Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 59

 

А- Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01086/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  04 дүгээр сарын 07-ны өдрийн 420 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А- Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Э-,

                  Ц.Э- нарт холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт нийт 65.542.830,87 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Э.Э-, Ц.Э- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

            2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч-, хариуцагч Э.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч А- Б- ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Э-, Ц.Э- нар нь манай банктай 2017 оны 12 сарын 22-ны өдөр 2120011778 тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээг байгуулан 50.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар жилийн 26.4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Ү-2003010469 эрхийн бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын 4-р баг, 22-р хороолол, 34-р байрны 44 тоот 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-2003003603 эрхийн бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сумын 6-р багт байрлах 156 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай 72-р брак байр, Дархан-Уул аймаг, Дархан сумын 6-р багт байрлах 080100554 нэгж талбарын дугаартай 1,400 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалуулсан.

Зээлдэгч Э.Э-, Ц.Э- нар нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй бөгөөд энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэл өгч, зээлээ төлөхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийг төлөөгүй болно.

Зээлдэгч Э.Э-гийн А- Б- ХХК-д гаргасан 2019 оны 04 сарын 29-ний өдрийн хүсэлтийг Банк судлаад барьцааны зүйлийг бусдад өөрөө худалдан борлуулахыг нь зөвшөөрсний дагуу Э.Э-, Ц.Э- нар интернэтэд зар тавьсан байдаг. Энэ тухай хариуцагч маргахгүй болохоо ч хэллээ.

Иймд зээлдэгч Э.Э-, Ц.Э- нартай байгуулсан зээл, барьцааны гэрээг цуцалж үндсэн зээл 47.479.000,00 төгрөг, зээлийн хүүp 17.307.598,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738.732,23 төгрөг, нотариатын зардал 17.500,00 төгрөг, нийт 65.542.830,87 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2003010469 эрхийн бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын 4-р баг, 22-р хороолол, 34-р байрны 44 тоот 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-2003003603 эрхийн бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын 6-р багт байрлах 156 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай 72-р брак байр, Дархан-Уул аймаг, Дархан сумын 6-р багт байрлах 080100554 нэгж талбарын дугаартай 1,400 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Э.Э-, Ц.Э- бид нар 2017 оны 12 сарын 22-ны өдөр 2120011778 тоот зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалттайгаар зээлж авсан болно.

Энэхүү зээлийн гэрээний үүрэгт О.Т-, Ц.Э- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003010469 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, 22-р хороолол, 34-р байрны 44 тоот 28.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, Э.Э-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003003603 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 6-р баг, 72-р брак байранд байрлах, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 156 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, БГ энд фрэндс ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 080100554 дугаартай, 1,400 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан.

Зээлдэгч Э.Э- миний бие 2015 онд өөрийн аав Ж.Э-ын явуулж байсан өлөн гэдэсний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхэлдэг БГ энд фрэндс ХХК-ийг ажиллуулахаар шилжүүлэн авсан юм.

Зээлдэгч Э.Э- миний бизнесийн үйл ажиллагаа 2018 оны 08 сард Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар, МХГ-ын шахалтаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 6-р баг, 72-р брак байранд үйл ажиллагаа явуулахыг бүрэн зогсоож, улмаар зээл, зээлийн хүүг төлөх боломжгүй болж байгаа талаар зээл хариуцсан ажилтан болон А- Б--ны захиралд удаа дараа мэдэгдэж байсан.

Одоо цаашид зээл, зээлийн хүүг төлөх боломжгүй болсон гэдгийг мэдэгдэж, бүр Зээлийн гэрээний 2.12-т заасны дагуу 2019 оны 04 сарын 29-ний өдөр банкны зээлийг цаашид төлж чадахгүй болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн.

Тус хүсэлтэд ...банкыг зээлийн гэрээг дангаараа цуцлах эрхтэй байтал өнөөдрийг хүртэл зээлийн хүү бодож байгаа нь зээлдэгч миний хүндрэлтэй нөхцөл байдлыг улам хэцүү байдалд оруулж байна... гэсэн хүсэлтийг гаргаж, зээлийн гэрээг цуцалж өгөхийг хүсч өргөдөл хүсэлт өгч байсан.

Миний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Зээлийн гэрээний 2.5-д зааснаар барьцааны зүйлээс тэргүүн ээлжинд эрхийн улсын бүртгэлийн Ү-2003003603 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 6-р баг, 72-р брак байрыг, 1,400 м.кв талбайтай газрын хамтаар худалдан борлуулах хүсэлтийг гаргаж байсан. Одоо ч үнэ тохирч барьцааны энэ хөрөнгөө хүлээлгэн өгөхөд бэлэн байна.

Мөн зээлийн хүүний хувьд 2019 оны 04 сарын 29-ний өдөр гэрээг цуцлах хүсэлтийг гаргасан. Бид 2019 оны 04 сарын 30-ны өдрөөс эхлэн Зээлийн гэрээ цуцлагдсан гэж ойлгож байгаа болно.

Энэ өдрөөс хойш Зээлийн гэрээг цуцалж, үүнээс хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасалгүй, хүү нэмж нэхэмжилж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2019 оны 04 сарын 30-ны өдрөөс хойш төлсөн мөнгөө үндсэн зээлээс хасуулахыг хүсэж байна. Учир нь бид банкыг гэрээгээ цуцлахыг хүсч хүсэлт гаргаад байхад банк өнөөдрийг хүртэл ямар ч мэдэгдэл өгөлгүй, бүр гэрээгээ цуцалсан эсэх талаар ч мэдэгдэлгүй хүү тооцож, шүүхэд нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлийн эргэн төлөлтийн хуваариас үзэхэд 2019 оны 04 сарын 20-ны өдрөөс хойш зээлийн хүүг чөлөөлж өгсөн бол зээлийн хүү 8.624.275 төгрөг хасагдах байсан байна.

Тийм учраас энэ зээлээс 8.624.275 төгрөгийг зөвшөөрөхгүй байна, үүнийг хасч өгвөл үлдэгдэл төлбөр дээр маргахгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 420 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар хариуцагч Э.Э-, Ц.Э- нараас 65.542.830,87 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А- Б- ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э.Э-, Ц.Э- нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Э.Э-гийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003003603 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 6-р багт байрлах 156 м.кв талбайтай 72-р брак байр, БГ энд Фрэндс ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, нэгж талбарын 080100554 дугаарт бүртгэлтэй, 1,400 м.кв талбай бүхий газар, О.Т-, Ц.Э- нарын өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003010469 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, 22-р хороолол, 34-р байр, 44 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгөнүүдээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555.865 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Э-, Ц.Э- нараас улсын тэмдэгтийн хураамжид 555.865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А- Б- ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Э-, Ц.Э- нар давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн г/-д “...Банкны зүгээс зээлдэгч Э.Э-гийн хүсэлтийг судлан үзээд барьцаа хөрөнгийг бусдад худалдан борлуулахыг зөвшөөрсөн хариу өгсний дагуу...” гэж нэхэмжлэгч талын тайлбарыг тухай үед шүүх хуралдааны явцад шууд үнэн зөв гэж үндэслэсэн. Банкнаас бидэнд албан ёсоор хариу өгөөгүй тул бид өөрсдөө мэдэн барьцаа хөрөнгөө худалдан борлуулахаар зарласан. Гэтэл энэхүү зарлал өгсөн бидний үйлдлийг банк хүлээн зөвшөөрсөн байна гэж анхан шатны шүүх үзэх нь хэт нэг талыг баримталсан байна.

Ийнхүү бидний банкинд 2019 оны 04 сарын 29-ний өдөр гаргасан Зээлийн гэрээг цуцлах тухай хүсэлтийг огтоос үнэлэлгүй, нэг талыг баримтлан банкнаас албан ёсоор хариу өгөөгүй байхад өгсөн гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд бидний хувьд 2019/04/29-ний өдрөөс хойш зээлийн хүүнд бодогдсон 8.624.275 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэрээс хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А- Б- ХХК хариуцагч Э.Э-, Ц.Э- нарт холбогдуулж, зээлийн гэрээний үндсэн үүрэг 47.479.000 төгрөг, зээлийн хүү 17.307.598,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738.732,23 төгрөг нотариатын зардал 17.500 төгрөг, нийт 65.542.830,87 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар банк зээлийн гэрээг гэрээгээр тохирсон шалтгаан нөхцөлийн улмаас цуцлаагүйн улмаас 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш тооцсон зээлийн хүү 8.642.275 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ үүссэн, зээлдэгч хууль болон гэрээгээр хүлээсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлтэй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь зөв гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Э.Э-гийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А- Б- ХХК болон Э.Э-, Ц.Э- нар харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийг жилийн 26.40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд А- Б- ХХК болон Э.Э- БГ энд ФРэндс” ХХК, О.Т- нар харилцан тохиролцож, Дархан сумын 6 дугаар багт байрлах 156 м.кв талбайтай, 72 дугаар брак байр,1.400 м/кв талбайтай эзэмшлийн газар, Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 34 дүгээр байрны 44 тоотын 28 м.кв талбайтай орон сууц зэргийг барьцаалсан байна.

Зээлийн болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээл, зээлийн хүүд нийт 7.816.610,72 төгрөг төлсөн талаар талууд хэн аль нь маргаагүй байна.

Зээлдэгч Э.Э-, Ц.Э- нарын зээлийн гэрээний үүрэг 2018 оны 06 сараас доголдож эхэлсэн ба зээлдүүлэгч тал зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, зээлдэгч нарт 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус мэдэгдэл өгч байсан, зээлдэгч Э.Э- борлуулсан бүтээгдэхүүний орлого орж ирэхээр зээлээ төлнө гэсэн хариу өгч байжээ.

Дээрх  байдлаас  харахад  зээлдэгч  зээлийн гэрээний үүргийг гэрээгээр тохирсон хугацаандаа тогтмол төлж байх үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч удаа дараа мэдэгдэл өгч байсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан нэмэлт хугацаа тогтоож байжээ гэж үзэхээр байна. Мөн зээлдэгч төлбөрийн чадваргүй болж гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өгч байсан боловч зээлдэгч тал хариу өгөөгүй байна.

