Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2020/00453

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2020/00180/и 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион ******* тоот хаягт оршин байгаа, ******* банк ХХК /*******/, түүнийг төлөөлж Дархан салбар /*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* хаягт оршин суугаа, овогт //,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* хаягт оршин суугаа, овогт // нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 103,425,640.09 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , , хариуцагч Н., Б., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н., Б. нар нь ******* банкны Дархан салбарын Бизнес зээлийн төвөөс 2018 оны 07 сарын 31-ний өдөр тоот Зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, хувьсах хүүтэй амины сууц барих зээлийн зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын баг, Нарантолгой , хаягт байршилтай 268 м.кв талбайтай амины орон сууц, 1,552 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, ирээдүйд орж ирэх цалин болон бизнесийн орлогыг тус тус барьцаалсан байна.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлээс 5,061,068.52 төгрөг, хүүгийн төлбөрт 21,775,907.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 28,822.51 төгрөг, нийт 26,865,798.59 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэл хүргүүлж шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөлгүй 173 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасныг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг төлүүлэхээр шүүхэд ийнхүү хандаж байна.

Иймээс банк зээлийн гэрээнд заасны дагуу 2020 оны 01 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон шүүхэд дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

2018 оны 07 сарын 31-ний өдрийн тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2020 оны 01 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 94,938,931.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8,381,331.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 87,577.39 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 17,800 төгрөг, нийт 103,425,640.09 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нь мөнгөн дүнгээр, сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын баг, Нарантолгой , хаягт байршилтай 268 м.кв талбайтай амины орон сууц, 1,552 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамт худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

******* банктай зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийг хуваарийн дагуу төлж байсан боловч фэйсбүүк залиланд өртөж 250,000,000 орчим төгрөг залилуулсан учир банкны зээлийг төлж чадаагүй.

******* банкны нэхэмжилсэн 103,425,640.09 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна.

Авсан зээлээрээ амины орон сууцаа барьсан боловч дуусаагүй, 70%-ийн гүйцэтгэлтэй байгаа. гэдэг хүнээс зээл аваад амины орон сууцаа өмчлөлд нь шилжүүлчихсэн байгаа. 40,000,000 төгрөгийг өгвөл буцаагаад шилжүүлж болно гэдэг.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд барьцаа хөрөнгийн зарим хэсгийг нь чөлөөлүүлэх, өөр хөрөнгөөр солих саналтай байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этдээд нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Н.тэй миний бие болон манай нөхөр найз нөхдийн холбоотой байсан бөгөөд 2018 оны 07 сард Н. нь хувийн орон сууц барих гэсэн юм. Банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгөгүй болчихоод байна чи өөрийн хашаа байшин газрынхаа өмчлөх эрхийн гэрчилгээг 3 сарын хугацаатай ******* банкны барьцаанд тавиулаач. Нөхөр бид хоёр орон сууцаа барьчихаад чиний барьцаа хөрөнгийг өөрсдийн барьсан орон сууц газраар сольж тавиад чиний хөрөнгийг чөлөөлөөд өгнө. Энэ тухай ******* банкинд мэдэгдсэн чи санаа зоволтгүй тусалчих гээд өдөр шөнөгүй гуйгаад байхаар нь миний бие тэдэнд туслах зорилгоор 2018 оны 07 сарын 31-ний өдөр Н.д итгэмжлэл хийж өгч өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын баг, Нарантолгойн 3-р гудамжны од байршилтай 268.0 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 1,552.0 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт ******* банкны барьцаанд тавиулахыг зөвшөөрсөн юм.

Н. нь уг итгэмжлэлийн дагуу ******* банкнаас 2018 оны 07 сарын 31-ний өдөр 100,000,000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд надтай 2018 оны 07 сарын 30-ны өдөр бичгийн хэлцэл хийж Н. миний бие нь үл хөдлөх хөрөнгө болох амины орон сууц, өмчлөх эрхтэй газрын хамт 2018 оны 07 сарын 30-нд ******* банкны барьцаанд тавьж 2018 оны 11 сарын 01-нд буцаан өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгууллаа гэсэн утгатай тохиролцоо хийсэн юм.

Н. нь уг зээлийг аваад өөрийн нэр дээр 20 жилийн эзэмших эрхтэй 482.0 м.кв талбайтай Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, 23-р хороолол, 1-р хэсгийн 10 тоотод хувийн орон сууц барьсан бөгөөд уг барилга нь 50 хувийн гүйцэтгэлтэй баригдсан болно. Н. нь банкнаас авсан зээлийг орон сууц барихад бүрэн зарцуулаагүй бөгөөд өөрөө олон хүнээс мөнгө зээлсэн өрөндөө өгсөн нь тодорхой болсон юм. миний бие Н.эг орон сууцаа хурдан барьж миний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхийг байнга шаардаж байсан боловч Н. нь худлаа ярьж явсаар 2019 оны 12 сар болгосон юм.

Гэтэл Н. нь зээлийн хөрөнгөөр барьсан барилгаа ******* банкны барьцаанд тавьж миний хөрөнгийг чөлөөлж өгөх байтал надад хэлэлгүй гэдэг этгээдийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийж өмчлөх эрхээ шилжүүлэн гаас 33,000,000 төгрөг зээлж авсныг миний бие сүүлд мэдсэн болно. Н. нь ******* банкнаас авсан зээлээ 2019 оны 05 сар хүртэл төлөөд түүнээс хойш төлөлгүй байсаар банк шүүхэд хандсан байна.

