Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2020/00168

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

 

 

                                     2020         01          21

            182/ШШ2020/00168

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “ТД” ХХК /РД:5170141/, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн 18132, Г-51 тоот

 

Хариуцагч: ННТҮГ/РД:2117428/, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу 15, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 11 дүгээр давхарт

 

“Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээний үүрэгт 272,034,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

   Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Нийслэлийн тээврийн газартай /хуучин нэрээр/ “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээг 2015 онд байгуулж гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, Нийслэлийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байсан билээ. Гэтэл 2015 оны 05 сард манай компанийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдуулан ямар ч үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, үүнтэй холбогдуулан манай компанид холбогдох 2015 оны 5,6,7 саруудын нөхөн олговрыг Засаг дарга байсан Э.Бат-Үүлийн ам шийдвэрээр олгоогүй болно. Нөхөн олговроо авах гэж хандахаар эрүүгийн хэргээ шалгуулаад буруугүй гэвэл ав гэдэг. Эрүүгийн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болсон. Дээрх хугацааны нөхөн олговрын 272.034.700 төгрөгийн тооцоог 2017 оны 01 дүгээр сард хийж, улмаар бидэнд олгоно гэсэн боловч өнөөдрийг хүртэл олгохгүй татгалзсаар байна. Бид 3 сарын нөхөн олговор 272.034.700 төгрөгийг аваагүй атлаа  нийтийн тээврээр үйлчлэх ажлаа гүйцэтгэсээр байсан бөгөөд 2017 оны 3 дугаар сараас үйл ажиллагаа явуулж чадахгүй дампуурах байдалд ороод байна. Бидний хооронд байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-ний 3.15-д “Нөхөн олговрыг төсвөөс санхүүжүүлсэн тухай бүрд холбогдох журмын дагуу хуваарилан олгох бөгөөд энэ гэрээний зургаа дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд нөхөн олговроос үүрэг гүйцэтгэгч талтай тохиролцохгүйгээр ямар нэгэн төлбөрийн суутгалыг хийхгүй” гэсэн заалтыг зөрчиж санхүүжилтийг олгохгүй байна. Зохигч талуудын хооронд 2017 оны 01 сарын 31-ний өдөр дээрх нөхөн олговрын асуудлаар тооцоо нийлж, эцсийн байдлаар тохиролцож, мөн нөхөн олговроо авах асуудлаар удаа дараа уулзаж шаардсан боловч үр дүнд хүрээгүй тул бидний шаардах эрх 2017 оны 02 дугаар сараас эхэлсэн гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагчаас “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээний үүргийн гүйцэтгэлд 272.034.700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 2015 онд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “ТД” ХХК-тай тус газар нь байгуулсан 2015 оны 1-12/15 дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ"-ний үндсэн дээр гүйцэтгүүлэн ажиллаж байсан. Гэтэл 2015 оны 05 дугаар сард “Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй зорчих эрх бүхий ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сурагч, оюутан, цагдаагийн алба хаагчдын унааны зардалд төрөөс олгодог нөхөн олговрын мөнгийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн явуулдаг “ТД” ХХК нь үйлчилгээнд гараагүй автобусны рейс тоологч М-150 төхөөрөмжийг суудлын автомашинд байршуулан чиглэлийн зам дагуу байрладаг “Автомат удирдлагын систем” төхөөрөмжүүдэд хуурамч рейс уншуулах аргаар бүртгүүлж улсын төсвөөс санхүүжилт авч их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдсан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй зорчих эрх бүхий ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сурагч, оюутан, цагдаагийн алба хаагчдын унааны зардалд төсвөөс тус компанид олгодог “нөхөн олговор”-ын санхүүжилтийг зогсоох шийдвэр гарган холбогдох арга хэмжээг авч ажилласан.

Нийслэлийн Засаг дарга нь Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд хуулийн 7.1.4-д заасан нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулах, зохион байгуулах чиг үүргийг, тус газар нь нийслэлийн Засаг даргын батлагдсан дүрмээр хүлээсэн чиг үүргийн хурээнд зохион байгуулан ажилладаг хэрэгжүүлэгч агентлаг юм.

