Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 190

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, Г.Х-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд Д.Л-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б, түүний өмгөөлөгч Ч.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн агуулга: Миний эцэг О овогтой Г нь 2004 оноос Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ... гудамж, ..а тоот хаягт байршилтай 695,42 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж байсан. Тэрээр хүнд өвчний улмаас 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нас барсан ба уг газрыг Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын шийдвэрээр том охин миний өмчлөлд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өв залгамжлуулан шилжүүлсэн юм.

Аав маань амьд байхдаа уг газартаа байшин барихаар болж, 2015 оны 08 дугаар сараас барилгын ажлыг эхлүүлж, 2015 оны 12 дугаар сарын сүүл гэхэд байшинг барьж дуусгасан. 

Миний бие хууль ёсны өвлөгчийн хувьд эцэг О.Г-ын нэр дээр байсан газраа өөрийн өмчлөлд авмагц байшингаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн кадастрын зураг гартал, аав маань өөрийн өмчилсөн газраасаа бага зэрэг урагш илүү гарган байшингаа барьжээ. Өмчлөлийн газар дээр маань гүний худаг байдаг бөгөөд уг худгаас байшин хүртэл холболт хийхэд ойр байсан тул байшинг ялимгүй урагшлуулж барьсан байна. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/525 дугаар захирамжаар иргэн Д.Л-т манай байшин урагш илүү гаран байрлаж буй хэсэгхэн газрыг байшин хэдийн баригдаад дуусчихсан байхад эзэмшүүлэхээр шийдвэрлэн, улмаар уг шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 2016 оны 03 дугаар сарын 14-нд түүнд өмчлүүлэхээр шийдвэр гаргажээ.

Бусдын байшингаа барьсан, ашиглаж байгаа газрыг иргэн Д.Л-т хууль бусаар, давхардуулан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрээ эргэн хянаж, хүчингүй болгохыг хүсэн Сонгинохайрхан дүүргийн газрын албанд өргөдөл гаргаснаар тус дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/106 дугаар захирамжаар иргэн Д.Л-т эзэмшүүлэхээр гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон юм.

Энгийн логикоор бодоход иргэн Д.Л гэх хүн манай өмчлөлийн байшингийн урд хэсгийг давхар өмчилсөн болж таарч байна. Дээрх Засаг даргын иргэн Д.Лт манай байшингийн өнцөг бүхий газрыг өмчлүүлсэн шийдвэр нь бидний өмчлөх эрхэд ноцтой хохирол учруулж байгаагаас гадна дараах хуулийн зарчмуудыг зөрчжээ. Үүнд:

Иргэн Д.Л-т өмчлүүлсэн газрыг давхцалтай, өөр этгээд ашиглаж, эзэмшиж буй эсэхийг Сонгинохайрхан дүүргийн Газрын алба болон Нийслэлийн Газрын алба хянаагүй газар олгосон. 

Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлэх тухай 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/201 дүгээр захирамжийн үндэслэл болсон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/525 дугаар захирамжийг дүүргийн Засаг дарга өөрөө 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/106 дугаар захирамжаараа хүчингүй болгосон. Би хууль ёсны өвлөгчийн хувьд хэн нэгэн иргэнд байшингийнхаа өнцгийг, өөрийн үл хөдлөх хөрөнгийг өмчлүүлэх ямар ч боломжгүй. Тийм хуулийн заалт ч байхгүй. Хэн нэгэн иргэн бидний байшингийн хэсгийг өмчилсөн нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, нийтийн эрх зүйн салбарын бүх хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна. Улмаар иргэн Д.Л-т газар өмчлөх эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан бөгөөд Нийслэлийн Газрын алба шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. 

Уг хариу болох 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичгийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр надад гардуулсан. Өөрийн хөрөнгөөр барьсан байшинг өмчилж авах, эзэмших, ашиглах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байгаа тул Сонгинохайрхан дүүргийн .. хороо, Хилчин . гудамж, ... газрыг иргэн Д.Л-т өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/201 дүгээр захирамжийн иргэн Д.Л-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/525 дугаар захирамжаар иргэн Д.Л-т Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин . дугаар гудамж, ... тоот хаягт газар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/201 дүгээр захирамжаар өмчлүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/106 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж олгосон тул Д.Л-т газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжаа хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. 

Иргэн Д.Л-т газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон тул Нийслэлийн Засаг даргын газар өмчлөх эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй боловч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд Нийслэлийн Засаг даргад газар өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх хэмжээ байхгүй юм.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: “...Миний бие О.Г-тай 2000 оноос хамтын амьдралтай байсан ба хамтран амьдрагч О.Г маань 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр насан өөд болсон. Энэ хугацаанд бид Сонгинохайрхан дүүрэг .. дугаар хороо, Хилчин .-р гудамж ... тоот хаягт амьдарч байсан бөгөөд дүүргийн Засаг даргад миний бие хүсэлт гаргасны үндсэн дээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/525 дугаар захирамжаар тус хаягт байрлах газрын 162 м.кв газар эзэмших эрхтэй болсон ба мөн хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/201 дүгээр захирамжаар маргаан бүхий уг газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн надад өмчлүүлэхээр шийдвэр гаргасан болно. 

Ингээд миний бие хуульд заасан үндэслэл журмын дагуу уг газраа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүргүүлж, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1863031090******* нэгж талбарын дугаар бүхий Ү-2201040... тоот улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан болно. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож хуулийн дагуу шийдэж өгнө үү. Харин надад хуулийн дагуу олгож байсан газар эзэмших тухай захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус үйлдэл тул миний бие гомдолтой байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага талаар:

Нэхэмжлэгч Г.Х-с Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/201 дүгээр захирамжийн гуравдагч этгээд Д.Л-т газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу тус шүүхээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ /хх- 1-22/.

Гуравдагч этгээдээс “Миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо Хилчин..-р гудамж ...хаягт орших 162 м.кв газар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/525 дугаар захирамжаар эзэмших эрх үүссэн ба тухайн үед уг газар нь бусдын газартай ямар нэг байдлаар давхцаагүй байхад ямар ч үндэслэлгүйгээр миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/106 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэсэн бие даасан шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзсан шүүгчийн  захирамж гарчээ. Уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй талаар дурдахад талуудаас гомдол гаргахгүй гэдгээ шүүх хуралдааны үеэр илэрхийлсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн байна.  

Талуудын маргаж байгаа үйл баримт, үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс өмчилж байгаа газрууд нь давхцалтай талаар маргаагүй. Харин нэхэмжлэгчээс “өөрийн аавын барьж, эзэмшиж, ашиглаж байсан байшингийн доорхи газрын зарим хэсэг нь гуравдагч этгээдийн өмчлөлийн газрын зарим хэсэгтэй давхцаж байгаа,  гуравдагч этгээдэд газрыг өмчлүүлэхээс өмнө байшин баригдсан байхад хариуцагчаас энэхүү бодит нөхцөл байдлыг судлан үзэхгүйгээр гуравдагч этгээдэд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч өмчлөлийн барилгаа улсын бүртгэлд бүртгүүлэн хууль ёсны өмчлөл олж авах эрх зөрчигдсөн” гэж маргажээ. Гуравдагч этгээдээс “нэхэмжлэгчийн аав гуравдагч этгээдтэй хамтран амьдрагч байсан байшинг барихад өөрийн хөрөнгийг оруулсан, хамтран барьсан, газрын давхцалгүй” гэж маргажээ. Хариуцагчаас “гуравдагч этгээдийн газар эзэмших эрх олгосон шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хүчингүй болгосон учир үүнийг дагаад газар өмчлөх шийдвэр хүчингүй болох үндэслэлтэй” гэж тайлбарлажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа маргааны үйл баримтын талаар:

Нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх болон өмчлөлийн газар дээрх байшингийн  өмчлөх эрхийн хувьд: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамж /хх-1-51/-аар О.Г, түүний хамтран өмчлөгч Н.Б-О, Г.М нарт Сонгинохайрхан дүүргийн Толгойтын ... дугаар гудамжны ...тоот хаягт байрлах 695.42 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ /хх-1-5/ олгожээ. Улмаар уг газрыг О.Г , түүний хамтран өмчлөгч Н.Б-О, Г.М нарын хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, 1863031089******* нэгж талбарын дугаар бүхий, Г-2201002. дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг 2005 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр авчээ /хх-1-90/.

Үүний дараа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулах замаар  уг газрын хууль ёсны өмчлөгч нь О.Г дангаараа болж газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авчээ /хх-1-101/.

