| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2017/0629/З |
| Дугаар | 221/МА2017/0851 |
| Огноо | 2017-12-05 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2017/0851
“Т м” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, Р.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0765 дугаар шийдвэртэй, “Т м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0765 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн 47.2.1, 47.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэр хууль бус байсан болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад зааснаар Үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар тендерээс татгалзах болон гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн 47.2.2-т тендерийг хянаж үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх гэж заасан байдаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/70 дугаар тушаалаар Х.1.3.2 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавилга худалдан авах” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо байгуулагдсан бөгөөд “Т м” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянан үзсэн бөгөөд энэхүү хянан үзсэн баримтыг анхан шатны шүүх буруу үнэлж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, тендерт оролцогч “Т м” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хуулийн 27 дугаар зүйлд заасан баримт бичгийн шаардлага хангаагүй, хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн. Үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл, дүгнэлтэд тендерт оролцогч “Т м” ХХК нь шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн буюу хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж заасны дагуу үнэлгээ хийсэн.
Нэхэмжлэгч “Т м” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа маргаан бүхий захиргааны акт хэрэгжсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Үнэлгээний хорооны дүгнэлт 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл дүгнэлтийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн бөгөөд захиалагч тендерт шалгарсан компанитай 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Гэрээ байгуулах үед маргаан бүхий захиргааны актын хэрэгжилтийг зогсоох, түр түдгэлзүүлэх захирамж, шийдвэр эрх бүхий байгууллагаас гаргаагүй байсан болно.
Иймд Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам тендерт шалгарсан “Д” ХХК-тай гэрээ байгуулан 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тендерийн баримт бичигт заасан тавилгыг хүлээн авсан байдаг.
Нэхэмжлэгч шүүхэд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт тавьсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2-т заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хэлэлцэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгон 128/ШЗ2017/6050 дугаар захирамж гаргасан. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт хэрэгжсэн нь буруу байна, нэхэмжлэлийн шаардлагын дагуу үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг баримтлаагүй гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0765 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/70 дугаар тушаалаар Х.1.3.2 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавилга худалдан авах” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороог байгуулсан бөгөөд уг тендерт “Сухайт хайрхан” ХХК, “Конфорт импекс” ХХК, “Хар тэнгэр” ХХК, “Т м” ХХК, “Менд амор” ХХК, “ТСАА” ХХК, “Хашхан” ХХК, “Хасу энержи интернэйшнл” ХХК, “Анун” ХХК, “Д” ХХК-иуд тендерийн баримт бичигт заасны дагуу материалаа ирүүлснийг хариуцагч хянаад “Д” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзжээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг “Д” ХХК-д А-1/1671 дугаар албан бичгээр, нэхэмжлэгч “Т м” ХХК-д А-1/1665 дугаар албан бичгээр тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй мөн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул тендерийн шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.
Уг мэдэгдлийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ““Т м” ХХК нь нийлүүлэхээр санал болгож байгаа тавилгуудын үйлдвэрлэгчийн каталогийг ирүүлээгүй, гадаадын үйлдвэрлэгчийн Олон Улсын чанарын шаардлага /ISO 9001/, тавилга болон хүүхдийн ширээ сандал нь MNS6582:2016 стандартыг тус тус хангасан эсэхийг нотолсон гэрчилгээний хуулбарыг ирүүлээгүй байх тул ...татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Мөн захиалагчийн хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үнэлсэн “Д” ХХК нь гадаадын үйлдвэрлэгчийн Олон Улсын чанарын шаардлага /ISO 9001/, тавилга болон хүүхдийн ширээ сандал нь MNS6582:2016 стандартыг тус тус хангасан эсэхийг нотолсон гэрчилгээний хуулбарыг ирүүлээгүй байх тул тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1 /ё/-т заасныг хангаагүй байна. Иймд дээрх зөрчлийг арилгаж уг тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй” гэж дахин тендерийн үнэлгээ явуулах талаар 61/4504 дүгээр албан бичгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсний дагуу 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дахин үнэлгээ хийж “Д” ХХК-ийг шалгаруулжээ.
1. “Т м” ХХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан “...тус үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэр, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай тендерээс татгалзах, гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай тендерээс татгалзах, гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтүүд нь Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн асуудлыг мэдэгдэхээр гаргасан, бие даан захирамжилсан шинжийг агуулаагүй буюу захиргааны актын шинжийг агуулахгүй байна” гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Хариуцагч Үнэлгээний хороо 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар хурлаар “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавилга худалдан авах” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг Сангийн яамнаас ирсэн гомдлын дагуу дахин үнэлээд “Д” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэн гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгохоор шийдвэрлэснийг баталгаажуулан 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Тендерээс татгалзах болон Гэрээ байгуулах эрх олгох тухай 02 дугаартай үнэлгээний хорооны дүгнэлтийг гаргасан бөгөөд уг Тендерээс татгалзах болон Гэрээ байгуулах эрх олгох тухай 02 дугаартай дүгнэлтүүд нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр байх тул захиргааны акт мөн юм.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасны дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй талаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн байна.
2. Анхан шатны шүүх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.2-т заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, “Т м” ХХК-иас ирүүлсэн тендерийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзсан нь хууль бус байна гэж үзэж Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэр хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “Захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ашиг сонирхол байгаа гэдгийг “тендер шударга явагддаг байгаасай, эхний 6 сард болсон шалгаруулалтаар манайх шалгарах байсан нөгөө талаас хариуцагч байгууллагын гуравдагч этгээдийг шалгаруулсан шийдвэр нь хууль бус гэдэг нь тогтоогдсон тохиолдолд иргэний хэргийн шүүхээр хохирлоо нэхэмжлэх боломжтой болох юм” гэж тайлбарлан маргасан байна.
Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1 ё-д “...нийлүүлэхээр санал болгож буй барааны фото зураг, үйлдвэрлэгчийн каталоги ирүүлэх...” гэж заасан ба анхан шатны шүүх “...нийлүүлэх гэж буй бараа материалын каталоги биш үйлдвэрлэгчийн каталогийг шаардсан...” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж, дан ганц энэхүү үндэслэл зааж, Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэр хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзлээ.
Энэ нь тендерийн баримт бичгээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавилга болон хүүхдийн ширээ сандал нийлүүлэх үйлдвэрлэгчийн санал болгож буй буюу үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний зураг, каталогийг шаардаж байгаа гэж ойлгох бөгөөд каталоги нь тухайн нийлүүлэх тавилгын дэлгэрэнгүй үзүүлэлт, өнгө, загвар хэмжээ, чанар зэргийг агуулсан мэдээлэл бүхий баримт байхыг шаардсан ойлголт бөгөөд өөрийн дагнан үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний каталогийг ирүүлсэн гэх “Т м” ХХК-ийн үйлдвэрлэдэг буйдан, гэр ахуйн тавилгын каталоги шаардаагүй байна.
“Т м” ХХК-иас ирүүлсэн гэх каталоги нь нийлүүлэхээр санал болгож буй барааны каталоги гэж үзэхээргүй бөгөөд энэ нь Сангийн яамны 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 61/4504 дүгээр албан бичиг, хэрэгт нотлох баримтаар авагдсан “Т м” ХХК-ийн каталоги зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа болно.
Харин “Д” ХХК нь Сангийн яамны дээрх албан бичигт “Олон Улсын чанарын шаардлага /ISO 9001/, тавилга болон хүүхдийн ширээ сандал нь MNS6582:2016 стандартыг тус тус хангасан эсэхийг нотолсон гэрчилгээний хуулбарыг ирүүлээгүй” гэж дурдсан зөрчлийг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Үнэлгээний хороо дахин хуралдахаас өмнө буюу “Д” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 17/361 дүгээр албан бичгийг хүргүүлэхдээ хавсарган өгсөн байх тул “Д” ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй юм.
Мөн тендер шалгаруулалтад оролцсон 10 аж ахуй нэгжийн ирүүлсэн үнийн саналаас дотоодын давуу эрхийн зөрүү тооцуулах хүсэлттэй “Д” ХХК, “Хар тэнгэр” ХХК, “Т м” ХХК, “Хасу энержи интернэйшнл” ХХК, “Анун” ХХК-иудын үнийн саналыг жагсаахад гуравдагч этгээд хамгийн бага үнийн санал ирүүлсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу хариуцагч хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Д” ХХК-ийг шалгаруулсан нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан зарчмыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.4-т заасны дагуу “Т м” ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзэх боломжгүй тул хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хороо “Т м” ХХК-ийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Т м” ХХК-ийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэр, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар тендерээс татгалзах болон гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА