Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01013

 

Ч.Даваажаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 404 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаар магадлалтай,

Ч.Даваажаргалын нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

Нэхэмжлэгч Ч.Даваажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитал зууч ХХК нь 2020.01.24-ний өдөр барьцааны хөрөнгийн өнөөгийн үнэ цэнийг 2018.10.24-ний өдрийн байдлаар 68,000,000 төгрөг гэж үнэлсэн. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар гаргаж байна. Үнэлгээнд зах зээлийн судалгаа хийхдээ 58,000,000-72,000,000 төгрөг байна гэж дүгнээд дунджаар нь үнэлсэнд гомдолтой байна. Манай байр байрлал сайтайгаас гадна одоогийн бодит ханш нь 74,000,000 төгрөг байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилогдсон хөндлөнгийн шинжээч болох Капитал зууч ХХК-ийн 2020/06 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.23-ны өдрийн 5439 дугаар шийдвэрээр Чулуунбат овогтой Даваажаргалаас 69,478,611 төгрөг гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Ч.Даваажаргал нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан төлбөр төлөгч Ч.Даваажаргал, Ч.Батзориг нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хороолол, 13 дугаар байр, 15 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003002361 дугаартай, 38,0 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019.12.26-ны өдрийн 18070655/05 дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч Ч.Даваажаргал нь үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Ариг банк ХХК нь шинжээчээр үнэлүүлэх саналыг ирүүлэн, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020.01.07-ны өдрийн 2020/01 тоот тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон. Капитал зууч ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 68.000.000 төгрөгөөр тогтоосон талаар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр талуудад мэдэгдэн тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулсан. Хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК нь Үнэлгээний Олон Улсын Стандарт 101 Ажлын цар хүрээ-д Үнэлгээний суурь нь үнэлгээний зорилгын хувьд тохиромжтой байх гэж заасны дагуу уг 3 өрөө орон сууцны үнэлгээг зах зээл дээр худалдаалагдаж буй ашиглалтад орсон он, зориулалт, барилгын хийц, талбайн хэмжээ, давхар, өрөөний тоо, дотор засал, гадна орчны тохижилт, инженерийн дэд бүтцэд холбогдсон эсэх зэрэг үзүүлэлтүүдээрээ ижил төстэй 3 орон сууцтай харьцуулан борлуулалтын үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна. Мөн төлбөр төлөгч Ч.Даваажаргалын гаргасан нэхэмжлэлд тус байрыг 74,000,000 төгрөгийн ханштай байна гэж үзсэн ба энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан, шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 404 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Ч.Даваажаргалын Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар гомдол гаргагч Ч.Даваажаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Даваажаргалын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар гомдол гаргагч Ч.Даваажаргалаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ч.Даваажаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох нэхэмжлэгч иргэн Ч.Даваажаргал /РД:Т390091061, утас:9937-8800/ миний нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн №404 дугаарын шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаартай магадлалыг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах үндэслэлээр хянуулахаар гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх иргэн Ч.Даваажаргал миний бие Капитал зууч ХХК-ийн 2020.01.24-ний өдрийн өнөөгийн үнэ цэнийг 2018.10.24-ний өдрийн байдлаар 68,000,000 төгрөг гэж үнэлснийг нь өмчлөгч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх одоогийн бодит үнэ ханш 74,000,000 төгрөг байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна... гэж үзээд үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл миний орон сууцны зах зээлийн бодит үнэлгээ нь цахим орчинд ижил төстэй орон сууцууд зарлагдаж байгаагаар 58,000,000-72,000,000 төгрөг болохыг үнэлгээний Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайлангийн 2.4-д дурдсан байдаг. Гэсэн хэдий ч манай орон сууцыг дундаж үнэлгээгээр үнэлсэнд нь гомдолтой байна. Миний орон сууц нь хотын төвд байрлалтай бөгөөд сургууль цэцэрлэг, дэлгүүр, Дархан-50 цогцолбор гээд л бүх зүйлсээрээ ядаж 72,000,000 төгрөгийн үнэлгээтэй байх байсан. Ер нь би хэдийгээр өр төлбөртэй ч гэсэн өөрийн өмчлөлийн хөрөнгийг үнэлж байгаа ба бас хамтран өмчлөгч миний төрсөн ахаас ч гэсэн үнийн санал аваагүй байгаад би гайхаад л байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн №404 дугаарын шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Даваажаргал нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үнэлгээ хуульд нийцсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.9.23-ны өдрийн 5439 дүгээр шүүгчийн захирамжаар, Ч.Даваажаргал нь зээлийн төлбөрт 69,478,611 төгрөгийг Ариг банкинд төлөх, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 13 дугаар байрны 15 тоотын 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Ч.Даваажаргал шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2019.10.08-ны өдрийн 18070655/03 дугаартай тогтоолоор барьцааны хөрөнгө болох орон сууцыг битүүмжилж, 2019.12.26-ны өдрийн 18070655/05 дугаартай тогтоолоор хураан авсан байх ба төлбөр авагч, төлбөр төлөгч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан ...тодорхойлно гэж заасан. Шийдвэр гүйцэтгэгчийн 2020.01.07-ны өдрийн 2020/01 дугаар тогтоолоор шинжээчээр томилогдсон Капитал зууч ХХК нь барьцааны хөрөнгө болох Ч.Батзориг, Ч.Даваажаргал нарын өмчлөлийн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 13 дугаар байрны 15 тоотын 45 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн байх ба үнэлгээ хийхдээ тухайн үед зарагдаж байсан, уг орон сууцтай ижил төсөөтэй орон сууцнуудтай харьцуулж, 68,000,000 төгрөгөөр үнэлсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн орон сууцыг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн, үнэлгээ тогтоох ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

Түүнчлэн, хариуцагч үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг тухайн орон сууцны өмчлөгч Ч.Батзориг, Ч.Даваажаргал нарт 2019.12.25-ны өдрийн 03/3086, 03/3087 тоот албан бичиг /хх-ийн 56, 58 тал/, 2019.12.26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас /хх-ийн 57 тал/-аар мэдэгдсэн болох нь тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгчийн ...орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой. Манай орон сууц ...ядаж 72,000,000 төгрөгийн үнэлгээтэй байх байсан. ...хамтран өмчлөгч миний төрсөн ахаас үнийн санал аваагүй гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Шүүхүүд хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, тухайн маргаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 404 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