Өөрөөр хэлбэл тус газар нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх төсөвт байгууллага бөгөөд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговрыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүжүүлж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь түүнд хяналт тавьж, нөхөн олговрын мөнгийг хариуцдаг зохицуулалттай. Манайх санхүүжилтээ төсөвлөж өгдөг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь тухайн санхүүжилтийн үйл ажиллагаанд салшгүй холбоотой болно.

Эрүүгийн хэрэгт хохирогчоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс явдаг. Түүнтэй энэ мөнгийг ярих хэрэгтэй.

Иймд “ТД” ХХК-ийн манайд холбогдуулж гаргасан Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 272.034.700 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн прокурорын газрын Прокурорын тогтоол, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

Нэхэмжлэгч “ТД” ХХК нь Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 272,034,700 төгрөгийг гаргуулахаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас нэхэмжилж байна.

 

Хариуцагч ННТҮГНийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс тухайн санхүүжилтийн асуудлыг мэдэх тул хариуцахгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

 

 “ТД” ХХК нь нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ тодорхой чиглэлд үзүүлэх зорилгоор Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний (хуучнаар Нийслэлийн тээврийн газар) газартай 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулан 2017 оны 03 дугаар сар хүртэл ажилласан байна. Энэ нь хөлсөөр ажиллах гэрээ байна. “ТД” ХХК нь гадаад худалдаа, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2007 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй компани байна. ННТҮГнь төсвийн байгууллага байх ба нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговрыг төсөвлөн авдаг ба гэрээний дагуу ажлыг сар бүр дүгнэж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн зөвшөөрлөөр санхүүжилтийг олгодог болохыг талууд тайлбарлаж байна.

 

ННТҮГнь “ТД” ХХК-ийн үзүүлсэн нийтийн тээврийн үйлчилгээ болон нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй зорчих эрх бүхий иргэдийн 2015 оны 5,6,7 саруудын нөхөн олговрын мөнгө болох 272.034.700 төгрөгийг “ТД” ХХК-д олгоогүй асуудал дээр маргадаггүй ба хариуцагч нэхэмжлэгчид дээрх хугацааны нөхөн олговрыг олгоогүйгээ уг компаний удирдлагат эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсантай холбон тайлбарлаж байна. Тухайн үед энэ тухай нотлох баримт байсан эсэх нь тодорхойгүй байна.

 

“ТД” ХХК-ийн захирал Б.Баясгаланг автобусны рейс тоологч М-150 төхөөрөмжийг суудлын автомашинд байршуулан рейс уншуулах аргаар бүртгүүлж улсын төсвөөс санхүүжилт авч их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгасан ба Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Эрүүгийн хэрэг 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үүссэнийг нэхэмжлэгч тайлбарладаг ба прокурорын тогтоолд тэмдэглэсэн байдлаар, тухайлбал, 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажлын гүйцэтгэлийг шалгасан, мөн энэ өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд бүртгэгдсэн автобусны талаарх мэдээллийг тусгасан гүйцэтгэх ажлын арга хэмжээ явуулсан гэсэн тэмдэглэлээр нэхэмжэлгчийн тайлбар нотлогдож байна гэж үзнэ.

 

Гэтэл компанийн захирлын 2015 оны 05 дугаар сараас өмнөх үеийн үйлдэл шалгагдаж байсан байхад 2015 оны 5, 6, 7 дугаар саруудын нөхөн олговрыг ажиллагчид олгоогүй нь буруу байна. Түүнчлэн хариуцагч нөхөн олговрыг ямар үндэслэл, шийдвэрээр олгоогүйгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-ний 3.15-д “Нөхөн олговрыг төсвөөс санхүүжүүлсэн тухай бүрд холбогдох журмын дагуу хуваарилан олгох бөгөөд энэ гэрээний зургаа дугаар зүйлд зааснаас (гэрээ дүгнүүлээгүй, ажил тасалдуулах) бусад тохиолдолд нөхөн олговроос үүрэг гүйцэтгэгч талтай тохиролцохгүйгээр ямар нэгэн төлбөрийн суутгалыг хийхгүй” гэсэн заалтыг хариуцагч зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч дээрх хугацааны нөхөн олговроо авах талаар удаа дараа хандаж байсан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

 

  1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч ННТҮГаас 272.034.700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТД” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,518,124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ННТҮГаас 1,518,124 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТД” ХХК-д олгосугай.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      С. БУД