Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2020/00193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, Т.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, байр тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Л.Б нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, байранд байрлах, Э Сууц өмчлөгчдийн холбоо,

 

Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Ш.А нарт холбогдох

 

Гарааш руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг хааж босгосон хашаа хаалт, манаачийн байр зэргийг албадан буулгуулж газрыг чөлөөлүүлэх, гарааш руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хууль бус үйлдлийн улмаас хохиролд 2,708,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Э Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч М.Д, хариуцагч Ш.А, иргэдийн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.              

 

                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би дүүргийн  дүгээр хороо,  дугаар хороолол, 15141,  гудамж,  тоотод байрлах гарааш хууль ёсоор өмчилдөг бөгөөд уг тоосгон гарааш нь УБЕГ-ын 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000213690 дугаар гэрчилгээгээр хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж гэрчилгээ олгогдсон. Ш.А нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 30А байрны СӨХ-ны нэрийг барьж орон сууцны орчмын нийтийн эзэмшлийн зам, талбайг ашиглаж ашиг олох зорилго өвөрлөсөн шунахайн сэдэлтээр нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж хашаа хаалт босгож, манаачийн байр байрлуулж, барьсан хашаа хаалтыг өндөр үнээр үнэлж хууль бус төлбөр хураамж нэхсэн, өөрийн харуулдаа оруулахгүй байх үүрэг өгсөн зэргээс өөрийн өмчлөлийн авто гараашаа ашиглах боломжгүй болж 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Автомашины зогсоол хөлслөх гэрээгээр автомашины зогсоол түрээсэлж машинаа байрлуулсаар байна. Ш.А Э-30 СӨХ-ийн нэр дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа нь аль хэдийн дуусгавар болсон. НЗД-ын 2008 оны 05 дугаар сарын 21-ний 241 дүгээр захирамжаар олгогдсон 9683 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хууль бусаар ашиглаж НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Цэнд-Аюуштай хуйвалдаж, улсын байцаагч Г.Цэнд-Аюуш нь түүний нөлөөлөлд автсанаас ашиг сонирхлыг өмгөөлөн хамгаалж, түүнд давуу байдал олгож, зөрчлийг шалгаж шийдвэрлэхээс санаатайгаар татгалзаж, зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэхгүйгээр өргөдлийг НМХГ-ын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-03/4610 тоот албан бичгээр Нийслэлийн газрын албанд шилжүүлсэн. НГА-ны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03-06/08 тоот, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02-06/681 тоот албан бичгээр Ш.А болон түүний нэрийг нь барьсан Э-30 СӨХ-нд газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч үл биелүүлсэн. НМХГ-ын дэд даргын баталсан 02-03/150 дугаар бүхий төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу 30А байрны барилгын гадна талбайн ашиглалтын байдлыг шалгаж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1902000207 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Авто замын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0067250 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан боловч үл зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандах замаар өнөөдрийг хүрэв. Ийнхүү хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас үүссэн хохиролд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Автомашины зогсоол хөлслөх гэрээний төлбөрт төлсөн 2,700,000 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг нийт 2,708,000 төгрөг гаргуулах, нийтийн эзэмшлийн зам, талбайг дур зоргоороо хааж хашлага хаалт босгож, манаачийн байр байрлуулсныг албадан буулгуулж, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлүүлэх  нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж байна. Манаачийн  байр, автомат хаалт зэрэг нь миний эзэмшлийн гараашаас 100-гаад метрийн зайтай боловч заавал автомат хаалт ашиглаж орж гарах шаардлагатай юм. Иймд манаачийн байр, автомат хаалт зэргийг албадан буулгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б өмнө нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан дүүргийн  дүгээр хороо,  дугаар хороолол, 15141,  гудамж 30а байрны гаднах нийтийн эзэмшлийн талбайд хаалт байрлуулж чипний мөнгө 80,000 төгрөг төл гэж байна. Зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж өгнө үү гэсэн утга бүхий гомдол гаргасныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагч Э Сууц өмчлөгчдийн холбооны дарга Ш.Аийг 500,000 төгрөгөөр торгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.“энэ хуулийн 65.1.1, 65.1.3-65.1.8” дах үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан бөгөөд Ш.А шүүхэд гомдол гаргаж  шүүхээс шийтгэвэрийг хүчингүй болгосон тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Автомат хаалга суурилуулах ажил нь Сууц өмчлөгчдийн холбооноос зохион байгуулсан ажил биш бөгөөд оршин суугчид өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө  сууц өмчлөгчдийн  холбооноос нэг ч төгрөг гаргалгүйгээр зохион байгуулсан ажил бөгөөд Л.Б чип авахгүй байгаа. Чип үнэ төлбөргүй авахыг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Л.Бд мэдэгдсэн. Чип авсан бол Сүхбаатар дүүрэгт гарааш хөлсөлж машинаа тавих шаардлага үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Ш.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажлаа авч эхний 2 сар төлөвлөж байгаад 8 сард оршин суугчдаас санал асуулгын судалгаа авч уг хаалтыг хийлгэхийн тулд үнэ болон хаалт тавьж болох эсэх талаар судлахад үнэ 1,800,000 төгрөгөөс 3,900,000 төгрөг хүртэл байсан. Харин хаалт тавих зөвшөөрлийг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас зөвшөөрөл авдаг гэхээр нь очиход Төрбат мэргэжилтэн төлбөртэй зогсоолын талаар манайхаас зөвшөөрөл авна, танайх мөнгө хураахгүй бол мөн аливаа гудамж, орц гарцыг хаагаагүй бол болно гэдэг аман тайлбар өгсөн. Үүний дараагаар оршин суугчдын төлөөлөл 10 гаруй иргэнд үзүүлж ярилцаж нэгэнт судалгаа аваад иргэд зөвшөөрсөн тул оршин суугчдыг мөнгөө өгөхийг хүссэн. Иргэн Л.Бн хувьд 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хавьцаа оройн цагаар гэрийн хаалга хүчтэй цохиж анх уулзаж байсан. Тэр хаалт болон ЧИП-ний талаар ярилцсан. Та энэ 3 сарын хугацаанд огт ирээгүй байж яагаад гэрт ирж хэрүүл хийгээд байгаа юм бэ, маргааш өглөө уулзъя, та манай байрны оршин суугч биш ч гэсэн 60,000 төгрөг төлөөд авна бусад бүх гарааштай хүмүүс адилхан аваад болж байна гэж хэлсэн. Гэтэл тэр хүн чи 3000 төгрөгийн үнэтэй зүйлийг дамлаж ашиг олж байна гэсэн. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл луйварчин, энэ чипээр мөнгө олж байна гэж очсон байгууллага болгон дээрээ миний нэр хүндийг унагаж, гүтгэн доромжилж байгаад гомдолтой байна. Улмаар иргэн Л.Б намайг НМХГ-Т гомдол гаргаж, 2-3 байцаагчаар шалгуулаад, сүүлд шалгасан Ариунболд нь 500,000 төгрөгийн торгууль ногдуулсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх 500,000 төгрөгийн торгуулийн шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иргэн Л.Бтэй 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын хооронд 3 удаа утсаар ярьсан бөгөөд уулзъя гэхэд завгүй гэсэн. Ингээд Э Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл чип үнэ төлбөргүй өгөхөөр шийдвэрлэж, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Л.Бд утсаар мэдэгдсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Э Сууц өмчлөгчдийн холбоо, хариуцагч Ш.А нарт холбогдуулан гарааш руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг хааж босгосон хашаа хаалт, манаачийн /харуулын/ байр зэргийг албадан буулгуулж газрыг чөлөөлүүлэх, гарааш руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд 2,708,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

    Нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэлийн үндэслэлээ Манаачийн /харуулын/ байр, Автомат хаалт зэрэг нь миний эзэмшлийн гараашаас 100-гаад метрийн зайтай боловч заавал Автомат хаалт ашиглаж орж, гарах шаардлагатай бөгөөд гарааш эзэмших өмчлөх эрхээ хэвийн үргэлжлүүлэхэд бодитой саад бэрхшээл 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс тулгарч эхэлсэн тул албадан буулгуулна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Э Сууц өмчлөгчдийн холбоо нь Автомат хаалга суурилуулах ажил нь Сууц өмчлөгчдийн холбооноос зохион байгуулсан ажил биш бөгөөд оршин суугчид өөрсдийнхөө аюулүй байдлын төлөө сууц өмчлөгчдийн холбооноос нэг ч төгрөг гаргалгүйгээр зохион байгуулсан ажил бөгөөд Л.Б чип авахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Хариуцагч Ш.А нь Э Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл чип үнэ төлбөргүй өгөхөөр шийдвэрлэж, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Л.Бд мэдэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй боловч тухайлан хашаа хаалт, харуулын байрыг буулгах замаар эрхээ сэргээлгэх боломжгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Л.Б нь дүүргийн  дүгээр хороо,  дугаар хороолол, 15141,  гудамж,  тоотод байрлах 13 м.кв талбайтай гарааш өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр  /хх-ийн 5 тал/ тогтоогдож байна.

 

Тэрээр тус байранд оршин суудаггүй боловч түүний өмчлөлийн гарааш байрлах газар орон зан хувьд Э Сууц өмчлөгчдийн холбооны ашиглах эрхэд байгаа газартай хөрш залгаа байна.

 

Иргэн Ш.А нь Э Сууц өмчлөгчдийн холбооны захирлаар ажилладаг байх ба тус байрны оршин суугчдын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хурал дээр оршин суугчдаас гаргасан “Автомат хаалт байрлуулах” хүсэлтийн дагуу санал хураалт явуулж нийт оршин суугчид болон түрээслэгч нар дэмжиж, улмаар СӨХ-ийн дарга Ш.А мөнгийг цуглуулж, хаалт байрлуулах ажлыг гүйцэтгүүлсэн талаар түүний тайлбар, Авто зогсоолын автомат хаалт гүйцэтгэх гэрээ /хх-ийн 106 тал/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо хуулийн этгээдийн эрхгүй байх ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.10.тухайн орон сууцны байшингийн орчны газрыг зориулалтаар нь ашиглаж байгаа байдалд хяналт тавих” асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр заажээ.

 

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагч нь иргэн Л.Бгөөс ирүүлсэн дүүргийн  дүгээр хороо,  дугаар хороолол, 15141,  гудамж 30а байрны гаднах нийтийн эзэмшлийн талбайд хаалт байрлуулсан тухай гомдол мэдээлэлд үндэслэл Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0067250 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар Ш.Ат 500,000 төгрөгөөр торгох шийтгэл /хх-ийн 140 тал/ ногдуулжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0441 дугаар шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагч  И.Ариунболдын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0067250 дугаар шийтгэлийн хуудсыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн /хх-ийн 151-153 тал/ байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22/МА2019/0475 дугаар магадлалаар “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0441 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ”...1/нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэснийг ”хүчингүй болгосугай” гэж өөрчлөн уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Нэхэмжлэгч Л.Б нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй боловч Э Сууц өмчлөгчдийн холбооны хашаа, автомат хаалт, харуулын байр зэргийг буулгах замаар саад болж байгаа үйлдлийг зогсоох үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.

 

Тодруулбал: Үүнээс өөр арга замаар буюу илүү эдийн засгийн ашигтай аргаар энэ үйлдлийг зогсоох боломжтой бөгөөд хариуцагч Э Сууц өмчлөгчдийн холбооны Автомат хаалгаар орж гарах чипийг хэрэглэснээр түүний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд учирч байгаа саад бүрэн арилах боломжтой.

 

Хариуцагч нар чип үнэ төлбөргүй авахыг мэдэгдсэн гэж мэтгэлцэж байгааг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Түүнчлэн харуулын байр нэхэмжлэгчийн аливаа эрхэд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын…эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар шаардах эрхтэй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Л.Б нь Ц.Оюунчимэгтэй Автомашины зогсоол хөлслөх гэрээ байгуулж 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай, Б.Баттүшигтэй Автомашины зогсоол хөлслөх гэрээ байгуулан 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 12 дугаар байрны зоорийн давхрын 5 тоот хаягт байрлах 22,5 м.кв талбайтай гарааш, жилийн 1,800,000 төгрөгөөр хөлслөхөөр тус тус тохиролцож, 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 900,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт, 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 900,000 төгрөг хүлээн авсан, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 900,000 төгрөг  хүлээн авсан баримтыг /хх-ийн 8-9 тал/ ирүүлсэн байх ба хариуцагч Э Сууц өмчлөгчдийн холбоо нь гарааш руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд 2,700,000 төгрөг, нотариатын зардалд 8,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шаардаж байна гэж тайлбарлав.

 

Нэхэмжлэгч Л.Б гарааш руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хууль бус үйлдлийн улмаас гарааш өмчлөх эрхээ хэвийн хэрэгжүүлж чадахгүй 2,700,000 төгрөгийн хөлс төлөхөөр гарааш түрээслэх болсон нь Э Сууц өмчлөгчдийн холбоо болон иргэн Ш.А нарын хууль бус үйлдлээс шалтгаант холбоотой гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

Тодруулбал: Э Сууц өмчлөгчдийн холбоо болон иргэн Ш.А нарын үйлдлээс нэхэмжлэгчид зайлшгүй учрах зардал, хохирол  гэж үзэх боломжгүй байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.Гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаарх бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулна” гэж зааснаас үзвэл үүнээс бусад тохиолдолд гүйцэтгэх захирал нь СӨХ-ны үйл ажиллагааг явуулсныхаа төлөө дээрх төлбөрийг нөхөн төлөх үндэслэлгүй.

 

Эдгээр үндэслэл, үйл баримтад тулгуурлан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасны дагуу өмчлөх эрхээ зөрчсөн үйлдлийг зогсоож гарааш руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг хааж босгосон хашаа хаалт, манаачийн /харуулын/ байр зэргийг албадан буулгуулж газрыг чөлөөлүүлэх, хохиролд 2,708,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч Л.Б нь эрх зөрчигч Ш.А, Э Сууц өмчлөгчдийн холбооны эсрэг гаргах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогоогүй тул хариуцагч Э Сууц өмчлөгчдийн холбоо, хариуцагч Ш.А нарт холбогдох гарааш руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг хааж босгосон хашаа хаалт, манаачийн /харуулын/ байр зэргийг албадан буулгуулж газрыг чөлөөлүүлэх, гарааш руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд 2,708,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Бн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,500 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Н.НАРАНГЭРЭЛ

 

                                       ШҮҮГЧ                                 Н.БАЯРМАА

                                                                                                       

                                                                                    Т.НАРАНЦОГТ