Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар П.Энхбат

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар иргэн П.Э*******ын нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, Д.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.С******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/418 тоот тушаалын иргэн П.Э*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах гэжээ.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Э******* нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 сарын 12-ны өдрийн Б/418 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Гааль, Татварын ерөнхий газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Б/237 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын харъяа Улс хоорондын шуудан илгээмжийн газрын Гаалийн зөрчлийн албаны дарга бөгөөд Гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байгаад ажлаасаа халагдсан. Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 сарын 12-ны өдрийн Б/418 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн энэхүү албан тушаалаа хашиж байх хугацаандаа П.Э******* нь сахилгын зөрчил, мэдлэг, ур чадварын доголдол гаргаж байгаагүй.

Гаалийн ерөнхий газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө, 17.3-т төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийн өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ, 17.4-т төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр Б/418 дугаар Тушаалуудыг хүчингүй болгуулах тухай тушаал гаргаж ажлаас халсан. Гэвч энэхүү тушаал нь ажлаас халсан тушаал биш юм.

Учир нь Төрийн Төрийн албаны тухай хуулийн 25-д төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэлийг тодорхой зааж өгсөн байгаа. Үүнд хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Монгол улсын харъяатаас гарсан гэсэн үндсэн 3 үндэслэл багтдаг. Гэтэл мэргэжлийн сонгон шалгаруулалтад ороогүй, ажилд томилсон тушаалуудыг хүчингүй болгосон, Бакалаврын зэрэг хамгаалсан мэргэжлээр 3 жил, Магистерын зэрэг хамгаалсан мэргэжлээр 5 жил ажиллаагүй зэрэг үндэслэлээр халах тухай хуулийн заалт байхгүй бөгөөд энэ нь халах үндэслэл болохгүй. Байгууллага дотроо захиргааны журмаар шийдэх байсан асуудлыг халах тушаалын үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй. Мөн Гаалийн ерөнхий газрын дарга нь 2015.10.12-ны Б/418 дугаар тушаал, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам, Гаалийн байгууллагын төрийн тусгай албанд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журмыг тус тус зөрчсөн байна.

Үүнийг Э******* зөрчөөгүй бөгөөд энэ нь П.Э*******ад биш Гаалийн байгууллагад хуулиар олгогдсон үүрэг юм. Тухайлбал Гаалийн байгууллагын төрийн тусгай албан анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2.2-т Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд ажилтан авах сул ажлын байрны захиалгыг улсын хэмжээнд нэгтгэн хянаж, сул орон тоог нөхөх, мэргэшлийн шалгалт зарлах тухай асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Тиймээс үүнтэй уялдуулж энэ үүргээ биелүүлсэн эсэх асуудал зайлшгүй урган гарч ирнэ. Хүний амьдралын баталгааг үгүй хийнэ гэдэг нь хэн нэгний дур зоргийн асуудал биш.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 4.2.5-д төрийн албан мэргэшсэн, тогтвортой байна, тус хуулийн 27.2-т Төрийн жинхэнэ албан хаагч нэмэгдэл баталгаагаар хангагдана гэж заасныг тус тус зөрчиж байна. Энэхүү нэмэгдэл баталгаанд Төрийн албаны тухай хуулийн 25-д заасан 3 үндэслэл, 26.1.3-т заасан 1 үндэслэл багтана. Хамгийн гол нь Гаалийн ерөнхий газрын дарга нь Салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь эрхийн зөрчилтэй тушаал бөгөөд хүчин төгөлдөр бус тушаал гэж үзэж болно. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 39.5-д Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй гэж тодорхой заасан. Зөвхөн Төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй бөгөөд Төрийн албаны төв байгууллага гэдэг нь Гаалийн ерөнхий газар биш Төрийн албаны зөвлөл юм. Гаалийн ерөнхий газрын гаргасан хууль бус тушаалыг салбар зөвлөлийн дарга өөрөө бус Төрийн албаны салбар зөвлөлийн дарга хүчингүй болгоно. Тиймээс нэг талаас энэхүү тушаалыг эрх хэмжээгээ хэтрүүлэн гаргасанд тооцож болно гэжээ.