Зээлдэгч зээлдүүлэгч нар зээлийн гэрээний нөхцөл, зээл төлсөн хэмжээ болон гэрээний үүрэг зөрчигдсөн талаар маргадаггүй, харин 2019 оны 4 сарын 29-ний өдрөөс хойш бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 8.624.275 төгрөгийг төлөхгүй гэж зээлдэгч  маргаж байгаа.

Маргааны зүйлийн талаар анхан шатны шүүх зохигчдыг хангалттай мэтгэлцүүлж, шийдвэрт энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд гэрээг цуцлах үндэслэлүүдийг  гэрээний 5.2-т зааж дээрх нөхцөл байдал үүссэн тохиолдолд  банк гэрээг цуцална гэжээ.

Энэхүү нөхцөл байдлаас талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний  5.2.1-т “Зээлдэгчийн төслөө хэрэгжүүлэхтэй холбогдуулан олгосон тодорхой чиглэлийн бизнесийг эрхлэх буюу түүний үндсэн үйл ажиллагаанд олгосон лиценз, зөвшөөрөл болон эрхийн актууд цуцлагдах, түдгэлзэгдэх буюу эдгээрийн хугацаа нь дуусгавар болсон”, 5.2.3-т “Зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүү төлөх хуваарь, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцааны болон батлан даалтын гэрээний заалтыг зөрчсөн”, 5.2.8-т “Зээлдэгчийн санхүү, эдийн засгийн байдалд хүндрэл учирч, түүний үйл ажиллагааны буруугаас зээл хугацаандаа төлөгдөхгүй болох нь ажиглагдсан” зэрэг нөхцөл байдлууд үүсжээ.

Гэрээнд ямар тохиолдолд гэрээг цуцлах, өөрөөр хэлбэл гэрээг цуцлах үндэслэлийг тодорхой заасан хэдий ч гэрээ цуцлах нь банкны үүрэг,  эсхүл эрхийн аль нь болохыг тодорхойлоогүй байна.

Гэрээний нөгөө талд гэрээг цуцлах санал гаргах эрхийг олгоогүй, уг стандарт гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан “харилцан итгэлцэл, шударга ёсны  зарчимд уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна”  гэсэнтэй агуулгын хувьд нийцэж байна.

Мөн гэрээг цуцлах эрхийг зөвхөн зээлдүүлэгч талд олгосноор ”Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох” Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн заалтыг зөрчсөн байна.

            Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс, гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг “хүндэтгэн үзэх үндэслэл” гэж үзнэ гэж Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт заасан.

Тухайн гэрээний зээлдэгч нар өлөн боловсруулах үйлдвэрлэл явуулж байсан боловч  хүн ам суурьшлын бүсэд уг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж  Мэргэжлийн хяналтын газраас шаардлага тавьсны дагуу үйлдвэрлэл нь зогсож, төлбөрийн чадваргүй болсон бөгөөд энэ талаар зээлдүүлэгчид мэдэгдсэн нь гэрээний харилцааг үргэлжлүүлэхэд  саад болсон хүндэтгэн үзэх шалтгаан юм.

Ийм байдал үүссэн байхад зээлдэгчийн хүсэлтээр гэрээг цуцлаагүй нь гэрээний нэг талд учрах хохирлыг нэмэгдүүлжээ гэж үзэхээр байна.

Иймд гэрээг цуцлах эрхийг дангаар эдлэхээр стандарт гэрээгээр зохицуулж, өөрийн санал болгосон гэрээндээ гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлүүдийг тодорхой зааж эдгээр үндэслэлүүд бий болж, зээлдэгч зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал  2018 оны 6 дугаар сард үүссэн байхад зээлдэгч нарт тухайн оны 8, 11 сард мэдэгдэл хүргүүлж  байсан атлаа 2019 оны 4 сарын 29-ний өдрийн гэрээг цуцлуулах хүсэлтийг хүлээн авч хариу өгөөгүй, гэрээг цуцлаагүй байдал нь банкны давуу эрхээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэрээний нэг талд хохиролтой байдал бий болсон гэж үзэхээр байна.

Иймд банкны гэрээг цуцалж гэрээний 7.8-д зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх арга хэмжээ аваагүй нь гэрээний заалтыг хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэл болж байна.

Ийнхүү гэрээнд заасан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцөл байдал үүссээр байхад гэрээг цуцлах хүсэлтийг хүлээн авалгүйгээр 10 сар хүртэлх хугацааны хүүг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн татгалзлыг хүлээн авч хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Талууд энэ хугацааны зээлийн гэрээний хүүгийн хэмжээний талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 420 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “...хариуцагч Э.Э-, Ц.Э- нараас 65.542.830,87 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А- Б-” ХХК-нд олгосугай” гэснийг “...хариуцагч Э.Э-, Ц.Э- нараас 56.900.555,87 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А- Б- ХХК-нд олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Э.Э-гээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.240 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                              АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                            ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                                 М.МӨНХДАВАА

                                                                                                                 Л.АМАРСАНАА