Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 451

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00128/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч М.Оюунцэцэг, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороо, ... байрны ... тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай/, Боржигин овогт Намсрайн Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-... дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдэлж байгаа /... регистрийн дугаартай/, Б овогт С-ын Н-ид холбогдох

 

Гэм хорын хохирол 7 561 862 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч Д.Р, нэхэмжлэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч С.Н, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Н нь согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ... сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ... ын урд талын авто зам дээр ... улсын дугаартай Тоёото кровн маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-а “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх”, мөн дүрмийн 13 дугаар бүлэг 13.1 “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс иргэн Б.Э-ын жолоодож явсан ... улсын дугаартай Тоёото вангуард маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн З.Мэндсайханы эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулж, миний ээж Ш.Н нь хэвлийн битүү гэмтэл, элэгний задрал, урагдал гэмтлийн улмаас амь насаа алдсан юм.

Хоригдол С.Н дээрх үйлдлээ Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/шт/427 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн юм. Миний ээж Ш.Н нь амьд сэрүүн байхдаа ХААН банкнаас тэтгэврийн зээл аваад түүнийгээ графикийн дагуу эргэн төлөлт хийгээд явж байсан бөгөөд С.Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас амь насаа алдаж, улмаар банкны зээлийн эргэн төлөлт зогссон юм. Миний бие талийгаачийн ХААН банкны тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох 7 561 862 төгрөгийн үлдэгдлийг өвлөх хөрөнгийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ авсан болно. Иймд ХААН банкнаас уг зээлийг төлөхийг биднээс шаардаж байгаа тул зээлийн үлдэгдэл 7 561 862 төгрөгийг С.Н-оос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Н, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 онд зам тээврийн осол гаргаж түүний улмаас Ш.Н нас барсан болно. Уг үйлдэлд намайг гэм буруутайд тооцож, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхээс 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, одоогоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-... дугаар нээлттэй хорих ангид хоригдож байгаа. Миний бие шүүх хурлаас өмнө гэм хорын хохирлоо бүрэн барагдуулж, нийт 16 397 600 төгрөг төлсөн. Надад шүүх хурал дээр тэтгэврийн зээлийн үлдэгдлийг нэхэмжилсэн боловч шүүх тэтгэврийн зээлийн асуудлыг хэлэлцэхгүй орхисон. Харин гэм хорын хохирлоо бүрэн барагдуулж дуусгасан. Тэтгэврийн зээл бол гэм хорын хохирол биш учраас төлөх ёсгүй гэж үзэж байна. Анх энэ тэтгэврийн зээлийг талийгаач авахдаа ачдаа буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүүхэд болох О-т машин авч өгөх зорилгоор авсан. Манай ажлын газрынхан бүгд мэдэж байгаа.

Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана гэж заасны дагуу тэтгэврийн зээл нь төлөгдөхөөр болсон. Иймээс дээрх үндэслэлээр миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч С.Н-ид холбогдуулан гэм хорын хохирол 7 561 862 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.Н нь би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм хорын хохирлыг барагдуулсан, тэтгэврийн зээлийн төлбөр нь миний шууд буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол биш тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Н.Э нь шүүх хуралдаанд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... хариуцагч С.Н-ийн 100 хувийн буруутай үйл ажиллагааны улмаас миний ээжийн амь нас хохирсон. Хэрэв миний ээжийн амь насыг хохироогоогүй байсан бол энэ тэтгэврийн зээл төлөгдсөн байх байсан. Тэтгэврийн зээлийг би бүрэн төлж барагдуулсан. Миний бие талийгаачийн Хаан банкны тэтгэврийн зээлийн 7 561 862 төгрөгийн үлдэгдэл өрийг төлөх үүргийг өвлөж, өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Иймд С.Н-оос гэм хорын хохирол 7 561 862 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тодорхойлж байгаа болно.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, хохирогч Н.Э-гийн 8 357 096 төгрөгийн нэхэмжлэл, хохирогч З.М-ны 3 563 000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг ... тус тус дурдаж шийдвэрлэсэн байх бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 508 дугаар зүйлийн 508.1-д Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №... дугаартай Тэтгэврийн зээлийн гэрээгээр нэг талаас Хаан банкны Шинэ Дархан тооцооны төв, нөгөө талаас зээлдэгч Ш.Н, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Э нар харилцан тохиролцож зээлийн үлдэгдэл 7 029 589,08 төгрөг дээр 5 889 000 төгрөгийг нэмж нийт 12 918 589,08 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлийн төлбөрийг зээлдэгчийн 5046481638 тоот төгрөгийн тэтгэврийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар шууд бэлэн бусаар төлүүлэхээр, зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарьт хугацаанд төлөөгүй 30-с дээш хоног хэтэрсэн бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн банк дахь бусад данснаас үл маргах журмаар суутган төлүүлэх нөхцөлтэйгээр гэрээний нөхцлийг талууд зөвшөөрч гарын үсэг зурж гэрээ байгуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийн дагуу Хаан банкнаас ирүүлсэн Ш.Нгийн 5046513945 тоот тэтгэврийн зээлийн дансны 2018.01.01-2019.12-31-ний өдрийг хүртэлх гүйлгээний хуулга, Н.Эгийн ... тоот төгрөгийн харилцах дансны хуулга, зээл төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар Н.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 642 856 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 6 482 735 төгрөгийг тус тус төлж тэтгэврийн зээлийн төлбөрийг барагдуулсан байна.

