Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 159/ШШ2016/0015

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч *******т холбогдох, 

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагчийн 0004234 тоот торгуулийн шийтгэвэр, 1143 ширхэг вино виски хураах 0004677 тоот хуудас тус бүрийг хүчингүй болгуулах, Гаалийн газарт хураагдсан 1143 ширхэг вино, вискийг *******од буцаан гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:*******    

Хариуцагч: Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам  нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие 2015 оны зун, намар Агмарко компанийн Алтанбулаг сум дахь татваргүй барааны дэлгүүрээс увуулж цувуулж 1160 ширхэг вино, вискиг зохих үнийг нь төлөөд авч үүнийгээ өөрийн байрны подвольд хадгалж байгаад 2016 оны 02 дугаар сарын 20-нд Улаанбаатар хот руу явах гэж байхад цагдаа нар шалгаж эрүүгийн хэрэг биш гээд хаасныг Гаалийн байцаагч ******* намайг 2016 оны 04 дүгээр сарын 18-нд тарифын бус хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлсэн 0004234 тоот шийтгэвэрээр 30.000 төгрөгөөр торгож, мөн миний худалдаж авсан 1143 ширхэг вино, вискиг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0004677 тоот хуудсаар хураан авч улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Үүнийг эс зөвшөөрч Гааль, Татварын ерөнхий газарт гомдол өргөдөл гаргахад гаалийн байцаагч *******ын шийдвэр зөв гэсэн хариуг сая олж авлаа. Иймд миний хөрөнгө болох 1143 ширхэг вино, виски хураах 0004677 тоот хуудас, 0004234 тоот торгуулийн шийтгэвэр тус бүрийг хүчингүй болгуулах, Гаалийн газарт хураагдсан 1143 ширхэг вино, вискиг *******од буцаан олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Жалхарын Батцогт гэдэг хүн 2015 оны зун, намар “Агмарко” гэх дэлгүүрээс нийтдээ 1143 ширхэг виног увуулж, цувуулж худалдаж авсан. Үүнийг өөрийн байрны буюу 58 айлын орон сууцны подвольд хадгалж байсан. Ингээд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр автомашинд подволиос ачуулсныг Цагдаагийн байгууллага саатуулж шалгаад, 2016 оны 03 дугаар сарын 25-нд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Прокурорын байгууллагаас Гаалийн байгууллагад арга хэмжээ ав гэсэн албан тоот хүргүүлсэн байдаг. Гаалийн байгууллага бол бие даасан байгууллага, гэтэл прокурорын тогтоосон тогтоолын дагуу буюу арга хэмжээ ав гэсний дагуу 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу 1143 ширхэг виног хураасан. Ингээд ******* Гаалийн Ерөнхий газарт гомдол гаргасан. Гэтэл Гаалийн байгууллага манай ажилтны зөв гэсэн, ийм учраас бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Гаалийн байгууллагаас ирүүлсэн албан тоотод ******* бараанд хяналт шалгалт хийгээгүй гэсэн байна. Гаалийн байгууллага зөрчил гарсан тохиолдолд Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэхь хэсэгт зааснаар арга хэмжээ авах ёстой. Гэтэл ******* Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэхь хэсэгт заасан зөрчлүүдээс алийг ч гаргаагүй. Мөн Гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзсэн нь өөрөө хууль бус болж байна. ******* бараагаа бага багаар нэвтрүүлсэн. Яг хэдэн сарын хэдний өдөр хир хэмжээгээр оруулсныг тогтоогоогүй. Мөн захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгүүдэд заасан арга хэмжээг Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан авах ёстой. Гэтэл Гаалийн байгууллагын ажилтан хуулийн буруу зүйл заалт барьж барааг хурааж авсан. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлд хариуцлагад татах хугацаа нь 3 сар байдаг. ******* 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүх бараагаа зөөж татсан байсан. Үүнээс хойш 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэхэд 04 сар 05 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар захиргааны хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад буюу 06 сар 18 хоногийн дараа захиргааны арга хэмжээ авсан байна. Гаалийн байгууллага Прокурорын байгууллагын заасны дагуу арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

Иймд хууль бус 0004234 тоот шийтгэврийн хуудас, бараа тээврийн хэрэгсэл хураах 0004677 дугаартай хуудсуудыг тус тус хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн  Гаалийн газарт хураагдсан  иргэн ******* 1143 ширхэг вино, вискийг буцаан олгуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэв. 

Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай байгууллагад 5/04 тоот прокурорын тогтоолыг хүргүүлсэн. Тогтоолын дагуу иргэн *******од Гаалийн тухай хуулийн заалтаар арга хэмжээ авахыг надад Гаалийн зөрчлийн албаны дарга Б.Батсэнгээ үүрэг болгосон. 

