Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 353

 

Г.Х-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Б.Мөнхтуяа

                         П.Соёл-Эрдэнэ

                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/201 дүгээр захирамжийн Д.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0190 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0282 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,

Гуравдагч этгээд: итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б, өмгөөлөгч Ч.Ш нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0190 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Х-ийн “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/201 дүгээр захирамжийн иргэн Д.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0282 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0190 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнэлгүйгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн аав, талийгаач О.Г нь өөрийн өмчлөлийн газраас 44 м.кв-аар хэтрүүлэн байшин барьсан газар нь түүнийг барилгаа барих үед бусдын хууль ёсны эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаагүй болохыг зөв дүгнэсэн атлаа иргэн О.Г-ын шинээр барьсан байшин байрлаж буй газрыг оролцуулан гуравдагч этгээд Д.Л-д тухайн газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/201 дүгээр захирамжийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Нийслэлийн Засаг дарга нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 7 дугаар гудамж, 16б тоот хаягт байрлах 162 м.кв газрыг гуравдагч этгээд иргэн Д.Л-д өмчлүүлэхээр шийдвэр гаргах үедээ тухайн газар сул чөлөөтэй эсэх, тус газарт бусдын үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэхийг шалгах ёстой байсан. Гэтэл захиргааны байгууллага нь гуравдагч этгээдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө тус газрыг шалгаж үзээгүй, хариуцагчийн хууль зөрчсөн энэхүү буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч нь талийгаач эцгийнхээ үлдээсэн эд хөрөнгө буюу байшин барилгыг өмчилж авах, ашиглах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах боломжгүй болж, эрх ашиг нь хохирч байна.

5. Маргаж буй газар нь барилга барих үед хэн нэгний эзэмшилд ороогүй газар байсан тул талийгаач О.Г нь уг газар руу байшингийнхаа 44,26 м.кв талбайг оруулж барьсан байдал нь бусдын болоод төрийн эрх ашгийг хохироогоогүй байна. Тиймээс ч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/525 дугаар захирамжаар иргэн Д.Л-д талийгаач О.Г-ын барьсан барилгын талбайг оруулан газар эзэмшүүлэхээр хууль зөрчин шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрч, уг хууль бус захирамжаа хүчингүй болгосон байдаг.

6. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн заалтаар иргэн Д.Л нь бусдын барилга, байшин байрлаж буй талбайг хамруулан тухайн газрыг эзэмших, улмаар өмчлөх эрх хүссэн хүсэлтийг гаргах эрхгүй, энэхүү хуульд нийцэхгүй, хууль бус хүсэлтийг нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэл Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдоогүй байна.

7. Маргаан бүхий газар дээрх байшингийн суурийг 2015 оны 8 дугаар сард тавьж барилгын ажлыг эхэлсэн, 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар байшингийн дээвэр хэсгийн дүүргэлт хийгдсэн, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ханын дүүргэлт хийгдсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан агаарын түүхчилсэн зургаар нотлогдож, тухайн газар дээр барилга баригдсан байгаа нь тодорхой харагдана. Маргаан бүхий газар нь гуравдагч этгээд газар эзэмших эрх авсан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө болон байшинг барьж эхлэх үед хэн нэгний хууль ёсны ашиглалт, эзэмшилд байгаагүй, тухайн газрыг эзэмших талаар аливаа этгээд хүсэлт холбогдох захиргааны байгууллагад ирээгүй байдаг. Бусдын хууль ёсны эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаагүй тухайн газрын зарим хэсэгт өөрийн хөрөнгөөр байшин барьсан талийгаач О.Г-ын охин Г.Х нь өв залгамжлалын үндсэн дээр байшингийн суурь орсон хэсгийн газрыг эзэмших бүрэн боломжтой байна.

8. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэгчийн өвийн дагуу хүлээн авсан 169.01 м.кв талбайтай байшингаа улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөгч болох эрх нь зөрчигдөөгүй мэтээр дүгнэж байгаа нь алдаатай шийдвэр болсон. Гуравдагч этгээд Д.Л-ын өмчлөхөөр хүсэлт гаргасан газар нь өөр этгээдийн ашиглаж, эзэмшиж буй газартай давхцалтай байгаа эсэхийг эзэмших шийдвэр гаргасан Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, өмчлүүлэх шийдвэр гаргасан Нийслэлийн Газрын алба нь шалгаж, хянаж үзэх үүргээ биелүүлэлгүй шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/201 дүгээр захирамжийн иргэн Д.Л-д холбогдох хэсэг хууль зөрчсөн байгаа болно.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд тайлбар гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч Нийслэлийн Засаг даргад газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох эрх хуулиар хязгаарлагдсан тул шүүхээр уг асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа маш тодорхой  илэрхийлсэн байдаг. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/106 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж иргэн Д.Л-д газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгон шийдвэрлэсэн нь Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж тайлбарласан.

