Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 16

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:   Иргэн Л.Сарангэрэлийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн  Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох  

"Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: 

             Нэхэмжлэгч:                                 Л.Сарангэрэл

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:         Л.Доржпүрэв

             Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын дарга                                                          Б.Уранчимэг

             Хариуцагчийн өмгөөлөгч:            А.Мөнх-Өлзий                                                     

             Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам  нар оролцов. 

                                                        Тодорхойлох нь:

              Нэхэмжлэгч иргэн Л.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2006 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын  төрийн сангийн төлөөлөгчөөр  томилогдон  ажиллаж ирсэн билээ. 2016 оны 2-р сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын  Засаг даргын Тамгын газрын дарга Б.Уранчимэг  Б/04 тоот тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн юм.  Намайг ажлаас чөлөөлөх тушаалд заахдаа Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, Сангийн  сайдын 2012 оны 294 тоот тушаалын 3.5.2 дахь заалтыг үндэслэн албан үүрэгт ажилдаа хариуцлаггүй хандан,төрийн сангийн хяналтын чиг үүргийг шаардлагын хэмжээнд хэрэгжүүлээгүйгээс Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 1/529 тоот албан бичиг, аймгийн аудитын газрын 2015 оны СЭЛ-06/139 СТА дүгнэлтийг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэж заасан байна. Л.Сарангэрэл би ажлаасаа халагдсандаа гомдолтой байгаа юм. Учир нь аймгийн аудитын газрын шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалууд нь зарим нягтлан бодогч нар ажил үүргийнхээ дагуу хийж гүйцэтгэвэл зохих үүргээ бүрэн биелүүлээгүй буруутай үйл ажиллагаанаас болсон зүйл юм.Би төрийн сангийн төлөөлөгчийн хувьд зохих шаардлагыг тавьж алдаа дутагдал гарсан тохиолдолд цаг алдалгүй засах талаар шаардлага зөвлөмжийг нягтлан бодогч нарт өгдөг билээ.

         Мөн манай сумын орлогч дарга миний ажил үүргийнхээ дагуу гаргасан зүй ёсны зарчим шаардлагыг хүлээж авдаггүй шийдвэртэй хариуг шуурхай гаргадаггүй байдал зэрэг нөхцөл байдлууд нөлөөлсөнөөс болж зөрчил дутагдал гарсан юм. Энэ хариуцлагыг би өөрөөсөө холдуулах гэсэн зүйл биш үнэн байдлыг хэлж байгаа билээ.  

        Би санхүүгийн албанд олон жил ажиллахдаа төрийн ажлыг алдаа дутагдалгүй хувийн ашиг сонирхлын зөрчилгүй үнэнч шударгаар ажиллаж ирсэн юм.Би үүрэгт ажлаа үр дүнтэй сайн гүйцэтгэхийн төлөө хичээн ажиллаж байгаад халагдсандаа гомдолтой байна.Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын даргын намайг ажлаас чөлөөлсөн 2016 оны 02-р сарын 05-ны өдрийн Б/04 тоот тушаал болон ажил хүлээлцэх тухай албан бичгийг намайг Улаанбаатар хотод эмнэлэгт биеэ үзүүлж шинжилгээ өгөөд явж байхад ажлын газраас утсаар мэдэгдсэн юм.Би Улаанбаатар хотоос ирээд 2016 оны 2-р сарын 19-ны өдөр ажлаас халсан тушаал, ажил хүлээлцэх тухай албан бичгийг хүлээн авсан.Намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байсан тул би дээд шатны байгууллага Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлд 2016 оны 3-р сарын 1-ны өдөр гомдлоо гаргасан юм..Миний  гомдлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч хянан хэлэлцээд намайг ажлаас халсан Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 02-р сарын 05-ны өдрийн Б/04 тоот тушаалыг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж 2016 оны 04-р сарын 27-ны өдөр 09 дугаартай тогтоол гаргасан юм.Мөн Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас Л.Сарангэрэл миний ажлын туршлага ур чадварыг нь харгалзан мэргэжлийн дагуу ажлын байраар хангах ажлыг шуурхай шийдвэрлэх талаар шийдвэрийг хүргүүлсэн билээ.Гэтэл намайг одоог хүртэл ажилд авахгүй байгаа тул би арга буюу шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргаж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан 2016 оны 02-р сарын 05-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын шимтгэл, ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Уранчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тус сумын иргэн Л.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй танилцлаа. Л.Сарангэрэл нь Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн төлөөлөгчөөр 2006 оноос хойш ажиллаж байгаад албан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдөр үүрэгт ажлаас  нь чөлөөлсөн. Түшиг сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012, 2013,2014 онуудад эцсийн санхүүгийн нэгдсэн тайланг баталгаажуулах аудит хийх явцад төрийн сангийн хяналтын чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс 3 жил дараалан “Хязгаарлалттай” дүгнэгдэж, аймгийн Засаг даргын захирамжаар сумын Засаг даргад үндсэн цалинг 1 сарын хугацаатайгаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан билээ. Үүний дагуу Л.Сарангэрэлийг Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтын дагуу аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч буюу Засаг даргатай зөвшилцөн  үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг хүргүүлж, аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/529 тоот албан бичгээр үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг зөвшөөрсөн албан бичиг ирсэн байна. Л.Сарангэрэл нь 2015 онд төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тул Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан, 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр  D үнэлэгдсэн билээ. Мөн Л.Сарангэрэлтэй холбоотой гомдол маргаан сүүлийн жилүүдэд /2013-2015 онд/ ихээр гарах болж, төсвийн байгууллагуудын касснаас бэлэн мөнгө авдаг тухай гомдлыг байгууллагуудын нярав нар өргөдөл ирүүлсэн билээ.

Л.Сарангэрэл нь ажлаас чөлөөлөх шийдвэр гарч, ажил хүлээлцэхэд төрийн сан, санхүүтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй өдий хүрч байгаа нь төрийн ажил үйлчилгээ явуулах, сүүлийн жилүүдийн орлого зарлагын судалгаа, тооллого явуулах ажилд санаатайгаар хүндрэл учруулж байна. Л.Сарангэрэл нь 2006 оноос эхлэн төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. 2013-2014 онд аудитын дүгнэлт зөрчилтэй гарсан, мөн 2015 оны Л.Сарангэрэлийн үр дүнгийн гэрээ нь хасах “Д” үнэлгээтэй гарсан. Ингээд үндсэн цалингийн 2 сарын 20 хувь хасах арга хэмжээ авсан. Мөн төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дэхь хэсэгт заасны дагуу арга хэмжээ авсан. Энэ талаар Л.Сарангэрэлд мэдэгдэх хуудас хүргүүлж байсан.

Л.Сарангэрэл төрийн албаны салбар зөвлөлд хандсан. Үүний дагуу манай байгууллагад төрийн албаны зөвлөлөөс тогтоол болон зөвлөмж ирүүлсэн. Гэтэл Л.Сарангарал 04 дүгээр сарын 29 болон 30-ны өдрүүдэд шийдвэртэй танилцмаар байна гээд ирсэн.

Л.Сарангэрэлийн хувьд бид төрийн албаны тогтоол зөвлөмжийг хүлээж авсан хэдий ч Л.Сарангэрэлийн тухай бидэнд дээд боловсролын дипломгүй гэсэн гомдол гаргасан, энэ талааараа өөрөө миний диплом алга болсон, энэ жил авна гэж хэлсэн. Л.Сарангэрэлийн хувийн хэрэг ажлын байранд заасан шаардлагыг хангахгүй байсан.

Мөн манайхаас ажлын хэсэг гарч шалгалтын явцад цалингын сангаас 300.000 /гурван зуун мянган/ төгрөг авсан байсан нь тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар Л.Сарангэрэл байгууллагад 436.000  / дөрвөн зуун гучин зургаан мянган /төгрөгийн өр төлбөртэй гарсан. Л.Сарангэрэл 2 удаа шалгалтын явцад нэг ч удаа дипломоо авчирч шалгуулж байгаагүй, үүгээр ч зогсохгүй ажлын байрны харилцаа хандлага тал дээр хүмүүстэй хэрэлддэг гэдэг утгаар сануулах арга хэмжээ авагдаж байсан.

