Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 159/ШШ2016/0013

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Т.Уянгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох  

“Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.Уянга

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Доржпүрэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Бархас

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Т.Уянга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Т.Уянга миний бие төрийн албан хаагчийн тангараг өргөж 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газар газар тариалангийн мэргэжилтнээр ажиллах явцдаа алдаа дутагдал гаргалгүй 12 жил тасралтгүй ажиллаж ирсэн. Гэвч бүтцийн өөрчлөлтөнд орж 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс ажилгүй болсон. Тухайн үед үнэхээр л бүтцийн өөрчлөлтөнд орж ажилгүй болсон гэж бодож нэг удаагийн тэтгэмж авсан. Гэтэл мөн оны 07 дугаар сарын дундуур байгууллагын ажилчдаас миний ажлын байр байгаа буюу газар тариалангийн мэргэжилтний орон тоо байгаа төдийгүй Ж.Сэлэнгэ миний оронд ажиллаж, цалинжиж байгаа гэж ярьсан байдаг. Энэ бүхнээс өөрийн ажлын байр хэвээр байгааг мэдэж зохих шатны байгууллагад удаа дараа хандсан болно. Х.Даваахүү даргад хэлэхээр дээш доош хүн амьтанд янз бүрийн юм ярилгүй чимээгүй хүлээж бай ажилд чинь авна гэсээр цаг хугацаа хожиж байгаад тэтгэвэртээ гарсан болно. Мөн Засаг даргын Тамгын газрын дарга утсаар Т.Уянгын асуудлыг шийдвэрлэж хариу өг гээд Х.Даваахүү даргад хэлэхэд мөн л би авахгүй гэж хэлээгүй гэдэг цаг хугацаа хожсон хариултыг өгдөг байсан. Удаа дараа шаардлага тавьсаны эцэст Төрийн албаны салбар зөвлөл хуралдаж 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 33 тоот албан тоотоор орон тооны өөрчлөлт орсон гэж үзэх боломжгүй, байгаа тул Т.Уянгын гомдлыг барагдуул гэсэн утгатай шийдвэр гаргаж Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Хүдэрбаатарт хүргүүлсэн байдаг. Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Хүдэрбаатар 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 120 тоот албан тоотоор Хөдөлмөрийн тухай хуулинд жирэмсэн эх, 3 хүртэл насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглоно гэсэн заалтыг баримтлан намайг халж Ж.Сэлэнгээг авсан мэтээр бичсэн байна. Энэ үед би мөн адил жирэмсний амралттай байж байгаад ажилдаа ороод 5 сар л болж байсан. Энэ үед миний хүүхэд 1 нас 4 сартай байсан. Яг адил байхад яагаад нэгийг нь халж, нөгөөг нь ажилд авч байгаад би үнэхээр гомдолтой байна. 

Мөн Х.Даваахүү дарга надтай тохиролцож 6 сарын мөнгө авч, энэ ажилд эргэж орохгүй гэсэн амлалт өгсөн мэтээр бичсэн байгаа нь үнэхээр доромжилж байна. Ямар ч тэнэг хүн 6 сарын мөнгөө авах уу, ажилдаа хэвээр ажиллах уу гэвэл ажилтайгаа л байна гэж хэлнэ шүү дээ. Энэ мэтээр доромжилж байгаад гомдолтой байна. Энэ ажлын байр байхгүй мэтээр хариу хүргүүлсэн байна. Ажлын байр байгаа гэдэг нь нотолж баримт, тайлбараар төрийн албаны салбар зөвлөл дээр нотлогдож баталгаажсан болно. Мөн 2015 оны 10 дугаар сард энэ ажлын байрыг байгаа, байлгах боломжтой гэдгийг давхар нотолж Төрийн албаны салбар зөвлөлд зарлуулахаар албан тоотоор хүргүүлсэн байдаг. Миний бие байгууллага батлан даасан цалингийн зээлтэй 2 хүүхэдтэй бага нь 3 нас хүрээгүй, нөхөр ажилгүй зээл төлөх амьдрах боломжгүй байгаа тул ажилдаа эргэн орох, мөн ажилгүй байсан хугацааны мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд миний гомдлыг барагдуулж ажилд эгүүлэн оруулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Хүнс, хөдөө аж ахуйн газарт 2000 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд энэ оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа болно. Тус ХХААГ-ын мэргэжилтнээр ажиллаж байсан. Т.Уянгын нэхэмжлэлд тайлбар гаргаж байна. Сэлэнгэ аймгийн ХХААГ нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны А/170, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/18 дугаартай тушалуудаар намайг ажилд орсноос хойш 2 удаа бүтцийн өөрчлөлтөнд орсон. Энэхүү 2 удаагийн бүтцийн өөрчлөлтөөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь нэг ерөнхий агрономитой байхаар дээрх тушаалуудад заагдсан байдаг. Тушаалыг дагалдаж ирсэн зөвлөмжинд “Орон нутгийн үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага, одоогийн нөхцөл байдал, мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг тэгш хуваарилах” гэж заагдсаны дагуу хэлтэс, маргэжилтнүүдийн ажлын ачааллыг жигд хуваарилах үүднээс Сэлэнгэ аймаг нь өөрөө газар тариалан давуу хөгжсан гэдэг утгаараа Мал аж ахуйн хэлтсийн нэг орон тоог Хүнс, газар тариалангийн хэлтэс рүү шилжүүлэн нэг орон тоо нэмж дотооддоо зохицуулалт хийсэн юм. 

Эхний бүтцийн өөрчлөлтөөр Хүнс, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн газар байснаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар болон өөрчлөгдөж хороо экстейшн хариуцсан ажилтны орон тоо үгүй болсон, дараагийн бүтцийн өөрчлөлтөөр Үйлдвэр хөдөө аж ахуйн газраас Хүнс, хөдөө аж ахуйн газар болж үйлдвэр хариуцсан ажилтны орон тоо үгүй болсон. Т.Уянгын ажлын байр эхний бүтцийн өөрчлөлтөөр л үгүй болсон. Тухайн үед Т.Уянга нь хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2015 оны 11 дүгээр сард өөрийн хүсэлтээр /байгууллагын дотооддоо зохицуулалт хийсэн ажлын байранд/ ажилдаа орсон. 

Хоёрдахь бүтцийн өөрчлөлтийн тушаал ирэхэд дарга Х.Даваахүү нь бүх хэлтсүүдэд танилцуулсан. Захиргаа удирдлагын хэлтсийн жолооч Х.Баярсайхан, Үйлдвэр газар тариалангийн хэлтсийн мэргэжилтэн Т.Уянга нарыг ажлын байр нь бүтцийн өөрчлөлтөнд орж үгүй болсныг мэдэгдэж, тэдэнтэй биечлэн уулзаж, тэтгэмж авч болохыг мэдэгдсэн. 

Х.Даваахүү даргын тушаалаар дээрх 2 хүнийг ажлаас чөлөөлж тэтгэмж олгосон. Тухайн үедээ Х.Баярсайхан, Т.Уянга нар бүтцийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, тэтгэмж авах хүсэлтээ бичгээр гаргаж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авсан. Т.Уянгын нэхэмжлэлд миний ажлын байр байсаар байхад намайг халж өөр хүнийг авсан гэж бичсэн байна. Ж.Сэлэнгээ нь хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд 2015 оны 03 дугаар сарын сүүлээр ажилдаа орох хүсэлтээ гаргасан байдаг. Монгол Улсын Хөдөлмөрийн хуулинд хүүхэд асрах чөлөөтэй хүний ажлын байрыг хадгалах тухай заалт байдаг түүний дагуу тухайн хүнийг байгууллага өөрөө зохицуулсан ажлын байран дээр авч ажиллуулсан. Сүүлийн бүтцийн өөрчлөлтөөр Хүнс, газар тариалангийн хэлтэс 3 хүний орон тоотой /хэлтсийн дарга, агрономич, хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэн/ байхаар тусгагдсан тул Т.Уянгын нэхэмжлэлийн дагуу ажилд эргүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалинг 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан хүн буцаан олгох боломжгүй гэж үзэж байна. 

Өөрийнх нь ажлын байранд авсан гэх Ж.Сэлэнгэ нь мөн ажлаас чөлөөлөгдсөн. Т.Уянгын гаргасан нэхэмжлэлд заасан ажлын байр байхгүй болсон нь бүтцийн өөрчлөлтийн тушаал шийдвэрээс харагдаж байгаа. Төрийн алба тоглоомын газар биш, хэн дуртай нь шүүхэд хандаж, төрийн албыг үл тоомсорлож байгаад харамсаж байна гэжээ. 

Үндэслэх нь:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн иргэн Т.Уянга нь Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай “Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Уянгыг Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын даргын 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар тус газрын бодлого зохицуулалтын албанд усны болон үрийн аж ахуй хариуцсан мэргэжилтнээр томилжээ.

Нэхэмжлэгч Т.Уянга нь 2013 оны 11 дүгээр сард хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд /Төлбөрийн хүсэлт №121, 148, листийн бодолт / 2014 оны 11 дүгээр сард ажилдаа эргэн орсон боловч /Т.Уянгын чөлөөлөгдөх хүртэлх цалингийн тооцооны хүснэгт  / Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар бүтцийн өөрчлөлтөд орсон үндэслэлээр 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар хүнс, газар тариалангийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлжээ. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах зүйлүүд тогтоогдож байна. Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт 2013 он, 2015 онуудад хоёр удаа тухайн яамны нэр солигдсонтой холбоотой бүтцийн өөрчлөлтүүд хийгджээ. Үүнд: 

1.Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/170 дугаатай “Аймгийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоог батлах тухай” тушаалаар  тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт орон тооны дээд хязгаар нийт 28 орон тоотойгоор ажиллахаар бүтцийн өөрчлөлт хийж Үйлдвэр, газар тариалангийн хэлтэс нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын ерөнхий бүтцээр үйлдвэр газар тариалангийн хэлтэс нь нийт 4 орон тоотой ажиллахаар орон тоог баталж, Хоршоо экстейншин хариуцсан мэргэжилтэн Ж.Сэлэнгийн орон тоо хасагджээ. 

2.Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 01/423  дугаартай “Бүтцийн тухай” тушаалаар   Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын захиргаа удирдлагын хэлтэс-11, газар тариалангийн хэлтэс–3, мал аж ахуйн хэлтэс-3, мал эмнэлгийн хэлтэс-8 орон тоотой байхаар шинэчлэн баталжээ. Үүнээс шалтгаалан 2013 оны бүтцийн өөрчлөлтөөр батлагдсан Хүнс, газар тариалангийн хэлтсийн 1 орон тоо буюу тус хэлтсийн мэргэжилтэн Т.Уянга, жолооч Х.Баярсайхан нарын орон тоо хасагдаж, Т.Уянга нь орон тоо хасагдсантай холбогдуулан ажлаас чөлөөлөгдөж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4–т заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг авчээ.

2013 он болон 2015 оны Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын газар тариалангийн хэлтсийн 2 орон тоо, 1 жолоочийн орон тоо хасагдаж 2013 оны бүтцийн өөрчлөлтийн дараа 28 орон тоотой, 2015 оны бүтцийн өөрчлөлтийн дараа эцсийн байдлаар 26 орон тоотой үйл ажиллагаа явуулахаар шинэчлэн батлагджээ. Энэ нь бүтцийн өөрчлөлт орох бүрт ажилчдыг 2 удаа ажлаас чөлөөлж, буцаан томилсон тус газрын даргын тушаалуудаар нотлогдож байна.

Т.Уянгааг 2015 оны бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч Т.Уянга өөрөө хүлээн зөвшөөрч өргөдлөө гаргаж 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг авсан байна.

Тус газрын 2015 оны бүтцийн өөрчлөлтөөр нэгэнт хасагдсан орон тоон дээр хүүхдээ асрах чөлөөтэй байсан Ж.Сэлэнгээг /Т.Уянгааг чөлөөлсний дараа/ ажилдаа буцаж орох өргөдөл гаргасны дагуу Газар тариалангийн хэлтэст ажилд эгүүлэн томилсон тухай хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүүхдээ асарч байгаа ажилтны ажлын байрыг хадгалах тухай Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчих нөхцөл байдал бий болсон тул дотроо зохицуулаад Мал аж ахуйн хэлтсийн 1 орон тоон дээр авч ажиллуулсан тухай тайлбар өгчээ. 

Үүнээс дүгнэхэд дээрх бүтцийн өөрчлөлтүүдээр Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн хэлтсийн 2 орон тоо буюу Ж.Сэлэнгийн орон тоо 2013 онд, Т.Уянгын орон тоо 2015 оны бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан байх бөгөөд бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Т.Уянгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Уянгын Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай “Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Уянгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний төлөөлөгч, нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ОДБААТАР