10. Иймд хяналтын гомдолд дурдсан үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0282 дугаар магадлалыг хянан үзэж, улмаар магадлал, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэснээс холбогдох хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

12. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг “...Нэхэмжлэгчийн аавын барьсан гэх байшин 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар суурь нь тавигдаж, улмаар баригдаж эхэлсэн, 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар байшингийн дээвэр хэсгийн дүүргэлт хийгдэж, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ханын дүүргэлт хийгдсэн байсан гэдэг нь агаарын түүхчилсэн зургаас нотлогдож байна...” хэмээн зөв дүгнэсэн боловч гуравдагч этгээдийн газар эзэмших эрх нь ийнхүү байшин баригдсанаас хойш буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/525 дугаар захирамжаар үүссэн байхад “...Дээр дурдсан маргааны үйл баримтаас дүгнэхэд, ... гуравдагч этгээд Д.Л нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын зэргэлдээ байрлалтай 161.86 м.кв газрыг эзэмших эрхийг байшин баригдаж дээвэр, ханын дүүргэлт хийгдсэн цаг хугацааны үед буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн эзэмших эрхийг олж авч, улмаар 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өмчлөх эрхийг олж авсан. Нэхэмжлэгчийн аав О.Г барьсан гэж маргаж байгаа байшингийн доорх газрын зарим хэсэг нь 44.26 м.кв талбайгаар гуравдагч этгээдийн өмчлөлийн газартай давхцалтай гэдэг нь тогтоогдов...” хэмээн зөрүүтэй байдлаар дүгнэжээ.

13. Нэхэмжлэгч өөрийн эзэмшил газраасаа урагшаа /44.26 м.кв/ хэтрүүлэн байшин барих үед уг газар нь сул чөлөөтэй буюу гуравдагч этгээдийн эзэмшилд байгаагүй, харин маргаан бүхий газар дээрх байшин баригдаж дууссан үед газар эзэмших эрхтэй болсон нь бодит байдал дээр бусдын байшингийн доорх газрын зарим хэсгийг эзэмших хүсэлтийг гуравдагч этгээдээс гаргасан, үүнийг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Газрын албанаас шалгаж тогтоолгүйгээр эзэмших эрх олгосон нь хууль бус байна.

14. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга /Газрын алба/ нь гуравдагч этгээдийн эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдын бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа газар, үл хөдлөх хөрөнгөтэй давхцаж буй эсэх, хэрэв тийм бол тухайн газар, үл хөдлөх хөрөнгө нь хүсэлт гаргагчийн өөрийнх нь, эсхүл өөр хэн нэгнийх юмуу, хэн нэгэнтэй хамтран эзэмшдэг эсэх зэргийг тодруулж, нягталгүйгээр газар эзэмших эрхийг олгосон нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна”; Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын Хоёр-ын 2.1-д “Эрхийн гэрчилгээг олгоход дараа үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд:”, 2.1.2-т Өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийх”, 2.1.3-т “Хээрийн судалгаа хийх,” Гурав-ын 3.4-т “Өргөдлийн агуулгаас хамаарч өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:”, 3.4.1.2-т “хамтран эзэмшигч, ашиглагчдын иргэний үнэмлэх-ийн хуулбар;” гэснийг тус тус зөрчсөн байна.

15. Ийм учир Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/106 дугаар захирамжаараа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/525 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлээр гуравдагч этгээд Д.Л-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

16. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 дэх хэсгийн дагуу үүсэх газар өмчлөх эрх нь Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газарт хамаарах бөгөөд энэ тохиолдолд дээр дурдсанчлан гуравдагч этгээдийн газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн дагуу үүсээгүй, иймийн учир эрх бүхий этгээдээс хүчингүй болгосон, түүнчлэн хариуцагчаас “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь иргэн Д.Л-д газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгосон тул Нийслэлийн Засаг даргын газар өмчлөх эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй боловч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд Нийслэлийн Засаг даргад газар өмчлөх эрхийг хязгаарлах эрх хэмжээ байхгүй юм” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар өгсөн зэргээр маргаан бүхий акт нь хууль бус болох нь тогтоогдож байна.

17. Шүүхүүд маргаан бүхий газар дээрх байшинг нэхэмжлэгчийн эцэг, эсхүл гуравдагч этгээдийн хэн нь барьснаас үл хамааран нэг байшингийн суурийн газрыг хоёр өөр этгээд хуваан өмчлөх боломжгүй, үүнээс хамаарч хэнийх нь ч хувьд тухайн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх, улмаар өмчлөх эрх үүсэх боломжгүй байх бодит нөхцөл байдлыг анхаараагүй болохыг, мөн энэхүү тогтоол нь гуравдагч этгээдийн зүгээс иргэний журмаар маргаан бүхий байшингийн өмчлөгчөөр тогтоолгох эрхийг хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

18. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0190 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0282 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/201 дүгээр захирамжийн иргэн Д.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Г.БАНЗРАГЧ