Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 647

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ТД-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00168 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ТД-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох

 

Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний үүрэгт 272 034 700 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Нийслэлийн тээврийн газартай /хуучин нэрээр/ нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээг 2015 онд байгуулж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, Нийслэлийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байсан билээ. Гэтэл 2015 оны 5 сард манай компанийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдуулан ямар ч үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, үүнтэй холбогдуулан манай компанид холбогдох 2015 оны 5, 6, 7 сарын нөхөн олговрыг Засаг дарга байсан Э.Бат-Үүлийн ам шийдвэрээр олгоогүй болно. Нөхөн олговроо авах гэж хандахаар эрүүгийн хэргээ шалгуулаад буруугүй гэвэл ав гэдэг. Эрүүгийн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болсон. Дээрх хугацааны нөхөн олговрын 272 034 700 төгрөгийн тооцоог 2017 оны 01 сард хийж, улмаар бидэнд олгоно гэсэн боловч өнөөдрийг хүртэл олгохгүй татгалзсаар байна. Бид 3 сарын нөхөн олговор 272 034 700 төгрөгийг аваагүй атлаа нийтийн тээврээр үйлчлэх ажлаа гүйцэтгэсээр байсан бөгөөд 2017 оны 3 сараас үйл ажиллагаа явуулж чадахгүй дампуурах байдалд ороод байна. Бидний хооронд байгуулсан Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний 3.15-д нөхөн олговрыг төсвөөс санхүүжүүлсэн тухай бүрд холбогдох журмын дагуу хуваарилан олгох бөгөөд энэ гэрээний 6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд нөхөн олговроос үүрэг гүйцэтгэгч талтай тохиролцохгүйгээр ямар нэгэн төлбөрийн суутгалыг хийхгүй гэсэн заалтыг зөрчиж санхүүжилтийг олгохгүй байна. Зохигч талуудын хооронд 2017 оны 01 сарын 31-ний өдөр дээрх нөхөн олговрын асуудлаар тооцоо нийлж, эцсийн байдлаар тохиролцож, мөн нөхөн олговроо авах асуудлаар удаа дараа уулзаж, шаардсан боловч үр дүнд хүрээгүй тул бидний шаардах эрх 2017 оны 02 сараас эхэлсэн гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагчаас Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 272 034 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 2015 онд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “ТД-” ХХК-тай тус газар нь байгуулсан нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэн ажиллаж байсан. Гэтэл 2015 оны 5 сард нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй зорчих эрх бүхий ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сурагч, оюутан, цагдаагийн алба хаагчдын унааны зардалд төрөөс олгодог нөхөн олговрын мөнгийг “ТД-” ХХК нь үйлчилгээнд гараагүй автобусны рейс тоологч М-150 төхөөрөмжийг суудлын автомашинд байршуулан, чиглэлийн зам дагуу байрладаг автомат удирдлагын систем төхөөрөмжүүдэд хуурамч рейс уншуулах аргаар бүртгүүлж, улсын төсвөөс санхүүжилт авч их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдсан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй зорчих эрх бүхий ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сурагч, оюутан, цагдаагийн алба хаагчдын унааны зардалд төсвөөс тус компанид олгодог нөхөн олговрын санхүүжилтийг зогсоох шийдвэр гарган холбогдох арга хэмжээг авч ажилласан. Нийслэлийн Засаг дарга нь Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд хуулийн 7.1.4-д заасан нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулах, зохион байгуулах чиг үүргийг, тус газар нь нийслэлийн Засаг даргын батлагдсан дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд зохион байгуулан ажилладаг хэрэгжүүлэгч агентлаг юм. Өөрөөр хэлбэл тус газар нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх төсөвт байгууллага бөгөөд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговрыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүжүүлж, Нийслэлийн ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтэс нь түүнд хяналт тавьж, нөхөн олговрын мөнгийг хариуцдаг зохицуулалттай. Манайх санхүүжилтээ төсөвлөж өгдөг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь тухайн санхүүжилтийн үйл ажиллагаанд салшгүй холбоотой болно. Эрүүгийн хэрэгт хохирогчоор Нийслэлийн ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтэс явдаг. Түүнтэй энэ мөнгийг ярих хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас 272 034 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТД-” ХХК-д олгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 518 124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас 1 518 124 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ТД-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 9/36 тоот тогтоолоор тус газрын 2020 оны төсвийг баталсан бөгөөд уг төсөвт дээр дурдсан нөхөн олговрын мөнгөн дүн суугаагүй, тус газраас уг нөхөн олговрын мөнгөн дүнг гаргах боломжгүй гэдгээ илэрхийлэн хамтран хариуцагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтсийг татан оролцуулах хүсэлт гаргасан боловч тус шүүхийн шүүгч манай гаргасан хүсэлтийг хангалгүй хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэх шалтгаан болж байна. Нөхөн олговрыг олгоогүй асуудалд талууд маргаагүй бөгөөд уг нөхөн олговрын мөнгөн дүнг тус газар нь дангаар шийдвэрлэж олгох боломжгүй тул тус газарт тулгамдаад байгаа асуудлыг зөв гольдролд нь оруулах арга хэмжээг авч өгөн тус шүүхийн 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00168 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “ТД-” ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний үүрэгт 272 034 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 2 сарын 23-ны өдөр нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “ТД-” ХХК нь үйлчилгээний аюулгүй байдал, хэвийн тасралтгүй ажиллагааг хангаж, зорчигчдын эрх ашгийг дээдэлсэн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх, хариуцагч Н- нь шугамын үйлчилгээнд ажиллаж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 11-14-р тал/  

 

Талуудын байгуулсан гэрээний 3.1.5-д “Нөхөн олговрыг төсвөөс санхүүжүүлсэн тухай бүрд холбогдох журмын дагуу хувиарлан олгох бөгөөд энэ гэрээний 6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд нөхөн олговроос үүрэг гүйцэтгэгч талтай тохиролцохгүйгээр ямар нэгэн төлбөрийн суутгал хийхгүй” гэж заасны дагуу талууд 2017 оны 1 сарын 31-ний өдөр тооцоо нийлж, нөхөн олговрын төлбөрт хариуцагч Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас 272 034 700 төгрөг нэхэмжлэгч “ТД-” ХХК-д олгогдоогүй болохыг харилцан баталгаажуулсан байна. /хх-ийн 9-р тал/  

Нэхэмжлэгч “ТД-” ХХК-ийн захирал Б.Баясгаланд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад 2015 оны 5, 6, 7 сарын нөхөн олговор болох 272 034 700 төгрөгийн санхүүжилтийг түр зогсоосон боловч Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Б.Баясгаланд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 19-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,

Автотээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Зорчигч, ачаа тээвэрлэлтийн үнэ хөлсний хэмжээг оролцогч талуудын тохиролцож байгуулсан гэрээгээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Боловсролын тухай хуулийн 43.2.5-д заасны дагуу сурагч, оюутанд аймаг, нийслэлийн доторх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчих нөхөн олговор олгоно” гэж заасан байх бөгөөд талууд гэрээний 3.1.5-д нөхөн олговор олгох талаар тохиролцсон байна.

 

Иймд хариуцагч Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас 272 034 700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ТД-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 9-р тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо дээрх мөнгө нь 2020 оны төсөвт суугаагүй, хамтран хариуцагчаар Нийслэлийн ЗДТГ-ын төрийн сангийн хэлтсийг татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй гэх боловч уг хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтийг нэхэмжлэгч тал биш хариуцагч тал гаргасан тул шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Түүнчлэн нэхэмжлэгчид төлөх мөнгө нь 2020 оны төсөвт суугаагүй гэх хариуцагчийн тайлбар, гомдол нь гэрээний үүргийг биелүүлэхгүй байх, гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.  

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                                                     

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.МӨНХЗУЛ                               

                                         ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

                                                                                                 

                                                                                                     Г.ДАВААДОРЖ