миний бие өчнөөн жил хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөөрөө барьсан толгой хоргодох орон байраа зальтай этгээдийн хоол болгох хүсэлгүй байгаа бөгөөд миний эрх ашиг зөрчигдөж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Н., Б. нарт холбогдуулан, үндсэн зээл 94,938,931.48 төгрөг, зээлийн хүү 8,381,331.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,577.39 төгрөг, нотариатын зардал 17,800 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, Нарантолгой , хаягт байршилтай 268.0 м.кв талбайтай амины орон сууц, мөн хаягт байршилтай 1,552 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэрэг эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н., Б. нар ******* банк ХХК-ийн нэхэмжилсэн нийт 103,425,640.09 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд зээлийн гэрээ байгуулсан, зээл авсан үйл баримт болон зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дээр маргадаггүй.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд ******* банк ХХК нь үндэслэлгүй өндөр зээлийг Н., Б. нарт зээлдүүлсний улмаас өөрийн хөрөнгөөр хохирох нөхцөл байдалд хүрээд байгаа гэж тайлбарладаг.

 

Шүүх дараах үндэслэлээр ******* банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

******* банк ХХК, Н., Б. нар 2018 оны 07 сарын 31-ний өдөр 0 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* банк ХХК нь зээлдэгч Н., Б. нарт 100,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч Н., Б. нар зээлж авсан мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамт зээлдүүлэгч ******* банк ХХК-д буцаан төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх-9-11х/

 

Мөн ******* банк ХХК, нар 2018 оны 07 сарын 31-ний өдөр тоот Барьцааны гэрээ байгуулж, дээр дурдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, Нарантолгой , хаягт байршилтай 268.0 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 1,552 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэргийг барьцаалах, барьцаалуулахаар тус тус харилцан тохиролцжээ. /хх-12-13х, 16х, 20х, 21х/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа болон Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Хэрэгт авагдсан Н., Б. нарын эзэмшдэг ******* банк ХХК дахь тоот дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд зээлдүүлэгч ******* банк ХХК нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж 2018 оны 07 сарын 31-ний өдөр 100,000,000 төгрөгийг зээлдэгч Н., Б. нарын өмчлөлд шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна. /хх-18х/

 

Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь зэргийг харьцуулах үзэхэд зээлдэгч Н., Б. нар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 26,865,100 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 94,938,931.48 төгрөг, хүүгийн үлдэгдэл 8,381,331.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 87,577.39 төгрөг болох нь нотлогдож байхаас гадна талуудын харилцан тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2019 оны 06 сарын 02-ны өдрөөс хойшхи хугацаанд зөрчигдсөн болох нь тогтоогдож байна. /хх-18-19х, 17х, 11х/

 

Зээлдүүлэгч ******* банк ХХК нь зээлдэгч Н., Б. нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар 2019 оны 09 сарын 24-ний өдөр, 2019 оны 10 сарын 16-ны өдөр тус тус бичгээр мэдэгджээ. /хх-27х, 28х/

 

Иймд нэхэмжлэгч ******* банк ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, Зээлийн гэрээ-ний 6.1.1-д заасны дагуу Орон сууцны зээлийн гэрээ-г цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө буюу олгосон зээл, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагч Н., Б. нараас шаардах, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна.

 

Барьцаа хөрөнгүүд нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох өмчлөлд бүртгэлтэй байх боловч Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохоор зохицуулсны дагуу ******* банк ХХК-ийн зүгээс хууль болон гэрээнд зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардахад саад болохгүй юм.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг Н., Б. нарын авсан зээлийн барьцаанд тавихаар 2018 оны 07 сарын 31-ний өдөр болон бүртгэлийн дугаар бүхий итгэмжлэл үйлдэж, холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээг банкинд гарган өгч, банктай барьцааны гэрээ байгуулж, барьцаалбар үйлдсэн учир Н., Б. нар зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг мэдэж байсан гэж үзнэ. /хх-12-13х, 16х, 20х, 21х/

 

Хэрэгт Н. болон нарын хооронд хийгдсэн Н. миний бие нь үл хөдлөх хөрөнгө болох амины орон сууц, өмчлөх эрхтэй газрын хамт 2018.07.30-нд ******* банкны барьцаанд тавьж 2018.11.01-нд буцаан өгөх агуулга бүхий хэлцэл хийсэн байх боловч энэхүү хэлцэл болон Н., нарын хоорондын асуудал нэхэмжлэгч ******* банк ХХК-д хамааралгүй байна.

 

Нотариатын зардал 17,800 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, энэхүү зардал нь бичгийн нотлох баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөхтэй холбоотой нэхэмжлэгчээс гарсан зайлшгүй зардал байх тул уг шаардлагыг хангах үндэслэлтэй. /хх-26х/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн хариуцагч Н., Б. нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар хариуцагч Н., Б. нараас нийт 103,425,640.09 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.

 

2.   Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н., Б. нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд өмчлөлд бүртгэлтэй, Дархан сум, баг, Нарантолгой , хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 268.0 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын дугаартай, эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 1,552 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдсүгэй.

 

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 745,278 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 745,278 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д буцаан олгосугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР