 371 200 000 төгрөгийн торгуулийг хариуцагч тал төлөх үүрэгтэй байна. Хариуцагч нь анх гэрээ байгуулах үед 100 000 000 төгрөг төлсөн бөгөөд тус төлбөрийг бид түүний төлөх торгуулийн төлбөрт суутган тооцсон тул үлдэгдэл 271 200 000 төгрөгийг иргэний хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагчаас гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С-ХХК нь хариуцагч У.М-д холбогдуулан гэрээ цуцалснаас учирсан хохиролд 271 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...талуудын хооронд байгуулсан гэрээний           9.3-т зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд худалдан авагч нь гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх хариуцлага хүлээхээр заасны дагуу хариуцагчаас 271 200 000 төгрөгийг гаргуулна...” гэж тайлбарлаж байна.  

 

Хэрэгт авагдсан баримтаар С-ХХК, У.М- нар 2018 оны 03 сарын 12-ны өдөр амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ......... 11 дүгээр хороо, ......... цогцолбор 13240 дунжингарав гудамж, 48 тоот хаягт байршилтай 354 м.кв талбай бүхий амны орон сууцыг 3 712 000 000 худалдах, худалдан авахаар, төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчид шилжүүлэхээр тохиролцож, төлбөрийн нөхцлийг худалдан авагч урьдчилгаа төлбөр болох      1 113 600 000 төгрөгийг 2018 оны 03 сарын 13-ны өдрийн дотор, үлдэгдэл төлбөрийг 2018 оны 04 сарын 25-ны өдрөөс мөн оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл хувааж төлөхөөр тохиролцжээ. /хх-9-12/

 

Гэрээг талууд бичгээр байгуулж, хүсэл зоригоо гарын үсэг зурж баталгаажуулсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 232 дугаар зүйлийн 232.3, 243 дугаар зүйлийн 243.1-т заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн ба талуудын хэн аль нь гэрээний үүрэг шаардах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч 2018 оны 03 сарын 13-ны өдрийн дотор урьдчилгаа төлбөр 1 113 600 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч С-ХХК гэрээнээс татгалзаж, улмаар хариуцагч У.М- нь 2019 оны 03 сарын 21-ний өдөр гэрээний зүйл болсон амны орон сууцыг чөлөөлж, худалдагч талд хүлээлгэн өгсөн  болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон амины орон сууц хүлээлцэх акт гэх баримтаар тогтоогдож байна.

 

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж үзэх бөгөөд гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр өгсөн, авснаа буцаадаг.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч У.М- нь гэрээний урьдчилгаа төлбөрт 2018 оны 03 сарын 15-ны өдөр 100 000 000 төгрөг төлсөн болох нь харилцах дансны хуулгын баримтаар нотлогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 9.2, 9.3-т “...төлбөр төлөх хугацаа хуанлийн 30 хоног хэтэрсэн тохиолдолд худалдагч нь мэдэгдэл өгснөөр гэрээг цуцлах эрхтэй, гэрээг цуцалсан тохиолдолд худалдан авагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх хариуцлага хүлээнэ...” гэж тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д анзыг үүрэг гүйцэтгэгчээс үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд төлөхөөр тохирсон мөнгөн төгрөгөөр тодорхойлох ба анзын нэг хэлбэр нь торгууль юм. Торгууль нь талуудын хооронд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр тухайн үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон мөнгөн дүн байхаар заасан. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгч нь анзаар дамжуулан өөрт учирсан хохирлын нотолгоог заавал гаргуулахгүйгээр хохирлыг нөхөн төлүүлэх баталгааг гэрээгээр урьдчилан тохиролцсон гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох               371 200 000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт төлсөн 100 000 000 төгрөгийг суутган тооцож, 271 200 000 төгрөгийн торгуулийг хариуцагчаас шаардах буй нь үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхээс хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.М-аас  271 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С-ХХК-д олгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 531 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид                   1 531 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