Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 60

 

Х- Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00180/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, О.Н-гэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  04 дүгээр сарын 14-ний өдрийн 453 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х- Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.С-,

                  Б.А- нарт холбогдох

"Зээлийн гэрээний үүрэгт нийт 103.425.640,09 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

            2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-, Ж.А-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.С-, Б.А- нар нь Х- Б-ны Дархан салбарын Бизнес зээлийн төвөөс 2018 оны 07 сарын 31-ний өдөр ЗГ/20184373188 тоот Зээлийн гэрээ байгуулж 100.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, хувьсах хүүтэй амины сууц барих зээлийн зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг, Н-толгой 3 гудамж, 9 тоот хаягт байршилтай 268 м.кв талбайтай амины орон сууц, 1,552 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, ирээдүйд орж ирэх цалин болон бизнесийн орлогыг тус тус барьцаалсан байна.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлээс 5.061.068,52 төгрөг, хүүгийн төлбөрт 21.775.907,56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 28.822,51 төгрөг, нийт 26.865.798,59 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэл хүргүүлж шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөлгүй 173 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасныг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг төлүүлэхээр шүүхэд ийнхүү хандаж байна.

Иймээс банк зээлийн гэрээнд заасны дагуу 2020 оны 01 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон шүүхэд дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

2018 оны 07 сарын 31-ний өдрийн ЗГ/20184373188 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2020 оны 01 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 94,938,931.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8.381.331,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 87.577,39 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 17.800 төгрөг, нийт 103.425.640,09 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нь мөнгөн дүнгээр, сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг, Н-толгой 3 гудамж, 9 тоот хаягт байршилтай 268 м.кв талбайтай амины орон сууц, 1,552 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамт худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Х- Б-тай зээлийн гэрээ байгуулж 100.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийг хуваарийн дагуу төлж байсан боловч фэйсбүүк залиланд өртөж 250.000.000 орчим төгрөг залилуулсан учир банкны зээлийг төлж чадаагүй.

Х- Б-ны нэхэмжилсэн 103.425.640,09 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна.

Авсан зээлээрээ амины орон сууцаа барьсан боловч дуусаагүй, 70%-ийн гүйцэтгэлтэй байгаа. н.Г- гэдэг хүнээс зээл аваад амины орон сууцаа өмчлөлд нь шилжүүлчихсэн байгаа. 40.000.000 төгрөгийг өгвөл буцаагаад шилжүүлж болно гэдэг.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд барьцаа хөрөнгийн зарим хэсгийг нь чөлөөлүүлэх, өөр хөрөнгөөр солих саналтай байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Н.С-тэй Х.М- миний бие болон манай нөхөр найз нөхдийн холбоотой байсан бөгөөд 2018 оны 07 сард Н.С- нь хувийн орон сууц барих гэсэн юм. Банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгөгүй болчхоод байна чи өөрийн хашаа байшин газрынхаа өмчлөх эрхийн гэрчилгээг 3 сарын хугацаатай Х- Б-ны барьцаанд тавиулаач. Нөхөр бид хоёр орон сууцаа барьчхаад чиний барьцаа хөрөнгийг өөрсдийн барьсан орон сууц газраар сольж тавиад чиний хөрөнгийг чөлөөлөөд өгнө. Энэ тухай Х- Б-инд мэдэгдсэн чи санаа зоволтгүй тусалчих гээд өдөр шөнөгүй гуйгаад байхаар нь Х.М- миний бие тэдэнд туслах зорилгоор 2018 оны 07 сарын 31-ний өдөр Н.С-д итгэмжлэл хийж өгч өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003008164 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг, Н-толгойн 3-р гудамжны 9 тоотод байршилтай 268.0 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 1,552.0 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт Х- Б-ны барьцаанд тавиулахыг зөвшөөрсөн юм.

Н.С- нь уг итгэмжлэлийн дагуу Х- Б-наас 2018 оны 07 сарын 31-ний өдөр 100.000.000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд Х.М- надтай 2018 оны 07 сарын 30-ны өдөр бичгийн хэлцэл хийж Н.С- миний бие нь Х.М-ийн үл хөдлөх хөрөнгө болох амины орон сууц, өмчлөх эрхтэй газрын хамт 2018 оны 07 сарын 30-нд Х- Б-ны барьцаанд тавьж 2018 оны 11 сарын 01-нд буцаан өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгууллаа гэсэн утгатай тохиролцоо хийсэн юм.

