Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 55

 

Н.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00128/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  04 дүгээр сарын 14-ний өдрийн 451 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Н-ид холбогдох

"Гэм хорын хохирол 7.561.862 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Н.Э-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Н- нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Дашваанжил газ түгээх станцын урд талын авто зам дээр 16-35 ДАХ улсын дугаартай Тоёото кровн маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-а “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх”, мөн дүрмийн 13 дугаар бүлэг 13.1 “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс иргэн Б.Э-ын жолоодож явсан 55-42 ДАХ улсын дугаартай Тоёото вангуард маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн З.М-ы эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулж, миний ээж Ш.Н- нь хэвлийн битүү гэмтэл, элэгний задрал, урагдал гэмтлийн улмаас амь насаа алдсан юм.

Хоригдол С.Н- дээрх үйлдэлдээ Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШТ/427 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн юм. Миний ээж Ш.Н- нь амьд сэрүүн байхдаа ХААН банкнаас тэтгэврийн зээл аваад түүнийгээ графикийн дагуу эргэн төлөлт хийгээд явж байсан бөгөөд С.Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас амь насаа алдаж, улмаар банкны зээлийн эргэн төлөлт зогссон юм. Миний бие талийгаачийн ХААН банкны тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох 7.561.862 төгрөгийн үлдэгдлийг өвлөх хөрөнгийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ авсан болно. Иймд ХААН банкнаас уг зээлийг төлөхийг биднээс шаардаж байгаа тул зээлийн үлдэгдэл 7.561.862 төгрөгийг С.Н-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Н-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 онд зам тээврийн осол гаргаж түүний улмаас Ш.Н- нас барсан болно. Уг үйлдэлд намайг гэм буруутайд тооцож, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхээс 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, одоогоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид хоригдож байгаа. Миний бие шүүх хурлаас өмнө гэм хорын хохирлоо бүрэн барагдуулж, нийт 16.397.600 төгрөг төлсөн. Надаас шүүх хурал дээр тэтгэврийн зээлийн үлдэгдлийг нэхэмжилсэн боловч шүүх тэтгэврийн зээлийн асуудлыг хэлэлцэхгүй орхисон. Харин гэм хорын хохирлоо бүрэн барагдуулж дуусгасан. Тэтгэврийн зээл бол гэм хорын хохирол биш учраас төлөх ёсгүй гэж үзэж байна. Анх энэ тэтгэврийн зээлийг талийгаач авахдаа ачдаа буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүүхэд болох Одбилэгт машин авч өгөх зорилгоор авсан. Манай ажлын газрынхан бүгд мэдэж байгаа.

Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана гэж заасны дагуу тэтгэврийн зээл нь төлөгдөхөөр болсон. Иймээс дээрх үндэслэлээр миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 451 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг тус тус баримтлан Н.Э-гийн нэхэмжлэлтэй С.Н-ид холбогдох гэм хорын хохирол 7.561.862 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Э- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Би хариуцагч С.Н-оос гэм хорын хохирол 7.561.862 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

...С.Н- нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн юм.

Миний ээж Ш.Н- нь амьд сэрүүн байхдаа ХААН банкнаас тэтгэврийн зээл аваад түүнийгээ графикийн дагуу эргэн төлөлт хийгээд явж байсан бөгөөд С.Н-ийн буруутай үйлдлийн улмаас амь насаа алдаж улмаар уг зээлийн төлөлт тасалдсан бөгөөд бид ээжийнхээ ясыг өндөлзүүлж яахав гэж ярилцаад зээлийг төлж барагдуулсан юм.

Эрүүгийн хэргийн шүүх хурал дээр нэхэмжлэл гаргасан боловч иргэний журмаар шүүхэд ханд гэсний дагуу 2020 оны 01 дүгээр сард Сум дундын шүүхэд хандсан боловч шүүгч Д.Алтантуяа “...хууль ёсны өвлөгч хэн болох, ямар хэмжээгээр өв хүлээн авах эсэх зэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, ИХШХШТХ-н 65 дугаар зүйлийн 65.3 -д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журам  зөрчсөн болох нь тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах нь зүйтэй” гэж 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 201 тоот захирамжаар буцаасан юм.

