Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 23

 

 

                                               

А.*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Ууганзаяа, хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр, шүүгдэгч А.*******, нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч А.*******д холбогдох эрүүгийн 2236000000013 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага менежмент мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр,  хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар гудамжны 27 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ургийн овогт *******гийн ******* ******* регистрийн дугаартай,

2. Шүүгдэгч А.******* нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Цамбагарав зочид буудлын урд зогсоол хэсэг рүү ******* ХОҮ улсын дугаартай Sonota NF загварын тээврийн хэрэгслийг жолоодож орох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөний улмаас хохирогч Б.*******г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Ховд аймгийн Прокурорын газраас: А.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******гийн *******г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгийн торгох ялаар шийтгэж,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгийн торгох ялыг 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлаж,

8. Шүүгдэгч А.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч А.*******гаас 922328/есөн зуун хорин хоёр мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.*******д олгож, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 130000000/ арван гурван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч А.*******д хор уршиг 922328 төгрөгийг 1/нэг/ сарын хугацаанд төлж барагдуулах хугацаа тогтоож,

11. Хохирогч цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

12. Хохирогч Б.******* түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийхдээ хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй гэж дүгнэлт хийсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хөндлөнгийн нотлох баримт гэсэн нэр томьёо байхгүй бөгөөд харин хуульд заасан нотлох баримт хэмээн хуульчилсан.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 16.1.2-т баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно гэж заасан байдаг.

14. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 16.1.8-д шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж мөн л хуульчилсан байдаг гэв.

15. Шүүгдэгч А.******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хувийн эмнэлгийн үйл ажиллагаа тасалдсан гэх баримт байхгүй. Ганц хохирогч ажилладаг гэж байгаа боловч хувийн дансуудыг хэрэгт хавсаргасан. Хувь хүний эсхүл аж ахуйн нэгжийн орлогыг ярьж байгаа нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд тодорхой заасан. Аж ахуйн нэгжийн татварын тайланг гаргаж өгөх боломжгүй. Үйл ажиллагаа нь тасалдаагүй гэж ойлгохоор байна. Цалин буюу түүнтэй адилтгах бусад орлого нь тасалдаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

16. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

17. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хохирогч түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзлээ.

18. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

19. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Үүнд:

Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...явган хүний гарц дээр ирэхэд улаан гэрэл ассан байсан тул хүлээж, ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн явган хүний гарцаар гарч байтал төгсгөл хэсэг дээрх нь араас машин мөргөсөн. Шууд мөргөнгүүтээ зогсохгүйгээр чигээрээ яваад миний дээр гарч зогссон” гэх мэдүүлэг /хх-н 30-31х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд” /хх-н 8-13х/,

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд /хх-н 14-19х/

...жолооч А.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “...хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.*******г мөргөсөн байна гэх 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зам тээврийн ослын акт /хх-н 23-24х/

“Б.*******гийн биед баруун талын сүүжний тогооны ар хэсгийн зөрүүтэй хугарал, баруун талын сүүжний хэсгийн зөрүүгүй хугарал, баруун талын түнхний үений завсар ясны сэлтэрхийнүүд, эгэм далны холбоосны салалт, зүүг бугалгын гадна дунд хэсгийн цус хуралт, хоёр хөлийн өвдөг болон хоёр шилбэний урд, гадна, дотор хэсгийг хамарсан цус хуралтууд, баруун хөлийн өвдөгний хэсэг олог тооны жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Б.*******гийн биед учирсан  баруун талын сүүжний тогооны ар хэсгийн зөрүүтэй хугарал, баруун талын сүүжний хэсгийн зөрүүгүй хугарал, баруун талын түнхний үений завсар ясны сэлтэрхийнүүд, эгэм далны холбоосны салалт гэмтлүүд нь хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-47х/

Шүүгдэгч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажлаа тараад 17 цагийн үед нөхрийгөө ажлаас нь авахаар өөрийн 48-03 ХОҮ улсын дугаартай Sonota-NF маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд 52 айлын 4 замын уулзвар нэвтрээд дахин баруун эргэж Цамбагарав зочид буудлын зогсоол руу орохдоо хүн мөргөчихсөн юм” гэх мэдүүлэг /хх-н 66-67х/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

20. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.******* нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт 48-03ХОҮ улсын дугаартай Sonota-NF маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “...хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.*******г мөргөж, түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээр дурдсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд өөрийн гэм буруугийн талаар маргаагүй байна.

21. Шүүгдэгч А.*******гийн үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын хэмжээ, төрөл түүний үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            22. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийхдээ хохирогч Б.*******гийн хувийн, эмэгтэйчүүдийн эмнэлэг болох “Ховд мед” эмнэлгийн 2 сарын олох ёстой орлого 12,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нийт 13,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэх хохирогч Б.******* болон түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын давж заалдах гомдлыг хянаж үзвэл:

            23. Хэрэгт авагдсан “Цоглог үрс” ХХК-ийн дэргэд эмэгтэйчүүдийн эмнэлэг үүсгэн байгуулах тухай шийдвэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, /хх-ийн 85-87х/ хохирогч Б.*******гийн Хаан банкны 5862143293, 5862065915 дугаарын депозит дансны хуулга /хх-ийн 93-101х/ зэрэг баримтуудаар Б.******* нь үндсэн ажлаас бусад цагт өөрийн нөхөр Д.Баярболдын нэр дээрх “Ховд мед” эмнэлгийн эмчээр ажиллаж цалин хөлс, түүнтэй адилтгах бусад орлого олдог байсан нь тогтоогдсон байна. 

            24. Б.*******гийн биед учирсан баруун талын сүүжний тогооны ар хэсгийн зөрүүтэй хугарал, баруун талын сүүжний хэсгийн зөрүүгүй хугарал, баруун талын түнхний үений завсар ясны сэлтэрхийнүүд, эгэм далны холбоосны салалт гэмтлүүд нь хүндэвтэр зэрэгт хамаарна гэх 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэргийн 154-185 дугаар талд авагдсан баримтуудаар хохирогч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас 2 сар хэвтрийн дэглэмтэй эмчилгээ хийлгэсэн болох нь тогтоогджээ. Гэтэл анхан шатны шүүх хувь орлогын хэмжээ буюу хувь хүний дансны мэдээллээр хуулийн этгээдийн орлогыг тодорхойлох боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай байна.

            25. Хэрэгт авагдсан хохирогч Б.*******гийн бэлэн мөнгөний орлогоо хийдэг гэх Хаан банкны 5862143293 дугаарын депозит дансны хуулганаас харахад тухайн дансны орлого нь “Ховд мед эмнэлгийн эмчээр ажилласан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэж тодорхойлоход эргэлзээтэй байна. Харин хохирогч Б.*******г хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн мобайл банк, интернет банк зэрэг бэлэн бусын орлогоо хийдэг гэх Хаан банкны 5862065915 дугаарын депозит дансны хуулганаас харахад хохирогчийн ажлын бусад цагаар хувиараа эрүүл  мэндийн үзлэг, оношилгоо, үйлчилгээ үзүүлсний хөлс буюу хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого олдог байсан нь илэрхий тогтоогдож байна.

26 Хохирогч Б.*******гийн Хаан банкны 5862065915 дугаарын депозит дансны 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн дуустал 1 сарын гүйлгээнээс “үзлэг, эхо гэж бичсэн болон хүний нэр, утасны дугаар, тоо, үсэг” зэргийг бичиж хийсэн гүйлгээний утга бүхий орлогуудыг тооцож үзэхэд 4,055,000 төгрөг болж байна. Иймд хохирогч Б.*******гийн 1 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг 4,055,000 гэж тооцох боломжтой бөгөөд 2 сарын орлого 8,110,000 төгрөгийг түүний олох байсан орлогод тооцож шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

27. Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгч А.*******гаас гаргуулах 922,328 төгрөг дээр хохирогчийн Ховд мед эмнэлгийн эмчээр ажиллаж олох байсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод 8,110,000 төгрөг нэмж шүүгдэгчээс нийт 9,032,328 төгрөг гаргуулан хохирогч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,890,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Харин хохирогч Б.*******гийн өөрийн өмгөөлөгч Б.Мөнхзаяад төлсөн өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөгийг хохирогч нь тухайн зардал мөнгийг өөрөө хүсэж гаргасан учраас шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

28. Дээр дурдсан үндэслэлээр хохирогч Б.******* түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын давж заалдах гомдлоос ““Ховд мед эмнэлэгт ажиллаж олох байсан 2 сарын орлого 12,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна” гэх гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтын “922,328” гэснийг “9,032,328” гэж, “13,000,000” гэснийг “4,890,000” гэж тус тус  өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                               

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР