Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 1277

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О-ын гаргасан,

 

Хариуцагч: Ү-д холбогдох,

 

12,307,500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагч Ү, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч О нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Үтай зээлийн гэрээг бичгээр байгуулж, 5,000,000.00 төгрөгийг 2013 оны 09 сарын 16-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сарын 8 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлдүүлсэн. Үүнээс хойш талууд 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний хугацааг 2015 оны 02 сарын 16-ны өдөр хүртэл сунгасан юм.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд 2,035,000.00 төгрөг, гэрээний хугацаа дууссаны дараа 1,160,000.00 төгрөгийг төлсөн. Тэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1.-д тус тус зааснаар 8,605,000.00 төгрөгийг зээлдэгчид буцаан өгөх үүрэг хүлээсэн. Үүнээс гадна  зээлийн гэрээнд заасны дагуу алданги төлөх ёстой.

 

Өөрөөр хэлбэл, алдангийн хэмжээг хариуцагчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сүүлийн төлөлт хийснээс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцоход нийт 439 хоногийн хугацаанд үүргээ гүйцэтгээгүй ба үүргийн гүйцэтгэлийн 50 хувиас хэтэрсэн тул 4,302,500.00 төгрөгийн алданги, үндсэн зээл 3,440,000.00 төгрөг, зээлийн хүү 4,765,000.00 төгрөг хүүгийг нэхэмжилсэн.

 

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаар хариуцагчийн төлсөн бусад төлбөрийг хасаад үндсэн зээл 3,440,000.00 төгрөг, зээлийн хүү 4,765,000.00 төгрөг, алданги 4,102,500.00 төгрөг, нийт 12,307,500.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна” гэв.

 

“Би, анх нэхэмжлэгчээс 5,000,000.00 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний хугацааг өөрийнхөө хүсэл зоригийн дагуу сунгаагүй. Өнгөрсөн хугацаанд миний бие нэхэмжлэгчид ойролцоогоор 4,395,000.00 төгрөгийг төлсөн, гэтэл үүнээс нөхөр *******ын хамт бэлнээр төлсөн 800,000.00 төгрөгийг төлөөгүй гэж хариуцагч нь үгүйсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

 Надад одоо 12,307,500.00 төгрөгийг төлөх боломж байхгүй, миний бодлоо алдангийн хэмжээ өндөр байгаагаас гадна үндсэн зээл, хүүгийн нийлбэр дүнгээс тооцож байгааг хууль зөрчсөн гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Оаас хариуцагч Үад холбогдуулан 12,307,500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч О нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Үтай зээлийн гэрээ байгуулж, түүнд 5,000,000.00 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирчээ. Тодруулбал, талууд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус гэрээг байгуулсан боловч үүнээс 1 сарын өмнө зээлийн гэрээний зүйл болох 5,000,000.00 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчид өгч, хариуцагч нь уг өдрөөс эхлэн 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ашиглахаар тохирсон байна /х.х-ийн 7 хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаас үзэхэд зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 5,000,000.00 төгрөгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй. Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Гэвч талууд 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний хугацааг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь уг 5,000,000.00 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 17 сарын хугацаанд ашиглахаар тохирсон байна /х.х-ийн 8 хуудас/.

 

 Хэдийгээр хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хугацаа сунгах тухай гэрээг өөрийнхөө хүсэл зоригийн дагуу байгуулаагүй гэсэн боловч уг тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн 42 дугаар зүйлийн 42.2.-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус зааснаар гэрээний хугацааг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгагдсан гэж үзнэ.

 

Энэхүү гэрээний 2, 6 дугаар хэсэгт тус тус зааснаар зээлдэгч буюу хариуцагч Ү нь 5,000,000.00 төгрөгийг 17 сарын хугацаанд ашиглаж, зээлийн хүүнд сар бүрийн 16-ны өдөр 400,000.00 төгрөгийг төлсөөр нийт 6,800,000.00 төгрөгийн хүүг үндсэн зээл 5,000,000.00 төгрөгийн хамт 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төлөх үүрэг хүлээжээ /5,000,000x8%=400,000x17=6,800,000/.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой ба ийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Оаас хариуцагч Үад холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3,440,000.00 төгрөг, зээлийн хүү 4,765,000.00 төгрөг, алданги 4,102,500.00 төгрөг, нийт 12,307,500.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр болох 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 2,435,000.00 төгрөг, харин тус өдрөөс хойш 1,160,000.00 төгрөг, нийт 3,595,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна /х.х-ийн 9-12, 38-42, 52-61 хуудас/.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр гэрчээр оролцсон *******ын “би, 800,000.00 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгч От өгсөн” гэсэн тайлбар бусад баримтаар нотлогдохгүй байх тул үүнийг гэрчийн мэдүүлгээр шууд тогтоогдсон үйл баримт гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үндсэн зээл 5,000,000.00 төгрөгийг тус өдөр хүртэл ашигласан хугацаны хүү 6,800,000.00 төгрөгийн хамт төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гадна үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.-д “Дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гээд 222.1.1.-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” гэж тус тус зааснаар үүргээ хугацаандаа зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.2.-т “Үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Тодруулбал, нэгэнт хариуцагч Ү энэ хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар төрлийн шинжээр тодорхойлогдох “мөнгө”-ийг зээлсэн учраас үндсэн зээл, түүнийг хүүг зээлдүүлэгч От заавал төлөх үүрэг хүлээнэ.