Би энэ захирамжийн дагуу өв залгамжлах эрх нээлгэж нэхэмжлэлийг дахин гаргасан боловч шүүх хуралдаанаар хэлэлцээд “...өвлүүлэгчээс өвлөн авсан эд хөрөнгө, эрхийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх хуулийн зохицуулалттай бөгөөд дангаар үүрэг өвлөх асуудлыг хуулиар зохицуулаагүй байна. Иймд Ч.Э- нь өвлөх эрхийн гэрчилгээний дагуу тэтгэврийн зээлийн үлдэгдлийг шаардсан нь үндэслэлгүй байна.

Дээрх талуудын хийсэн хэлцэл нь гэм хор учруулсан цаг хугацаанаас өмнө гэрээний дагуу үүссэн талуудын үүрэг байх бөгөөд гэм хор учирсан эсэхээс үл хамааран гэрээний үүрэг биелэгдэх учиртай юм. Иймд энэ үүргийг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй байна. Хэдийгээр хариуцагч С.Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын амь нас хохирсон гэм буруутай үйлдэл тогтоогдож байх боловч дээрх гэрээний үүрэг, гэм буруутай үйл ажиллагаанаас үүссэн гэм хорын хохирол гэж үзэхгүй бөгөөд хариуцагч хохирлыг хариуцах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ” гэсэн нь илт хууль зөрчсөн, нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

ИХШТХ-н 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр,алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д ”Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасан байхад дээрх хуулийн заалтуудыг илт мушгин гуйвуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч Н.Э-гийн нэхэмжилсэн 7.561.862 төгрөгийг хариуцагч С.Н-оос гаргуулж гэм хорыг арилгуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Н.Э- нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нас барсан ээжийнхээ тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох 7.561.862 төгрөгийг С.Н-оос гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагаа нотлох баримтуудаа ирүүлснийг хариуцагч эс зөвшөөрч мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т тус тус зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.     

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл С.Н- нь 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зам тээврийн осол гарган уг ослын улмаас иргэн Ш.Н- нас барж, уг үйлдэлд нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Н-ийг 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, ингэж шийдвэрлэхдээ хохирогчийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг болох нь тодорхойгүй, нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь дахь мөнгөн дүнгээс зөрүүтэй, нарийвчлан тогтоох боломжгүй гэж үзэн уг зардлыг жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй хэмээн хэлэлцэхгүй орхин шийдвэрлэжээ. /шийтгэх тогтоол, хх-ийн 5-9-р тал/

Хариуцагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 16.397.600 төгрөгийг төлсөн гэж тайлбарладаг ба зохигчид энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн ээж Ш.Н- нь дээрх хэрэг учрал болохоос өмнө буюу 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өмнөх тэтгэврийн зээлийн үлдэгдэл 7.029.589 төгрөг дээр 5.889.000 төгрөгийг нэмж нийт 12.918.589 төгрөгийг 18 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай авсан /хх-ийн 11-12-р тал/ байх ба уг мөнгөөр автомашин худалдан авсан гэж нэхэмжлэгч талаас анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тайлбарладаг болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасан.  

Хохирогч нас барсан тохиолдолд нөхөн төлөх гэм хорын хохирлыг хуульд тусгайлан зохицуулжээ.

Хохирогч нас барснаас үүссэн түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй бөгөөд гэм хорын хохиролд хохирогчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй этгээд гэм буруутай этгээдээс төлбөр шаардах эрхтэй ба хохирогч нас барснаас үүсэх гэм хорын хохиролд ямар зардлыг хэдий хугацаанд нөхөн төлөх талаар Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4-т тус тус хуульчилсан тул хуульд заасан шаардлагын хүрээнд мөн зүйлийн 508.1-т зааснаар Н.Э- нь тэтгэврийн зээлийг шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн тэтгэврийн зээлийг хохирогч нь амьд байх үедээ хувийн хэрэгцээндээ зориулан авч зарцуулсан зардал бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдох боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар дээр дурдсанчлан эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг өөрчлөх эсхүл хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Н.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 451 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

      

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ

                                                        ШҮҮГЧИД                                       Л.АМАРСАНАА

                                                                                                                М.МӨНХДАВАА