Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 599

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00226 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Т-, Б.Д- нарт холбогдох

 

Г.Г-, А.Т- нарын байгуулсан бэлэглэлийн гэрээ, А.Т-, Б.Д- нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай хариуцагч Б.Д-гийн, зээлийн гэрээний үүрэгт 638 357 542 төгрөг гаргуулах тухай хариуцагч А.Т-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Б

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

           

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г- миний бие 2012 оны 3 сард А.Т-тай харилцан тохиролцож, бизнесийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх зорилгоор 150 000 ам.доллар, 2012 оны 8 сард 40 000 ам.долларыг зээлж авсан. 2012 оны 4 сараас эхлэн сар бүр 7 600 ам.долларыг сар бүр А.Т-т бэлнээр төлдөг байсан бөгөөд А.Т- өөрийнхөө дэвтэрт бичиж, надаар гарын үсэг зуруулдаг байсан. 2013 оны 7 сараас эхлэн А.Т- нь өөрийн төрсөн дүү болох Л.Чимгээгийн Төрийн банкны 106200118334 тоот дансанд, 2013 оны 7 сараас эхлэн 2016 оны 3 сарын 10 хүртэл нийт 149 943 800 төгрөгийг төлсөн. Мөн А.Т-ийн өөрийнх нь Хаан банкны 5007214545 тоот данс руу 102 722 600 төгрөгийг өгсөн. Мөн миний нөхөр Л.Ганбилэгийн 5028073131 тоот данснаас Л.Чимгээ болон А.Т- нарын данс руу 96 891 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөн Г.Г- би өөрийн Голомт банкны 1505107247, 3405005776 тоот данснуудаас 9 906 000 төгрөгийг мөн шилжүүлж өгсөн. Нийт дансаар 359 462 600 төгрөгийг шилжүүлэн өгсөн байдаг. Гэтэл А.Т- нь 2016 оны 4 сард намайг Сонгдо эмнэлэгт эмчлүүлж, байх үед эмнэлэг дээр ирж, чиний зээлийн үлдэгдэл 150 000 ам.доллар байгаа энийгээ төл гэж хэрүүл шуугиан хийж, хэрвээ төлөхгүй бол би хүү, алданги тооцно, хүний мөнгө байсан, би боож үхнэ гэх мэтээр асуудал үүсгэсэн. Би эмнэлэг дээр байсан учраас ихэд санаа зовсон. Ингээд А.Т- надаар 171 000 ам.доллар өгөх ёстой гэсэн цаасан дээр айлган сүрдүүлж гарын үсэг зуруулж авсан. Би тухайн үед зээлж авсан мөнгө болон өгсөн төлбөр хоёроо тооцоо нийлж, байж асуудалд хандах юм чинь энэ гарын үсэг их ач холбогдол өгөхгүй байх гэж бодоод А.Т-ийг хурдан явуулах зорилгоор гарын үсэг зурж зурсан. 2017 оны 4 сард гэнэт А.Т- надтай холбогдож, чи надад 171 000 ам.долларын өртэй чиний гарын үсэг надад байна энэ мөнгөө төл гэсэн. Би чамтай тооцоо дууссан, асуудал байвал тооцоо шахаж хоёулаа шийдье гэж хэлсэн. Гэтэл А.Т- нь манай ажил дээр өдөр бүр ирж орилж, чарлаж, танай ажил дээр боож үхнэ энэ чинь хүний мөнгө байсан юм, тэр хүн нь намайг алах гээд ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шийдэхгүй бол би амьдрахгүй болчихоод байна гэх болсон. Би хариуд нь чи бид хоёрын дунд тооцоо дууссан, чи тэр хүмүүстэйгээ өөрөө учраа ол гэдэг зүйлсийг хэлдэг байсан. Гэтэл А.Т- нь за намайг уучлаарай чи найздаа тус болчих, миний мөнгө зээлж авсан хүмүүс намайг хүнд байдалд оруулаад байна. Тэр хүмүүс баталгаа шаардаад байна. Чи энэ Шидэт од компанийнхаа байрыг найздаа түр шилжүүлээд өгчих, би тэр хүмүүст гэрчилгээг нь үзүүлээд би зээлүүлсэн мөнгөнийхөө оронд барьцаа болгож энэ эд хөрөнгийг авчихсан гэж тайвшруулаад буцаагаад чиний нэр дээр шилжүүлчихнэ гэж надаас гуйсан. Би тэгэх боломж байхгүй учир нь байр банкны барьцаанд байдаг, ямар ч боломж байхгүй надад мөнгө байхгүй барьцаатай учраас нэр шилжих ямар ч боломжгүй гэж хэлсэн. Гэтэл А.Т- мөнгө асуудал байхгүй би гаргана. Тэртээ тэргүй чи зээлтэй байгаа юм байна. Би гаргана гэж надад хэлсэн. Би за яах вэ бизнес эрхлэх үйл ажиллагаа эхлэхэд зээл өгч тусалсан сайн муу харилцаатай байсан ч тодорхой хэмжээнд А.Т-ийг таньдаг болсон учраас урьдын харилцаагаа бодоод би зөвшөөрсөн. Ингээд А.Т- “Шидэт-Од” ХХК-ийн 5121004615 тоот данс руу 99 000 000 төгрөг шилжүүлж, 2017 оны 4 сарын 03-ны өдөр зээлийг хааж, 2017 оны 4 сарын 04-ний өдөр БЗД-ийн 25 дугаар хороо, нарны зам гудамж, 143 байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140,28 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204026276 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 15 мкв №11 тоот авто зогсоолыг бэлэглэлийн гэрээ хийж А.Т-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Ингээд А.Т- бид хоёр тухайн үед ярилцаад банкинд төлөх мөнгөө А.Т-т төлж байхаар болсон юм. Ингээд 2017 оны 8 сараас 2019 оны 2 сар хүртэл 43 200 000 төгрөг, 2017 оны 7 сард 15 000 000 төгрөгийг тус тус төлсөн. 2019 оны 1 сараас эхлэн миний нөхөр Л.Ганбилэг уушгины өвчин тусч, гадаад дотоод улсад эмчлүүлэх шаардлага үүссэн бөгөөд энэ талаар 2013 оны 3 сард А.Т-т хэлж гэрчилгээнийхээ нэрийг найз нь буцааж шилжүүлж авмаар байна, барьцаанд тавьж зээл авах гэсэн юм нөхрийн минь эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд А.Т- юу яриад байгаа юм, надаас зээлж авсан мөнгөнийхөө үлдэгдэл төлбөрт шилжүүлээ биз дээ харин ч чамайг хөөж гаргахгүй байгаа нь их юм гэж бод, би чамд байшинг буцааж өгөхгүй чаддаг юм бол шүүхдээд аваарай гэж надад хэлсэн. Ингээд А.Т- намайг хуурсныг би ойлгосон учир 2019 оны 3 сарын 15-ны өдөр энэ байр маргаантай тул худалдан авсан хүн мөнгөн хэлбэрээр хохирч болохыг анхааруулж байна гэсэн зарыг томоор хэвлэн, олон газар наасан. Миний бие А.Т-т өгсөн мөнгө болох А.Т-аас авсан мөнгөө шүүхээр тогтоолгож, эд хөрөнгөө буцааж авах агуулга бүхий нэхэмжлэлийг 2019 оны 4 сарын 04-ний өдөр А.Т-т холбогдуулан гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлага хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр буцсан. Үүний дараа 2019 оны 4 сарын 18-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан боловч А.Т- нь хаяг дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар 2019 оны 6 сарын 28-ны өдөр эрэн сурвалжлуулах шийдвэр гарч 2019 оны 9 сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн тоотоор А.Т-ийн оршин суух хаягийг тодруулсан. А.Т- нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдсэний дараа Б.Д-тэй 2019 оны 5 сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг зохиомол байгуулж, орон сууцыг худалдсан байсан. Хэрэв Б.Д- уг байрыг худалдан авч л байгаа бол томоор бичсэн зарыг унших нь тодорхой байсан. Энэ байр маргаантай тул худалдан авсан хүн мөнгөн хэлбэрээр хохирч болохыг анхааруулж байна гэсэн зарыг нийтэд ойлгомжтойгоор ил харагдахуйц газар олноор байршуулсан байсан. Мөн Б.Д-гийн өмгөөлөгч н.Оюунгэрэл над дээр ирж үзүүлдэг бөгөөд танайх эмнэлгийнхээ байрыг зарсан юм уу гэж асуухад үгүй ээ үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, энэ тавьсан заруудыг харахгүй байна уу гэж хүртэл хэлсэн. Гэтэл н.Оюунгэрэл нь танай холын хамаатан гэх хүн байрыг чинь худалдан авсан юм шиг байна гэх хэлсэн тул юу яриад байгаа юм бэ худалдаж авахаар бол ядаж ирж үзнэ биз дээ ямар зүйл худалдан авч байгаагаа худалдан авах хүн чинь үзэх нь тодорхой шүү дээ худал байх гэж хэлж мөн А.Т-тай шүүхээр маргаантай байгаа гэдгийг хэлсэн болно. Мөн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа огт тасалдаагүй явуулж байгаа болно. Иймд 2017 оны 4 сарын 04-ний өдрийн Г.Г- болон А.Т- нарын байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн 2019 оны 5 сарын 02-ны өрийн А.Т- болон Б.Д- нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2017 оны 4 сарын 04-ний өдрийн Г.Г- болон А.Т- нарын хооронд бэлэглэлийн гэрээгээр дүр эсгэн шилжүүлсэн байраа буцаан авч, мөн уг гэрээний үр дагаврыг арилгуулах шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасны дагуу гаргаж байна. Учир нь 2019 оны 5 сарын 02-ны өдөр А.Т- болон Б.Д- нар нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж өмчлөгчөөр Б.Д- бүртгэгдсэн гэжээ.

 

Хариуцагчийн Б.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г- нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ямар үндэслэлээр надад холбогдуулан нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Түүний нэхэмжлэлдээ дурдаад байгаа үл хөдлөхийг би иргэн А.Т-аас түүний өмчлөх эрхийн хууль ёсны гэрчилгээтэй Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж 143 байр 1 дүгээр давхрын О/А тоот үл хөдлөхийг хууль ёсны дагуу худалдаж авсан. Харин нэхэмжлэгч Г.Г- нь миний өмчлөх эрхэд саад учруулж тус үл хөдлөхийг суллаж өгөхгүй надад хохирол учруулаад байгаа. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч А.Т- шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г-ийн нэхэмжлэлд бичсэн зүйл бодит байдалд огт нийцээгүй, хүн гүтгэсэн, худал зүйл бичсэн байгаад маш их харамсаж, түүнд гомдох сэтгэл төрж байна. Түүний бичсэн зүйл шүүхийг төөрөгдүүлэх гэсэн санаа зорилготой байгаа нь тодорхой байгаа бөгөөд хамгийн бодит няцаалт бол түүний өөрийн гараар бичсэн баримт нь хэлж өгнө. Г.Г- нь анх надаар дамжуулан миний бурхан болооч найз Нансалмаагаас хүүтэй мөнгө зээлдэг өгдөг авдаг байсан юм. Энэ үед их хэмжээний мөнгийг хүү багатай зээлэх хүн олдохгүй надаар дамжуулан зээл авч байхдаа их л баярласан, талархсанаа хэлж, их тус болж байна гээд явдаг байсан. Учир нь хүний сайхан сэтгэл, итгэлийн үндсэн дээр ямар ч барьцаагүй, тэр ч бүү хэл өгсөн, авсан болон ямар ч бичиг баримтгүйгээр итгэлцэн, ажил амьдралаа залгуулан явж байсан хүн өнөөдөр ийм гутамшигтай худал зүйл бичиж байгаа нь түүний мөс чанар нь мөнгөнөөс дор болсноо харуулжээ. Тэрээр 2012 оны 3 сард 150 000 ам.долларыг зээлэхдээ өөрийнх нь найзын Солонгос нөхөр нь нутаг буцах болоод зарахаар санал болгосон хашаа, байшин, газрыг 800 000 ам.доллараар худалдаж авахад 150 000 ам.доллар дутаад байна та олж өгч туслаач гээд нөгөө найзаас минь надаар дамжуулан зээлсэн юм. Мөн удалгүй хүү Ууганбаяр нь нарны хороололд байр худалдаж авах гэсэн 40 000 ам.доллар хэрэгтэй байна гээд нэмж аваад нийт 190 000 ам.долларыг сарын 4% хүүтэй зээлсэн юм. Энэ 4% хүү нь 7 600 ам.доллар болж байгааг тэрээр нэхэмжлэлдээ бичсэн байна. Ганчимэг нь энэ төлж байгаа мөнгөө надад биш миний найзад зээлсэн мөнгөнийхөө хүүнд төлж байсан гэдгээ маш сайн ухамсарлаж, хүлээн зөвшөөрч өгдөг байсныг би цааш нь дамжуулж өгч байгааг мэдэхийн дээдээр сайн мэддэг байсан учраас тухайн үед ямар ч асуудал гардаггүй байсан. Тухайн үед би яагаад энэ асуудалд холбогдсон гэхээр ийм их хэмжээний мөнгийг Ганчимэг ямар ч барьцаа хөрөнгөгүй, гарын үсэг бичиг баримтгүйгээр хаанаас ч авах боломжгүй бөгөөд миний итгэлийг ашигласанд л байгаа юм. Миний талийгаач найз Ганчимэгт ямар ч баталгаагүй, барьцаагүйгээр мөнгө зээлэхгүй, чи л харин өөрөө баталгаа болох юм бол зээлүүлье гэж зөвшөөрч зээлдүүлж байсан юм. Үүнийг тэрээр нуулгүй нэхэмжлэлдээ “... зээл өгч тусалсан ...” гэж бичсэн байгаа ба энэ зээлийг авч өөрийнхөө хичнээн их ажил, амьдрал, хэрэгцээ шаардлагаа залгуулж, ямар ашиг орлоготой болсноо харин мартсан бололтой. Тэрээр нэхэмжлэлдээ дараах зүйлсийг үндэслэлгүй худал гүтгэж бичжээ. 2012 оны 3 сард 150 000 ам.доллар, 2012 оны 8 сард 40 000 ам.доллар зээлж авсан гээд 2012 оны 4 сараас эхлэн сар бүр 7 600 ам.доллар төлдөг байсан, үүнийг Ганчимэгийн болон манай ажил дээр ирж өгөөд дэвтэр дээр бичиж гарын үсэг зурдаг байсан гэжээ. Хэрвээ 2012 оны 4 сараас эхлэн сар бүр 7 600 ам.доллар өгч байсан бол энэ дүн яаж гарснаа тайлбарлах хэрэгтэй болох байх. Дээр дурдсан нийт 190 000 ам.доллар зээлсний сарын хүүгийн 4% нь 7600 ам.доллар болж байгаа. Гэтэл 4 сараас нь эхлэн өгсөн болж байгаа нь үндэслэлгүй болж байгаагаа баталж байна. Ганчимэгийн ажил дээр би ер очиж мөнгө авч байгаагүй ба харин манай ажил дээр ирдэг байсан. /энэ нь түүний өөрийх нь наашаа цаашаа явахад хүндрэлтэй байна гэж бичсэнээр нь батлагдаж байна /Харин сар бүр биш алдаг оног мөнгөө бэлнээр өгч байсныг би шууд зээлдүүлэгчид өгснийг тэр мэдсээр байж намайг дэвтэр дээрээ бичдэг гарын үсэг зуруулдаг гэж худал бичсэн байна. Би 2016 онд  энэ эмнэлэг дээр очиж байгаагүй бөгөөд түүнийг эмнэлэгт хэвтэж байвал хүний хувьд эргэлтээр очих байсан уу гэхээс мөнгө нэхэж очих хүн чанаргүй хүн биш гэдгийг маань энэ олон жилийн хугацаанд мөнгө авч байхдаа ч би тэдэнд боломж гарган, хүлээцтэй хандаж олон жил өөрөө хүний өмнөөс хариуцлага үүрч явж байснаар гэрчлэгдэнэ. Хэрэв би Сонгдо эмнэлэг дээр очсон бол наад зах нь гэрч, эмнэлгийн камерийн бичлэгээр нотлогдох ёстой болов уу. Хоёрт надад хүнийг айлган сүрдүүлэх чадал тэнхээ, өөрийгөө боож үхүүлэх доройтсон ухамсар байхгүй бөгөөд олон нийтийн газар байтугай гэр орондоо ч тэр ямар ч хүнтэй ам муруйж үзээгүй хүн гэдгээ хэлэх хэрэгтэй болж байна. Нөгөө талаар би айлган сүрдүүлж бичиг авсан бол үүнийг одоо болтол хууль хяналтын байгууллагад хандаж, хууль бус гэдгийг нь тогтоолгохгүй, бүтэн 3 жил гаран юу хийж байсан болж байна. Гуравт зээлийн үлдэгдэл 150 000 ам.доллар гээд хэрүүл шуугиан тарьсан хүн 171 000 ам.доллар өгөх ёстой гэсэн цаасан дээр гарын үсэг зуруулсан гэсэн авцалдаагүй, утгагүй зүйл бичсэн байгаа нь бодит байдалд болоогүй зүйлийг болсон мэт бичих гэж будилж, хөглөж суугаа юм байна. Дөрөвт тооцоо нийлж байж асуудалд хандах юм чинь бичсэн зүйл дээр нь гарын үсэг зурсан ...” гэжээ. Энэ яриад байгаа бичгийг Ганчимэг өөрийн гараар, өөрөө тооцоогоо бодож тооцоолоод 171 000 биш 174 000 ам.доллар өгөх нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч надад өөрөө өгснөө худлаа бичиж байгаа нь он, сар, мөнгөн дүн, бичгийн хэв зэргээр тогтоогдоно. Учир нь 2014-2015 оны үед Ганчимэг өөрөө зээлээ төлөхөд хэцүү байна бид эмнэлгээ таны нэр дээр шилжүүлж өгье, тэгээд таньд түрээс төлж байя гэж гарааш дотроо нөхрийнхөө хамт хэлж байхад нь би та нар өөрсдөө асуудлаа зохицуулаа, та нар блокны үйлдвэртэй, Бор өндөрт байдаг жоншны уурхайтай боломж байгаа гэж хэлж байсан. Тэд нар харин энэ байраа зарах гэсэн үнэ нь унаад байна. Ремаксаар 2 100 000 төгрөгөөр м.кв заруулах гээд үнэ нь буугаад 1 800 000 төгрөг болчлоо зарагдахгүй байна гэж байсан юм. Ингээд харин би биш тэд нар надад олдохгүй, хаалгаа тайлахгүй араас нь хаана байгааг нь олж уулзах гэж цаг хугацаа маш их өнгөрсөн. Хүү Ууганбаяртай нь утсаар холбогдож аав ээж хоёрыг нь олдохгүй байгаа талаар асуухад дандаа ингэдэг юм олон газарт өртэй гэдэг байсан. Ажил дээр нь очихоор үүдэнд суудаг жижүүр дүү нь гээд охин нь Ганчимэг эгч ажлаа хийхгүй байгаа гэдэг байсан бөгөөд би түүнд энэ байр миний өмч, та нар суллаж өгөөрэй, урт хугацаанд үнэ төлбөргүй, түрээсийн төлбөр төлөхгүй ашиг орлого хангалттай олж байгаа талаар хэлэхэд тийм үү энэ талаар ёстой мэдэхгүй юм байна гэж байсан. Өрийг нь дарж байрыг нь чөлөөлж өгсөн байтал нөхөр нь яах гэж авч өгсөн юм хохьчинь чөлөөлөөгүй бол банк бид нарыг хөөж гаргахгүй байсан юм гэж даапаалан доромжилж байхад Ганчимэг чи дуугүй бай гэж хэлж байсан. Гэрт нь болсон асуудал. Миний хувьд ямарваа нэгэн хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Ганчимэгийн нэхэмжлээд байгаа зүйл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Б.Д- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Б.Д- би хариуцагч болох Г.Г-т холбогдуулан миний өмчлөлийн байрнаас эд зүйлээ авч, байр суллаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд 2019 оны 6 сарын 4-ний өдөр 9189 дугаартай Т.Энхжаргал шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан боловч хариуцагч Г.Г- нь хаягтаа байдаггүй, эрэн сурвалжилсан түдгэлзсэн, албадсан болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих, өмгөөлөгч оролцуулах, хэргийн материалтай танилцах, шүүгчийг татгалзах гэх зэрэг янз бүрийн шалтаг, шалтгаанаар товлогдсон шүүх хурлыг явуулахгүй бүтэн 5 сар явсаар 2019 оны 10 сарын 21-ний өдөр 16723 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Энэ хоорондоо тэрээр тус шүүхэд надад болон А.Т- нарт холбогдуулан 2019 оны 5 сарын 02-ны өдрийн А.Т- болон Б.Д- нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-г үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж 2019 оны 10 сарын 4 өдөр 16667 дугаартай иргэний хэрэг үүсгүүлсэн байна. Энэ хэрэгт би хариуцагчаар татагдсан миний нэхэмжлэлтэй хэрэг хэрэгсэхгүй болсон учраас дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэн Б.Д- би иргэн А.Т-ийн нэг хүний өмч болох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж 143 тоот байр О/А тоот 140,28 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байр, 11 тоот хаягт байршилтай 15 мкв авто зогсоолын хамт 2019 оны 5 сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 206 000 000 төгрөгөөр тохиролцон, төлбөрийг нь төлж худалдан авсан. Худалдагч А.Т- нь уг байрыг надад худалдахдаа Г.Г- гэдэг хүн шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг байсан, тэр хүний эд хогшил хадгалж байгаа түүний эзэнд нь хүлээлгэж өгөх, байраа султгуулах ажил байгаа, өөрөө болохоор олон хэлсэн боловч тоодоггүй, бие муу тархи толгой өвддөг учир хүнтэй ам мурийх хүсэлгүй байна гэж хэлсэн. Уг байрыг өмнө нь би үзэж байсан. Үнэ харьцахгүй боломжийн үйлчилгээ явуулахад тохиромжтой мэдэх учир доторх эд зүйлийг эзэнд нь хүлээлгэж өгөх асуудлыг хариуцахаар болсон. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч н.Оюунгэрэл хариуцагч Г.Г-тэй уулзан байрнаас эд хогшлоо гаргах, байр султгаж өгөх талаар хэлсэн боловч хүлээн аваагүй байна. Миний зүгээс хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан учраас Г.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хариу тайлбараар өгсөн. Иймд хариуцагч Г.Г-т миний өмчлөлийн байрнаас эд зүйлээ авч байр суллаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч А.Т- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Г- нь дээрх үл хөдлөх хөрөнгийг банкинд барьцаалсан байсан бөгөөд надаар чөлөөлүүлж, банкинд төлдөг хүүгээ надад төлж байхаар тохирсон юм. 99 290 660 төгрөг төлүүлж, байраа барьцаанаас сулласан юм.. Ганчимэг нь нийт 190 000 ам.доллар, 99 290 660 төгрөг зээлсэн. Ингээд тэр ам ам.доллароос 2017 оны 2 сарын 5-ны өдрийн байдлаар 15 000 ам.доллар төлсөн бөгөөд үлдэгдэл 175 000 ам.доллар төлөх үлдэгдэлтэйгээ нотолж надад тодорхойлолт хийж өгсөн болно. Мөн банкны өрөө төлүүлсэн мөнгөнөөс түүний нэхэмжлэлд бичсэн 2017 оны 7 сард 15 000 000 төгрөг, 2017 оны 8 сараас 2019 оны 2 сар хүртэл 43 000 000 төгрөг гэсэн байх бөгөөд үүнийгээ нотолсон баримтаа хавсаргах хэрэгтэй байна. Миний зүгээс энэ тал дээр тодорхой тоо дүнг хэлэх боломжгүй байгаа бөгөөд баримтад үндэслэн зөвшөөрнө. Үл хөдлөх хөрөнгийн тухайд Г.Г- үл хөдлөх хөрөнгөө буюу дээрх хаяг байрыг зарах гэж маш олон удаа зар өгсөн байдаг. Үүнд хувь хүмүүс болон гадаад дотоодын хүмүүст хандсан сүүлдээ римаксд 1 м.кв-ыг 1 800 000 төгрөгөөр заруулах гээд чадалгүй үнэ доошоо үнэлэгдсэн. Тэр уг нь байраа зарж миний өрийг төлөх гэж их хөөцөлдсөн боловч санасан хэмжээнд нь байр нь зарагдаагүй юм. Тэрээр надад уг байрыг 100 000 000 төгрөгөөр үнэлж, өөрөө санал тавьж бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм. Мөн байрыг миний өмчлөлд шилжүүлсний дараа надад түрээсийн төлбөр төлж байхаар санал тавьсан юм. Г.Г- нь нэхэмжлэлдээ ор үндэслэлгүй гүтгэсэн байдлаар нэхэмжлэл гаргасан тал дээр хариу тайлбар зарим дээр нь өгсөн. Миний бие эрүүл мэндийн хувьд сайнгүй, тархи толгой хүнд хэлбэрийн өвчтэй учраас түүнтэй маргаан хийх хүсэлгүй байдаг бөгөөд олон удаа түүний араас хөөцөлдөж шаардлага гаргаж байсан бөгөөд түүний амьдралд тус хүргэж зээл өгснийхөө хариуд элдэв худал гүтгэлэг, муу үгээр хэлүүлж байгаадаа гомдолтой байна. Г.Г- өөрөө хүсэж надад дээрх үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан шаардлагын дагуу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, миний өмчлөлд бүрэн шилжсэн учраас түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй. Учир нь би уг байрыг Б.Д- гэж хүнд 206 000 000 төгрөгөөр худалдсан. Миний зүгээс нийт 719 445 542 төгрөг нэхэмжлэхээр түүний өгсөн 81 088 000 төгрөгийг хасаж 638 357 542 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч, Б.Д-гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн Ү-2204026276 тоот дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 143 байр О/А тоот хаягт байршилтай 140,28 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Г.Г-ийн өмчлөлийн хөрөнгө бөгөөд А.Т- дүр үзүүлэн бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлсэн байсан хөрөнгө юм. Г.Г- нь 2019 оны 4 сарын 4-ний өдөр А.Т-т холбогдуулан, нэхэмжлэл гаргасан ба шүүхээс бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр буцаасан. Улмаар 2019 оны 4 сарын 18-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч А.Т- нь хаяг дээр байхгүй үндэслэлээр хэрэг буцсан. Ийнхүү А.Т- өөрийг нь эрэн сурвалжилж байх хугацаанд Б.Д-д уг маргаан бүхий байрыг 2019 оны 5 сарын 02-ны зохиомол байдлаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан байдаг. Б.Д- нь үнэхээр уг байрыг худалдан авч байгаа бол томоор маш олноор бичсэн зарыг унших нь тодорхой байсан. Гэтэл тухай байрыг очиж үзсэн эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмж хадгалагдаж байгаа түүний эзэнд нь хүлээлгэж өгөх байраа султгуулах ажил байгаа гэсэн тайлбар өгч А.Т-тай нийлэн зохиомол байдлыг бий болгож байна. Г.Г- тухай байранд эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг ба өнөөдрийг хүртэл уг газраа үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Иймд Б.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч, А.Т-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: А.Т- нь 2017 оны 02 сарын 06-ны өдөр Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байх үед эмнэлэг дээр гэнэт ирж, чиний зээлийн үлдэгдэл 150 000 ам.доллар, 40 ам.доллар нийт 190 ам.доллар төл гэж хэрүүл шуугиан хийж, хэрвээ төлөхгүй бол би хүү, алданги тооцно энэ хүний мөнгө байсан, би боож үхнэ гэх мэтээр асуудал үүсгэсэн. Би эмнэлэг дээр байсан учраас ихэд санаа зовсон. Ингээд А.Т- надаар гэрээний үлдэгдэл 175 000 ам.доллар өгөх ёстой гэж надаар бичүүлээд авч явсан. Би тухай үед зээлж авсан мөнгө болон өгсөн төлбөр хоёроо тооцоо нийлж байж асуудалд хандах юм чинь энэ гарын үсэг нэг ач холбогдол өгөхгүй байх гэж бодоод А.Т-ийг хурдан явуулах зорилгоор хэлснийх нь дагуу цаасан дээр өөрөө бичиж өгөөд явуулсан юм. Энэ талаар би 2019 оны 4 сарын 04-ний өдрийн болон түүнээс хойш гаргасан буцаагдсан бүх нэхэмжлэлдээ дээрх үйл баримтыг огноо болон мөнгөний хэмжээг бага зэрэг зөрүүтэйгээр Сонгдо эмнэлэгт байхад бичүүлж авсан талаар тогтмол дурдсан болно. Би А.Т-т төлөх ёстой төлбөрөө бүгдийг нь төлсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Г-, А.Т- нарын хооронд 2017 оны 4 сарын 04-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, А.Т-, Б.Д- нарын хооронд 2019 оны 5 сарын 02-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Б.Д-гийн нэр дээр бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам 143 дугаар байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолын өмчлөх эрхийг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгийг Г.Г-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Г-ээс 330 288 505 төгрөгийг гаргуулж, А.Т-т олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 175 516 002 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Г-т холбогдох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам 143 дугаар байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолыг чөлөөлүүлэх тухай хариуцагч Б.Д-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-т холбогдох хариуцагч А.Т-ийн 132 553 035 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Г-ээс төлсөн 1 846 000 төгрөг, хариуцагч А.Т-аас төлсөн 3 507 693 төгрөг, хариуцагч Б.Д-гээс төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т-аас 657 950 төгрөг, хариуцагч Б.Д-гээс 1 187 950 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-т, нэхэмжлэгч Г.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 1 809 392 төгрөгийг гаргуулж, хариуцагч А.Т-т тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт дурьдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 11 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Г.Г-, А.Т- нарын хооронд байгуулсан 2017 оны 4 сарын 04-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр дүр эсгэн шилжүүлсэн орон сууц, гараашийг буцаан авч, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл болох А.Т-, Б.Д- нарын хооронд байгуулсан 2019 оны 5 сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу уг гэрээний үр дагаврыг арилгуулж байр, гараашийг буцаан авах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Уг нэхэмжлэлийн агуулга нь цаг хугацааны хувьд А.Т-аас “Шинэ шидэт од” ХХК-ийн дансанд 99 290 660 төгрөгийг 2017 оны 4 сарын 03-ны өдөр шилжүүлснээс эхлэн, 2017 оны 4 сарын 04-ны өдрийн бэлэглэлийн гэрээ мөн 2019 оны 5 сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ хүртэлх үйл баримтын асуудлыг хөндөж нэхэмжлэлийн агуулгаа өөрчилсөн болно. Гэтэл А.Т- нь 2017 оны 2 сарын 06-ны өдрийн зээлийн үлдэгдэл 175 000 ам.доллар өгөх нь үнэн гэсэн тодорхойлолтод үндэслэж 2019 оны 12 сарын 02-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохооргүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй талаар тайлбарласан хэдий ч, шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч гардуулсан. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга нь үндсэн зээлдэгч Нансалмаагийн 2012 оны 3 сарын 150 000 ам.доллар, 2012 оны 8 сарын 40 000 ам.долларын зээлд үндэслэсэн шаардлага нь зээлийн үлдэгдэл 175 000 ам.доллар төлөх нь үнэн гэсэн сөрөг нэхэмжлэл болно. Гэтэл тодруулсан шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлийн агуулга нь цаг хугацааны хувьд А.Т-аас “Шинэ шидэт од” ХХК-ийн дансанд 99 290 660 төгрөгийг 2017 оны 4 сарын 03-ны өдөр шилжүүлснээс эхлэн, 2017 оны 4 сарын 04-ний өдрийн гэрээ түүнээс хойшхи төлбөрийн асуудал мөн 2019 оны 5 сарын 02-ны өдрийн гэрээ хүртэлх үйл баримтын асуудлыг хөндсөн шаардлага нь дүр эсгэн шилжүүлсэн орон сууц, гараашийг буцаан авч, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцлийн үр дагавар арилгуулах шаардлагатай болно. А.Т- нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа 190 000 ам.долларын үлдэгдэл мөнгө гэж нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн зээлийн үлдэгдэл 175 000 ам.доллар өгөх нь үнэн гэсэн тодорхойлолтод үндэслэж 2019 оны 12 сарын 02-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, 405 148 600 төгрөгийг шаардсан болно. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэгт 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 175 000 ам.доллар 433 322 750 төгрөг гэж тодорхойлж улмаар 2017 оны 02 сарын 06-ны өдрийн тодорхойлолтод үндэслэж шаардсан болохоос шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн шиг 190 000 ам.долларын үлдэгдэл гэж огт шаардаагүй гэдгээ шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ярьдаг болно. Өөрөөр хэлбэл 175 000 ам.долларын өмнөх эх үүсвэр болох Нансалмаагийн зээлдүүлсэн 140 000 ам.доллар болон 50 000 ам.долларт үндэслээгүй зөвхөн тодорхойлолтод үндсэлж Тунгалаг нь өөрийн нэрээр нэхэмжлэлийн шаардлага 175 000 ам.доллараар гаргасан болно. Гэтэл шүүгчийн зүгээс шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага болох 175 000 ам.доллар төлнө гэсэн нэг талын гараар бичсэн баримтаар талууд харилцан тооцоо нийлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн хирнээ уг мөнгөн дун болох нэхэмжлэлийн үндсэн шаардлагад тусгагдсан 175 000 ам.долларыг бус эсрэгээр Нансалмаагаас зээлсэн нэхэмжлэлд шаардаагүй мөнгөн дүнг оруулж түүнээс тооцон хасалт хийх замаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заагдсан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас өөр шаардлагыг шийдвэрт зохиомол байдлаар оруулж ирнэ сөрөг нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэснээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Гуравдугаарт: Чимгээгийн дансыг шалган үзэхэд, данс эзэмшигч нь Л.Чимгээ нэртэй боловч дансны гүйлгээний 80 хувь нь А.Т-аас хийсэн орлого болон мөнгө зээлэв шилжүүлэг гэсэн утга бүхий баримт болно. Эндээс дүгнэн үзэхэд л дансыг эзэмшиж, гүйлгээ хийж байгаа этгээд нь А.Т- болох нь эргэлзээгүй баримтаар нотлогдож байхад уг баримтын агуулгыг судлан үзэлгүйгээр нотлох баримтаар үнэлээгүй. Г.Г- нь энэ төлж байгаа мөнгөө надад биш миний найзаас зээлсэн мөнгөнийхөө хүүд төлж байсан гэдгээ маш сайн ухамсарлаж, хүлээн зөвшөөрч өгдөг байсныг би цааш нь дамжуулж өгч байгааг мэдэхийн дээдээр сайн мэддэг байсан учраас тухайн үед ямар ч асуудал гаргадаггүй байсан хэмээн тайлбартаа хэлсэн. Г.Г- өөрөө А.Т-аар дамжуулж н.Нансалмаад мөнгө өгч байгааг мэдэж байсан. Одоо харамсалтай нь үхсэн хүн үг хэлдэггүй гэх асуудал байгаа. Харин үр хүүхдүүд нь гэж байгаа. Энэ бол наанаа асуудал байгаа. Одоо ч үр дагавар арилаагүй. Хариу тайлбар болон хариултаас дүгнэн үзэхэд уг мөнгө бол нэхэмжлэгч А.Т-ийн мөнгө биш н.Нансалмаагийн мөнгө учир А.Т- нь жинхэнэ нэхэмжлэгч биш нэхэмжлэх эрхгүй этгээд болно. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Б.Д- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би 2019 оны 5 сарын 02-ны өдөр А.Т-аас 140.28 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг 15 м.кв талбайтай 11 тоот авто зогсоолын хамт 206 000 000 төгрөгөөр  худалдан авсан. Би тус байрыг худалдан авахдаа шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулдагийг, тоног төхөөрөмж байгааг, байр суллаагүй байгааг мэдэж байсан, үзсэн бөгөөд үүнд анхаарал нэг их хандуулаагүй. Учир нь би А.Т- гэдэг хүний нэр дээрх албан ёсны бүртгэлтэй, гэрчилгээтэй байр худалдан авсан. А.Т-, Г.Г- нарын хооронд ямар харилцаатайг өмнө нь тэр бэлэглэлийн гэрээ байгуулсан байсан зэргийг мэдэхгүй. Мэдэх ч шаардлага байхгүй. Би байр худалдан авсан цагаасаа л байраа суллуулж авахаар өмгөөлөгч Н.Оюунгэрэлд хандаж 2019 оны 5 сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Г.Г- олдоогүй, би өнөөдрийг хүртэл байраа суллуулж чадахгүй мөнгө төгрөгөөрөө хохирч байна. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэрийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч А.Т- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгч Г.Г-ийн нэхэмжлэлийг анхнаасаа сайн нягталж үзээгүй байгаа нь түүний авцалдаагүй, худал бичсэн зүйлийг шалгаж анализ хийлгүй нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: Г.Г- нь 2012 онд надтай уулзахдаа та л тус болооч, мөнгө зээлэх хэрэгтэй байна банк барьцаа хөрөнгөгүй мөнгө олгохгүй, надад зээл олдохгүй байна гэж гуйж байж 190 000 ам.ам.долларыг ямар нэг барьцаагүй, баримт бичиггүйгээр авахдаа надыг барьцаа болгож, найзаас минь мөнгө авсан. Г.Г- нь олон худал бичсэн зүйл байгааг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй. Миний хувьд хариу тайлбартаа энэ талаар бичсэн бөгөөд би энэ хүн дээр Сонгдо эмнэлэгт байхад нь хэзээ ч очоогүй, надад хүн айлгаж, сүрдүүлэх чадал тэнхээ авъяас ч байхгүй юм.  Харин бүх асуудлыг Г.Г-ийн хэлсний дагуу хийж ирснээрээ буруутан болж байгаадаа харамсаж байна. Мэдээж бид зүгээр мөнгө зээлүүлээгүй нь тодорхой хүү өгч авах тохиролцоо хийсний дагуу алдаг, оног өгч авч явсан. Энэ үедээ бид харилцан ойлголцож маргаан гаргаагүй. Гэтэл Г.Г- нь уулзахаас зайлсхийж зугтаах болж би араас нь хөөцөлддөг ажилтай болсон. Тэр 2015 онд байраа таны нэр дээр шилжүүлж өгье, зарах гэхээр үнэ нь унаад зарагдахгүй гэхэд нь би бас л хүн чанар гаргаж өөрсдөө учраа ол гэсэн нь буруу болсон. Г.Г-ийн өнөөдрийн байр суурийг дүгнэн үзвэл нэгд байраа хямдруулж заралгүй өөрсдөө ашиглах, хоёрт надад өгч байсан мөнгөө бичгээр гэрээ хийгээгүй гэдгээр хүүнд биш үндсэн мөнгөнд тооцуулах санаа зорилгыг агуулж, энэ цаг хугацааг тооцоолж ирсэн юм байна. Намайг үндсэн мөнгөө төл гэж удаа дараа шаардахад тэрээр дахин байраа өгье гэж санал гаргаж гэхдээ тэр нь банкны барьцаанд байгааг арга буюу надаар суллуулж шилжүүлсэн. Бэлэглэлийн гэрээ дүр эсгэсэн гэрээ биш тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна. Мөн би маш их хохирсон байхад шүүх хохироогүй гэж үзсэн нь буруу шийдвэр байх тул миний нэхэмжилсэн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч А.Т-, Б.Д- нарт холбогдуулан Г.Г-, А.Т- нарын 2017 оны 4 сарын 4-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, А.Т-, Б.Д- нарын 2019 оны 5 сарын 02-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б.Д- нь үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.Г-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай, хариуцагч А.Т- нь зээлийн гэрээний үүрэгт 638 357 542 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Д-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хариуцагч А.Т-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч А.Т-тай зээлийн  гэрээ байгуулж, 2012 оны 3 сард 150 000 ам.ам.доллар, 2012 оны 8 сард 40 000 ам.ам.доллар, нийт 190 000 ам.ам.доллар зээлдэж авсан байх бөгөөд нэхэмжлэгч Г.Г- нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 175 000 ам.ам.долларын үлдэгдэлтэй байгаа талаараа тодорхойлолт бичсэн болох нь зохигчдын тайлбар, тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 149-р тал/

 

Улмаар нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч А.Т-тай 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г.Г- нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 143 дугаар байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140,28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч А.Т-т бэлэглэж, хариуцагч А.Т- нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Б.Д-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнд 206 000 000 төгрөгөөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан болох нь зохигчдын тайлбар, бэлэглэлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 8, 38-41, 132, 222-р тал/

 

                        Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Би 2012 онд А.Т-аас зээлдэж авсан мөнгөө бүрэн төлж дууссан бөгөөд А.Т- нь намайг эмнэлэгт байхад зээлээ төлөхгүй бол алданги тооцно, боож үхнэ гэх мэтээр асуудал үүсгэж, 171 000 ам.ам.доллар өгөх ёстой гэсэн цаасан дээр гарын үсэг зуруулсан, дараа нь “үл хөдлөх эд хөрөнгөө түр шилжүүлээч, зээл авсан хүмүүстээ гэрчилгээг нь үзүүлчихээд буцаагаад шилжүүлье” гэж гуйж, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч А.Т- нь миний байрыг буцааж өгөхгүй, хариуцагч Б.Д-д худалдсан тул бэлэглэлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна” гэжээ.

 

            Хариуцагч А.Т- татгалзалдаа “Нэхэмжлэгч Г.Г- нь зээлдэж авсан мөнгөө бүрэн төлөөгүй бөгөөд 2017 оны 2 сарын 06-ны өдөр 175 000 ам.доллар өгөх нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч, тодорхойлолт бичиж өгсөн, дараа нь зээлээ төлөхөд хэцүү байна гээд банкны зээлээ төлүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийг 100 000 000 төгрөгөөр үнэлж, зээлийн гэрээний үүргээс хасуулах байдлаар бэлэглэлийн гэрээ байгуулсан. Хариуцагч Б.Д- нь хариуцагч А.Т-аас хуулийн дагуу үнийг нь төлж, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

                        Нэхэмжлэгч Г.Г- нь “Шинэ шидэт од” ХХК-ийн захирал бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хаан банктай зээлийн болон ипотекийн гэрээ байгуулж, 200 000 000 төгрөг зээлдэн авч, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 143 дугаар байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 140,28 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө, авто зогсоолын зориулалттай 15 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-ийн 156-158, 161-162, 226-227-р тал/

 

            Хариуцагч А.Т- нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Г.Г-ийн компани болох “Шинэ шидэт од” ХХК-ийн Хаан банкны 5121004615 тоот зээлийн дансанд 99 290 660 төгрөгийг шилжүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, талууд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 154-р тал/  

           

Хэдийгээр талууд бэлэглэлийн гэрээ байгуулсан боловч хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас дүгнэвэл нэхэмжлэгч Г.Г- нь Хаан банктай байгуулсан дээрх зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээр хариуцагч А.Т-аар зээлийг төлүүлж, улмаар А.Т-аас авсан зээлийн үүргээс хасуулах зорилгоор хариуцагч А.Т-тай бэлэглэлийн гэрээ байгуулж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байх тул уг үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт тооцож авсан гэх хариуцагч А.Т-ийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

Тодруулбал, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заасан байх тул талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж,

Мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус заасан.

 

Дээрх худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул энэ талаар гаргасан хариуцагч Б.Д-, А.Т- нарын гомдлыг хүлээн авч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Д-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хариуцагч А.Т-аас хариуцагч Б.Д- нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед нэхэмжлэгч Г.Г- нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулж байсныг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээд буюу Б.Д- нь хариуцагч А.Т-ийг өмчлөгч биш болохыг мэдсэн гэх үндэслэлгүй юм. Иймд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 143 дугаар байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 140,28 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө, авто зогсоолын зориулалттай 15 м.кв талбайтай хариуцагч Б.Д-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.Г-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.  

 

            Хариуцагч А.Т- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн үлдэгдэл 175 000 ам.доллар буюу 433 322 750 төгрөгөөс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байрны үнэ 100 000 000 төгрөгийг хасч 333 322 750 төгрөг, түүний 2.9 жилийн хүү 157 296 157 төгрөг, Хаан банкинд төлсөн зээл 99 290 660 төгрөг, түүний 2.6 жилийн хүү 33 262 375 төгрөг, түрээсийн төлбөр 96 273 600 төгрөг, нийт 719 445 542 төгрөгөөс нэхэмжлэгч Г.Г-ийн төлсөн 81 088 000 төгрөгийг хасч нийт 638 357 542 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарлажээ.  

 

            Анхан шатны шүүх хариуцагч А.Т-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч А.Т-т 2017 оны 2 сарын 06-ны өдөр 175 000 ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байгаа талаар тодорхойлолт гаргажээ. /хх-ийн 149-р тал/ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

 

            Нэхэмжлэгч Г.Г- нь 2017 оны 2 сарын 06-ны өдрөөс хойш 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 88 104 600 төгрөгийг хариуцагч А.Т-т төлсөн болох нь нэхэмжлэгч Г.Г- болон түүний нөхөр Л.Ганбилэг нарын дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Г.Г- нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байх тул хариуцагч А.Т- нь хуульд зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй юм. /хх-ийн 52-77, 78-118, 129, 228-250, 2хх-4-5, 2хх-23-33-р тал/

 

            Иймд нэхэмжлэгч Г.Г-ээс зээлийн гэрээний үүрэгт /175 000 $ х 2 476.13 төгрөг = 433 322 750 төгрөг/ 433 322 750 төгрөгөөс нэхэмжлэгчийн төлсөн 88 104 600 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгөд өр төлсөнд тооцсон 100 000 000 төгрөгийг тус тус хасаад үлдэх 245 218 150 төгрөгийг гаргуулж, хариуцагч А.Т-т олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.5 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, зээлийн хүү гэх 157 296 157 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, зээлийн гэрээгээр хугацаа тохирсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлгүй болно. Түүнчлэн анхан шатны шүүх Хаан банкны өрийг төлсөн гэх 99 290 660 төгрөг, түүний 2.6 жилийн хүү 33 262 375 төгрөг, нийт 132 553 035 төгрөг гаргуулах тухай шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

            Түрээсийн төлбөр гэх 96 273 600 төгрөгийн шаардлагын хувьд талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээ бичгээр байгуулсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд хариуцагч А.Т-ийн энэхүү гомдлыг хангах боломжгүй болно.  

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо хариуцагч А.Т-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн гэх боловч энэхүү гомдол үндэслэлгүй бөгөөд хариуцагч А.Т-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь тайлбартаа болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Г.Г- нь 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолтыг дарамтад орж бичсэн гэх боловч уг тодорхойлолтыг хариуцагч А.Т- нь нэхэмжлэгч Г.Г-ийг айлган сүрдүүлж бичүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгч Г.Г- нь Л.Чимгээгийн данснаас хариуцагч А.Т-т зээлийн төлбөрийг төлж байсан гэх боловч хэрэгт авагдсан Л.Чимгээгийн дансны хуулгаас үзэхэд хариуцагч А.Т-ийн зээлийн төлбөрт төлсөн гэх үндэслэл мөн тогтоогдоогүй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Д-, А.Т- нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагч Б.Д-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч А.Т-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00226 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Г.Г-, А.Т- нарын байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч А.Т-, Б.Д- нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Г.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “ ... 330 288 505 ...” гэснийг “245 218 150” гэж, “ ... 175 516 002 ...” гэснийг “260 586 357” гэж,

3 дахь заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Д-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 143 дугаар байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолыг нэхэмжлэгч Г.Г-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй” гэж,

4 дэх заалтын “... Иргэний хуулийн ...” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэж,

5 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Г-ээс төлсөн 1 986 400 төгрөг, хариуцагч А.Т-аас төлсөн 3 507 693 төгрөг, хариуцагч Б.Д-гээс төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Г-ээс нийт 1 454 240 төгрөг гаргуулж, 1 384 040 төгрөгийг хариуцагч А.Т-т, 70 200 төгрөгийг хариуцагч Б.Д-д олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 809 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Д-гээс төлсөн 1 258 150 төгрөг, хариуцагч Б.Тунгалагаас төлсөн 2 910 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ                                              

                                                  ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ                                                                                           

                                                                                                            Г.ДАВААДОРЖ