Бид Л.Сарангэрэлийг ажлаа хүлээлгэж өгсөн гэж бодохгүй байна, учир нь ширээ сандал гэх мэт зүйлсээ хүлээлгэж өгсөн боловч өнгөрсөн онуудын тайланг төмөр сейфэндээ хийгээд түгжиж, өөрийнхөө лацаар лацчихаад яваад өгсөн. Гэтэл “Түшиг” сумын өнгөрсөн онуудын тайланг дээд газраас нэхээд бид одоо болтол өгч чадахгүй явж байна гэв.

 

                                                          Үндэслэх нь:

         Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

          Нэхэмжлэгч Л.Сарангэрэлээс “Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан 2016 оны 02-р сарын 05-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын шимтгэл, ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн төлүүлэх”   нэхэмжлэл гаргажээ. 

         Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар  төрийн сангийн төлөөлөгч Л.Сарангэрэлийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 1/529 тоот албан бичиг, аймгийн Аудитын газрын 2015 оны СЭЛ-06/139-СТА дүгнэлтийг үндэслэн албан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандан, төрийн сангийн хяналтын чиг үүргийг шаардлагын хэмжээнд хэрэгжүүлээгүй    гэх үндэслэлээр 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон  үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

           Сэлэнгэ аймгийн Аудитын газар нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны жилийн эцсийн нэгтгэсэн санхүүгийн тайланд аудит хийн  2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн СЭА-06/139-СТА  албан шаардлагаар  сумын Төрийн сангийн төлөөлөгч Л.Сарангэрэл нь Төрийн сангийн хяналтын чиг үүргийг шаардлагын хэмжээнд хэрэгжүүлээгүй нь удаа дараагийн аудитаар тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл болон Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тогтоолоор баталсан “ Төсвийн ерөнхий,ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын 3.5 дахь заалтын дагуу сахилгын шийтгэл ногдуулах   саналыг Сэлэнгэ  аймгийн Түшиг сумын Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагчид  хүргүүлсэн байна.

           Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь  Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “сум дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч нь ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай,... зөвшилцөж томилж чөлөөлнө, Сангийн сайдын 2012 оны 294 тоот тушаалын 3.5.2-д  “Монгол Улсын хууль тогтоомж, санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчсөн, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланг санамсаргүй болон санаатай буруу гаргасан нь төрийн болон хөндлөнгийн аудитын байгууллага хууль хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэж зааснаар  нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болгон дээрх хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэж, эрх зүйн зөрчилтэй акт гаргасан байна. 

          Захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн” гэсэнтэй нийцэхгүй, захиргааны байгууллагаас гарах шийдвэр нь хуульд үндэслэгдсэн байх шаардлагыг хангахгүй байна гэж шүүх үзлээ.   

          Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “сум дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч нь ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай, ...зөвшилцөж томилж чөлөөлнө гэж зааснаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад төрийн сангийн төлөөлөгч Л.Сарангэрэлийг ажлаас чөлөөлөх саналыг хүргүүлсэний дагуу Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нь 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/529 дугаартай албан бичгээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг зөвшөөрч байна гэж хариуг өгчээ.Гэтэл дээрхи хуулинд заасны дагуу сумын Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч ажлаас чөлөөлөх  ёстой байтал Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын дарга   нь  хууль бус тушаал гарган Л.Сарангэрэлийг ажлаас чөлөөлсөн  болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасантай нийцээгүйн гадна  хариуцагч нь Сэлэнгэ аймгийн  аудитын газрын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн СЭА-06/139-СТА албан шаардлагыг хүлээн авч аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагчийн саналыг авснаас  хойш 7 сар 18 хоногийн дараа Л.Сарангэрэлийн ажлаас  чөлөөлсөн нь хууль бус болсон байна.   

          Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Л.Сарангэрэлийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх өдрөөр тооцож  5 сар  18 хоногийн мөнгө 5.034.881 төгрөгийг  олгож, уг нөхөн олговороос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутгаж тооцож олгох нь зүйтэй байна.  

         Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Л.Сарангэрэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг  хүчингүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/04 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажлын хэсэг томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Сарангэрэлийг түүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Сэлэнгэ аймгийн Түшиг сумын төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Сарангэрэлийг хууль бусаар ажилгүй байсан 2016 оны 02 дугаар  сарын 08-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртлэх цалин 5 сар  18 хоногийн мөнгө 5.034.881 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих журмын дагуу тооцож нөхөн бичилт хийхийг даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг  5692012910 тоот дансанд хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэхь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч ,тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.БУРМАА