Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1128

 

 

 

“К банк” ХХК дахь банкны

 эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/00814 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 69 098 512 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Л.С, С.Н

Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Капитал банк ХХК нь Б.Б-тай 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 223 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, 57 750 000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай, сарын 0.67 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Улаанбаатар хот, Баянзүрх дүүрийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13320/ Д.Нянтайсүрэнгийн гудамж 75 дугаар байрны 117 тоот хаягт орших 45 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үндсэн зээлээс 4 002 588.12 төгрөг, зээлийн хүү 13 448 053.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 629.52 төгрөг, нийт 17 456 271.31 төгрөгийг төлсөн бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул Б.Б-тай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 53 747 411.88 төгрөг, хүү 15 220 751.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114 849.11 төгрөг, нийт 69 098 512 төгрөг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээгээр 57 750 000 төгрөг зээлдэгчийн харилцах дансанд шилжээгүй, миний бие нь 57 570 000 төгрөгийг захиран зарцуулаагүй. Миний бие нь орон сууцны зээлтэй байсан ба 15 сарын турш зээлийн төлбөрт cap бүр 455 137 төгрөгийг гэрээний дагуу төлж байсан. 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 6 827 055 төгрөг төлсөн. Миний бие 2012 оны 5 сарын 04-ний өдөр "Катеринг Деливери" ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 16 хороо, 16 хороолол/13320/, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75 дугаар байрны 117 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 300 000 төгрөгөөр тооцон нийт 58 500 000 төгрөгөөр худалдан авч, 58 500 000 төгрөгийг 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өөрийн 2000021805 тоот харилцах данснаас шилжүүлсэн болно. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээний 3.9-д "банк зээлдэгчийн 2000011093 тоот харилцах дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн өдрөөс эхлэн гэрээний дагуу хэсэгчлэн авсан болон нийт авч ашиглаж буй зээлд хүү тооцно" гэж заасан. Зээлдүүлэгч нь 2000011093 тоот харилцах дансанд 57 750 000 төгрөгийн гүйлгээ хийгдээгүй тул зээлийн хүү тооцох нөхцөл бүрдээгүй, зээл олгогдоогүй байна. 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр "Уран Асар" ХХК-аар орон сууцны талбайг хэмжүүлэхэд 40,59 м.кв буюу орон сууцны бодит хэмжээ нь захиалгын хэмжээнээс 4,41 м.кв-аар дутуу байсан. Талбайн зөрүүтэй байдал нь зээлийн гэрээний дүнд нөлөөлөх ба цаашид гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага үүсч байна. Орон сууцны талбайн хэмжээ нь 4,41 м.кв-аар дутуу болохыг мэдэж 2015 оны 6 дугаар сараас хойш Капитал банкны удирдлагад удаа дараа шаардлага тавьсан боловч асуудлыг шийдвэрлээгүй. Миний бие нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж Баянзүрх дүүрэг, 16 хороо, 16 хороолол /13320/, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75 дугаар байрны 117 тоот хаягт байрлах 45,0 м.кв талбайтай 2 өрөө орон сууц хэмжээг 40,59 м.кв-аар өөрчлөлт оруулан бүртгэхийг Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэл гаргасны улмаас “К банк” ХХК-ийг уг хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцуулсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй, маргааны үндэслэл болсон орон сууцны талбайн хэмжээтэй холбоотой маргаан өөр шүүх дээр хэлэлцэгдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “К банк” ХХК-тай байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, “К банк” ХХК, Б.Бнарын хооронд байгуулагдсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75 дугаар байрны 117 тоотод орших 40,59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 24 337 178 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. “К банк” ХХК, “Катеринг деливери” ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр орон сууц захиалагаар бариулах гэрээ байгуулж 130 айлын орон сууцыг захиалан бариулсан. Барилга ашиглалтад орсны дараа 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 300 000 төгрөгөөр тооцож, нийт 58 500 000 төгрөгөөр худалдсан. Үүний дараа орон сууцны зээлийг ипотекийн корпорацид худалдах зорилгоор 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 тоот зээлийн гэрээг шинэчлэн 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 223 тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг орон сууцыг зээлээр худалдахдаа ажиллагдсадын орон сууцны зээлийн гэрээ байгуулж, халхавчилж хийсэн тул 345 болон 223 тоот зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм. Иймд “К банк” ХХК-тай байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 тоот зээлийн гэрээ болон 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна. Уг орон сууцны м.кв-ын зөрүүтэй байдал нь зээлийн гэрээний үнэд шууд нөлөөлсөн ба 4,41 м.кв-ыг 1 300 000 төгрөгөөр тооцоход 5 733 000 төгрөг илүү төлсөн байх бөгөөд 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 41 сарын хугацаанд 1 556 863 төгрөгийг илүү төлсөн байна. Өнөөдрийн байдлаар хохирлын бодит хэмжээ 7 289 863 төгрөг болсон бөгөөд цаашид энэ зээлийн гэрээ үргэлжлэх бол хохирлын хэмжээ нэмэгдэхээр байна. “К банк” ХХК болон Б.Бнарын хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол. Д.Нянтайсүрэнгийн гудамж 75-117 тоот хаягт байрлалтай 40,59 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлээр худалдсан гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 24 337 178 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “К банк” ХХК нь ажиллагсадаа орон сууцны хөнгөлөлттэй зээл олгосон. Зээлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл биш юм. Энэ гэрээг талууд өөрсдөө сайн дураар, гэрээний зорилго нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр байгуулсан. 2013 онд Монгол улсын Засгийн газар, Монгол банк болон Ипотекийн корпораци хамтран орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. “К банк” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй. Нэхэмжлэгч орон сууцны м.кв-ын талаар нэхэмжлэлдээ дурьдсан байна. “Капитал бан” ХХК нь орон сууцыг худалдан борлуулаагүй. Тиймээс талбайн зөрүүтэй холбоотой шаардлагыг манай байгууллага хариуцахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас 61 689 100.12 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс 7 409 412 төгрөгийн болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.12, 56.1.3, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул “К банк” ХХК, Б.Бнарын хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75 дугаар байрны 117 тоотод орших 40,59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 24 337 178 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Бгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75 дугаар байрны 117 тоотод орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2204057128 дугаартай, 40,59 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 495 823 төгрөг, хариуцагчаас төлсөн 450 450 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б-гаас 536 595 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Эрх хүлээн авагчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээгээр 57 750 000 төгрөгийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай орон сууцны санхүүжилтын зориулалтаар зээл олгосон, хариуцагч зээлийг авсан гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээнд 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг дуусгавар болгож, шинэчлэн байгуулж байгаа талаар зээлийн нөхцөлийг өөрчилсөн, зээлийн гэрээний хугацаа хасагдаж байгаа талаар зээлийн төлөгдсөн дүнг хасах тухай, ипотекийн зээл рүү хөрвүүлсэн тухай зүйл байхгүй. Шинэ зээл олгож байгаа мэтээр гэрээ байгуулсан. Өмнөх зээлийн гэрээг дуусгавар болгосон тухай, нөхцөлд өөрчлөлт оруулах, зээлийн үлдэгдлийг хасаж тооцсон зэргийг гэрээнд тусгах ёстой. 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу бодит зээл олгогдоогүй. 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ нь холбогдох хуульд нийцүүлэх, банкны зүгээс ипотекийн хөтөлбөрт хамрагдах зорилгоор байгуулсан гэрээ юм. Дээрх 2 зээлийн гэрээ нь хэлбэр, агуулга, хэмжээ, хугацааны хувьд тусдаа 2 өөр гэрээ гэдэг нь нотлогдож байхад анхан шатны шүүх өмнөх үүргийг дуусгавар болгон, шинээр гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн. Капитал банк нь ажиллагсдын орон сууцны үнэ 1 757 160 000 төгрөгийг “Катеринг деливери” ХХК-д төлж өмчлөгч буюу захиалагч болсон. 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 дугаар ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулах хэлбэрээр зээлээр худалдаж орон сууцны өмчлөх эрхийг Б.Б-д шилжүүлсэн. “К банк” ХХК нь өөрийн хөрөнгөөр уг орон сууцыг барьж түүнийг ажиллагсдаа зээлээр худалдаж хүүгийн орлого олж байсан нь Банкны тухай хуулийг зөрчсөн. Өмчлөх эрхийг үүсгэж буй 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 дугаар ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ нь орон сууцыг зээлээр худалдсан харилцаа үүсгэсэн, халхавчилсан хэлцэл болохыг анхан шатны шүүх анхаараагүй. “Катеринг деливери” ХХК болон Б.Бнарын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдаагүй бөгөөд зөвхөн 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 дугаар ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний дагуу өмчлөх эрх Б.Б-д үүссэн. Энэ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох юм. Орон сууцны өмчлөх эрх үүсч байгаа гэрээ бол ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ бөгөөд энэхүү гэрээ нь “К банк” ХХК-аас Б.Б-д орон сууцыг зээлээр худалдсан хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн, зээл олгосон мэт дүр үзүүлэн хийсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ”К банк” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 69 098 542 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж гэрээний дагуу төлсөн 24 337 178 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

“К банк” ХХК, “Катеринг деливери” ХХК-ийн хооронд 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 16 дугаар хороололд баригдаж буй 130 айлын орон сууцныг захиалгаар бариулах гэрээ байгуулсан, Капитал банкны тусгай активын мэргэжилтэн Б.Бнь уг орон сууцны хорооллын 75 дугаар байрны 117 тоот хаягт байрлах 41.88 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авсан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогджээ. /1х-4-13/

“К банк” ХХК, Б.Бнарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 345 дугаар ажиллагсдын орон сууцны 345 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч “К банк” ХХК нь зээлдэгч Б.Б-д орон сууц худалдан авахад зориулж 58 500 000 төгрөгийг сарын 0.67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, бэлэн бусаар зээлдүүлсэн байна. /1х-36-42/

Үүний дараа талууд 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 223 тоот зээлийн гэрээ байгуулснаар өмнөх зээлийн гэрээний төлбөрийг хааж “К банк” ХХК нь Б.Б-д 57 750 000 төгрөгийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, бэлэн бусаар, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2033 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай олгох, зээлдэгч зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг хүлээсэн байна. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаар үндэслэлтэй дүгнэжээ..

        Хариуцагч Б.Бзохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж марган, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 24 337 178 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

         Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.Б, Б.А, Б.Б, Ц.О нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13320/, Д.Нянтайсүрэнгийн гудамж 75 дугаар байрны 117 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан. /1х-10-14/

Зохигчид дээр дурьдагдсан 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээ байгуулснаар өмнө байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 дугаар зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар буюу талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсноор дуусгавар болсон байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Тиймээс нэхэмжлэгч “К банк” ХХК нь хариуцагч Б.Б-гаас 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 223 тоот зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Бнь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээний 8.1.3, 8.3.3, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн гэрээнээс татгалзах эрхтэй.   

Иймд анхан шатны шүүх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаагаар төлбөл зохих зээлийн хүүг тооцож, үндсэн зээл 53 747 411 төгрөг, хүү 7 905 368 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 319 төгрөг, нийт 61 689 100 төгрөгийг хариуцагч Б.Бгаар гаргуулж, нэхэмжлэгч “К банк” ХХК-д олгож, шийдвэрлэснийг буруутгахгүй.

Зохигчийн хооронд 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 223 дугаар зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу хэлцэлд оролцогч талууд уг хэлцлээр аливаа бодит үр дагавар үүсгэх санаа зорилгогүй байсан гэж үзэх боломжгүй. Учир нь уг зээлийн гэрээг орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар байгуулсан.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг халхавчлагдсан гэж үзэхгүй, хэргийн баримтаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчилсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй болно.

 “К банк” ХХК, Б.Бнарын хооронд байгуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 223 дугаар зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлүүдийн алинд ч хамаарахгүй тул анхан шатны шүүх энэ талаар дүгнэж, Б.Бгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

        Үүнээс гадна Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13320/, Д.Нянтайсүрэнгийн гудамж 75 дугаар байрны 117 тоот орон сууцны талбайн хэмжээ дутуу буюу доголдолтой холбоотой үүрэг “К банк” ХХК-д хамаарахгүй тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

          Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 56 дугаар зүйлийн 56.12 гэсэн байгаа нь 56 дугаар зүйлийн 56.1.2-т заалт байгаа тул шийдэлд өөрчлөлт орохгүй учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/00814 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 466 396 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                       ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                              Д.БАЙГАЛМАА