Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1214

 

С.Х-ы нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01319 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч С.Х-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Д-, Б.У-нарт холбогдох

 

2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянгол дүүрэг, 4 хороо, ГЕГ-ын 3 байр, 9 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч Д.Ундрал, хариуцагч Д.Ундралын өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч С.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.Базартай 2000 оноос эхлэн хамтран амьдарсан болохоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 8658 дугаартай шийдвэрээр 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан болохоо тогтоолгосон. О.Базар, С.Х- нар 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Хаан банк дахь 577103914 тоот дансыг хамтран эзэмшиж эхэлсэн. Орон сууц худалдан авахаар тохиролцож, зарын дагуу Ц.Д-той танилцаж, Баянгол дүүрэг, 4 хороо, ГЕГ-ын 3 байр, 9 тоот, 2 өрөө орон сууцыг 85.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа 60..000.000 төгрөгийг дундын эзэмшлийн 5727103914 тоот данснаас Ц.Д-ын 5085080027 тоот дансанд 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн, орон сууцанд нүүж орсон. Үлдсэн 25.000.000 төгрөгийг О.Базарын охин Б.Ундралаас зээлж төлсөн бөгөөд Б.Ундралд бид 30.000.000 төгрөг төлсөн. Гэвч орон сууцны өмчлөх эрхийг олж авч чадаагүй. Ц.Д- нь Б.Ундралтай гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан. Иймд Б.Ундрал, Ц.Д- нарын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 9 тоот орон сууцыг өмчлөх эрхийг тогтоож өгнө үү. О.Базар 2015 онд нас барсан. Б.У-нь намайг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр та манай дүүгийн Баянгол дүүрэг, 1 хороо, Богд-Ар хороолол, 5А байр, 77 тоот, 1 өрөө байранд очиж, амьдар гэсэн учир түүний үгэнд орж, нүүсэн ч уг байр нь Б.Ундралын төрсөн ээж Г.Цэрэндуламын нэр дээр бүртгэлтэй байсныг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн. Одоо Б.У-нь намайг ээжийн байрыг суллаж өг, хүүхдүүд рүүгээ яв, Г.Цэрэндулам нь байрнаас гар гэх зэргээр дарамт үзүүлж байна. Би олон жилийн хөлс, хүч хөдөлмөрөөрөө орон сууц худалдан авсан ч амьдарч чадахгүй байрнаасаа хөөгдсөн. Ц.Д- орон сууцыг С.Х-д худалдаж төлбөрийг авсан атлаа Б.Ундралд худалдсан мэт гэрээ байгуулж шилжүүлсэн, Б.У-нь худалдан аваагүй байж худалдан авч буй мэт гэрээ байгуулж дүр үзүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр авсан байсан. Иймд Ц.Д- Б.У-нарын хооронд байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 9 тоот 2 өрөө байраа зарахаар зар өгч, О.Базар, С.Х- нар 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай байрыг ирж, үзсэн. Байрыг эдгээр хүмүүст 85.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, 60.000.000 төгрөгийг Хаан банк дахь миний 508580027 тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 25.000.000 төгрөгийг дараа нь өгсөн. Зарсан байранд 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр С.Х-, О.Базар нар орохоор нүүж ирсэн тул би 11 тоот худалдаж авсан байрандаа засвар ч хийх боломжгүй болж, 9 тоот байрыг суллаж өгч, зэргэлдээ нүүж орсон. О.Базар гуайн бие тун тааруу байсан учир шууд нүүж, байраа чөлөөлсөн. О.Базар 1 өдөр намайг охин Б.Ундралаар дуудуулж, гэрт нь ороход миний бие муу байна, явж чадахгүй байгаа учир миний охины нэр дээр байрыг шилжүүлээд өг, 25.000.000 төгрөгийг манай охин өгнө гэсэн. Энэ үед С.Х- гуай гэртээ байсан санагдах юм. Гэрийн эзэн, өрхийн тэргүүн хүн ингэж хэлсэн тул би Б.Ундралтай үл хөдлөх эд хөрөнгийн газарт очиж, түүний нэр дээр орон сууцыг шилжүүлж, 25.000.000 төгрөгөө авсан. Гэрээгээ төлөх татвараас шалтгаалж, 30.000.000 төгрөгөөр худалдаж байгаагаар хийсэн нь миний алдаа байсан. О.Базарын охин Б.У-нь эдгээр хүмүүстэй хамт амьдардаггүй, би өмнө нь түүнийг харж байгаагүй, тэр өдөр л зүсийг нь харсан. Тэр О.Базар гуайг асарч байхыг нь хараагүй. Гэрээ хийсэн өдрөөс хойш тааралдаагүй. С.Х- нь О.Базар гуайг нас барах хүртэл нь эмнэлэг, гэргүй л байнга асарч байсныг мэднэ. Би уул нь нэхэмжлэлийг зөвшөөрмөөр л байх юм. О.Базар, С.Х- нар нүүж ирэх үед гал тогооны тавилгыг худалдан авахыг санал болгоход охин Б.У-авъя гэж зөвшөөрч тавилгын үнэнд 1.000.000 төгрөгийг маргааш нь шилжүүлсэн. 2013 оны 02 дугаар сарын 22-нд байр зарсан 85.000.000 төгрөгийг О.Базар, Б.У-нараас хүлээж авснаас 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ордерийг шилжүүлэх хүртэл зэргэлдээ хаалганд байрны засвараа хийгээд байж байсан надад хажуу хаалганд нүүж орсон С.Х- гуай 1 ч удаа байрны ордер шилжүүлэх тухай хандаагүй, түүнээс хойш ч хөрш зэргэлдээ явсан орж гарч байх хугацаанд ч миний байр гэж огт хэлэх юм уу шаардлага гаргаж байгаагүй. 2019 оны 7 сард С.Х- намайг туслаач гэсний дагуу би ажил ихтэй байсан ч 2 өдөр Үл хөдлөх хөрөнгийн газар дугаарлаж орон сууц худалдах худалдан авах гэрээний хуулбарыг авч өгтөл эргүүлээд намайг шүүхэд хариуцагчаар татаж өдий хүртэл чирэгдүүлж байгаад гомдолтой байна гэжээ.

Хариуцагч Б.У-шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав О.Базар, ээж Г.Цэрэндулам нар 1976 онд гэр бүл болж 1977 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 3 хүүхэд төрүүлэн өсгөж 2002 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл хамт амьдарч байсан. Аав 2002 онд гэр бүлээс гадуур С.Х-тай харилцаатай болсныг ээж мэдээд 2002 оноос хойш тусдаа амьдарсан. Аав ээжтэй амьдарч байх хугацаандаа бий болгосон үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгөө аваад үлдсэн. Аав ээжээс тусдаа амьдрахаас хэдэн сарын өмнө БГД, 18 хороо, 4 хороолол, 67 байр, 5 тоот орон сууцаа 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зараад мөнгөөрөө хувийн орон сууц барьж амьдрахаар тохирч байрны мөнгө 18.000.000 төгрөгийг авч яваад С.Х-тай амьдарч эхэлснийг ээж мэдсэн байсан. Аав ээжийн дундын хөрөнгө 4.500.000 төгрөгийн үнэтэй пургон машин, 2.800.000 төгрөгийн үнэтэй хуучин пургон, 10.000.000 төгрөгийн үнэтэй МАЗ маркийн ачааны машин, 6.000.000 төгрөгийн үнэтэй 6 ширхэг вагончик, вагончикууд дотор байсан үйлдвэрлэлийн зориулалттай хөргүүр тоног төхөөрөмж нийт 10.000.000 төгрөгийн үнэтэй, 3 өрөө байрны бүрэн тавилга аавд үлдсэн. Тухайн 2002 онд 56 настай эрүүл саруул хүн байсан. Харин С.Х- эгч аавтай хамтран амьдрахаар өөрийн эд хөрөнгөгүй, 3 хүүхэдтэйгээ ирж байсан. Би 2002 онд америк явсан ч байнга аавтайгаа холбоотой байж ээжийгээ нийт 9 удаа ирж очих бүрт аавдаа бэлэг, мөнгө, витамин, даралтны болон сахарын аппарат, массажны аппаратууд, зургийн аппарат гэх мэтийг өгч, захидал, ном зэргийг дайн явуулдаг байсан. 2012 онд аавын бие муудсан тул анхаарал хандуулахаар монголд ирээд эмнэлэгээр явж онош тодруулаад 2013 оны 3 сард бөөрний дутагдалтай тул аппаратанд оруулж зөөж байсан. 2013 оны 8 сард “Оюу толгой” ХХК-д ажилд орж ээлжээр хөдөө ажилладаг, бага насны 2 хүүхдээ асардаг байсан ч амралттай үедээ аав дээрээ ирж зээ нарыг нь байнга уулзуулдаг байсан. Аавыгаа дулаан тухтай байранд байлгаж, аппаратанд зөөхийн тулд эгч Б.Уртнасан суудлын машинаа өгөх, дутуу гачуу хэрэгтэй зүйл юу байгаад байнга анхаарал хандуулж байсан. Би АНУ-д сурч, нөхрийн хамт ажил хийдэг, байрны мөнгөтэй ирэх зорилгоор мөнгөн хуримтлал үүсгэж байсан. Ээж 10 жил байх хугацаанд байнга АНУ руу явж ажил хийж монгол руу буцдаг байсан. Аав хуримтлуулсан мөнгөө аавдаа өгч явуул хүнд хүүтэй зээлүүлж өсгөх боломж байгааг зөвлөдөг байсны дагуу мониграм шилжүүлэг болон ээжээр мөнгө өгч, аав хүнд хүүтэй зээлүүлж өсгөж өгдөг байсан. Би ирээд удалгүй аавтайгаа байр худалдан авах талаар ярилцаж байгаад БГД, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ГЕГ-ын 3 байр, 9 тоот, 2 өрөө орон сууцыг аав таалагдаж байна гэж зөвлөсний дагуу худалдан авсан. Би өөрийн хуримтлуулсан мөнгөнөөсөө аавд өгч бусдад зээлүүлдэг, аав зээлүүлсэн хүмүүсээс мөнгөө буцааж тооцоо хийж өөрийн дансандаа авдаг байсан. Байр авах үед миний мөнгө аавд учраас байрны мөнгийг шилжүүлэхдээ бид Офицерын ордны Хаан банк дээр очиж аавын данснаас Долгор руу 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 60.000.000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 25.000.000 төгрөгийг би өөрийн Хаан банкны 506323043 данснаас хийж тооцоо дуусгасан. Би худалдан авсан байрандаа аавыгаа С.Хурэлчулуун эгчтэй амьдруулахаар 2013 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нүүлгэж оруулсан. Тухайн үед Ц.Д- эгч намайг гал тогооны тавилгыг 1.000.000 төгрөгт худалдаж авахыг санал болгосноор мөнгийг шилжүүлсэн. Аав 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр залгаад чи байрны ордерийг шилжүүлж ав хүрээд ир гэж дуудсан, очиход аав, С.Х- эгч 2 байрандаа байсан. Аав Ц.Д- эгчийг надаар дуудуулж байрыг охин авч байгаа, ордер нэр дээр нь шилжинэ, та 2 явж ордероо хөөцөлд гэсний дагуу бид орон сууц худалдах худалдан авах гэрээг нотариатаар баталгаажуулж, байрны гэрчилгээ 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр миний нэр дээр гарсан. Баянзүрх дүүрэгт 1147 мкв газар нь аав минь энэ хүнтэй хамтран амьдрахаас өмнө манай гэр бүлийн өмч байсан, би 2012 онд ирснээс хойш барилга барих зөвшөөрлүүдийг бүгдийг авч, барилгын эскиз, ажлын зураг зэргийг мөнгөөрөө хийлгэн барилга бариулахаар хүмүүстэй гэрээ хийсэн, гэтэл газрыг хүртэл өөрийн мэт ярьж байна. Би 2017 оны намар БНХАУ-д суралцахаар 2 хүүхдийн хамт явсан, өвөл зуны амралтаар байнга ирдэг байсан, энэ хугацаанд 1 ч удаа шаардлага тавьж байгаагүй. Аавын худалдан авсан 4 нийтийн байрны хоёрыг, ниссан загварын суүдлын автомашин, нас барсны дараа Батсүмбэр дэх газар, аавын данс дахь 13.000.000 төгрөг, хүнд зээлсэн 15.000.000 төгрөг, вагончик зарсан 6.000.000 төгрөг, хашаанд байсан бүх вагончикуудыг доторх эд зүйлс тоног төхөөрөмжийн хамт, аавыг өнгөрөхөд гэрт үлдсэн тавилгуудыг бүгдийг авахын зэрэгцээ аавыг өнгөрснөөс хойш бидний өмчлөлийн байранд үнэ төлбөргүй амьдарч байгаа ч одоо худал зүйл зохиож, миний өмчлөлийн байр, ааваас өвлөж авсан газар зэргийг өөрийн мэт ярьж, байр зарсан гэмгүй хүнийг хүртэл чирэгдүүлж байна. Энэхүү мөнгө шилжсэн 5727103914 тоот данс нь миний аавын эзэмшдэг ганц үндсэн данс, нэхэмжлэгч тусдаа Хаан банкны 5041121704 тоот данстай байсан. Аав өөрөө банк байнга орохгүй амарчилж зарим гүйлгээг хийлгүүлэхийн тулд нэхэмжлэгчийг сүүлд нэмсний дагуу аавын зөвшөөрөл, хүсэлтээр зарим мөнгөн гүйлгээг хийдэг байсан, хамтран эзэмшигч ч бодит байдал дээр дундын мөнгө биш байсан. Нэхэмжлэгч байрыг намайг худалдаж авч байгааг, гэрчилгээ миний нэр дээр гарсныг мэдэж байсан, цаашид амьдрах баталгаа бичүүлж авч байснаар нотлогдоно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримтлан Ц.Д-, Б.У-нарт холбогдох, 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянгол дүүрэг, 4 хороо, ГЕГ-ын 3 байр, 9 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн С.Х-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140.400 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, Нэхэмжлэгч нь хадгаламж хамтран эзэмшигчийн хувьд болон баталгааны дагуу үүргийг шаардаж нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Х- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг болон 75.2 дах хэсэгт заасан хуулийн шаардлагуудад харьцуулан дүгнэлт хийх боломжтой байх байсан. Тэгж чадаагүй нь “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” шийдвэрийнх нь ул суурь болж орон сууц худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр бус болгох хуулийн үндэслэл, тэрхүү гэрээний талуудын үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаанаас шалтгаалж хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээний цаад талууд хэн, хэн байв гэдэг нь бүрхэгдэж, эцэстээ бусдын өмчлөх эрх зөрчигдөж үлдлээ. Ийм болохоор л Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх заалтыг хэрэглэж чадсангүй гэж үзэж байна. Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагын дотор өмчлөх эрхийн асуудал хөндөгдсөн маргаан явж байхад нотлох баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасанчлан “...тухайн байрыг нэхэмжлэгчид насан туршид нь үнэ төлбөргүйгээр ашиглуулахыг Б.У-зөвшөөрсөн баталгаа баримт”-ыг харин ч миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгож үнэлсэнд гомдолтой байна. Тэгсэн атлаа ямар ч нотлох баримт байхгүй байхад зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэж “Б.У-нь АНУ-аас шилжүүлсэн мөнгийг О.Базар нь бусдад зээлдүүлэх замаар өсгөж, уг орон сууцыг худалдан авсан...” гэж дүгнэхдээ хэзээ, хэдэн төгрөгийг АНУ-аас шилжүүлсэн, түүнийг нь хэдэн хүнд, хэдий хугацаагаар, хэр хэмжээгээр, хэдэн хувийн хүүтэй зээлдүүлсэн талаарх бичгээр үйлдсэн гэрээ хэд байгаа эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтаас үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай зөрчилдөж байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтаас бүрэн харагдана. 85.000.000 төгрөг нь хэн хэний орлого гэдгийг бүрэн, эргэлзээгүй тогтоож байж, тодруулвал 16.000.000 төгрөг хэрхэн 85.000.000 төгрөг болсон талаарх баримтыг харж байгаад “Хэдийгээр нэхэмжлэгч нь 60.000.000 төгрөгийг ХААН банк дахь дундын эзэмшлийн 5727103914 тоот данснаас Ц.Д-ын 5085080027 тоот дансанд шилжүүлсэн тайлбарлах ч Б.Ундралаас тухай дансанд 2009-2010 онд 16.000.000 төгрөг орсон, мөнгийг О.Базар нь бусдад зээлдүүлж байсан нь нотлогдож байх бөгөөд...” гэж дүгнэх ёстой. Энэ нь өмчлөлийн маргаан, магадгүй дундын өмчлөлийн маргааны хувь хэмжээг тогтооход зайлшгүй шаардлагатай ажиллагаа байх учиртай байтал анхан шатны шүүх гагцхүү хөөн хэлэцэх хугацаанд гол анхаарлаа хандуулж, урьдчилан хийснээс өмчлөлийн маргаан үндсэндээ шийдэгдэлгүй орхигдсон гэсэн үг юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх өөр хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Х- нь хариуцагч Ц.Д-д холбогдуулан 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянгол дүүрэг, 4 хороо, ГЕГ-ын 3 байр, 9 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үр дагавар нь өмчлөгчөөр тогтоолгох

эрхтэй гэж тодорхойлсон ба дангаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох ямар эрх зүйн үндэслэл байгаа нь тодорхой бус байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл С.Х-, О.Базар нарын 2013 оны 02 дугаар  сарын 22-ны өдөр Баянгол дүүрэг, 4 хороо, ГЕГ-ын 3 байр, 9 тоот орон сууцыг Ц.Д-оос 85.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон хэлцлийг Ц.Д- Б.У-нарын хооронд 2013 оны 3 дугаар  сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар О.Базар, С.Х- нар урьдчилгаа 60.000.000 төгрөгийг, Б.У-үлдэх 25.000.000 төгрөгийг Ц.Д-т шилжүүлж өгсөн тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд  нэхэмжлэгч болон түүнтэй хамтран амьдарч байсан О.Базар нар уг орон сууцны өмчлөлөөс татгалзсан эсэх, С.Х- 25.000.000 төгрөгийг хариуцагч Б.Ундралд буцаан өгсөн үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Анхан шатны шүүх хариуцагч нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамааруулахгүй гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгт шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж харилцан уялдаа холбоогүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар бүрэн дүгнэлт хийх, үүрэг хариуцлагыг ногдуулахын тулд талуудын гэрээний хүчин төгөлдөр байдал, үүргийн харилцааны оролцогч, гэрээний үүргийн биелэлт зэрэг асуудлууд тодорхой болсон байх учиртай бөгөөд төлбөр бүрэн төлөгдсөн эсэх нөхцөл байдлыг бүрэн тогтооход хуульд заасан ажиллагааг явуулсан гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих маргааны үйл баримт буюу О.Базар, С.Х- нарын дундын эзэмшлийн 5727103914 тоот данснаас урьдчилгаа 60.000.000 төгрөгийг Ц.Д-т шилжүүлсэн гэж тайлбарладаг.

Хамтран эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг талууд харилцан тохиролцоогүй бол талуудын оролцоо, тэдгээрт оногдох хэсгийг хэрхэн тооцох, хэрхэн үгүйсгэж байгаа нь баримтаар хангалттай тогтоогдоогүй байхаас гадна Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлд заасан асуудлаар талууд мэтгэлцээгүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулснаар талуудын нотлох баримт бүрдүүлэх үүргийн хувиарлалт, мэтгэлцэх үндэслэл нь тодорхой болж, зохигчдын  тайлбарыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн үүднээс эцэслэн дүгнэх, талуудын хооронд ямар төрлийн гэрээ байгуулагдсан болохыг тодорхойлох, тохирох хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэх учиртай.

 

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...О.Базар гуай УБЕГ-т гэрлэлтээ батлуулахаар өргөдөл гаргасныг нотариатаар батлуулж авсан бөгөөд хэргийн материалд хавсаргасан байдаг...” гэж тайлбар гаргасан байх боловч уг өргөдөл хэрэгт авагдаагүй ба түүний хүсэл зоригийн илэрхийллийг тодруулахад уг баримт ач холбогдолтой байж болохоор байна. /2хх-ийн 7/

 

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл муутай дүгнэсэн байхаас гадна улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсон байгааг анхаарах нь зүйтэй.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01319 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА  

                                                          ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД        

                                                                                                            Н.БАТЗОРИГ