Албаны даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу холбогдох материалтай танилцаад иргэн *******ыг дуудан уулзаж, прокурорын тогтоолыг танилцуулж, Гаалийн тухай хуулийн 290.2.2-д зааснаар арга хэмжээ авсан. Аймгийн прокурорын 5/04 тоот тогтоолд зөрчил гаргагч *******од Гаалийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцож торгууль шийтгэврийн хуудсыг прокурорт танилцуулахыг даалгасан. Иргэн ******* гаргасан зөрчлийг анх Сэлэнгэ аймгийн Цагдаагийн байгууллага илрүүлж шалгаад Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзаж материалыг Прокурорын байгууллагад хянуулахад Прокурорын байгууллага захиргааны арга хэмжээ авахуулахаар материалыг манай байгууллагад шилжүүлсэн.

Гаалийн байгууллага аймгийн прокурорын тогтоолын заалтыг биелүүлж иргэн *******од захиргааны арга хэмжээ авсан. Прокурорын байгууллага хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг байгууллага ба үүний дагуу манай байгууллага руу албан ёсны тогтоол гарган хүргүүлж, үүрэг болгосны дагуу бид *******од арга хэмжээ авсан.

******* хилээр гарахдаа 2 удаа л деклораци бөглөсөн байсан ба уг барааг Гаалийн чөлөөт бүсээс авч гарсан. Энэ үед гаалийн байцаагч шалгадаг. Үүнд манай Гаалийн байгууллагын ажилтны буруу бас байгаа юм. Прокурорын байгууллагын өгсөн албан ёсны тогтоолын дагуу арга хэмжээ авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв. 

Үндэслэх нь:

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч *******ын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0004234 дугаартай торгуулийн шийтгэвэр, 0004677 дугаартай бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудсаар иргэн *******ыг тарифын бус хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэж Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2 дахь заалтыг үндэслэн захиргааны арга хэмжээ авсан байна.

Нэхэмжлэгч иргэн ******* нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагчийн 0004234 тоот торгуулийн шийтгэвэр, 1143 ширхэг вино, виски хураах 0004677 тоот хуудас тус бүрийг хүчингүй болгуулах, Гаалийн газарт хураагдсан 1143 ширхэг вино, вискийг *******од буцаан гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Маргаан бүхий захиргааны актад дурдсанаар нэхэмжлэгчийг тарифын бус хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэх үндэслэлээр буруутгажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон холбогдох нотлох баримтуудаас үзэхэд тарифын бус хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүхээс дүгнэж байна. 

Учир нь: Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн  290.2.2 дахь хэсэгт зааснаар тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ хуулийн 290.2.1-д заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл тийнхүү нэвтрүүлэхийг завдсан бол иргэнийг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх, мөн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх гэж тус тус заажээ.

Гэтэл маргаан бүхий захиргааны актыг үйлдэхдээ Гаалийн улсын байцаагч ******* нь Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2-д заасан арга хэмжээг авахдаа 290.2.1-д заасан ямар аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлснийг шалган тогтоогоогүй, актыг гаргах болсон үндэслэлийг бүрэн судлаагүй, нотлох баримтад үндэслэн гаргаагүй байна гэж үзэхээр байна. 

Хариуцагч Гаалийн улсын байцаагч ******* нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 5/04 дугаартай Прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолын дагуу арга хэмжээ авсан гэх боловч Гаалийн улсын байцаагч Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.7-д зааснаар “гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх” гэсэн заалтыг нэг мөр хэрэгжүүлээгүй байна.

Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-д зааснаар гаалийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны шийтгэл ногдуулна, захиргааны зөрчил гэж үзэж байгаа бол ямар зөрчил гаргасныг тогтоож, баримтжуулан зөрчлийн шинж байдалд нийцүүлж арга хэмжээ авахаар заасан байна.

Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар гаалийн байцаагч эрх хэмжээний хүрээнд хариуцлага тооцохоор бол хөөн хэлэлцэх хугацааг анхаарах, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтны бүрэн эрхийнхээ дагуу хариуцлага тооцох эрхийг заасан байхад гаалийн байцаагч Л.Болдбаатар нь Цагдаагийн байгууллагын эрхийг эдэлсэн хуулийн заалтыг баримталж, бараа тээврийн хэрэгслийг хураасан нь Гаалийн тухай хуулийн заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.     

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дах хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагчийн 0004234 тоот торгуулийн шийтгэвэр, 1143 ширхэг вино, вискийг хураах 0004677 тоот хуудас тус бүрийг хүчингүй болгосугай.

2.Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт хураагдсан 1143 ширхэг вино, вискийг нэхэмжлэгч *******од буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч *******аас буцаан гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.4, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдусгай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.БАЙГАЛМАА