Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/198

 

 2022         5              27                                 2022/ШЦТ/198

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,    

улсын яллагч Л.Э,

шүүгдэгч Х.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д-д холбогдох эрүүгийн 2225001510154 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Х.Д

Шүүгдэгч Х.Д нь 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн А заалны 7 тоот лангуун дээр худалдаалж байсан Стейк амтлагч, Скин медикью /skin medique/ шөнийн тос, Омега-3 витамин зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 381.720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Х.Д мэдүүлэхдээ “...тухайн өдөр би архи уусан явж байгаад нэмээд жаахан архи уухын тулд уг лангууны эзэн нь байхгүй байхад нь эд зүйл авсан. Хохирогчоос уучлалт гуйж байна, хохирол төлнө, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Ш.Э-н “...Би 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн үед “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн А заал 7 тоот лангуундаа сууж байсан. ....нэг үйлчлүүлэгчийн тооцоог хийх гээд карт уншуулах зорилгоор хажуу талын лангуу орох хооронд үл таних эрэгтэй хүн манай лангуунаас Стейк хоол амтлагч, гоо сайхны тос, омега-3 витамин зэрэг эд зүйлсийг аваад явчихсан байсан. Гоо сайхны тосыг нэг хүн авах гээд асуухаар нь зарах гэтэл байхгүй болчихсон байхаар нь гайхаад хяналтын камерын бичлэгээ шүүж үзэхэд үл таних нэг хүн аваад явсан байсан. ...шинжээчийн дүгнэлтээр гарсан 381.720 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 17 дахь тал/,

яллагдагч Х.Д-н “...2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гадуур явж, хүнсний захын хажууд хэсэг хүмүүстэй архи ууж байгаад “Есөн-Эрдэнэ” худалдааны төв рүү очсон, ...уг төв дотор явж байгаад нээлттэй байсан лангуу руу ороход худалдагч нь байхгүй, хүмүүс бараа, эд зүйл үзээд зогсож байсан, би лангууны тавцан дээрээс жижиг хайрцагтай зүйлсийг аваад өмсөж явсан куртикны халаасандаа хийж гараад “Хүлэг” зах руу очиж “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн лангуунаас авсан эд зүйлсээ танихгүй хүнд 15.000 төгрөгөөр худалдаж, мөнгөөр нь хоёр шил архи авч уусан. Би “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн лангуунаас 2-3 ширхэг жижиг хайрцаг, савтай эд зүйлс авсан, ямар эд зүйлс болохыг мэдээгүй. Би тухайн эд зүйлсийг зарж борлуулаад архи авч уух, хоол авч идэх гэж хулгайлсан юм. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

“Ашидбилгүүн” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-622/2900 дугаартай, “...Стейк амтлагч 50.000 төгрөг, Skin medique шөнийн тос 150.000 төгрөг, Омега-3 витамин 181.720 төгрөг, нийт үнэ 381.720 төгрөг.” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 26-29 дэх тал/,

хохирогч Ш.Э-н гаргасан “...2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн А заалны 7 тоот лангуунаас худалдаалж байсан эд зүйлээ алдсан.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /хавтаст хэргийн 2, 4 дэх тал/,

хохирогч Ш.Эрдэнэтуулын хувийн хяналтын камерт бичигдсэн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дахь/,

Х.Д-н биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8 дахь/,

“Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн А танхимын 7 тоот лангуунд байрлах Ш.Э-н хувийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Х.Д-н иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46, 53 дахь тал/,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/116 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

Эрдэнэт хотын 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1990 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1062 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 127 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ЗШ/272 дугаартай шийтгэврийн хуулбар зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, мөн Х.Д-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч Х.Д-г гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Х.Д нь 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн А заалны 7 тоот лангуун дээр худалдаалж байсан Стейк амтлагч, Скин медикью /skin medique/ шөнийн тос, Омега-3 витамин зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ш.Э-д 381.720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, хохирогч Ш.Э-н “...үл таних эрэгтэй хүн манай лангуунаас Стейк хоол амтлагч, гоо сайхны тос, омега-3 витамин зэрэг эд зүйлсийг аваад явчихсан байсан.” гэх,

Х.Д-н “...би лангууны тавцан дээрээс жижиг хайрцагтай зүйлсийг аваад өмсөж явсан куртикны халаасандаа хийж гараад “Хүлэг” зах руу очиж “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн лангуунаас авсан эд зүйлсээ танихгүй хүнд 15.000 төгрөгөөр худалдаж, мөнгөөр нь хоёр шил архи авч уусан.” гэх мэдүүлгүүдээр,

“Ашидбилгүүн” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-622/2900 дугаартай, “...Стейк амтлагч 50.000 төгрөг, Skin medique шөнийн тос 150.000 төгрөг, Омега-3 витамин 181.720 төгрөг, нийт үнэ 381.720 төгрөг.” гэсэн үнэлгээ,

хохирогч Ш.Э-н “...2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн А заалны 7 тоот лангуунаас худалдаалж байсан эд зүйлээ алдсан.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа өгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

         “Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

         Шүүгдэгч Х.Д-н үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

         Шүүгдэгч Х.Д-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, 

         Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Х.Д-д эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Х.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Х.Д-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгчид нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал, хүсэлтийг гаргав.

Шүүгдэгч Х.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 381.720 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан шинж чанар, урьд 6 удаа ял шийтгүүлж, хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1062 дугаартай Шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 127 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн хорих ялыг өршөөн суллагдсан боловч засрал хүмүүжил олдоггүй хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг тус тус баримтлан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

          Шүүх шүүгдэгч Х.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Бусад асуудал;

         Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. 

Шүүгдэгч Х.Д нь “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн А заалны 7 тоот лангуун дээр худалдаалж байсан Стейк амтлагч, Скин медикью /skin medique/ шөнийн тос, Омега-3 витамин зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ш.Эрдэнэтуулд 381.720 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Доржсүрэнгээс 381.720 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Эрдэнэтуулд олгох үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, Орхон аймаг дахь Цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг явуулсны үр дүнд олж тогтоосон тул түүний 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг дурьдаж,   

          шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Х.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-н 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д-нд авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Д-эс 381.720 төгрөгийг гаргуулж Ш.Э-д олгосугай. 

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн А танхимын 7 тоот лангуунд байрлах Ш.Э-н хувийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХТУНГАЛАГ