Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/194

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Б.Нямханд

хохирогч *******-

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, холбогдох 1805002320075 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

*******- 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” хорооллын орчимд *******-ийг үл ялих зүйлээр шалтаглан  зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид хохиролын 310.000 төгрөг төлсөн гэв.

 

Хохирогч *******- шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хархорин худалдааны төвөөс баруунаас зүүн чиглэлтэй явж байсан. Араас нэг машин сигналдад гэрлээрээ дохиод байсан. Би утасаа харж байсан тул ногоон гэрэл ассан байсан гэдгийг анзаараагүй байж байгаад хөдөлсөн. *******- араас машинаараа ирээд шахаж зогсоосон. Тэгээд бид хоёр маргалдаад намайг заамдаж авсан. Тэгээд би зугатаагаад Эрэн хороололд очиход намайг араас дагаж ирээд  зодсон. Дараа нь намайг зодсоны дараагаар дахин дагаж яваад миний машины хаалганы бариулаас татаад өөр хүнд хэлэх юм бол яахыг мэдэж байгаа биз гээд байсан. Би үүнд нь гомдолтой байна. Одоо 600.000 төгрөг нэхэмжилж байгаа. 90.000 төгрөгийн баримт байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч *******- мөрдөн байцаалтанд” 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой 21 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн 99-80 УБВ улсын дугаартай хар өнгийн приус 20 маркийн автомашинтайгаа Хар хорин хороолол орох гээд баруунаас зүүн зүгт явж байгаад Хар хорин худалдааны төвийн арын замын явган хүний гарц  дээр байх гэрлэн дохионы улаан гэрэл асахаар нь зогссон юм. Тэгтэл миний машины ард явсан 60-63 УНЗ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн автомашинтай хүн машиныхаа гэрлээр дохиод сигналдаад байсан. Тэгээд би ногоон гэрэл асахаар нь хөдлөөд Хар хорин хорооллын туслах замаар баруун эргээд ортол нөгөө миний араас гэрлээрээ дохиод сигналдаад байсан машин миний машины урд талаар шахаж орж ирж зогсоод жолооч нь бууж ирээд чи улаан гэрлээр хүн байхгүй байхад явах ёстой биз дээ гэхээр нь би улаан гэрлээр зогсох ёстой юм байгаа биз дээ гээд хэрэлдсэн чинь нөгөө жолооч залуу чи муу ямар овоо амьсгаа вэ гээд миний хаалгыг татаж онгойлгоод миний цамцны захнаас татаж чирч буулгаад энгэрээс доош нь угзарч татаад намайг газар хоёр өвдгөөр минь сөхрүүлээд буцаж дээш нь татаж босгоод хөлөөрөө дэгээдээд биеийн баруун талаар газар харсан шилэн дээр унагааж байгаад дээрээс миний толгой ар дагз хэсэг рүү нэг удаа дух руу нэг удаа гараараа цохиод авахаар нь би дээшээ боссон чинь нөгөө залуу намайг дахиад хөлөөрөө дэгээдээд газар ар дагзаар минь савуулж унагаасан юм”  /хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 863 дугаартай “*******-ий биед тархи доргилт, зүүн сарвуунд шарх, дагзны хуйх, зүүн мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 20/ гэсэн дүгнэлт,

 

Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд ”2017 оны 12 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед залуус хороололд хүргэлт хийчихээд буцаад ажил руугаа явж байхад Хар хорин худалдааны төвийн арын явган хүний гарц дээр байдаг гэрлэн дохион дээр хохирогч Билгүүн нь миний машины урдуур Приус 20 машинтайгаа хоёрдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээ рүү баруун дарж шахаж орж ирээд гэрлэн дохионы улаан гэрэл асахад нь урд зогссон юм. Тэгээд ногоон гэрэл ассан боловч хохирогч Билгүүн нь явахгүй зогсоод байхаар нь би хажуугаар нь машинтайгаа гараад урд нь очиж зогсоод машинаас буун Билгүүн дээр очоод ногоон гэрэл асчихаад байхад явсангүй гээд хэрүүл болсон. Тэгсэн чинь Билгүүн машинаасаа бууж ирээд миний ам руу гараараа нэг удаа цохиод авахаар нь би биеэ хамгаалах зорилгоор зөрүүлж Билгүүнийг барьж аваад нүүрэн тус газар нь 1-2 удаа гараараа цохисон чинь Билгүүн машинаасаа хайч гаргаж ирээд над руу дайрахад нь Билгүүнийг барьж аваад газар унагаагаад толгойн ар хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон юм. Гэрлэн дохион дээр явсангүй гэдгээс болж хэрүүл маргаан болоод Билгүүн нь намайг түрүүлээд цохихоор нь би зодож цохисон юм” /хх-ийн 32/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 999 дугаартай” *******-ын биед  зүүн хөмсөгт зулгаралт, уруулд өнгөц шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /хх-ийн 33/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 34/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 35/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 36/, зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******- нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” хорооллын орчимд *******-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь:

хохирогч *******-ий”...намайг газар хоёр өвдгөөр минь сөхрүүлээд буцаж дээш нь татаж босгоод хөлөөрөө дэгээдээд биеийн баруун талаар газар харсан шилэн дээр унагааж байгаад дээрээс миний толгой ар дагз хэсэг рүү нэг удаа дух руу нэг удаа гараараа цохиод авхаар нь би дээшээ боссон чинь нөгөө залуу намайг дахиад хөлөөрөө дэгээдээд газар ар дагзаар минь савуулж унагаасан...”  /хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг болон  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 863 дугаартай дүгнэлт/хх-ийн 20/, хохирогчоос гаргаж өгсөн хохиролын баримт /хх-ийн 4, 21/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн баримтуудаар мөрдөн байцаалтанд яллагдагчаар *******-ын “...Билгүүнийг барьж аваад нүүрэн тус газар нь 1-2 удаа гараараа цохисон чинь Билгүүн машинаасаа хайч гаргаж ирээд над руу дайрахад нь Билгүүнийг барьж аваад газар унагаагаад толгойн ар хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон юм...” /хх-ийн 32/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Прокуророос *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч *******- гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг  харгалзан  торгуулийн ял оногдуулах боломжтой гэж шүүх  дүгнэлээ.

Хавтаст хэрэгт хохиролтой холбогдох баримт авагдаагүй байх бөгөөд шүүгдэгч *******- хохирогч *******-д 310.000 төгрөгийн хохирол төлсөн байна. 

 

Иймд энэ тогтоолоор *******-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, харин  хохирогч *******- нь цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс хохиролоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч *******- цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *******- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн буюу нэг сард 250.000 төгрөг төлөхөөр тооцож 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн  дотор 500.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. *******-  цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

  1. Хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.ъ

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