Н.С- нь уг зээлийг аваад өөрийн нэр дээр 20 жилийн эзэмших эрхтэй 482.0 м.кв талбайтай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 23-р хороолол, 1-р хэсгийн 10 тоотод хувийн орон сууц барьсан бөгөөд уг барилга нь 50 хувийн гүйцэтгэлтэй баригдсан болно. Н.С- нь банкнаас авсан зээлийг орон сууц барихад бүрэн зарцуулаагүй бөгөөд өөрөө олон хүнээс мөнгө зээлсэн өрөндөө өгсөн нь тодорхой болсон юм. Х.М- миний бие Н.С-эг орон сууцаа хурдан барьж миний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхийг байнга шаардаж байсан боловч Н.С- нь худлаа ярьж явсаар 2019 оны 12 сар болгосон юм.

Гэтэл Н.С- нь зээлийн хөрөнгөөр барьсан барилгаа Х- Б-ны барьцаанд тавьж миний хөрөнгийг чөлөөлж өгөх байтал надад хэлэлгүй Л.Г- гэдэг этгээдийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийж өмчлөх эрхээ шилжүүлэн Л.Г-гаас 33.000.000 төгрөг зээлж авсныг миний бие сүүлд мэдсэн болно. Н.С- нь Х- Б-наас авсан зээлээ 2019 оны 05 сар хүртэл төлөөд түүнээс хойш төлөлгүй байсаар банк шүүхэд хандсан байна.

Х.М- миний бие өчнөөн жил хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөөрөө барьсан толгой хоргодох орон байраа зальтай этгээдийн хоол болгох хүсэлгүй байгаа бөгөөд миний эрх ашиг зөрчигдөж байна гэжээ.гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 453 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар хариуцагч Н.С-, Б.А- нараас нийт 103.425.640,09 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х- Б- ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.С-, Б.А- нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Х.М-ийн өмчлөлд бүртгэлтэй, Дархан сум, 8-р баг, Н-толгой 3 гудамж, 9 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2003008164 дугаарт бүртгэлтэй, 268.0 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 4506501423 дугаартай, эрхийн бүртгэлийн Г-2003001373 дугаарт бүртгэлтэй, 1,552 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 745.278 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.С-, Б.А- нараас улсын тэмдэгтийн хураамжид 745.278 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х- Б- ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Х.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э- миний бие тус шүүхэд хандаж дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх тус хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон этгээд болох Х.М-ийн тус шүүхэд гаргасан хүсэлтүүдийг хангалгүй хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа дараах үндэслэлүүд байна.

Энэ хэргийн хариуцагч Н.С- нь Х.М-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний газрыг Х- Б-анд 100 сая төгрөгийн барьцаанд тавихдаа уг зээлсэн 100 сая төгрөгөөр 3 сарын хугацаанд амины орон сууц барьж уг барьсан амины орон сууцаа Х- Б-ны барьцаанд тавьж Х.М-ийн үл хөдлөх эд хөрөнгийг Х- Б-ны барьцаанаас чөлөөлж өгнө гэсэн хэлцлийг Х.М-тэй хийж 100 сая төгрөгийг банкнаас авсан байна. Н.С-, Б.А- нар нь Х- Б-наас зээлсэн хөрөнгөөр амины орон сууц барьж уг барилга нь 50 хувийн гүйцэтгэлтэй байхад нь барьцаалуулагч Х.М-т мэдэгдэлгүй барьсан барилгаа Л.Г- гэдэг этгээдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж 33 сая төгрөг зээлсэн байдаг. Х.М- нь Н.С-ийн энэхүү хууль бус үйлдлээс болж өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг банканд алдах эрсдэлд орсон тул шүүхэд хандаж:  

“...Н.С-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2003021630 дугаарт бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт байгаа бүх баримтыг Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулах,

Х.М-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Х- Б- барьцаанд авахдаа бодит үнээс нь хэт өндөр үнэлж авсан гэж үзэж байгаа тул Х.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- 2003008164 дугаарт бүртгэлтэй амины орон сууц, Г-2003001373 дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхтэй газрыг үл хөдлөх эд хөрөнгө үнэлэх эрхтэй компаниар үнэлүүлэх,

Х- Б-наас Н.С-, Б.А- нарт 100 сая төгрөгийн зээл олгохдоо уг зээлийн талаар хийсэн судалгааны бүх баримтыг зээлийн хувийн хэргээс нотлох баримтаар гаргуулах” тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй гэсэн үндэслэлээр хангахгүй орхисонд гуравдагч этгээд Х.М- гомдолтой байна.

