Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 1157

 

 

А.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,             

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01277 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.О-ын хариуцагч М.Ү-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 12 307 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С

Хариуцагч М.Ү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Онь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр М.Ү-тай зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр 5 000 000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сарын 8 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлдүүлсэн. Үүнээс хойш талууд 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацааг 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгасан юм. М.Үнь зээлийн гэрээний хугацаанд 2 035 000 төгрөг, гэрээний хугацаа дууссаны дараа 1 160 000 төгрөгийг төлсөн. М.Үнь 8 605 000 төгрөгийг А.О-т буцаан өгөх үүрэг хүлээсэн. Үүнээс гадна зээлийн гэрээнд заасны дагуу алданги төлөх ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаар хариуцагчийн төлсөн бусад төлбөрийг хасахад үндсэн зээл 3 440 000 төгрөг, зээлийн хүү 4 765 000 төгрөг, алданги 4 102 500 төгрөг, нийт 12 307 500 төгрөг төлөх үүрэгтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.О-аас 5 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний хугацааг өөрийнхөө хүсэл зоригийн дагуу сунгаагүй. Өнгөрсөн хугацаанд зээлийн төлбөрт 4 395 000 төгрөгийг төлсөн. Мөн нөхөр Л.Батбаярын хамт бэлнээр 800 000 төгрөг төлснийг зээлийн төлбөр хасах ёстой. Зээлийн төлбөрт 12 307 500 төгрөгийг төлөх боломж байхгүй, алдангийн хэмжээ өндөр байгаагаас гадна үндсэн зээл, хүүгийн нийлбэр дүнгээс тооцож байгааг хууль зөрчсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн М.Ү-аас 9 756 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 551 250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 188 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 171 050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. А.О-т бэлнээр өгсөн 800 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцоогүйд гомдолтой байна. Зээлийн төлбөрт 2 360 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл төлбөр 2 640 000 төгрөг байна. Анхан шатны шүүх зээлийн үлдэгдэл дүн дээр зээлийн хүүг нэмж тооцсон нийт дүнгээс алданги тооцсон нь буруу болсон. Миний бие үндсэн зээл 2 640 000 төгрөг, алданги 1 320 000 төгрөг, хүү төлбөр 4 365 000 төгрөг, нийт 8 325 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрт тусгасан мөнгөн дүнгээс 1 431 250 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч А.Онь хариуцагч М.Ү-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 307 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн хүү хэт өндөр, мөн бэлнээр өгсөн 800 000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасаагүй гэж маргажээ.

Талууд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 5 сарын хугацаатай 5 000 000 төгрөгийг нэг сарын 8 хувийн хүүтэй зээлж, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч А.Онь 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөгийг “Хаан банк” ХХК дахь М.Ү-ын эзэмшлийн 5064429929 тоот дансанд шилжүүлсэн талаар маргаангүй. /хх-7/

Талууд 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 жилээр сунгаж зээлийн хүүг нэг сарын 8 хувиар, сар бүрийн 16-ны өдөр төлөхөөр тохирсон. Зээлдэгч М.Үнь гэрээнд гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул гэрээний хугацаа сунгах хүсэл зоригыг илэрхийлээгүй гэх түүний тайлбар үндэслэлгүй болно.

Зээлдэгч М.Үнь дээрх гэрээний дагуу үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 6 800 000 төгрөг /1 сарын хүү 400 000 төгрөг х 17 сар/, нийт 11 800 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК дахь дансны хуулгаар хариуцагч М.Үнь үндсэн зээлд 1 160 000 төгрөг, зээлийн хүүд 2 435 000 төгрөг, нийт 3 595 000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул түүний үүрэг үндсэн зээл 3 840 000 төгрөг, зээлийн хүү 4 365 000 төгрөг буюу нийт 8 205 000 төгрөгөөр тодорхойлогдсон байх боловч нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдлийг 3 440 000 төгрөг гэж тодорхойлсноор тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Талууд гэрээний 10-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт алдангийн тодорхойлолттой нийцжээ. Хариуцагч М.Үнь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч А.Онь алданги шаардах эрхтэй.

Иймээс хариуцагчийн төлбөл зохих үүрэг 7 805 000 /үндсэн зээл 3 440 000 төгрөг, хүү 4 365 000 төгрөг/ төгрөгөөс алдангийг тооцвол 3 902 500 төгрөг болж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их гэж дүгнэж алдангийг 3 902 000 төгрөгийн 50 хувиар багасгаж 1 951 000 төгрөгөөр тооцож, нийт 9 756 250 төгрөгийг М.Ү-аас гаруулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү нь уг зээлийг ашигласны хариу төлбөр учир зээлийг ашигласан хугацааны хүүг үндсэн зээлээс хасаж тооцох үндэслэлгүй юм. Мөн гэрч Л.Батбаяр нь М.Үүрцайхын гэр бүлийн гишүүн тул түүний мэдүүлэгийг эргэлзээгүй нотлох баримт гэж дүгнэж 800 000 төгрөгийг зээлийн үүргээс хасаж тооцох үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Үүрцайхын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 37 850 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                                                ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                   Д.БАЙГАЛМАА