Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 294

 

С.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 283 дугаар магадлалтай, С.М-д холбогдох 1808001580124 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.А-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 256 дугаар магадлалаар 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Н овогт С-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох” гэмт хэрэгт холбогджээ. 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 7 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхгүйгээр хийж, тэдний хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, хязгаарласан гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.А гаргасан гомдолдоо “Миний бие шүүгдэгч С.М-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй нь миний эрхийг зөрчөөгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол саналгүй болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлосон. Хохирогч Б.А-аас бусад хохирогч нарын өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хохирогч нарын зүгээс эрх ашиг нь зөрчигдсөн талаар гомдол гаргаагүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгч С.М нь залилах гэмт хэрэг үйлдэх үед багшаар ажиллаж байсан, тодорхой хэмжээний орлоготой байсан тул залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхгүй гэж үзэж байна. Иймээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Б.А-ийн гаргасан гомдлыг үндэслэн С.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.М-г 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нэр бүхий 10 иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь залилсны улмаас 52,575,000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ял шийтгэсэн байна.

С.М-гийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас багаар тогтоож хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь тэдний хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ.

Хэдийгээр магадлалд дурдсан зөрчлийг анхан шатны шүүх гаргасан боловч энэхүү зөрчил нь шүүхээс гарах шийдвэрт хэрхэн сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болзошгүй талаар давж заалдах шатны шүүх огт дүгнээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн тухайд шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн, хянагдаж буй хэргийн тухайд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай бол ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд шууд заасан зөрчлүүд мөн хамаарахаар хуульчилсан. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан дээрхээс бусад зөрчил хэргийн талаар гаргасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шууд үндэслэл болохгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогч Б.А-аас бусад хохирогч нарын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан өмгөөлөгч О.Б нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож давж заалдах шатны шүүх хуралдааныг биечлэн оролцох хүсэлт гаргасан хохирогч, өмгөөлөгч нарыг оролцуулан дахин явуулж хэргийг хэлэлцэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааг зөрчиж шүүх хуралдаан явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхэд бүрэн дүүрэн дүгнэлт хийх, хэргийн бусад нөхцөл байдал болон давж заалдах журмаар гаргасан гомдлуудад дүгнэлт хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох тухай хохирогчийн гомдлыг хүлээн авч, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 283 дугаар магадлалыг хүчингүй болгож, С.М-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч С.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ        

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН