Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 0071

 

 

 

 

 

 

 

 

      Х.Дд холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

                                             

           Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            нарийн бичгийн дарга Э.Б-г оролцуулан

 

            Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Х.Дгийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Х.Дд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Б овогт Х-н Д,

Х.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн үед        аймгийн        сумын   багийн “Е” худалдааны төвийн А заалны     тоот лангуун дээр худалдаалж байсан стейк амтлагч, Скин медикью /skin medique/ шөнийн тос, Омега-3 витамин зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 381.720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Х.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Б овогт Х-н Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дгийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Дгээс 381.720 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Э-д олгож,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Е” худалдааны төвийн А танхимын 7 тоот лангуунд байрлах Ш.Э-н хувийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцгийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Д давж заалдах гомдолдоо: 

“... Миний бие хохирол болох 381.720 төгрөгийг төлж барагдуулах учир ялыг минь хөнгөлж өгнө үү” гэжээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дгийн давж заалдах гомдлыг үндэслэн тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Шүүгдэгч Х.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн үед     аймгийн     сумын     багт байрлах “Е” худалдааны төвийн А заалны   тоот лангуун дээрээс стейк амтлагч, Скин медикью /Skin medique/ шөнийн тос, Омега-3 витамин зэргийг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ш.Э-д 381.720 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

            Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ зэрэгт зүй зохистой харьцаагаар тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байхыг ойлгоно.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Дгийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд ийнхүү арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

 

Шүүгдэгч Х.Д нь “... хохирол 381.720 төгрөгийг төлж барагдуулах учир ялыг минь хөнгөлж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх боловч хохирогч Ш.Э-д 381.720 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүгдэгч нь энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “... ялыг хөнгөлж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Дгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ХОСБАЯР

               ШҮҮГЧИД                                                                 М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                            С.УРАНЧИМЭГ