Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 0063

 

 

 

 

 

 

 

Б.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Г.А

Шүүгдэгч                                           Б.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.О

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Гд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Б овогт Б-н Г,

   Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр согтуурсан үедээ        улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон       аймгийн          сумын         багийн нутаг дэвсгэрт улсын чанартай төв зам дээр замын хажуугийн шон мөргөж, зам тээврийн осол гарган зорчигч П.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Ган-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Б овогт Б-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солих журамтайг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдолдоо:

“... би өөрийгөө буруугүй гэдэг юм уу эсвэл ял шийтгэл хүнд гэж гомдоогүй. Зорчих эрхийг хязгаарлах ял гэдгийн нарийн учрыг сайн ухаж ойлгоогүйгээс прокурорын саналыг зөвшөөрчээ. Өмгөөлөгч авч зөвлөгөө авах ч санаа байсангүй. Тэгээд шүүх хурлын дараа л нэг жилийн хугацаанд Эрдэнэтээс хаашаа ч явах боломжгүй гэдгийг ойлгож мэдээд энэ нь миний ажил төрөлд саад болох юм байна, амьдрах аргагүй болох юм байна гээд энэ ялыг өөрчилж өгнө үү гэж давж заалдаж байгаа юм.

Би 2012 онд Кино урлагийн дээд сургуулийг кино, театрын жүжигчний мэргэжлээр төгссөн. Би жүжигчин хүн болохоор надад янз бүрийн кино, жүжгийн ямар нэг дүрийн шалгаруулалтад орох тоглох санал ирдэг бөгөөд би тэнцсэн кино жүжигт тоглож түүнийхээ орлогоор амьдардаг. Эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг одоо эхнэр маань надаас болж гэмтсэн болохоор ажил хөдөлмөр хийж орлого олох боломжгүй болчихлоо. Амьдрал маань ерөөсөө л харанхуй болчихлоо. Зорчих эрхийг хязгаарлана гэдэг нь миний гарт төмөр бугуйвч зүүгээд Эрдэнэтээс гадагшаа явж байна уу, үгүй юу гэдгийг хянаж байдаг юм байна. Хэрэв Эрдэнэтийн төвөөс гарч явсан байвал надад хорих ял өгөх юм байна. Ийм хэцүү ял гэдгийг би мэдэлгүй зөвшөөрчээ. Хэрэв би Эрдэнэтээс гарч явахгүй гэвэл би мэргэжлээрээ ажиллах боломжгүй болчих юм байна. Мөн Монгол улсын хэмжээнд 21 аймаг сум дүүргээс зохион байгуулсан “Оролцоо” төслийн Улаанбаатар хотод болох вакумжсан сургалтад хамрагдах боломжгүй боллоо. Уг нь би шалгаруулалтад нь тэнцчихсэн байгаа юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас намайг тэнсэж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна” гэжээ.

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зам тээврийн осол гаргаж эхнэр Гын эрүүл мэндэд хохирол учруулсан. Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Эрдэнэт хотоос гарч ажил төрөл хийх боломжгүй нөхцөл үүсч байна, эхнэр бид хоёр сургалтад оролцох ёстой ... Прокуророос санал гаргасан...Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г нь хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх талаар мэдлэг байхгүй, өмнө нь өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Ял шийтгэл нь үйлдсэн гэмт хэрэг болон хувийн байдалд нь тохирсон байх зарчмыг алдагдуулсан. Шүүгдэгч нь ажлын санал ирсэн үед хаана ч хамаагүй ажилладаг. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна ... Хүсэлтээсээ татгалзаж байгаа тул хэргийг Прокурорт буцаах, эсхүл шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

 

Прокурор Г.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б прокурор хяналт тавьж байсан ... Б.Гд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх журмыг танилцуулсан. Шүүгдэгч өөрөө хүсэлт гаргасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-н давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

              Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр согтуурсан үедээ      улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон     аймгийн     сумын     багийн нутаг дэвсгэрт улсын чанартай төв зам дээр замын хажуугийн шон мөргөж, зам тээврийн осол гарган зорчигч П.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх бөгөөд прокурор нь Б.Гд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх саналыг түүнд танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Гд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд ял шийтгэл оногдуулсан байх боловч шүүгдэгч Б.Г нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

            Зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд заасан ялын нэг төрөл бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэдэг онцлогтой.

            Хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад шүүгдэгч Б.Г нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээсээ татгалзаагүй байх боловч прокурорын хяналтын шатанд Б.Гд зорчих эрх хязгаарлах ялын онцлог, уг ялыг биелүүлээгүй бол үүсэх хууль зүйн үр дагаврын талаар бүрэн танилцуулаагүйн улмаас тэрээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах үндэслэл болжээ.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн эсэх”, 4.6-д заасан “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” зэрэг нөхцөл хангагдаагүй байхад анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

            Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээсээ татгалзсан бол шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Шүүгдэгч Б.Г-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгчид урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.УРАНЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                       С.ЦЭЦЭГМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР