Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2017/0708/З |
Дугаар | 355 |
Огноо | 2018-10-01 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 355
“Э з” ХХК-ийн захирал Г.Ө-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч,
улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 8 дугаар сарын 17, 23-ны өдрүүдийн “Э з” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Иргэн Г.Ө-ийн хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа “Э з” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг хүчингүй болгож, хураан авахыг даалгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0235 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0298 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, өмгөөлөгч Б.Г, Э.Н,
Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л,
Гуравдагч этгээд: “Б х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, “Н д р э к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Р.М нар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, гуравдагч этгээд “Н д р э к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0235 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8, 23 дугаар зүйлийн 23.1, 23.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, Г.Ө-ийн эзэмшиж, ашиглаж буй “Э з” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг тус тус хүчингүй болгож, хураан авахыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0298 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0235 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж Г.Ө-ийн эзэмшиж, ашиглаж буй “Э з” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг тус тус хүчингүй болгож, хураан авахыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн “Г.Ө-ийн эзэмшиж, ашиглаж байгаа “Э з” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг хүчингүй болгож, хураан авахыг даалгуулах” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Ө-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан.
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол
3. Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь судалж, бодитой байх талаас нь дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болох тул дараах утга бүхий гомдлыг гаргаж байна.
4. Магадлалын Хянавал хэсэгт “...мөн хуулийн 23.3-т хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, иргэний хуульд заасан холбогдох гэрээ... гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна... Өөрөөр хэлбэл, хэдийгээр захиргааны хэргийн шүүх хувийн эрх зүйн харилцааны хүрээнд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх эрхгүй боловч маргаан бүхий бүртгэл нь өөрөө хуулийн этгээдийн бүртгэл байх бөгөөд тус бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагдсан түүх, түүнчлэн тус хуулийн этгээдийн эрх, өмч хөрөнгийн нөхцөл заасан гэрээний үндсэн дээр шилжилт хөдөлгөөн хийгдсэн зэрэг үйл баримтыг цогцоор нь авч үзэх буюу маргаан бүхий бүртгэлд хамааралтай байх талаас нь үнэлж дүгнэхгүйгээр тус хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна..” гэж утга агуулгын хувьд илэрхий алдаатай дүгнэлт хийжээ. Тухайлбал, анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хувийн эрх зүйн хүрээнд байгуулагдсан гэрээний үнэн зөв эсэхэд дүгнэлт өгөх эрх захиргааны байгууллагад олгогдоогүй тухай дурдсан байх ба давж заалдах шатны шүүх ч мөн хувийн эрх зүйн харилцааны хүрээнд байгуулагдсан гэрээнд дүгнэлт хийх боломжгүй байгаа тухайгаа магадлалдаа дурдсан хирнээ маргаан бүхий өөрчлөлттэй холбоотой гэрээнд дүгнэлт өгч магадлал гаргасан нь ойлгомжгүй байна.
5. Нэхэмжлэгч иргэн Г.Ө нэхэмжлэлийн шаардлагаа “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас “Э з” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, хувьцаа эзэмшигчийг өөрчилсөн болон гүйцэтгэх захирал томилсон тухай 2017 оны 8 дугаар сарын 17, 23-ны өдрийн бүртгэлүүд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын холбогдох заалтыг зөрчин хийсэн бүртгэл нь хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлүүдийг хүчингүй болгож өгнө үү” хэмээн гаргасан ба анхан болон давж заалдах шатны шүүх холбогдох хуулийн заалтыг зөрчсөн эсэхэд эрх зүйн талаас нь огт дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий өөрчлөлтийг хийхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын үндсэн үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог Захиргааны ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын зохицуулалтыг зөрчсөнийг нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэл болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо дэлгэрэнгүй байдлаар тайлбарлан тусгасаар байхад илтэд үгүйсгэж, хууль зөрчөөгүй гэх дүгнэлтийг хийсэн ч тухайн хуулийн заалтуудыг хэрхэн ямар байдлаар зөрчөөгүй эсэхэд хууль зүйн талаас нь огт дүгнэлт хийгээгүй нь ойлгомжгүй байна.
5.1. Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан “Э з” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах, өргөдөл гаргах эрх бүхий этгээд нь тус компанийн хувьцаа эзэмшигч Г.Ө, эсхүл түүнээс бүртгэлийн өөрчлөлт хийлгэх эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч байх тухай заасан ба тэрээр ямар нэг байдлаар бусдад итгэмжлэл олгоогүй байхад 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Э з” ХХК-ийн баримт бичигт өөрчлөлт хийлгэхэд М.М гэх этгээд өргөдөл гарган өөрчлөлт хийлгэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн буюу “Э з” ХХК-ийн төлөөлөх эрхгүй этгээд өргөдөл гаргасан гэж үзэхээр байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх өргөдөл гаргагч М.М нь ямар үндэслэлээр “Э з” ХХК-ийг төлөөлөх эрхтэй болсон эсэхэд огт дүгнэлт хийгээгүй байна.
6. Магадлалын Хянавал хэсэгт “...Хувьцааг буцаан шилжүүлэх нөхцөл бүхий хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон эрх бүхий этгээдийн шийдвэргүй тохиолдолд хариуцагч “Э з” ХХК-ийн хувьцааг “Н д р э к” ХХК-д шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй...” гэж мөн л хувийн эрх зүйн гэрээнд дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгчийн зүгээс Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллага 2017 оны 8 дугаар сарын 17, 23-ны өдрийн “Э з” ХХК-ийн баримт бичигт өөрчлөлт хийхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай тодорхойлон заасан ба хариуцагчийн төлөөлөгч мөн тухайн бүртгэлийг хийхдээ “Э з” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Г.Ө надад ямар нэг байдлаар огт мэдэгдээгүй болохоо шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөөр байхад анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа захиргааны байгууллага бүртгэлийн үйл ажиллагаа явуулахдаа Захиргааны еренхий хууль баримталсан эсэхэд огт дүгнэлт хийгээгүй. Мөн хариуцагч байгууллагын албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хандаж хуулийн этгээдийн баримт бичигт өөрчлөлт хийлгэхдээ бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад заасан шаардлагыг хангаагүй баримтыг үндэслэсэн буюу нотариатаар гэрээний үнэн зөвийг гэрчлээгүй, хуулбар үнэн болохыг гэрчилсэн болохыг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой дурдсан хэрнээ анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон заалтыг хэвээр үлдээсэн нь хэргийн үйл баримтад бүрэн хэмжээний дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.
7. Магадлалын ХХХбөянавал хэсэгт “...Түүнчлэн нэхэмжлэгчийн “Э з” ХХК-ийн 100 хувийн хувьцааг, тухайн хувьцаанд ноогдох хөрөнгийн хамт тодорхой болзол тавьж шилжүүлсэн гэрээг хуулийн шаардлага хангаагүй гэх агуулгаар буюу 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Б х” ХХК, иргэн Г.Ө-ийн байгуулсан гэх Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ нь нотариатын хуулбар үнэн тэмдэгтэй буюу журамд заасан шаардлага хангаагүй гэрээ байсан гэх давж заалдах гомдол нь тус гэрээгээр “Э з” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг өөрт нь шилжүүлснийг мөн үгүйсгэсэн гэж үзэхээр байна...” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь, бодитой байх талаас нь судлаагүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэр гаргаагүй гэдэг нь дээрх дүгнэлтээс тодорхой харагдаж байна. Учир нь, нэхэмжлэгч Г.Ө “Н д р э к” ХХК-ийн захирал Д.Э-тай 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээ, Бэлэглэлийн гэрээ байгуулж гэрээний үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн баримтыг үндэслэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандан зохих журмын дагуу өөрчлөлт хийлгэсний үндсэн дээр шилжсэн болох хэргийн 1 дүгээр хавтасны 15, 16 дахь хуудсанд авагдсан баримтаар нотлогдсоор байхад маргаан бүхий өөрчлөлтийг хийлгэхдээ гуравдагч этгээдүүдийн ашигласан журамд заасан шаардлагыг хангаагүй гэрээг үндэслэн “Э з” ХХК-ийн хөрөнгийг шилжүүлэн авсан мэтээр дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан баримтуудтай бүрэн хэмжээгээр танилцаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
8. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Мопгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалын хавсралт “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 1.1-д “Энэ журмаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийг шинээр болон өөрчлөн байгуулсныг, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлт, татан буулгасныг улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулна”, 4.1-д “Хуулийн этгээд доор дурдсан мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлнэ:”, 4.1.2-т “үүсгэн байгуулагч (хувьцаа эзэмшигч);”, 4.2-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:”, 4.2.4-т “нотариатаар гэрчлүүлсэн холбогдох гэрээ, өв залгамжлах эрхийн гэрчилгээ;” 4.3-т “Улсын бүртгэгч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ хүлээн авсан өргөдөл, баримт бичгийг хувийн хэрэг дэх нотлох баримттай тулган хянаж, бүртгэх эсэх шийдвэр гаргана” хэмээн заасан.
