Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 354

 

“М и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         П.Соёл-Эрдэнэ

                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “М и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0285 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0369 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: төлөөлөгч Х.Б, өмгөөлөгч Г.Б,

Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, С.Э нар,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, өмгөөлөгч Г.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0285 дугаар шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5, 14 дүгээр зүйлийн 14.4, 35 дугаар зүйлийн 35.1.3, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасныг баримтлан “М и” ХХК-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтын 10 дахь заалт буюу “М и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0369 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол

3. Анхан шатны шүүхийн шүүгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлдээ хариуцагчийн 3 жилээс дээш хугацаагаар газрын хэвлийг ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай тусгай зөвшөөрөл ашиглах эрхийг дуусгавар болгосныг буруу гэж үзсэн боловч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын яамны Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1/1541 тоот албан бичиг, тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцлыг харуулсан орчны зураг, мөн хавтаст хэргийн 115-119 дэх хуудсанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хавсаргажээ. Уг шүүхэд нэр бүхий 10 компани нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шийдвэрлэсэн бөгөөд манай компани нь энэ маргаанд оролцоогүй, хамааралгүй байхад өөр бусад компаниудын 50 дугаар тогтоолтой холбоотой хэргийг манай компанийн хэргийн хавтаст хэрэгт оруулж, нотлох баримт болгож үндэслэж байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд хууль зөрчиж шийдвэр гаргасан нь алдаа болсон гэж үзэж байна. Шүүгч нь шийдвэр гаргахдаа хууль хэрэглэх ёстой байтал нотлох баримтын шаардлага хангахгүй материал дээр үндэслэн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас Газрын хэвлийн тухай хуульд заасны дагуу газрын хэвлийг ашигласан тухай баримтаа бүрдүүлж анхан шатны шүүх дээр нотолсон байтал 3 жил газрын хэвлийг ашиглаагүй, газар дээрээ тоног төхөөрөмж огт байхгүй байна гэж дүгнэсэн нь хавтаст хэрэг дэх материалыг үзэж, шинжилгээ хийлгүйгээр буруу дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. Мөн нотлох баримтын шаардлага хангахгүй нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын яамны, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын албан бичиг, хавсралт зураг гэх мэт материалыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

5. Усны хамгаалалтын бүсэд орсон эсэх тухай дүгнэлтийг Байгаль орчны яам болон Туул голын сав газрын захиргаанаас гаргадаг. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол

6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн гол дүгнэх хэсэгт хууль зүйн буруу үнэлэлт өгч, шүүх нэхэмжлэгчийг “...3 жилийн хугацаанд
хөрөнгө оруулалт оруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож
байна...” гэснийг үгүйсгэсэн тайлбарийг давж заалдах шатны шүүх гаргахдаа Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсгийг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсгийг хэрэглэн няцааж тайлбарласан. Энэ нь давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” байгааг харуулж байна. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч тухайн газарт хөрөнгө оруулсан баримтыг үнэлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг зөрчсөн. Шүүх маргааны зүйлээр илт зөрүүтэй дүгнэлт гаргасан нь шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлийг бүрдүүлж байгааг харуулж байгаа. Хөрөнгө оруулалтийн үр дүнд үйл ажиллагаа эхлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байсан хүсэлтүүд байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.

7. “Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжийн “М и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хууль ёсны эрх сэргээгдэхгүй, усан сан бүхий хамгаалалтийн энгийн бүсэд хамрагдсан нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор тогтоогдож байна” хэмээн шүүх магадлалынхаа үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2 дахь хэсгийг зөрчсөн. Нэхэмжлэгчийн талбай энгийн хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлийн талаарх хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх үнэлэхдээ хавтаст хэргийн 104-109 дэх хуудсанд байх хяналтын хуудсыг үнэлсэн. Гэтэл энэхүү шалгалтын танилцуулга, дүгнэлтэд нэхэмжлэгчийн талбай хамрагдаагүй байгааг анхаарч үзээгүй. Шүүх мөн хавтаст хэргийн 109 дэх талд авагдсан өөр компаний тусгай зөвшөөрлийн талбайн зургийг усан сан бүхий бүсэд орсон компаний эзэмшлийн зураг хэмээн эндүүрсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсгийг зөрчсөн.

8. Хавтаст хэргийн 112 дахь талд байх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн энгийн хамгаалалтын бүсэд хамрагдсан аж ахуй нэгжүүдийн нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч тал байхгүй байгааг шүүх анхаарч үзээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг зөрчсөн.

9. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2.2 дахь хэсгийг зөрчин хэрэгт авагдсан боловч шүүх хуралдаанаар хэлэлцэж, мэтгэлцээгүй баримтууд болох усан сан бүхий энгийн хамгаалалттай бүсэд маргааны зүйл хамаарч байгаа эсэх талаар хэлэлцээгүй, маргалдаагүй байхад шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгч тал хэлэлцэгдээгүй зүйлийн талаар шүүх шийдвэрээ гаргах гэж байгааг мэдсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заагдсан эрх үүргийг хэрэгжүүлж, нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох байсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн хуульд заагдсан энэхүү эрхээ эдлэх боломжоор хангаагүй.

10. Хавтаст хэргийн 113 дугаар хуудсанд байх 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны гарын үсэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, цаг хугацааны хувьд зөрүүтэй баримтыг шүүх үнэлж тусгай  зөвшөөрлийн талбай нь усан сан бүхий энгийн хамгаалалттай бүсэд хамаарсан гэж үзсэн. Энэ нь шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 38 дугаар зүйлийн 38.5, 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсгийг зөрчихөд хүргэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжтай маргаж байхад 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гарсан баримтыг үнэлсэн байна.

11. Маргаан бүхий талбайг энгийн хамгаалалттай бүсэд хамрагдсан байна гэдгийг шүүх хоёр баримтаар тогтоосон гэж хянах хэсэгтээ үндэслэсэн. Хавтаст хэргийн 112 дахь талд авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1541 дүгээр албан бичгээр гэсэн нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын актаас цаг хугацааны хувьд зөрүүтэй, хойно гарсан байгаа нь нотлох баримтыг үнэлэх боломжгүй байгааг харуулж байна. Мөн тухайн баримтад нэхэмжлэгч талын  нэр ороогүй байгааг шүүх анхаарч үзээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2 дахь хэсэг хангагдсан байгааг харуулж байна. Хоёр дах үндэслэлдээ “...тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцлыг харуулсан орчны зургаар тогтоогдож байх бөгөөд ... ийм үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээв...” гэж магадлалд дурдсан нь шүүх нотлох баримтыг үнэлэх, дүгнэх чадвараа алдсан байгааг харуулж байна. Энэ нь гомдлын 5 дахь хэсэгт дурдсан баримтыг хэлж байна. Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 113 дахь талд авагдсан гарын үсэг, тамга тэмдэггүй 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн орчны зургийг үндэслэсэн байгаа нь магадлал хүчингүй болох үндэслэлтэй байгааг харуулж байна.

12. Шүүх маргаан бүхий захиргааны актад дурдагдаагүй үндэслэлийг бий болгосон. Өөрөөр хэлбэл уг актад нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа баримталсан үндэслэл нь няцаагдаж байхад өөр үндэслэл бий болгон нэхэмжлэгчийг өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломжоор хангалгүй, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас өөрийгөө хамгаалах Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх боломжийг хязгаарласан байдлаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.7, 123 дугаар зүйлийн 123.2.2 дахь хэсэгт заагдсан хэсгийг ноцтойгоор зөрчсөн байна. Энэ нь аливаа маргаанд захиргааны байгууллагын үргэлж давуутай оролцдог оролцооноос иргэд, аж ахуйн нэгжийг хамгаалах үндсэн зорилгоосоо хазайсан байгааг нотолж байна.

13. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

15. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтаас гадна Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг үндэслэсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхнаасаа “нэхэмжлэгч нь газрын хэвлийг 3 жил ашиглаагүйгээс гадна түүний тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолоор тогтоосон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай” гэсэн утгатай тайлбар, холбогдох нотлох баримтыг гаргаж мэтгэлцсэн /1 дэх хавтаст хэргийн 192-196 дахь тал/ байхад шүүх “хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрхийг эдлүүлэх боломжоор хангаагүй, маргаан бүхий актад дурдагдаагүй үндэслэлийг бий болгосон” гэх утгатай /Тодорхойлох хэсгийн 9, 12/ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “шүүх нотлох зарчим” нь захиргааны процессын эрх зүйн тусгай зарчим /бусад процессын эрх зүйгээс ялгарах/ бөгөөд түүний агуулга нь шүүх захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай гэж үзвэл /хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулахын тулд/ өөрөө нотлох баримт цуглуулах буюу хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтаар хязгаарлагдахгүй байх агуулгыг илэрхийлдэг. Иймээс анхан шатны шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий актын эрх зүйн үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолтой холбоотой нэр бүхий 10 компанийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, түүнчлэн Барилга, хот байгуулалтын яамны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан бичиг, тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцлыг харуулсан орчны зураг зэргийг хавтаст хэрэгт цуглуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзэхгүй, мөн хариуцагчийн зүгээс гаргасан нотлох баримтууд нь бүгд “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажсан байх тул “шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй баримтыг үнэлсэн” гэх агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 7, 8, 10, 11-д заасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. Түүнчлэн, хяналтын гомдолд заасан “хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй” гэх баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байгааг /тухайлбал, 1 дэх хавтаст хэргийн 192-196 дахь тал/ дурдах нь зүйтэй.

17. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн “нэхэмжлэгч нь бодит байдал дээр ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэхээргүй байна” гэж дүгнэснийг үгүйсгэх боломжгүй, иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4, 6-д заасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

18. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0285 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0369 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