Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00394

 

КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02932 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2271 дугаар магадлалтай,

КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Б-д холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 62.725.633.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 тоот зээлийн гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 тоот гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 24.337.178 төгрөг буцаан гаргуулж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 хороолол, 75 дугаар байрны 117 тоот хаягт байрлах 40,59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг КБинд шилжүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ш.О, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...КБ нь иргэн Б.Б-тай 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №345 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 58.500.000 төгрөгийн зээлийн гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан. Тус зээлийг ипотекийн зээлд шилжүүлэхээр болж, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр №223 тоот зээлийн гэрээ байгуулж 57.750.000 төгрөгийг 20 жилийн хугацаатай, сарын 0.67 хувийн хүүтэй байхаар тохиролцож, өмнөх зээлийн бүтээгдэхүүнийг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл нэг бүтээгдэхүүнийг нөгөө бүтээгдэхүүн болгож хөрвүүлсэн. Мөн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 75 дугаар байрны 117 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд хариуцагч нь гэрээгээр тохиролцсон зээл эргэн төлөх үүргээ биелүүлэхгүй удаа дараа хэтрүүлсэн тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 53.747.411,8 төгрөг, зээлийн хүү 7.906.368,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.319,45 төгрөг нийт 61.689.100,12 гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү, нэмэгдүүлсэн хүүг 1.036.533,67 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 62.725.633,79 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие 57.750.000 төгрөгийг захиран зарцуулаагүй бөгөөд 2013.08.20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээгээр 57.750.000 төгрөг миний дансанд шилжээгүй. Катеринг деливери ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж 75 дугаар байрны 117 тоотод байрлах 45 м.кв 2 өрөө орон сууцыг 1.300.000 төгрөг буюу нийт 58.500.000 төгрөгөөр худалдан авч, 2012.05.07-ны өдөр өөрийн данснаас шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 223 тоот зээлийн гэрээний 3.9-д “ банк зээлдэгчийн 2000011093 тоот харилцах дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн өдрөөс эхлэн гэрээний дагуу хэсэгчлэн авсан болон нийт авч ашиглаж буй зээлд хүү тооцно гэжээ. Б.Б-гийн эзэмшлийн КБ дахь 2000011093 тоот дансанд 2013.08.20-ны өдөр болон түүнээс өмнө хойно 57.750.000 төгрөгийн зээлийн гүйлгээ огт хийгдээгүй болно. Тийм учраас зээлийн хүү тооцох нөхцөл бүрдээгүй буюу зээл олгогдоогүй байна. Мөн гэрээний 3.10-т “гэрээний ерөнхий хугацаа нь банкнаас зээл олгох анхны гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн тооцогдоно хэмээн заажээ. Нэгэнт зээл олгох гүйлгээ хийгдээгүй тул гэрээний ерөнхий хугацаа тоологдож эхлээгүй байна. КБны гаргасан нэхэмжлэлд Б.Б- надад зээлсэн гэх 57.570.000 төгрөгийг шилжүүлсэн, улмаар би түүнийг орон сууцны төлбөрт шилжүүлсэн гэх баримт огт байхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...КБ нь Катеринг деливери ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, 130 айлын 75 дугаар байрыг захиалан бариулсан. Барилга ашиглалтанд орсны дараа КБ нь ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулах замаар уг орон сууц буюу 75-117 тоотод байрлах 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг м.кв-ыг нь 1.300.000 төгрөгөөр нийт 58.500.000 төгрөгөөр худалдсан. Үүний дараа орон сууцны зээлийг ипотекийн корпорацид худалдах зорилгоор 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 тоот зээлийн гэрээг шинэчлэн 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 223 тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг орон сууцыг зээлээр худалдахдаа ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулж, халхавчилж хийсэн тул 345 тоот болон 223 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд тооцогдоно. КБ нь Катеринг деливери ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 06-ны орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, орон сууцны барилга захиалан бариулж байгаа үйлдэл нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчсөн хууль бус үйлдэл байна. Тус банк нь хууль тогтоомж зөрчсөн үйлдлээ халхавчлах зорилгоор Катеринг деливери ХХК-иар захиалан бариулсан 130 айлын барилгыг орон сууц тус бүрээр нь банкны ажилтнуудад худалдсан үйлдлээ далдалж, ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээгээр олгосон байгаа нь хууль бус юм. Иймд КБны надтай байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 тоот зээлийн гэрээ болон 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна. Уг орон сууцыг 58.500.000 төгрөгөөр зээлээр худалдсан. Орон сууцны талбай захиалгын хэмжээнд хүрэхгүй байгаа талаар 75 дугаар байрны оршин суугчдаас хэл ам гарсан тул Уран асар ХХК-иар хэмжүүлж үзэхэд 40.59 м.кв гэсэн дүгнэлт гарсан. Уг орон сууцны зөрүүтэй байдал нь КБтай байгуулсан гэрээний үнэд шууд нөлөөлсөн ба Б.Б- нь м.кв зөрүүнээс болж 4.41 м.кв-ийг 1.300.000 төгрөгөөр тооцоход 5.733.000 төгрөг илүү төлсөн байх бөгөөд 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртлэх нийт 41 сарын хугацаанд дээрх зөрүүнээс шалтгаалж 1.556.863 төгрөг КБинд илүү төлсөн байсан. Өнөөдрийн байдлаар хохирлын бодит хэмжээ 7.289.863 төгрөг болсон бөгөөд цаашид энэ зээлийн гэрээ үргэлжлэх бол хохирлын хэмжээ нэмэгдэхээр байна. Урт хугацаатай зээлийн гэрээг цаашид Б.Б-гийн зүгээс үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, 221.2-т гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ хэмээн үзэж КБ Б.Б- нарын хооронд хийсэн 223 тоот зээлийн гэрээгээр халхавчилж хийсэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж 75-117 тоот хаягт байрлалтай 40.59 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлээр худалдсан гэрээнээс татгалзаж байна. Энэ тухай мэдэгдлийг КБинд хүргүүлж байсан. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу 24.337.178 төгрөгийг КБнаас гаргуулж, 2 өрөө орон сууцыг КБинд шилжүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. КБ нь ажиллагсдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, амьдрах тав тухтай орчныг бий болгоход дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох зорилгоор компаниудтай тохиролцон орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Тиймээс дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл биш юм. Энэ гэрээг талууд өөрсдөө сайн дураар, гэрээний зорилго нөхцлийг зөвшөөрсний үндсэн дээр байгуулсан. 2013 онд Монгол улсын Засгийн газар, Монгол банк болон Монголын ипомтекийн корпораци хамтран орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн тул тэр хөтөлбөрт хамрагдах зорилгоор КБ нь 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 223 тоот зээлийн гэрээнээс татгалзах шаардлагын тухайд манай байгууллага зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй. Энэ талаар ч нэхэмжлэгч үндэслэл гаргаагүй. КБ орон сууцны зээл олгосон болохоос орон сууц худалдан борлуулаагүй. Тиймээс талбайн зөрүүгийн асуудлыг манай байгууллага хариуцахгүй. Бид зээлдэгчийн хүсэлтийн дагуу тодорхой шаардлага, нөхцөл хангаж байгаа тохиолдолд мөнгөн хэлбэрээр зээл олгодог болохоос бус барилга барьдаг компани биш. Тиймээс нэхэмжлэгчийн энэ шаардлага тодорхой үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02932 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас зээлийн гэрээний төлбөрт 61.689.100,12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч КБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.036.533,67 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75 дугаар байр, 117 тоот хаягт байрлах, ГД-000295881, Ү-2204057128 дугаар бүхий эрхийн улсын бүртгэлтэй, 45 мкв талбайтай, 2 өрөө орон сууцаар хангуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 227 дугаар зүйлийн 227.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-гийн нэхэмжлэгч КБ ХХК-нд холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээнээс татгалзаж 24.337.178 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495.823 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Б-гаас 466.395 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч КБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2271 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02932 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466.396 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд “хэргийн 66 дугаар талд 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр КБ ХХК нь Катеринг дөливери ХХК-тай орон сууц захиалан бариулах тухай гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр бариулсан орон сууцыг Катеринг дөливери ХХК, хариуцагч Б.Б- нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ хэрэгт авагдаагүй байна” гэж үзсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээдэг. Хэрэв хэргийн оролцогч тухайн нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх боломжгүй бол түүний хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д зааснаар шүүх бүрдүүлдэг. Анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 6 сар гаруйн хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд хариуцагч болон түүний өмгөөлөгч нар Катеринг деливери ХХК, хариуцагч Б.Б- нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг гаргаж өгөх боломжтой байсан. Хэрэв өөрт байхгүй бол байгаа газраас нь гаргуулах бүрэн эрх тэдэнд байсан. Гэвч дээрх хугацаанд хариуцагч болон түүний өмгөөлөгч нар орон сууц захиалгын гэрээтэй холбоотой ямар нэгэн баримт, хүсэлт гаргаагүй. Мөн магадлалд “давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх нөхцөл байдлыг тодруулахад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас баримт ирсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ” гэж үзсэн. Дээрх нөхцөл байдлыг хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нотлох үүрэгтэй байтал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тодруулан асуусан. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн ноцтой зөрчсөн болон шүүх хэрхэн өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн эсэх талаар хууль зүйн болоод бодит үндэслэл харагдахгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны  шүүхээс маргааны зүйлийн талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж үзжээ.

КБ ХХК нь Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62.725.633.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл, Б.Б-, КБ ХХК-д холбогдуулан зохигчийн хооронд байгуулагдсан  2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээгээр халхавчилж хийгдсэн орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс  гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 24.337.178 төгрөг буцаан гаргуулах, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 хороолол, 75 дугаар байрны 117 тоот хаягт байрлах 40,59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагчид шилжүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасныг зохигч хэн аль зөвшөөрөөгүй маргажээ.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас  үзвэл КБ ХХК болон Б.Б-, Ц.Отгонтуяа нарын хооронд 2 удаагийн зээлийн гэрээ, КБ, Катеринг деливери ХХК-ийн хооронд орон сууц захиалгаар бариулах гэрээ, Катеринг деливери ХХК, Б.Б-, Ц.Отгонтуяа нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан нь тогтоогдсон бөгөөд хэрэгт Катеринг деливери ХХК, Б.Б-, Ц.Отгонтуяа нарын хоорондох орон сууц худалдах-худалдан авах гэрээ авагдаагүй, энэ нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Мөн анхан шатны шүүх, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөв тодорхойлж, эрх зүйн бүрэн дүгнэлт өгөөгүй байна.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “зохигчийн хооронд байгуулагдсан 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээгээр халхавчилж хийгдсэн орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 24.337.178 төгрөг буцаан гаргуулах, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 хороолол, 75 дугаар байрны 117 тоот хаягт байрлах 40,59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагчид шилжүүлэх” гэж илэрхийлсэн нь “...223 тоот гэрээ “зээлийн” нэртэй боловч “зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-г халхавчилж хийсэн тул халхавчлагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах гэсэн агуулгатай” атал анхан шатны шүүх өөрөөр буюу 345 болон 223 тоот зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 тоот гэрээнээс татгалзах...” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, улмаар нэг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэн үр дагавар шаардснаа, хүчин төгөлдөр гэж үзэн татгалзсан нь ойлгомжгүй гэх утгатай дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна.

Иймээс магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2271 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 466.404 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