9. Хууль тогтоомжид заасан шаардлага нь хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, улсын бүртгэл хийхдээ “нотариатаар гэрчлүүлсэн холбогдох гэрээ”-г үндэслэхийг шаардсан ба гуравдагч этгээд “Н д р э к” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд гаргасан өргөдөлдөө хавсаргасан 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Б х” ХХК, иргэн Г.Ө-ийн байгуулсан гэх Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ нь нотариатчийн “хуулбар үнэн” тэмдэгтэй буюу журамд заасан шаардлага хангахгүй гэрээ байсан. Үүнийг буюу “нотариатаар гэрчлүүлээгүй” үйл баримтын талаар гуравдагч этгээд, хариуцагч нар маргаагүй болон тус нотлох баримт болох гэрээний талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчиж, хэт нэг талын буюу гуравдагч этгээдэд ашигтай, захиргааны байгууллагын хууль бус үйлдлийг халхавчлах зорилгоор үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна.
10. Бодит байдал дээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь холбогдох гэрээг нотариатчаар гэрчлүүлээгүй тохиолдолд хүлээн авахаас татгалздаг. Энэ нь тус захиргааны байгууллагын www.burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/les-edit гэсэн цахим сайтаас харагдах бөгөөд зайлшгүй нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ хэлцлийг бүрдүүлэх шаардлага тавьдаг. Тухайлбал, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөх
| Бүрдүүлэх материал | Зөвлөмж |
1 | УБ-05 маягтыг бөглөх /Тамгаа дарах, 1 хувь/ | www.burtgel.gov.mn/service/ хаягаас татаж авах эсвэл улсын бүртгэгчээс авч бөглөх боломжтой. |
2 | Үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэл /1 хувь/ | Шийдвэрт хэнээс хэнд, хэдэн төгрөгийн үнийн дүнтэй, хэдэн хувийн хувьцааг ямар төрлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж байгааг тусгаж, дүрмийг шинэчлэн баталж, хувьцаа эзэмшигчид /итгэмжлэл, эрх бүхий этгээд/ гарын үсгээ зурна. |
Гүйцэтгэх захирал, оноосон нэр, хаяг, үйл ажиллагааны чиглэл, дүрмийн сан зэрэгт өөрчлөлт орсон бол шийдвэр, дүрмэндээ тусгаж, холбогдох нотлох баримтыг авч ирнэ. | ||
Хурлын шийдвэрт бүх хувьцаа эзэмшигчид гарын үсгээ зураагүй тохиолдолд хурлын тэмдэглэл шаардлагатай. | ||
Хувьцаа эзэмшигч нь компани тохиолдолд түүний хувьцаа эзэмшигчдийн эсвэл Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол шаардлагатай. | ||
3 | Иргэний хуульд заасан холбогдох гэрээ /эрх шилжүүлэх, бэлэглэх, худалдах, худалдан авах, өв залгамжлалын гэрчилгээ/ | Нотариатаар гэрчлүүлсэн байна. |
4 | Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ | Хэрэв гэрчилгээгээ гээсэн бол өдөр тутмын сонинд зарлуулж, шийдвэрт энэ тухай тусгаж, сонингийн хамт авч ирнэ. |
5 | Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт | Голомт банк 1401002649, Хас банк 5001122188 дансанд тушаасан баримтаа авч ирэх, эсхүл бүртгэл хийлгэх үедээ дурын банкны VISA карт уншуулан төлөх боломжтой. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу дотоодын хуулийн этгээд 10000, ГХОХХК бол 40000 төгрөг тушаах. Гэрчилгээгээ шинээр авах бол 44000 төгрөг нэмж тушаана. |
6 | Шинэчилсэн дүрэм /2 хувь/ | Компанийн тухай хуулийн 16.2-т заасан зүйлсийг дүрэмдээ заавал тусгана. |
7 | Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч 100% өөрчлөгдөж байгаа тохиолдолд | Шинээр хувьцаа эзэмшигч нь нэрийн баталгаажилтын хуудсыг авсан байна. |
гэж тус сайтаар өргөдөл гаргагчид шаардлага тавьсан байдаг.