 

Нэхэмжлэгч Н.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан, хохирогч Ш.Нгийн хууль ёсны өв залгамжлагч мөн тул гэм хорын хохирлыг шаардах эрхтэй этгээд гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Н.Э нь Хаанбанктай байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээний 3.2.2-т зээлдэгчид урьдчилан тооцох боломжгүй хүчин зүйлсийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн мөнгөн хөрөнгөөс нэн тэргүүнд зээлийн төлбөр, бусад төлбөрийг төлөх, 3.2.6-д Зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээний 1.2-т заасан хуваарьт хугацаанд төлөөгүй 30-с дээш хоног хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн банк дахь бусад данснаас төлбөрийг үл маргах журмаар суутгахад саад учруулахгүй байх, 3.2.7-д Зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл банк гэрээгээ цуцалсан тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах, 3.3-д Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж тус тус зааснаар зээлийн төлбөрийг хамтран хариуцахаар үүрэг хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгч байна.

 

Хамтран үүрэг гүйцэтгэгчийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ гэж тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тэтгэврийн зээлийн төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Нөгөө талаас хэрэгт 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээ авагдсан бөгөөд тус гэрчилгээгээр Ш.Нгийн Хаан банкны тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох 7 561 862 төгрөгийн үлдэгдлийг төлөх үүргийг нэхэмжлэгч Н.Э өвлөн авсан байна.

Нэхэмжлэгч Н.Э нь энэхүү өвлөх эрхийн гэрчилгээгээр үүрэг өвлөгдсөний дагуу зээлийн үүргийг биелүүлсэн тул өв залгамжлагчийн хувиар энэхүү биелүүлсэн үүрэг болох зээлийн үлдэгдэл төлбөрийг гэм хор учруулсны хохирол гэж үзэж хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө, 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ, 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл өвлүүлэгчээс өвлөн авсан эд хөрөнгө, эрхийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх хуулийн зохицуулалттай бөгөөд дангаар үүрэг өвлөх асуудлыг хуулиар зохицуулаагүй байна. Иймд Н.Э нь өвлөх эрхийн гэрчилгээний дагуу тэтгэврийн зээлийн үлдэгдлийг шаардсан нь үндэслэлгүй байна.

Дээрх талуудын хийсэн хэлцэл нь гэм хор учруулсан цаг хугацаанаас өмнө гэрээний дагуу үүссэн талуудын үүрэг байх бөгөөд гэм хор учирсан эсэхээс үл хамааран гэрээний үүрэг биелэгдэх учиртай юм. Иймд энэ үүргийг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, түүний улмаас үүссэн хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо зэргийг гэм хор учруулагчийн гэм буруу гэж үздэг. Хэдийгээр хариуцагч С.Нийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын амь нас хохирсон гэм буруутай үйлдэл тогтоогдож байх боловч дээрх гэрээний үүрэг, гэм буруутай үйлдлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн гэм хорын хохирол гэж үзэхгүй бөгөөд хариуцагч хохирлыг хариуцах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг тус тус баримтлан Н.Эгийн нэхэмжлэлтэй С.Нид холбогдох гэм хорын хохирол 7 561 862 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА

 

 

 

                  ШҮҮГЧИД                                                    М.ОЮУНЦЭЦЭГ

 

 

 

                                                                                       З.ТУНГАЛАГМАА