3.Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын агуулга: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг "Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ." гэж заажээ.

Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Ц******* нь П.Э*******ыг Гаалийн байгууллагад анх авахдаа Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшлийн сонгон шалгаруулалтад хамруулалгүйгээр шууд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17.3 дэх хэсэг, Монгол улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон щалгаруулах журам"-ыг ноцтой зөрчсөн байна. Гаалийн ерөнхий газрын дарга О.Г******* нь Гаалийн байгууллагын даргаар томилогдсон даруй дээрх хууль зөрчсөн шийдвэрийг судлаж, тогтоосны үндсэн дээр Засгийн газрын агентлагийн эрхзүйн байдлын тухай хуулийн 8.3.1 дэх заалтад "энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион бангуулж, явц, биелэлтэд хяналт тавих" гэж заасан эрх хэмжээний хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 12-ны Б/418 дугаар тушаалыг гаргасан болно.

Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3. дахь хэсэгт "Энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хучингүйд тооцож, буруутай албан тушаалтанд шүүгч энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал Гаалийн албанаас халсан гэж ярьж байгаа боловч энэ нь халсан биш хууль зөрчсөн тушаалуудыг хүчингүй болгосон. Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.1-д агентлагийн удирдлага нь хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 17.3-т заасныг зөрчсөн гэсэн учир Гаалийн ерөнхий газрын дарга 2015.10.12-ны өдрийн Б/418 тушаалаа гаргасан.

Мөн Гаалийн байгууллага сонгон шалгаруулалт явуулах үүрэгтэй байсан гэж байна. Гэвч гаалийн байгууллага тухайн үед бүтэц зохион байгуулалтын хувьд шинээр хүн авах шаардлага байгаагүй. Түүнчлэн Төрийн албаны салбар зөвлөлөөс тушаалыг хүчингүй болгох ёстой байсан гэж байна.

Гэвч 2015 онд Төрийн албаны зөвлөл бүтэн бүрэлдэхүүнээрээ байгаагүй бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулж, сонгон шалгаруулалт зарлаагүй байсан. Төрийн албаны тухай хуулийн 16.3-т энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож, буруутай албан тушаалтанд шүүгч энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байгаа. Мөн Төрийн албаны зөвлөлөөс энэ манай харьяалал биш гэсэн албан тоот гаргасан байдаг гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүчингүй болгосон тушаалыг хуульд нийцүүлэн гаргасан. Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.1-д агентлагийн дарга нь хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тушаал байгаа. Сонгон шалгаруулалтгүй авсан гэдгийн хувьд иргэний харъяалал, эрүүл мэндийн байдал, мэргэжлийн талаас сонгон шалгаруулж төрийн албанд авах ёстой.

Гэвч энэ харилцааг алгасч явснаараа хууль зөрчсөн байдаг. Төрийн албаны тухай хуульд Төрийн албаны төв байгууллага салбар байгууллагынхаа хууль зөрчсөн тушаалыг хүчингүй болгоно гэж заасан байдаг боловч тухайн үед Гаалийн ерөнхий газрын дарга байсан Б.Ц*******ийн хууль бус үйлдлийг дараагийн дарга хуульд нийцүүлсэн энэхүү үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Э*******аас ажлаас үндэслэлгүй халагдсан гэж Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/418 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийг Гааль, татварын ерөнхий газрын даргад холбогдуулан шүүхэд анх гаргажээ /хх 1-2, 27-29/.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад /хх 119/ нэхэмжлэгч Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/418 тоот тушаалын иргэн П.Э*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийг Гааль, татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан гэж нэхэмжлэлээ тодруулжээ.

Маргаан бүхий актаар /хх 7, 66/ Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам, Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан Гаалийн байгууллагын Төрийн тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам-ыг тус тус зөрчиж гаргасан гэж нэхэмжлэгч П.Э*******ыг томилсон Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/237 дугаар тушаалыг хүчингүйд тооцжээ.