Иргэн О.Г 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нас барсан бөгөөд түүний өмчлөлийн  Сонгинохайрхан дүүргийн Толгойтын ... дугаар гудамжны ...тоот хаягт байрлах 695.42 м.кв, 1863031089******* нэгж талбарын дугаар бүхий газрыг түүний охин Г.Х өвлөн авсан гэдэг нь өвлөх эрхийн гэрчилгээ /хх-2-99/-гээр тогтоогдож байна.

Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн иргэн Г.Х-д Сонгинохайрхан дүүргийн Толгойтын ... дугаар гудамжны ...тоот хаягт байрлах 695.42 м.кв, 1863031089******* нэгж талбарын дугаар бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бүртгэн гэрчилгээ /хх 1-7/ олгож, улмаар уг газар 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  1863031090******* нэгж талбарын дугаартай болон өөрчлөгдөн шинэ гэрчилгээ /хх 2-59/ олгосон байна. 

Нэхэмжлэгч Г.Х шинэ гэрчилгээ авсан 1863031090******* нэгж талбарын дугаартай газар нь өөрийн аав О.Г-с өвлөн авсан 1863031089******* нэгж талбарын дугаар бүхий газрын солбилцолтой давхцаж байгаа, уг газар нэг газар болох нь шинжээчийн дүгнэлт /хх 2-48/-ээр тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч Г.Х өвлөн авсан газрын дээр байрлалтай байшинг Г.Х өвлөн авсан гэдгийг нотлох баримтыг шүүхээс нэхэмжлэгч талаас албан бичгээр ирүүлэхийг шаардсан /хх-2-97/ боловч ийм баримт ирүүлээгүй байна. 

Гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийн болон өмчлөлийн газар дээрх байшингийн  өмчлөх эрхийн хувьд: 

Гуравдагч этгээд Д.Л  нь Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд /хуучин нэрээр/ 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших хүсэлт /хх-1-32, 34/ гарган, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/525 дугаар захирамж /хх-1-54, 55/-аар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин ..-р гудамж, ... тоот хаягт байрлах 1863031090******* нэгж талбар бүхий 162 м.кв талбай бүхий газрыг Д.Л-т эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. 

Улмаар Д.Л-т Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/201 дүгээр захирамж /хх 1-169-170/-аар 162 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлүүлж, 0112616 дугаартай гэрчилгээ /хх 1-13/ олгожээ. Улмаар гуравдагч этгээд Д.Л-г 1863031090******* нэгж талбар бүхий 162 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр  улсын бүртгэлд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бүртгэж, гэрчилгээ олгожээ /хх-1-149/. 

Нэхэмжлэгч Г.Х-с Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад “гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамжаа хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлт /хх-1-218/-ийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргажээ. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/106 дугаар захирамжаар бусдын эзэмшил газартай давхцалтай үндэслэлээр гуравдагч этгээд Д.Л-т газар эзэмших эрх олгосон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэжээ. 

Харин гуравдагч этгээд Д.Л-н өмчлөлийн газрын дээр байрлалтай байшин гуравдагч этгээдэд О.Г-с өвлүүлсэн эсэх талаарх нотлох баримтыг шүүхээс гуравдагч этгээд талаас албан бичиг /хх-2-100/-ээр ирүүлэхийг шаардсан боловч гуравдагч этгээдээс ийм баримт ирүүлээгүй байна. 

Маргаан бүхий газрын эзэмшил, өмчлөлийн талаар:

Нэхэмжлэгчийн өмч 695.42 м.кв болон гуравдагч этгээдийн өмчлөлийн 161.86 м.кв газрууд нь хоорондоо давхцалгүй гэдэг нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн албан тоотууд, зургууд /хх 1-58, 209/, шинжээчийн дүгнэлт /хх-2-47, 49, 50/ зэргээр тогтоогдож байна. 

Харин нэхэмжлэгч Г.Х, О.Г-н барьсан гэх модон хашаа нь  нь 1015.86 м.кв талбайтай, уг хашаанд түүний барьсан гэх байшин нь 169.01 м.кв талбайтай  бөгөөд уг байшин нь гуравдагч этгээд Д.Л-н өмчлөлийн 161.86 м.кв газартай байршлын хувьд 44.26 м.кв талбайгаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хэмжилтээр давхцалтай гэдэг нь шинжээчийн дүгнэлт /хх 2-48, 53, 54/-ээр тогтоогдож байна. Тодруулбал,  нэхэмжлэгч Г.Х-с өөрийн аав О.Г-н барьсан гэж маргаж байгаа байшин нь гуравдагч этгээдийн өмчлөлийн газартай 44.26 м.кв талбайгаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар давхцаж байна. 