 

Иймд, хариуцагч нь 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл зээлийн хүүнд сар бүр 400,000.00 төгрөгийг төлсөөр нийт 6,800,000.00 төгрөг төлөх ёстойгоос 2,435,000.00 төгрөгийг төлсөн байх тул дутуу төлсөн 4,365,000.00 төгрөгийн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заажээ. Тайлбарвал, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх үүрэгтэй ч нэгэнт буцаан төлөх хугацаа дууссан зээлийн гэрээний хувьд түүний 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш төлсөн 1,160,000.00 төгрөгийг зээлийн хүү, гэрээнд заасан бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцогдсон алдангид суутгахгүйгээр үндсэн зээлээс хасч төлүүлнэ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлсөн 1,160,000.00 төгрөгийг үндсэн зээлээс хасвал тэрээр нэхэмжлэгчид 3,840,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдлийг 3,440,000.00 төгрөг гэж тооцож хариуцагчаас нэхэмжилсэн тул хариуцагч нь 4,365,000.00 төгрөгийн хүүг үндсэн зээлийн үлдэгдэл 3,440,000.00 төгрөгийн хамт төлөх үүрэгтэй байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 10 дугаар хэсэгт зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, түүнчлэн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.

 

Зохигчид, зээлийн гэрээг хүүтэй байхаар тохиролцсон бол Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1.-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт гэрээнд заасан хүүг төлөх үүрэг хамаардаг тул энэ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн үүрэг болох зээл, зээлийн хүүгээс алданги тооцож төлөх үүрэг үүснэ.

 

Нэгэнт хариуцагч нь зээлийн үлдэгдэл 3,440,000.00 төгрөг, зээлийн хүү 4,365,000.00 төгрөг, нийт 7,805,000.00 төгрөгийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн тул тэрээр гэрээнд зааснаар нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээх ба хариуцагчийн төлбөл зохих алдангийн хэмжээг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгааг үндэслэн 3,902,000.00 төгрөг гэж тогтоов /7,805,000x0.5%=39,025 /1 өдрийн/ 39,025x2131=83,1624,275/.

 

Гэвч, шүүхээс талуудын хооронд бий болсон үйл баримт, бусад нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн төлбөл зохих алдангиас 50 хувь болох 1,951,250.00 төгрөгийг хасч шийдвэрлэв.

 

Учир нь, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасныг үндэслэн хэдийгээр хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлөөгүй ч өнөөдрийг хүртэлх хугацаанд түүнд хүнд нөхцөл байдал буюу орлогын эх үүсвэр муудсан, зээлийн хүү сарын 8 хувь, алданги нь өдрийн 0.5 хувь байгааг харгалзан 1,951,250.00 төгрөгийн алданги төлөх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д заасны дагуу бий болсон үүргийн талууд нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.

 

Энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд хуульд заасан буюу заагаагүй тодорхой төрлийн гэрээ болон нэрлэгдээгүй аливаа гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд ийнхүү уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг.

 

Тодруулбал, гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг дээр дурдсанаар 3 жилийн хугацаанд гаргахад хөөн хэлэлцэх тус хугацааг хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д заасны дагуу шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд талуудын байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дууссан байна.

 

            Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид 250,000.00 төгрөгийг төлсөн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж, мөн 82 дугаар зүйлийн 82.2.-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж тус тус заасан тул энэхүү гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй ажээ.

 

Иймд, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 3,440,000.00 төгрөг, зээлийн хүү 4,365,000.00 төгрөг, алданги 1,951,250.00 төгрөг, нийт 9,756,250.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,551,250.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Үаас 9,756,250.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,551,250.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,188.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 171,050.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР