Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 57

 

Ч.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00224/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  04 дүгээр сарын 02-ны өдрийн 404 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

“Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Д-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

            2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Д-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Капитал зууч ХХК нь 2020.01.24-ний өдөр барьцааны хөрөнгийн өнөөгийн үнэ цэнийг 2018.10.24-ний өдрийн байдлаар 68.000.000 төгрөг гэж үнэлсэн. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар гаргаж байна. Үнэлгээнд зах зээлийн судалгаа хийхдээ 58.0-72.0 сая төгрөг байна гэж дүгнээд дунджаар нь үнэлсэнд гомдолтой байна. Манай байр байрлал сайтайгаас гадна одоогийн бодит ханш нь 74.000.000 төгрөг байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилогдсон хөндлөнгийн шинжээч болох Капитал зууч ХХК-ийн 2020/06 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5439 дугаар шийдвэрээр Ч- овогтой Д-аас 69.478.611 төгрөг гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Ч.Д- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан төлбөр төлөгч Ч.Д-, Ч.Б- нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хороолол, 13 дугаар байр, 15 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003002361 дугаартай, 38,0 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18070655/05 дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч Ч.Д- нь үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Ариг банк ХХК нь шинжээчээр үнэлүүлэх саналыг ирүүлэн, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/01 тоот тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон. Капитал зууч ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 68.000.000 төгрөгөөр тогтоосон талаар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр талуудад мэдэгдэн тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулсан. Хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК нь Үнэлгээний Олон Улсын Стандарт 101 Ажлын цар хүрээ-д Үнэлгээний суурь нь үнэлгээний зорилгын хувьд тохиромжтой байх гэж заасны дагуу уг 3 өрөө орон сууцны үнэлгээг зах зээл дээр худалдаалагдаж буй ашиглалтад орсон он, зориулалт, барилгын хийц, талбайн хэмжээ, давхар, өрөөний тоо, дотор засал, гадна орчны тохижилт, инженерийн дэд бүтцэд холбогдсон эсэх зэрэг үзүүлэлтүүдээрээ ижил төстэй 3 орон сууцтай харьцуулан борлуулалтын үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна. Мөн төлбөр төлөгч Ч.Д-ын гаргасан нэхэмжлэлд тус байрыг 74.000.000 төгрөгийн ханштай байна гэж үзсэн ба энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан, шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 404 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Ч.Д-ын Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар гомдол гаргагч Ч.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Д- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: Анхан шатны шүүхэд иргэн Ч.Д- миний бие “Капитал зууч” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 10 дугаар 24-ний өдрийн байдлаар 68.000.000 төгрөг гэж үнэлснийг нь өмчлөгч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Шүүх “...одоогийн бодит үнэ ханш 74.000.000 төгрөг байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна...” гэж үзээд үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

Гэтэл миний орон сууцны бодит зах зээлийн үнэлгээ нь цахим орчинд ижил төстэй орон сууцууд зарлагдаж байгаагаар 58.000.000-72.000.000 төгрөг болохыг үнэлгээний “Капитал зууч” ХХК-ий үнэлгээний тайлангийн 2.4-д дурдсан байдаг. Гэсэн хэдий ч манай орон сууцыг дундаж үнэлгээгээр үнэлсэнд нь гомдолтой байна. Манай орон сууц нь хотын төвд байрлалтай бөгөөд, сургууль цэцэрлэг, дэлгүүр, Дархан-50 цогцолбор гээд л бүх зүйлсээрээ ядаж 72.000.000 төгрөгийн үнэлгээтэй байх байсан.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Гомдол гаргагч Ч.Д- Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги /цаашид ШШГГ/-д холбогдуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн барьцааны хөрөнгө болох Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 11 дүгээр байр, 15 тоотын 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах гомдлын шаардлага гаргасан, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...талуудаас үнийн санал авахад гомдол гаргагч Ч.Д- үнийн санал өгөөгүй” тул шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн бөгөөд энэхүү үнэлгээ нь өнөөгийн зах зээлийн ханшид нийцсэн үнэлгээ болсон тул гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Ариг банк, гомдол гаргагч Ч.Д- нар зээл, зээлийн хүү 69.478.611 төгрөгийг тодорхой хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсныг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5439 дугаартай захирамжаар баталж, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5208 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 833 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, эвлэрлийн гэрээгээр тохиролцсон зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заажээ.

Эдгээр шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн ШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 18070655 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 11 дүгээр байр, 15 тоотын 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хурааж, битүүмжлэн, цаашид дуудлага худалдаанд оруулахын тулд талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Ч.Д- үнийн санал өгөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд, шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож, тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж тус тус зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий “Капитал зууч” ХХК-ийг  шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/01 дугаартай тогтоолоор шинжээчээр томилсон нь хуульд нийцсэн байна.

Үнэлгээчинээр томилогдсон “Капитал зууч” ХХК маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын хугацаа, чанар байдал, элэгдэл, байршил, давхар зэргийг тооцон зах зээл дээр худалдаалагдаж буй ижил төстэй хөрөнгийн борлуулалтын үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн болох нь хэрэгт авагдсан  үнэлгээний тайлангаас харагдаж байна.

Үнэлгээчин нь маргаж буй үл хөдлөх хөрөнгөтэй ижил төстэй буюу тухайн хорооллын 3 өрөө, 38 м.кв талбайтай 3 байрны зэх зээлийн үнэ ханшийг судлахад 65.000.000-70.000.000 төгрөгийн үнэ ханштай байсныг тодорхойлж, уг байрыг 68.000.000 төгрөгөөр үнэлж, тайлангаа ирүүлжээ.

Тайланд тус байрны дотоод байдал, засал, засвар, ашиглалтыг гэрэл зургаар бэхжүүлж, хавсаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Шинжилгээний явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт бүхий материал нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох...” гэж заасныг зөрчөөгүй байна.

Гомдол гаргагч Ч.Д- дээр дурьдсан орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, одоогийн бодит ханш 74.000.000 төгрөгийн ханштай гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар үйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд гомдол гаргагч Ч.Д-ын манай орон сууцыг зах зээлийн дундаж ханшаар үнэлсэнд гомдолтой байна гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Д-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар гомдол гаргагч Ч.Д-аас давж заалдсан гомдол гаргахдаа улчын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                              АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                            ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                                 М.МӨНХДАВАА

                                                                                                                 Л.АМАРСАНАА