Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 602

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00193 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э-” СӨХ, Ш.А- нарт холбогдох

 

Газар чөлөөлүүлэх, хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд 2 708 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Б-,

Хариуцагч: “Э-” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 15141, Л.Лааганы гудамж, Г95/6 тоотод байрлах гараашийг хууль ёсоор өмчилдөг бөгөөд уг тоосгон гарааш нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2012 оны 9 сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000213690 дугаар гэрчилгээгээр тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019263 дугаарт бүртгэж гэрчилгээ олгогдсон. 30А байрны 48 тоотод оршин суух Ш.А- нь 2018 оны 9 сарын 03-ны өдөр 30А байрны СӨХ-ны нэрийг барьж, орон сууц орчмын нийтийн эзэмшлийн зам, талбайг ашиглаж ашиг олох зорилго өвөрлөсөн шунахайн сэдэлтээр нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж хашаа хаалт босгож, манаачийн байр байрлуулж, барьсан хашаа хаалтыг өндөр үнээр үнэлж хууль бус төлбөр хураамж нэхсэн, өөрийн харуулдаа оруулахгүй байх үүрэг өгсөн зэргээс өөрийн өмчлөлийн авто гараашаа ашиглах боломжгүй болж, 2018 оны 10 сарын 01-ний өдрийн автомашины зогсоол хөлслөх гэрээгээр автомашины зогсоол түрээсэлж байрлуулсаар байна. Ш.А- нь “Э-” СӨХ-ны нэр дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа нь дуусгавар болсон. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 5 сарын 21-ний 241 дүгээр захирамжаар олгогдсон 9683 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хууль бусаар ашиглаж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Цэнд-Аюуштай хуйвалдаж, улсын байцаагч Г.Цэнд-Аюуш нь түүний нөлөөлөлд автсанаас ашиг сонирхлыг өмгөөлөн хамгаалж, түүнд давуу байдал олгож, зөрчлийг шалгаж шийдвэрлэхээс санаатайгаар татгалзаж, зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэхгүйгээр өргөдлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 02-03/4610 тоот албан бичгээр Нийслэлийн газрын албанд шилжүүлсэн. Нийслэлийн газрын албаны 2019 оны 01 сарын 03-ны өдрийн 03-06/08 тоот, 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 02-06/681 тоот албан бичгээр Ш.А- болон түүний нэрийг нь барьсан “Э-” СӨХ-нд газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн ч үл биелүүлсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-03/150 дугаар бүхий төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу 30А байрны барилгын гадна талбайн ашиглалтын байдлыг шалгаж, 2019 оны 4 сарын 01-ний өдрийн 1902000207 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, авто замын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 сарын 29-ний өдрийн 0067250 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан ч үл зөвшөөрч, захиргааны хэргийн шүүхэд хандах замаар өнөөдрийг хүрэв. Ийнхүү хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас үүссэн хохиролд 2018 оны 10 сарын 01-ний өдрийн автомашины зогсоол хөлслөх гэрээний төлбөрт төлсөн 2 700 000 төгрөг, нотариатын зардал 8 000 төгрөг, нийт 2 708 000 төгрөг гаргуулах, нийтийн эзэмшлийн зам, талбайг дур зоргоороо хааж, хашлага хаалт босгож, манаачийн байр байрлуулсныг албадан буулгуулж, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж байна. Манаачийн байр, автомат хаалт зэрэг нь миний эзэмшлийн гараашаас 100 гаруй метрийн зайтай боловч заавал автомат хаалт ашиглаж орж гарах шаардлагатай юм. Иймд манаачийн байр, автомат хаалт зэргийг албадан буулгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Э-” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б- өмнө нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 15141, Л.Лааганы гудамж 30а байрны гаднах нийтийн эзэмшлийн талбайд хаалт байрлуулж чипний мөнгө 80 000 төгрөг төл гэж байна, зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж өгнө үү гэсэн утга бүхий гомдол гаргасныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагч “Э-” СӨХ-ны дарга Ш.А-ийг 500 000 төгрөгөөр торгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.энэ хуулийн 65.1.1, 65.1.3-65.1.8 дэх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан бөгөөд Ш.А- шүүхэд гомдол гаргаж, шүүхээс шийтгэврийг хүчингүй болгосон тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Автомат хаалга суурилуулах ажил нь СӨХ-ноос зохион байгуулсан ажил биш бөгөөд оршин суугчид өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө сууц өмчлөгчдийн холбооноос нэг ч төгрөг гаргалгүйгээр зохион байгуулсан ажил бөгөөд Л.Б- чип авахгүй байгаа. Чип үнэ төлбөргүй авахыг 2018 оны 12 сарын 26-ны өдөр Л.Б-д мэдэгдсэн. Чип авсан бол Сүхбаатар дүүрэгт гарааш хөлсөлж машинаа тавих шаардлага үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ш.А- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ-ны гүйцэтгэх захирал болоход оршин суугч нар хурал дээр ажлын амжилт хүсэж, та бүхэнд хүргүүлсэн хурлын тэмдэглэл дээр дурьдсан ажлуудыг хийхийг санал болгосон. Миний бие ажлаа авч эхний 2 сар төлөвлөж байгаад 8 сард оршин суугчдаас санал асуулгын судалгаа авч нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг хаалтыг хийлгэхийн тулд үнэ болон хаалт тавьж болох эсэх талаар судлахад үнэ 1 800 000 төгрөгөөс 3 900 000 төгрөг хүртэл байсан. Харин хаалт тавих зөвшөөрлийг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас зөвшөөрөл авдаг гэхээр нь очиход Төрбат мэргэжилтэн төлбөртэй зогсоолын талаар манайхаас зөвшөөрөл авна, танайх мөнгө хураахгүй бол мөн аливаа гудамж, орц гарцыг хаагаагүй бол болно гэдэг аман тайлбар өгсөн. Үүний дараагаар мөнгөн дүн нөхцөлүүдийг оршин суугчдын төлөөлөл 10 гаруй иргэнд үзүүлж ярилцаж, нэгэнт судалгаа аваад иргэд зөвшөөрсөн тул оршин суугчдыг мөнгөө өгөхийг хүссэн. Иргэн Л.Б-гийн хувьд 2018 оны 11 сарын 10-ны өдөр хавьцаа оройн цагаар гэрийн хаалга хүчтэй цохиж, анх уулзаж байсан. Тэр хаалт болон чипний талаар ярилцсан. Та энэ 3 сарын хугацаанд огт ирээгүй байж яагаад гэрт ирж хэрүүл хийгээд байгаа юм бэ, маргааш өглөө уулзъя, та манай байрны оршин суугч биш ч гэсэн 60 000 төгрөг төлөөд авна бусад бүх гарааштай хүмүүс адилхан аваад болж байна гэж хэлсэн. Гэтэл тэр хүн чи 3000 төгрөгийн үнэтэй зүйлийг дамлаж ашиг олж байна гэсэн. 2018 оны 11 сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл луйварчин, энэ чипээр мөнгө олж байна гэж очсон байгууллага болгон дээрээ миний нэр хүндийг унагаж, гүтгэн доромжилж байгаад гомдолтой байна. Улмаар иргэн Л.Б- намайг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж, 2-3 байцаагчаар шалгуулаад, сүүлд шалгасан Ариунболд нь 500 000 төгрөгийн торгууль ногдуулсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх 500 000 төгрөгийн торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иргэн Л.Б-тэй 2018 оны 12 сарын 20-ны өдрөөс 2019 оны 01 сарын хооронд 3 удаа утсаар ярьсан. Уулзъя гэхэд завгүй гэсэн. Ингээд “Э-” СӨХ-ны удирдах зөвлөл чип үнэ төлбөргүй өгөхөөр шийдвэрлэж, 2018 оны 12 сарын 26-ны өдөр Л.Б-д утсаар мэдэгдсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  заасан үндэслэл тогтоогоогүй тул хариуцагч “Э-” сууц өмчлөгчдийн холбоо, хамтран хариуцагч Ш.А- нарт холбогдох гарааш руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг хааж босгосон хашаа хаалт, манаачийн байр зэргийг албадан буулгуулж газрыг чөлөөлүүлэх, гарааш руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хууль бус үйлдлийн улмаас хохиролд 2 708 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, ийнхүү харилцааг зөв тодорхойлоогүйн улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэнд гомдолтой байна. Зохигчдын хооронд хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгчийн хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой харилцаа үүссэн атал шүүх тэдний хооронд ямар харилцаа үүссэн талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр зохигчдын хоорондын харилцааг гэм хор учруулснаас үүссэн харилцаа хэмээн тодорхойлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Шүүх дээрх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй дүгнэлтдээ үндэслэн “... харуулын байр нэхэмжлэгчийн аливаа эрхэд сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, ... чипийг хэрэглэснээр түүний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд учирч байгаа саад бүрэн арилах боломжтой” гэх дүгнэлтийг хийсэн нь огт ойлгомжгүй, илт үндэслэлгүй болсон. Учир нь хариуцагч нарын хашаа хаалт, харуулын байр барьсан үйлдэл нь миний өмчлөх эрхийг илтэд харшилсан, зөрчсөн бөгөөд би Иргэний хуулийн 135 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн миний өмчлөх эрхийг зөрчин барьсан хашаа хаалт, харуулын байрыг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй. Гэтэл шүүх өмчлөгч миний өмчлөх эрх, цаашлаад шаардах эрхийг, мөн Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсгийн “Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй” гэх заалтыг илтэд зөрчсөн дээрх дүгнэлтийг хийж, улмаар миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Тодруулбал, би Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тогтоосон эрхийнхээ дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан байтал шүүх миний тус эрхийг “үнэгүй чип авснаар сэргээгдэнэ” гэж, мөн “... шаардлагыг Л.Бат-Элзий нь эрх зөрчигчийн ... эсрэг гаргах хууль зүйн үндэслэлгүий” гэж тус тус дүгнэсэн нь миний эрхээ сэргээлгэх шаардлага гаргах эрхэд бүдүүлгээр халдсан гэж үзэх үндэслэл болж байна. Зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн хөршийн эрх зүйн харилцааг зохицуулсан зохицуулалтаар шийдвэрлэх байтал тус зохицуулалтыг огт хэрэглэлгүйгээр зохигчдын үүссэн маргаантай харилцаанд огт хамааралгүй Иргэний хуулийн 106, 497, 510 дугаар зүйлийн заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүх хэргийн талаар нотлогдож буй байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тухайд хариуцагч талаас нэхэмжлэгчийн хөрш залгаа эд хөрөнгөө ашиглахад саад болохуйц үйлдэл хийсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй нотлогдсон. Гэтэл шүүх хариуцагчийн хууль бус үйлдэл хийсэн үйл баримт нотлогдож буй байдлыг /ХХ-ийн 106, 108, 120, 121 дэх талд авагдсан баримтаар нотлогдож байгаа/ үл харгалзан надад учирсан хохирлыг хариуцагч нарын хууль бус үйлдлээс шалтгаант холбоотой гэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон. Мөн түүнчлэн, шүүх хариуцагчийн баримтаар нотлогдоогүй “нэхэмжлэгчид чип авахыг мэдэгдсэн” гэх илт худал тайлбарыг үнэн мэтээр, улмаар надад өгөөгүй чипийг өгсөн мэтээр, улмаар үүнийг ашигласнаар миний эрх сэргээгдсэн мэтээр дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн нотлох баримтад үндэслэсэн байх, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн. Мөн шүүх хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нарын үйлдлээс би өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө ашиглах эрх хязгаарлагдсан, зөрчигдсөн үйл баримт нотлогдсон байхад учирсан хохирлыг зайлшгүй биш хэмээн дүгнэсэн нь илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр, хариуцагч Ш.Алтантуяа бусадтай гэрээ байгуулан миний өмчлөх эрхийг хязгаарласан хашаа хаалт, харуулын байр бариулсан үйлдэл эргэлзээгүй нотлогдсон байтал намайг шаардлага гаргах эрхгүй гэж, мөн түүнчлэн СӨХ бусдын эрхийг зөрчсөн бол түүнээс хохирол гаргуулахгүй хэмээн дүгнэсэн дүгнэлт нь илт хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч “Э-” СӨХ, Ш.А- нарт холбогдуулан газар чөлөөлүүлэх, хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд 2 708 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Б- нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Л.Лааганы гудамж, Г95/6 тоотод байрлах 13 м.кв талбайтай гараашийн өмчлөгч байх бөгөөд тус гарааш нь хариуцагч “Э-” СӨХ-тэй хөрш залгаа байрладаг болох нь зохигчдын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын болон гэрэл зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5, 7, 224-р тал/

 

Хариуцагч “Э-” СӨХ нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Л.Лааганы гудамж, 30А байрны оршин суугчдаас хийх ажлын судалгаа авч, оршин суугчид дэмжиж, 2018 оны 8 сарын 30-ны өдөр “Хал мон трейд” ХХК-тай автозогсоолын автомат хаалт гүйцэтгэх гэрээ байгуулан автомат хаалтыг хийлгэсний улмаас нэхэмжлэгч Л.Б- нь өөрийн гараашийг уг хаалтаар дамжин эзэмших нөхцөл байдал үүсчээ. /хх-ийн 40-106-р тал/  

 

Нэхэмжлэгч Л.Б- нь дээрх автозогсоолын автомат хаалтыг хийсэн хариуцагч “Э-” СӨХ-ны үйлдэлд гомдол гаргаснаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 4 сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудсаар хариуцагч “Э-” СӨХ-ны захирал Ш.А-т 500 000 төгрөгийн торгууль оногдуулсан байна. /хх-ийн 140, 146-р тал/

 

Уг шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч “Э-” СӨХ-ны захирал Ш.А- нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2019 оны 7 сарын 18-ны өдрийн 441 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 сарын 11-ний өдрийн магадлалаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон тул хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэл үгүйсгэгдсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй юм. /хх-ийн 136, 151-153, 155-156-р тал/

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж,

147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт “... машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана” гэж,

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт “Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй” гэж тус тус заасан.

 

Хариуцагч “Э-” СӨХ нь хуулийн хүрээнд автозогсоолын автомат хаалт хийж гүйцэтгэсэн нь нэхэмжлэгч Л.Б-гийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан гэх үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч Л.Б- нь 2018 оны 10 сарын 01-ний өдөр Ц.Оюунчимэгтэй, 2019 оны 12 сарын 01-ны өдөр Б.Баттүшигтэй зогсоол хөлслөх гэрээг байгуулж, нийт 2 700 000 төгрөг төлсөн гэх боловч энэ нь хариуцагч “Э-” СӨХ, Ш.А- нарын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол гэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн ба нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. /хх-ийн 8-9, 223-р тал/

 

Нөгөө талаар хариуцагч Ш.А- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа хариуцагч “Э-” СӨХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрээр нэхэмжлэгч Л.Б-д автомат хаалтны чипийг үнэ төлбөргүй өгөхөөр шийдвэрлэсэн гэжээ.

 

Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн хөршийн эрх зүйн харилцааг зохицуулсан зохицуулалтаар шийдвэрлэх байтал тус зохицуулалтыг хэрэглээгүй гэх боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э-” СӨХ нь хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш барилга барьсан, нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилсан үйлдэл хийсэн гэх үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.БАТЗОРИГ                                              

                                          ШҮҮГЧИД                                               Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