11. Мөн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх тохиолдол “Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ”-нээс гадна “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн шилжүүлэхийг зохих журмын дагуу шилжүүлсэн гэж үзнэ. Гэтэл хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлд компанийн эрх шилжүүлэх гэрээ авагдсан уу гэж асуухад...” гэж асуухад тийм гэрээ огт авагдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хирнээ давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараа илтэд үгүйсгэсэн.
12. Дээрхээс дүгнэвэл 2017 оны 8 дугаар сарын 17, 23-ны өдрийн “Э з” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан захиргааны үйл ажиллагаа нь хууль тогтоомжид заасныг зөрчиж гүйцэтгэсэн болох нь нотлогдоно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх аливаа дүгнэлт хийхдээ талуудын мэтгэлцсэн асуудлыг хэт нэг талын байр суурьнаас хандаж, нэхэмжлэгч талаас гаргаж буй үндэслэл, нотлох баримтыг зориуд, санаатайгаар орхигдуулан дүгнэлт гаргахгүй орхигдуулж байгаад гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдол
13. “Э з” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлыг өөрчлөн бүртгэсэн 2017 оны 8 дугаар сарын 17, 23-ны өдрийн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8, 23 дугаар зүйлийн 23.1 23.3 дахь хэсэг болон бусад ач холбогдол бүхий үйл баримтад үндэслэсэн хууль ёсны шийдвэр байсан болно.
14. “Э з” ХХК-ийн хууль ёсны гүйцэтгэх захирлаар Г.Г-г бүртгэсэн улсын бүртгэл, тамга тэмдэг, гэрчилгээ хүчин төгөлдөр байсаар байтал иргэн Г.Ө-д хууль бусаар ашиглагдаж буй гэрчилгээ, тамга тэмдгийг шүүхийн журмаар хураан авахуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн хууль ёсны шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон магадлал тус компанийн хууль ёсны гүйцэтгэх захирлаар Г.Г мөн гэдгийг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон атал, өөр этгээдэд ашиглагдаж буй тамга, гэрчилгээг хэрхэх эсэхийг тодорхой болгоогүй байна. Энэ нь тус компанийн эрх зүйн байдал, татвар, гэрээ, болон бусад санхүүгийн асуудлуудыг эрсдэлд оруулах хангалттай нөхцөл байдлыг үүсгэж, компанийн эрх бүхий албан тушаалтан, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагыг хохироож болзошгүй байдал хэвээр байна.
15. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалын Тогтоох хэсгийн 1-д заасан “гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэсэн” хэсгийг өөрчлүүлэх, эсхүл хүчингүй болгуулж, “Э з” ХХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын зөрчигдсөн эрхийг сэргээж өнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
16. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
17. Хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Э з” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Н д р э к” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Э з” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн өгөх болон өөрчлөлт бүртгүүлэх тухай” хувьцаа эзэмшигчийн шийдвэр, мөн өдрийн “Э з” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, тус компанийн хувьцаа эзэмшигчийг төлөөлөн Д.Э /“Н д р э к” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч/ болон нэхэмжлэгч Г.Ө нарын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”, “Э з” ХХК-ийн шинэчилсэн дүрэм зэргийг үндэслэн “Э з” ХХК-ийн үүсгэн байгуулагч /хувьцаа эзэмшигч/-аар Г овогтой Ө-г бүртгэсэн өөрчлөлтийг хийсэн бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
18. Гэтэл хариуцагч маргаан бүхий бүртгэлүүдээр буюу 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр /гэрчилгээн дээр 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэж бичигдсэн/ “Н д р э к” ХХК-ийн “Э з” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авах тухай” хувьцаа эзэмшигчдийн тогтоол, “Б х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, нэхэмжлэгч Г.Ө болон “Б х” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай гэрээ”, мөн “Б х” ХХК болон “Н д р э к” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай гэрээ”, компанийн шинэчилсэн дүрэм зэргийг үндэслэн “Э з” ХХК-ийн үүсгэн байгуулагч /хувьцаа эзэмшигч/-ийг “Н д р э к” ХХК гэж, мөн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Э з” ХХК-ийн хувьцаа эзэмшигч /“Н д р э к” ХХК/-ийн шийдвэр, “Б х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, энэхүү хоёр компанийн хооронд байгуулсан бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээ зэргийг үндэслэн “Э з” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг “Б х” ХХК /хэдийгээр хариуцагчийн тайлбар болон дээрх компаниудын хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр “Б х” ХХК гэж байгаа боловч компанийн шинэчилсэн дүрмээр “Э з” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр А овогтой А гэсэн байна/ болгож өөрчилсөн нь хууль бус байна.