Нэхэмжлэгчийн аавын барьсан гэх байшин 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар суурь нь тавигдаж улмаар баригдаж эхэлсэн, 2015 оны 09 дүгээр сарын 27-ны байдлаар байшингийн дээвэр хэсгийн дүүргэлт хийгдэж, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ханын дүүргэлт хийгдсэн байсан гэдэг нь агаарын түүхчилсэн зургаас нотлогдож байна /хх 2-65-74/. 

Маргаан бүхий газар (байшингийн доорхи гуравдагч этгээдийн газартай давхцалтай байгаа 44.26 м.кв газар) нь гуравдагч этгээд эзэмших эрх авсан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө болон уг байшинг барьж эхлэх үед хэн нэгний хууль ёсны ашиглалт, эзэмшил, өмчлөлд байгаагүй, төрийн өмчийн газар байсан гэдэг нь нэхэмжлэгчийн “Өмчлөлийн газар дээр маань гүний худаг байдаг бөгөөд уг худгаас байшин хүртэл холболт хийхэд ойр байсан тул байшинг ялимгүй урагшлуулж барьсан байна.” гэсэн тайлбар /хх-1-1/, гуравдагч этгээдийн газар эзэмших хүсэлт /хх-1-65/, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/525 дугаар захирамж /хх-1-54, 55/ зэргээр тогтоогдож байна. 

Дээр дурдсан маргааны үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч Г.Х-д өөрийн аав О.Г-с 1863031090******* нэгж талбарын дугаартай 695.42 м.кв газрыг өвлөх замаар уг газрыг өмчлөх эрх үүссэн, гуравдагч этгээд Д.Л нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын зэргэлдээ байрлалтай 161.86 м.кв газрыг эзэмших эрхийг байшин баригдаж дээвэр, ханын дүүргэлт хийгдсэн цаг хугацааны үед буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн эзэмших эрхийг олж авч улмаар 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өмчлөх эрхийг олж авсан. Нэхэмжлэгчийн аав О.Г барьсан гэж нэхэмжлэгч маргаж байгаа байшингийн доорхи газрын зарим хэсэг нь 44.26 м.кв талбайгаар гуравдагч этгээдийн өмчлөлийн газартай давхцалтай гэдэг нь тогтоогдов. Энэ 44.26 м.кв талбай бүхий маргаан бүхий газар нь байшин баригдаж эхэлсэн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хэн нэгэн иргэний хууль ёсны ашиглалт, эзэмшил, өмчлөлд байгаагүй төрийн өмч байсан, нөгөөтэйгүүр, гуравдагч этгээд уг газрыг эзэмших эрх олж авсан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө хэн нэгэн иргэний хууль ёсны ашиглалт, эзэмшил, өмчлөлд байгаагүй төрийн өмч байсан  гэдэг нь нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өмчлөлийн газрууд хоорондоо давхцалгүй нь тогтоогдов.

Харин нэхэмжлэгчийн аав О.Г барьсан гэж нэхэмжлэгчээс маргаж байгаа байшинг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд аль алинд О.Г-с өвлүүлсэн, тэдгээрийн өмчлөлийн хөрөнгө эсэхтэй холбоотой бодит нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Хууль зүйн үндэслэлийн талаар:

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн “2 дугаар зүйлийн 2.1-д “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомж нь ... Газрын тухай хууль,...аас бүрдэнэ.” гэж,  3 дугаар зүйлийн 3.1.2-д “иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг.”, 12 дугаар зүйлд 12.1.3-д “Нийслэлийн Засаг дарга нь дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;”, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “иргэн энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах эрхтэй”, 20 дугаар зүйлд “Газар өмчилж авах тухай өргөдөл гаргах, түүнийг хянах” журмыг зааж, мөн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” гэж тус тус заажээ. 

Түүнчлэн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг;” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, 33 дугаар зүйлийн 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан “Монгол Улсын иргэнд зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заажээ. 

Дээр дурдсан хуулийн заалтуудаас дүгнэхэд, Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч, Монгол Улсын иргэн төрийн өмчийн газрыг ашиглах, эзэмших, өмчлөх эрхийг олж авахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Газрын тухай хуульд заасан журам, нөхцлийн дагуу  хүсэлт гаргаж, эрх бүхий Засаг даргын шийдвэрийн үндсэн дээр олж авах, газрыг зөвхөн  гэрчилгээг авч байж эзэмшиж, ашиглах, гэрчилгээгүй бол эзэмшиж, ашиглахыг хориглох, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байхаар зохицуулжээ. 

Маргаан бүхий газар нь бусдын хууль ёсоор эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газартай давхцаагүй буюу иргдэийн ашиглалт, эзэмшил, өмчлөлд байгаагүй харин төрийн өмчлөлд байсан учир Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу гуравдагч этгээдээс төрийн өмчийн газрыг эзэмших хүсэлт гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, улмаар гуравдагч этгээдээс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасны дагуу эзэмшиж байсан газраа өмчлөх хүсэлтийг гаргасны дагуу мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасан хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хариуцагч  Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн үйлдлийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн аав нь өөрийн өмчлөлийн газраасаа хэтрүүлэн төрийн өмчийн газар дээр байшингийн зарим хэсгээ оруулан барьсан буюу хууль ёсоор газар ашиглах, эзэмших, өмчлөх эрхийг төрөөс хуульд заасан журам, нөхцлийн дагуу олж аваагүй тодруулбал, нэхэмжлэгчийн аав нь уг маргаан бүхий газрыг хууль ёсоор ашиглах, эзэмших, өмчлөх эрхтэй этгээд биш, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өмчлөлийн газрууд нь давхцсан нөхцөл байдал маргааны үйл баримтаас тогтоогдоогүй байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч талаас “бусдын эзэмшиж, ашиглаж байсан газарт давхцуулан газар олгосон, хариуцагч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг өмчлүүлсэн” гэж хариуцагчийг буруутган маргаж байгаа үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.”,  85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, ... нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.” гэж заажээ. Мөн Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно.” гэжээ.

Эдгээр хуулийн зохицуулалтаас үзвэл байшин, барилга нь газрын үндсэн бүрдэл хэсэг, газар ашиглах, эзэмших эрхийг олж авсны үндсэн дээр түүн дээр барилга, байгууламж барих эрх үүсэх үндсэн зорилгыг агуулжээ.

Маргааны тохиолдлын хувьд авч үзвэл нэхэмжлэгчийн аав хууль ёсоор ашиглах, эзэмших эрх аваагүй атлаа маргаан бүхий газар дээр байшин барьсан нь  дээрх хуульд нийцэхгүй байна. Үүний учир нэхэмжлэгчээс “гуравдагч этгээдэд газрыг өмчлүүлэхээс өмнө байшин баригдсан байхад энэхүү бодит нөхцөл байдлыг судлан үзэхгүйгээр гуравдагч этгээдэд газар өмчлүүлсэн” гэсэн үндэслэлээр хариуцагч талыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. 

 

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн аав маргаан бүхий газрыг хууль ёсоор ашиглах, эзэмших эрхтэй байсан үйл баримт тогтоогдоогүй,  нэхэмжлэгч ааваасаа байшинг өвлөн авсантай холбоотой нөхцөл байдал тогтоогдохгүй байхад нэхэмжлэгчийн маргаж байсан “өмчлөлийн байшингаа улсын бүртгэлд бүртгүүлэн хууль ёсны өмчлөл олж авах” эрх нь маргаан бүхий актын улмаас зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. 

Дүгнэхэд, маргаан бүхий акт нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн “өмчлөлийн байшингаа улсын бүртгэлд бүртгүүлэн хууль ёсны өмчлөл олж авах” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд 12.1.3-д “Нийслэлийн Засаг дарга нь дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрхтэй” гэж заажээ. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Иргэний газар өмчлөх эрх дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно: 31.1.1.өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр; 31.1.2.газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар; 31.1.3.газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарсанаар, 31.1.4.хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр.” гэж заажээ. 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч талаас “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгосон учир дагаад газар өмчлөх шийдвэрийг хүчингүй болгох нь үндэслэлтэй” гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй. 

 

               3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 -д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Х-ийн “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/201 дүгээр захирамжийн иргэн Д.Л-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      А.САРАНГЭРЭЛ