Шүүхийн энэ шийдвэр гарснаас хойш энэ хэргийн хариуцагч Н.С- нь өөртэй нь хамт ажиллаж байсан сувилагч М-ын өмчлөлийн орон сууцыг банкны барьцаанд тавьж 25 сая төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийн улмаас 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж байгаа нь цаашид Х- Б-анд төлөх 103 сая төгрөгийн төлбөрөө төлж чадахгүй болсон нь тодорхой болж гуравдагч этгээд Х.М-ийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө эрсдэлд орсон тул Х.М- нь Н.С-, Б.А- нараас хохирлоо шүүхээр нэхэмжлэх эсвэл Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах асуудлыг шийдэхийн тулд хугацаа авах шаардлагатай болсон тул өөрт нь гуравдагч этгээдийн хувьд хуулиар олгогдсон эрхийн дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Х.М-ийн хувьд шүүхийн шийдвэрээр Н.С-, Б.А- нараас гаргуулахаар шийдвэрлэсэн 103.425.640 төгрөгийн үнийн дүн дээр маргаагүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд ИХШХШТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.4-т зааснаар ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжпэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрхээс бусад эрхийг эдэлдэгийн хувьд зөвхөн шүүхэд гаргасан хүсэлтийг нь хангаагүй эрхийг нь зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байгаа.

Энэ хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х- Б- ХХК-ны Дархан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлдэгч Н.С-, Б.А- нараас зээлийн гэрээний үүрэгт 103.425.640,09 төгрөг гаргуулах, үргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг  шүүх хангаж шийдвэрлэжээ.

Шүүхийн энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй  гуравдагч этгээдээр оролцсон Х.М- дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Тэрээр анхан шатны шүүхийг ...Н.С-ийн өмчлөлд улсын бүртгэлийн 2003021630 дугаарт бүртгүүлсэн үл хөдлөх  эд хөрөнгийн хувийн хэрэгт байгаа бүх баримтыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах, Х.М-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Х- Б-ны  барьцаанд авахдаа бодит үнээс хэт өндөр үнэлж авсан гэж үзэж байгаа тул барьцаанд тавигдсан байр болон газрыг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх, Х- Б-наас Н.С- Б.А- нарт зээл олгохдоо хийсэн судалгааны бүх баримтыг зээлийн хувийн хэргээс гаргуулах  зэрэг хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хангаагүйд буруутгаж гомдол гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцохдоо зохигчийн эрхийг эдлэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д заасан эрхүүдийг эдэлдэггүйгээрээ онцлогтой.

Түүний өөрийн эрх ашиг хөндөгдөхөөс сэргийлэх зорилгоор хэргийн оролцогчийн нэгэн адил нотлох баримт цуглуулах шүүхээр бүрдүүлүүлэх эрхийн дагуу анхан шатны шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хангаагүй байна.

Х- Б-ны Н.С-, Б.А- нарт олгох зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Х.М-ийн олгосон итгэмжлэлийн дагуу түүний үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан, улмаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул барьцааны зүйлээр үүргийн  гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Х.М-ийн хувьд үл хөдлөх эд хөрөнгөө алдах эрсдэл дагуулжээ.

Иймд дээрх хүсэлтүүдийг шүүхэд гаргасан байна. Анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэсэн бөгөөд энэ дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  нь дээрх баримтуудыг шүүхэд гаргаснаар Х- Б- зээлдэгчтэй байгуулсан гэрээндээ үл хөдлөх хөрөнгийн үнийг өсгөж бодит үнээс илүүгээр тооцож барьцааны гэрээ байгуулсан, зээлийг сайтар судлалгүй олгосон гэх үндэслэлийг гаргаж нотлохыг хүсч байгаа боловч талуудын байгуулсан гэрээг энэ үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцох, барьцаа дуусгавар болгох хууль зүйн үр дагаврыг үүсгэхгүй юм.

Иймд дээрх ажиллагааг явуулах шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байх бөгөөд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА

                                                         ШҮҮГЧИД                                    М.МӨНХДАВАА

                                                                                                             О.НАРАНГЭРЭЛ