19. Учир нь, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийг заасан байх бөгөөд 23.3.1-д “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”; 23.3.2-т “эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр” байхаар заажээ. Энэхүү хуульд заасан “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”-ийг мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан өргөдөл гаргах эрх бүхий этгээдээс буюу “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага”, “үүсгэн байгуулагч”, “итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан”, “татан буулгах комиссын дарга” юмуу “итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд”-ийн аль нэгээс гаргана гэж ойлгох бөгөөд “эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр” гэдгийг тухайн хуулийн этгээдийн буюу энэхүү маргааны хувьд “Э з” ХХК-ийн үүсгэн байгуулагч /хувьцаа эзэмшигч/-ийн шийдвэр гэж ойлгоно.
20. Гэтэл хариуцагч маргаан бүхий бүртгэлүүдийг хийхдээ өргөдөл гаргах эрхгүй этгээдийн /хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-16.1.5-д заасан этгээдийн алинд нь ч үл хамаарах М.М гэдэг хүний/ гаргасан өргөдөл болон “Э з” ХХК-ийн үүсгэн байгуулагч, удирдлага, хувьцаа эзэмшигчийн алинд нь ч үл хамаарах “Н д р э к” ХХК болон “Б х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг үндэслэсэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна. Тодруулбал, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хүчин төгөлдөр улсын бүртгэлээр “Э з” ХХК-ийн үүсгэн байгуулагч /100 хувийн хувьцаа эзэмшигч/ нь Г овогтой Ө байхад түүний шийдвэр, хүсэлтгүйгээр компанийн удирдлага, үүсгэн байгуулагч /хувьцаа эзэмшигч/-ийг өөрчлөн бүртгэсэн нь хууль бус юм. Зүй нь хариуцагч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”; 19.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй;” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзах ёстой байжээ.
21. Харин анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Г.Ө болон “Б х” ХХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай гэрээ”-г үндэслэн “Э з” ХХК-ийн үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчийг “Б х” ХХК гэж үзэн, тус компанийн болон “Н д р э к” ХХК-ийн гаргасан шийдвэр, бусад бичиг баримтыг хуульд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ энэхүү маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.1, 19.1.2 дахь заалтыг хэрэглээгүй, 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.3.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
22. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс маргаан бүхий 2017 оны 8 дугаар сарын 17, 23-ны өдрийн “Э з” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хууль бус гэж дүгнэсэн тул “Г.Ө-ийн эзэмшиж буй “Э з” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг тус тус хүчингүй болгож, хураан авахыг даалгах” гэсэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болон энэ талаарх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
23. Захиргааны хэргийн шүүх нь иргэд хоорондын гэрээтэй холбоотой асуудалд, тухайлбал гэрээний хүчин төгөлдөр, эсхүл хуурамч эсэхэд, мөн гэрээний үүргийн хэрэгжилтийн талаар дүгнэлт өгөхгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш тул хэргийн оролцогчдын зүгээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан гэх 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай гэрээ”-тэй холбоотой аливаа асуудлаар иргэний болон эрүүгийн журмаар маргах эрхийг энэ тогтоол нь хязгаарлахгүй гэдгийг дурдах нь зүйтэй.
24. Иймд, шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээд “Н д р э к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0235 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0298 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.1, 19.1.2, 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.1, 23.3.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э з” ХХК-ийн захирал Г.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 8 дугаар сарын 17, 23-ны өдрүүдийн “Э з” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, гуравдагч этгээд “Б х” ХХК, “Н д р э к” ХХК-ийн “Г.Ө-ийн эзэмшиж буй “Э з” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг тус тус хүчингүй болгож, хураан авахыг даалгах” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