Маргаан бүхий актад дурдснаас гадна хариуцагч талын хариу тайлбар /хх 35/, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд өмнөх даргын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөхтэй холбоотой хуулийн заалтууд /Төрийн албан тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4/ыг зөрчиж /-ыг зөрчиж П.Э*******ыг хууль бусаар томилсон /Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн сонгон шалгаруулалтад хамруулалгүйгээр шууд томилсон/ шийдвэрийг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгосон, нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал биш гэж хариуцагч маргажээ.

Нэхэмжлэгч П.Э*******ыг Гаалийн ерөнхий газрын харъяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Гаалийн зөрчлийн албаны даргаар томилохдоо уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байгаагүй, уг албан тушаалд томилогдох үед П.Э******* нь төрийн жинхэнэ албан хаагчдын нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй байсан, нэхэмжлэгчийн хуульд нийцээгүй үндэслэлээр томилсон талаар Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гаргаагүй гэдэг нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн тайлбар /хх 35/, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 284 дүгээр албан бичиг /хх 38/, мөн Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 456 дугаар албан бичиг /хх 117/, Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний 03/2252 албан бичиг /хх 113/ зэргээр тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-17.5-д зааснаас үзэхэд төрийн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эхний ээлжинд тухайн байгууллага болон төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө. Ийм байдлаар нөхөх боломжгүй тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс сул орон тоонд тавих хүсэлтээ ажил олгогч байгууллага төрийн албаны төв байгууллагад тавина. Ажил олгогч нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй байхаар заажээ. Эдгээр хуулийн зохицуулалт нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх хуульчилсан журам байх бөгөөд ажил олгогч этгээдээс сул орон тоог нөхөх журмыг баримтлах үүрэгтэй гэж үзэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.З-д төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх журмыг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцохоор заажээ.

Мөн хуулийн  39 дүгээр зүйлийн 39.5-д төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй байхаар заажээ.

Эдгээрээс дүгнэхэд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх журмыг зөрчиж иргэн П.Э*******ыг төрийн тусгай албан хаагч, Гаалийн зөрчлийн албаны даргын албан тушаалд томилсон Гаалийн ерөнхий газрын дарга /эрх бүхий албан тушаалтан/-ны шийдвэрийг хүчингүй болгох эрх Гаалийн ерөнхий газрын даргад өөрт нь хуулиар олгогдоогүй, харин Төрийн албаны зөвлөлд олгогдсон байна.

Хариуцагчаас Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 8.3.1. энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих;, 8.4-д Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана  гэж хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу маргаан бүхий актыг гаргасан гэж маргажээ.

Гэсэн хэдий ч Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон Төрийн албан тухай хуулиудын зорилтыг харьцуулан үзэхэд төрийн албаны зарчим, төрийн албан тушаалд тавих шаардлага, төрийн албаны болзол журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулж байгаа харилцааны хувьд нарийвчилсан хууль нь Төрийн албаны тухай хууль байх тул хууль хэрэглээний эх сурвалжийн хувьд Төрийн албаны хуулийг баримтлан маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг дүгнэх нь зүйтэй байна.

Хариуцагч талаас маргаан бүхий актыг нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал биш гэж, харин нэхэмжлэгч маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч албан тушаалаа үргэжлүүлэн хийх боломжгүй болсон гэж тус тус маргажээ.

Маргаан бүхий актад хэдийгээр нэхэмжлэгчийг ажлаас халсан, чөлөөлсөн талаар дурдаагүй ч түүнийг албан тушаалд томилсон тушаалыг хүчингүй болгож, актын 2 дахь заалтаар актыг хэрэгжүүлэхдээ улсын байцаагчийн дүрэмт хувцас болон санхүүгийн тооцоог хийх, хувийн тэмдэг, энгэрийн зүүлтийг буцаан авах ажлыг зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэжээ.

