Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 159/ШШ2016/0014

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, шүүгч Ц.Байгалмаа, шүүгч Ж.Бурмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Хүдэр Амжаа” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдох  

“Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Аж ахуйн нэгжийн ойн санг цуцлах тухай” 147 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Иргэдийн төлөөлөгч: П.Нинжээ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Батцэцэг, Ж.Оюунболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч “Хүдэр Амжаа” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Хүдэр Амжаа” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Ойн санг аж ахуйн нэгж /ААН/-үүдэд гэрээгээр эзэмшүүлэх тухай” 07 дугаар тогтоолоор “Сайдын ам, Их, бага тарвагатай” гэсэн нэршил бүхий нутаг дэвсгэр дээр 6000 га газрыг гэрээгээр эзэмшдэг. Мөн Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А-261 тоот тушаалаар “Хүдэр Амжаа” ХХК нь “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” тусгай зөвшөөрөл, ойн мэргэжлийн байгууллагын 2013/0-145 дугаар бүхий гэрчилгээг 3 жилийн хугацаатайгаар авч үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд юм. 

Хүдэр сумын ИТХурлын Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хуралдан “2015 онд ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлээний модны хуваарь батлах тухай” дугаар 114 тогтоолоор “Хүдэр Амжаа” ХХК-нд хууль бусаар мод олгохгүй хэмээн шийдвэр гарган тус компаний зүгээс зөрчигдсөн эрх ашигаа хамгаалахаар захиргааны хэргийн шүүхэд хандан 3 шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж 114 тогтоолыг хууль бус болохыг тогтоолгон дууссан боловч өнөөдрийг хүртэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг тус сумын ИТХурал биелүүлж, мод нөхөн олгоогүй болно. Улмаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан “Аж ахуйн нэгжийн ойн санг цуцлах тухай” 147 дугаар тогтоол гарч “Хүдэр Амжаа” ХХК-ний ойн санг цуцалсан.

Тус тогтоолын ТОГТООХ нь хэсэгт “Хариуцсан ойн сангаа хамгаалах талаар хангалтгүй ажилладгаас хууль бусаар мод бэлтгэх явдал их хэмжээгээр гарч, ойн сан нь доройтож, нөөц нь багассан, гэрээгээ зөрчин ойн сангаа компанийн хамт худалдан шилжүүлсэн зэрэг зөрчлийг удаа дараа гаргаж байгаа тул “Хүдэр Амжаа” ХХК-д эзэмшүүлсэн Тарвагатай, Сайдын ам, Жаргалант орчмын 28, 29, 30, 31, 18, 63, 66-р хэсэглэл, нийт 6119 га ойн санг эзэмших эрхийг цуцалсугай” гэсэн байна. Энэхүү тогтоолыг гарсантай холбогдуулан гаргасан үндэслэл болсон ойн сан доройтсон талаар “Хүдэр Амжаа” ХХК-ний зүгээс ойн мэргэжлийн байгууллага болон Хүдэр сумын ойн анги, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газарт хандан дүгнэлт гаргуулах хүсэлтийг тавьсан. 

Сэлэнгэ аймгийн байгаль орчин аялал жуучлалын газраас 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, Хүдэр сумын Ойн сангаас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус тус Хүдэр сумын ИТХ-ын 147 дугаар тогтоолын үндэслэл болсон ойн сан доройтсон гэсэн үндэслэл нь тогтоогдохгүй ба ойн сан доройтоогүй байна гэсэн дүгнэлтүүд ирсэн болно. Манай “Хүдэр Амжаа” ХХК нь Ойн тухай хуулийг ёсчлон баримтлан үйл ажиллагаагаа явуулан ирсэн бөгөөд зөрчил дутагдал гаргаж байгаагүй ба энэ нь ч эрх бүхий мэргэжлийн байгууллагаас 2015 онд хийсэн шалгалт зэргээр нотлогдоно. Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээж байгаагүй гэдгийг Хүдэр сумын ИТХурлын дарга, Засаг дарга нар бэлхэнээ мэдэж байсан. 

Мөн тус тогтоолд ойн сангаа удаа дараа шилжүүлсэн гэсэн үндэслэл дурьдсан гэж байна. Ойн санг шилжүүлэн зарсан асуудал байхгүй харин анхлан “Хүдэр Амжаа” ХХК-ний нэр дээр ойн авагдсан одоо ч байгаа болно. Компаний тухай хуулийн 3.1-т “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ” мөн тус хуулийн 3.2-т “Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй” гэж заасан байдаг. 

Хуульд компани зарах тухай ойлголт огтоос байхгүй бөгөөд Компаний тухай хуулийн 5 дугаар зүйл зааснаар хувьцаа худалдан авах эрх шилжүүлэхийг хууль тогтоогчийн зүгээс хуульчилж өгсөн байдаг. Дээрх зүйл заалтыг тодруулбал хувьцаа эзэмшигч нь тус компаний хөрөнгийн өмчлөлд оролцох эрхтэй болохоос биш эд хөрөнгө гэрээгээр эзэмших бусад зүйлсийг тусгайлан өмчлөх эрхгүй болно. Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн, эсхүл дээд шатны хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасныг үндэслэн “Хүдэр Амжаа” ХХК-ний захирал У.Дэнсмаа миний 2015 оны 12 дугаар сарын 18, 24-нд ИТХуралд хандан гаргасан шийдвэрээ эргэн харахыг хүссэн боловч 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ИТХурлын ээлжит хуралдаан зарласан тул хурлаар хэлэлцэнэ гэсэн болно. 

Хүдэр сумын ИТХурал 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ИТХурлын ээлжит хуралдаан болж оролцсон боловч ИТХурал гаргасан 147 дугаар тогтоолоо өөрчлөхгүй болох талаар хуралдаан дээр гаргасан тул шүүхэд хандан хууль бус тогтоолыг хянуулахаас өөр боломжгүй боллоо гэжээ. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хүдэр Амжаа” ХХК нь тус суманд Ойн тухай хуулийн дагуу Тарвагатай, Сайдын ам, Жаргалант орчмын нийт 6119га ойн санг гэрээний дагуу эзэмшдэг юм. Гэвч тус компани нь Ойн тухай хуулийн холбогдох заалтууд, болон ойн сан эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2015 оны 11 сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоолоор “Хүдэр Амжаа” ХХК-ний ойн сан эзэмших гэрээг цуцлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ИТХ, болон Засаг даргад санал дүгнэлтээ ирүүлсэн. Үүний дагуу ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаар тогтоолоор “Хүдэр Амжаа” ХХК-нд эзэмшүүлсэн 6119 га ойн санг эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн. 

Иргэдийн нийтийн хурал бол Ойн тухай хуулийн 19.1.1, 19.1.3 дахь хэсэгт заасны дагуу Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжүүлэх, хяналт тавих, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлэх, гэрээг цуцлах санал, дүгнэлтийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад уламжлах бүрэн эрх бүхий субъект юм. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд тус багийн нутаг дэвсгэрт ойн сан эзэмшиж буй компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж улмаар “Хүдэр Амжаа” ХХК нь эзэмшиж буй ойн сангаа зохих журмын дагуу ашиглаж, хяналт тавьж чадахгүй байгааагаас тус компаний эзэмшиж буй ойн санд хууль бус мод бэлтгэх ажиллагаа ихээр явагдаж байна гэж үзсэн. Хууль бус мод бэлтгэх ажиллагаа явагдаж байна гэдэг бол байгаль орчинд маш сөрөг нөлөөтэй хууль бус үйл ажиллагаа байдаг. Гэтэл ойн тухай хуульд зааснаар аж ахуйн нэгжид гэрээгээр ойн сан эзэмшүүлэх зорилго нь ойн санг хамгаалах, хариуцах эзэнтэй байлгах, зүй зохистой ашиглах хууль бусаар мод бэлтгэх ажиллагаанаас хамгаалах, улмаар байгаль орчноо хамгаалах эерэг үр дүн бий болгох зорилготойгоор уг компанид тусгай эрх олгож байгаа үйл ажиллагаа юм. Ийнхүү ойн санг эзэмшиж байгаа компани нь Ойн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу маш өндөр үүрэг хариуцлага хүлээж ажиллах ёстой. 

Гэтэл “Хүдэр Амжаа” ХХК-ний эзэмшиж буй ойн сан нь иргэдийн нүдэн дээр улам доройтож, нөөц нь багасч, хууль бус мод бэлтгэх ажиллагаа улам бүр газар авч байгааг зүгээр хараад суух боломжгүй юм. Уг ойн санг харж хамгаалуулах, арчилж өсгүүлэх гэж тус компанид эзэмшүүлснээс биш сүйтгүүлэх гэж нөөцийг нь багасгуулах гэж эзэмшүүлээгүй юм. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар ойн сан нь Төрийн өмч бөгөөд Иргэдийн мэдэлд байх учиртай. Иймээс ч тус багийн Иргэдийн нийтийн хурлаар уг асуудлыг ав хэлэлцээд зохих шийдвэрийг хуулийн дагуу гаргасан. Иргэдийн нийтийн хурлын шийдвэрийн дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрээ гаргасан. Иргэд бол тухайн орон нутагт ажиллаж, амьдарч байгаа, байгаль орчин болоод тухайн ойн модонд юу болж байгааг нүдээрээ харж, мэдэрч байгаа субъект учраас аль нэг эрх бүхий байгууллагын хяналт, шалгалт, дүгнэлтээс илүү бодитой, үндэслэлтэй санал дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна. Түүнчлэн “Хүдэр Амжаа” ХХК-нд эзэмшүүлсэн ойн сан бүхий газрууд дээр нь очоод нүдээрээ үзээд, үзлэг хийгээд, мөн тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдээс уг ойн сангийн өнөөгийн байдал ямар байгаа талаар газар дээр нь очоод нүдээрээ үзээд, үзлэг хийгээд, мөн тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдээс уг ойн сангийн өнөөгийн байдал ямар байгаа талаар газар дээр нь очоод асууж тодруулахад “Хүдэр Амжаа” ХХК нь Ойн тухай хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна уу үгүй юу, мөн Иргэдийн нийтийн хурал болон ИТХ-аас гарсан шийдвэрт нь үндэслэлтэй байна уу үгүй юу гэдэг маш тодорхой харагдах юм. 

Иймд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2015 оны 11 сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоол, мөн ИХТ-ын 2015 оны 12 сарын 17-ны өдрийн 147 дугаар тогтоолууд нь хууль зүйн үндэслэлтэй, ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй тул “Хүдэр Амжаа” ХХК-ний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Үндэслэх нь: 

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойд арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулах эрхтэй “Хүдэр Амжаа” ХХК нь Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын /ИТХ/ 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаартай “Аж ахуйн нэгжийн ойн санг цуцлах тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хүдэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 147 дугаартай тогтоолоор Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 22 дугаар зүйлийн 22.1.11, Тарвагатай 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай тогтоолыг үндэслэн хариуцсан ойн сангаа хамгаалах талаар хангалтгүй ажилладгаас хууль бусаар мод бэлтгэх явдал их хэмжээгээр гарч, ойн сан нь доройтож, нөөц нь багассан, гэрээгээ зөрчин ойн сангаа компаний хамт худалдан шилжүүлсэн зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр “Хүдэр Амжаа” ХХК-д эзэмшүүлсэн Тарвагатай, Сайдын ам, Жаргалант орчмын 28, 29, 30, 31, 18, 63, 66 дугаар хэсэглэл нийт 6119 га ойн санг эзэмших эрхийг цуцалжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах зүйлүүд тогтоогдож байна.

 Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаартай “Ойн санг аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр эзэмшүүлэх тухай” тогтоолоор “Хүдэр Амжаа” ХХК-д 6000 га талбай бүхий ойн санг гэрээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. “Хүдэр Амжаа” ХХК-ний эзэмшлийн ойн сангийн менежментийн 2015-2017 он хүртэлх төлөвлөгөөг Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар баталжээ . 

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 18-03-002/47 дугаартай удирдамжийн дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ганболд 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Хүдэр Амжаа” ХХК-ний ойн санд төлөвлөгөөт шалгалт хийж гүйцэтгэн бага эрсдэлтэй гэх үнэлгээ . Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Хүдэр Амжаа” ХХК-ний өмгөөлөгч Л.Батцэцэгийн хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуучлалын газрын ойн албаны хяналт шалгалтын хариуцсан мэргэжилтэн Т.Түвшинтөгс, Байгаль орчин, аялал жуучлалын газрын ойн албаны мэргэжилтэн Д.Эрдэнэбат нар тус компаний эзэмшлийн ойн санд шалгалт хийж, дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтэд... “Хүдэр Амжаа” ХХК нь Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасны дагуу ойн менежментийн төлөвлөгөөг батлуулан төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн, ойн сангаа хамгаалах эргүүл шалгалт хийх идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулсан, гэрээгээр эзэмшиж буй ойн сангийн төлөв байдал, нөөцийн хэмжээ зэрэгт дүн шинжилгээ хийхэд нөөцийн болон талбайн хэмжээнд өөрчлөлт орж ой доройтох хэмжээнд хүртэл хүрээгүй... Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх тухай журмын 4.1.1-д заасан аж ахуйн нэгжийн үүргээ гүйцэтгэсэн... Ойн тухай хууль энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан дүрэм, журмыг биелүүлсэн гэж дүгнэж байна... газар дээр нь очиж танилцахад ойн сангаа хаягжуулан харуулын пост барьж байгуулсан, хууль бусаар мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг хийж гүйцэтгэсэн... Хүдэр сумын ИТХ нь “Хүдэр Амжаа” ХХК-д ойн санг гэрээгээр эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа иргэнд биш аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн энэ нь тус компаний захирал өөрчлөгдөхөд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй... Хүдэр сумын ИТХ-н 2015 оны 147 дугаар тогтоолд тусгасан үндэслэлийг буруу гэж дүгнэж байна гэх дүгнэлт . 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Ойн ангиас Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хүсэлтийг үндэслэн Ойн ангийн дарга Г.Тайванбаатар, ойн ангийн инженер М.Мөнхцэцэг, байгаль хамгаалагч Ж.Баасанбат нар 2016 оны 01 дүгээр сарын 19-20-ны өдөр шалгалт хийж дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтэд... ойжих талбай 102 га үүнээс аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр 39 га талбайг ойжуулсан... нийт ойн сангийн 28 шоо метр модыг хууль бусаар бэлтгэсэн... “Хүдэр Амжаа” ХХК нь ойн санг гэрээгээр эзэмших хугацаанд ойн сангийн 4 хэсэгт хаягжуулах самбар, ой хээрийг түймрээс хамгаалах, сурталчлах хаяг байрлуулан 63 дугаар хэсэглэлд харуулын цамхаг барьж байрлуулсан жилийн 4 улиралд идэвхтэн байгаль хамгаалагч Баасанбатыг морь мотоциклтой эргүүл хийлгэж ажиллуулсан... ойн сангийн зарим хэсэглэл буюу 45 га газарт 28 шоо метр мод хууль бусаар бэлтгэгдсэн нь, мөн ойн сангийн 200 орчим га газар нь ой хээрийн түймэрт өртсөн зэрэг нь ойн сангийн доройтолд орох биш, зөвхөн ойн сангийн нөөцийн хэмжээнд бага хэмжээгээр өөрчлөлт орох зүйл гэж дүгнэж байна... дээрх ойн сан бүхий газар доройтолд ороогүй гэж дүгнэж байна гэх дүгнэлт . 

“Хүдэр Амжаа” ХХК нь анх үүсгэн байгуулагдсанаас хойш гурван удаа захирал солигдсон, хоёр удаа үүсгэн байгуулагчийн тоо өөрчлөгдсөн зэргийг гэрээгээр эзэмшиж байгаа ойн сангаа бусдад удаа дараа шилжүүлсэн, худалдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Хүдэр сумын ИТХ-н 2009 оны 07 дугаартай тогтоолоор уг ойн санг иргэнд биш аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн байх бөгөөд Компаний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д... “компанийг нэгтгэхээс бусад хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд шинээр бий болж байгаа компанийг улсын бүртгэлд бүртгэснээр компани өөрчлөн байгуулагдсанд тооцно” гэж заасан нь “Хүдэр Амжаа” ХХК-ийг өөрчлөн байгуулах өөрөөр хэлбэл нийлүүлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх  замаар ямар нэгэн үйлдэл хийгдээгүй үед тухайн компани хэвээр байх ойлголт бөгөөд энэ нь “Хүдэр Амжаа” ХХК өөрчлөгдөөгүй учир ойн сангаа бусдад  шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Хавтаст хэргийн 59-76 дугаар хуудсанд “Хүдэр Амжаа” ХХК-ний ойн санд байгаль хамгаалах чиглэлээр 2015 оны 08, 09 сард хийх ажлын төлөвлөгөө, “Хүдэр Амжаа” ХХК-ний идэвхтэн байгаль хамгаалагч Ж.Баасанбатын 2015 оны 05  дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ний хооронд тус ойн санд эргүүл хамгаалалтын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, хулгайн модыг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоож,  баримтжуулсан талаарх фото зураг 50 ширхэг, тус компаниас хууль бус мод бэлтгэх явдлыг таслан зогсоох зорилгоор Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан тухай зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Дээр дурьдагдсан Сэлэнгэ аймгийн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүд,  мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн үнэлгээ, гэрч нарын мэдүүлэг хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар “Хүдэр Амжаа” ХХК нь хариуцсан ойн сангаа хамгаалах талаар хангалтгүй ажилладагаас хууль бусаар мод бэлтгэх явдал их хэмжээгээр гарч ойн сан нь доройтсон, нөөц нь багассан, ойн сангаа бусдад шилжүүлсэн худалдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн зүгээс 2016 оны 147 дугаар тогтоолын үндэслэлийн талаар нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргаагүй бөгөөд Хүдэр сумын тарвагатай 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай “Ойн санг цуцлах тухай” саналыг үндэслэсэн гэх боловч уг саналын үндэслэл болох... “Хүдэр Амжаа” ХХК нь ойн сангаа удаа дараа дамжуулан шилжүүлсэн... гэх үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй бөгөөд “Хүдэр Амжаа” ХХК-ний захирал өөрчлөгдсөн нь тухайн ойн санг цуцлах үндэслэл болохгүй юм.

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч “Хүдэр Амжаа” ХХК нь Ойн сан эзэмших гэрээ байгуулж ажиллаагүй тухай тайлбар гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хүдэр Амжаа” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хүдэр сумын Засаг даргатай аж ахуйн нэгжүүдийн байгуулсан гэрээнд үзлэг хийхэд тус суманд 8 аж ахуйн нэгж ойн санг гэрээгээр эзэмшдэг судалгаа гарсан бөгөөд 2015 онд 6 аж ахуйн нэгж гэрээ байгуулж ажилласан /“Хүдэр Амжаа” ХХК-ний хувьд 2015 онд мод хуваарилаагүй тул гэрээ хийгээгүй гэх гэрч Г.Тайванбаатарын мэдүүлэг/ байх бөгөөд 2013, 2014 онд нэг ч аж ахуйн нэгж гэрээ байгуулж ажиллаагүй болох нь үзлэгийн явцад тогтоогджээ.

Үүнээс дүгнэхэд Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6-д заасны дагуу Хүдэр сумын Засаг дарга аж ахуйн нэгжүүдтэй ойн сангийн тодорхой хэсгийг болзол хугацаатайгаар эзэмших гэрээ байгуулж, хяналт тавих үүрэгтэй боловч 2015 он хүртэл гэрээ байгуулаагүй, түүнд нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж хяналт тавьдаггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч “Хүдэр Амжаа” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2, 21 дүгээр зүйлийн 21.11.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Хүдэр амжаа” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаартай “Аж ахуйн нэгжийн ойн санг цуцлах тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хариуцагч Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч “Хүдэр амжаа” ХХК-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гарлдан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОДБААТАР

     ШҮҮГЧ                                                   Ц.БАЙГАЛМАА

     ШҮҮГЧ                                                   Ж.БУРМАА