Энэ байдлаас дүгнэхэд маргаан бүхий акт нь нэхэмжлэгч П.Э*******ыг эрхэлж байсан төрийн жинхэнэ албан тушаал, үүрэгт ажлаа үргэжлүүлэн хийх боломжгүй болгосон нь ажлаас халсан үр дагавар бий болгож, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үр дагаварт хүргэжээ.

Нэхэмжлэгчийг Гаалийн ерөнхий газрын харъяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Гаалийн зөрчлийн албаны дарга бөгөөд гаалийн улсын ахлах байцаагчаар томилж, гаалийн улсын байцаагчийн эрх олгож, төрийн тусгай албан хаагчийн ТТ-12-13 зэрэглэлийн дагуу сарын үндсэн цалинг тогтоож олгож байсан, уг албан тушаал, ажлын байрны зорилго, зорилт, үйл ажиллагаа, чиг үүргийг 2015 оны 06 дугаар сарын 23 өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч хэрэгжүүлэн ажиллаж байсан гэдэг нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/237 дугаар тушаал /хх 6, 78/, үр дүнгийн гэрээ /67-69/, үйл ажиллагааны төлөвлөгөө /хх 70-71/, цалингийн карт /хх 72/, ажлын байрны тодорхойлолт /хх 127-129/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ гэж зохицуулжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч П.Э******* нь төрийн жинхэнэ албан хаагчаар 2015 оны 06 дугаар сарын 23 өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж, уг албан тушаалыг эрхэлж байсан гэж үзэхээр байна.

Иймээс нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, ... тэтгэмж авах; гэсэн төрийн албан хаагчийн үндсэн баталгаагаар хангагдахаар байна. Түүнчлэн мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн нэмэгдэл баталгаагаар нэхэмжлэгч хангагдах эрхтэй юм.

Хуульд заасан эрх бүхий этгээдээс нэхэмжлэгч П.Э*******ыг хууль бусаар томилогдсон гэдгийг тогтоогоогүй, нэхэмжлэгчийг ажлаас халсан маргаан бүхий актын үндэслэлд Төрийн албан тухай хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т заасан үндэслэл хамаараагүй байх тул түүнийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж шүүх үзлээ.

Дүгнэхэд, маргаан бүхий акт нь дээр дурдсанаар хуульд нийцээгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчимд мөн нийцээгүй байна. Үүнээс гадна нэхэмжлэгч П.Э*******ын төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх, хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хариуцагчийн үйлдэл хууль бус гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгон, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалган шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Э*******ын ажиллаж байсан Гаалийн ерөнхий газрын харъяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Гаалийн зөрчлийн албаны даргын албан тушаалд өнөөдөр өөр хүн ажиллаагүй, уг ажлын байрны орон тоо Гааль, татварын ерөнхий газрын бүтэц, орон тооны өөрчлөлтөөр хасагдсан болох нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/237 тушаалын 9 дүгээр хавсралт /хх 114-ийн арын нүүр/, Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/2252 албан бичиг /113/, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/72 тушаалын 3 дугаар хавсралт /хх 77/ зэргийг харьцуулан үнэлэхэд тогтоогдож байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ гэжээ. Мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д Хэргийн оролцогчид захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй. гэжээ.

Иймд нэхэмжлэгчийн ажилдаа эгүүлэн томилуулж гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хангах нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хуульд заасан шаардлагад нийцэхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Энэхүү шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсноор Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/418 шийдвэрийн П.Э*******ад холбогдох хэсэг нь хүчингүй болж, нэхэмжлэгчийг албан тушаалд томилсон Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/237 дугаар тушаал хүчинтэй байна.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно; гэж заасан нэмэгдэл баталгаагаар хангуулахаар нэхэмжлэгч эрх бүхий этгээдэд хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дүгээр зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.З, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.1, 27.2.4, 39 дүгээр зүйлийн 39.5, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 78 дугаар зүйлийн 78.1-д заасныг баримтлан иргэн П.Э*******ын Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/418 тоот тушаалын иргэн П.Э*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилдаа эгүүлэн томилуулж гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан П.Э*******ын ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцон гаргаж, түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гааль, татварын ерөнхий газрын даргад даалгасугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