Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 646

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/00371 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Н-, Г.Б- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 30 500 861 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ба

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Н-, Г.Б- нар нь 2014 оны 10 сарын 21-ний өдөр Хтай 1080019295 дугаартай зээлийн гэрээ, 1080019295-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, 72 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2201018672 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 131/3 байрны 56 тоотод байрлалтай, 89.33 м.кв талбайтай орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 1.8-д заасны дагуу гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 12 сарын 05-ны өдрөөс эргэн төлөлтийн хуваарийг зөрчин гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш үндсэн зээлд 55 133 692 төгрөг, зээлийн хүүд 26 939 726.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 67 517.30 төгрөг тус тус төлсөн. Банкны зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөр төлөх боломжийг маш олон удаа өгч, амаар мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь заалт, зээлийн гэрээг үндэслэн 2019 оны 10 сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 16 866 308 төгрөг, зээлийн үндсэн хүү 11 728 947 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 905 606 төгрөг, нийт 30 500 861 төгрөгийг хариуцагч Г.Н-, Г.Б- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Н-, Г.Б- нар нь нэхэмжлэгч “Х” ХХК-тай 2014 оны 10 сарын 21-ний өдөр 1080019295 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 72 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаанд “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 30-ны өдрийн А-1590 дугаартай зээлийн хүүгийн хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай тушаалын 1 дэх заалтаар “Х” ХХК-ийн бүх төрлийн зээлийн бүтээгдэхүүний хүүгийн хувь хэмжээний дээд хязгаарыг сарын 2 хувь байхаар тогтоож, мөн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн А-1591 дугаартай тушаалаар 2016 оны 12 сарын 01-ний өдрөөс өмнө олгосон, идэвхитэй байгаа зээл, овердрафтын сарын хүү нь 2.0 хувиас дээш байгаа тохиолдолд сарын хүүгийн хувь хэмжээг дээд хязгаарт нийцүүлэн бууруулан өөрчлөхөөр шийдвэрлэсэн байна. Дээрх тушаалуудын дагуу зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд 2016 оны 12 сарын 03-ны өдөр жилийн хүүгийн хувь хэмжээг 24 хувь болгон өөрчлөлт оруулсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралтаар харилцан тохиролцсон. Тус зээлийн эргэн төлөлтийг хариуцагч нар дараах байдлаар төлсөн. 2014 оны 11 сарын 17-ны өдрөөс 2017 оны 3 сарын 02-ны өдрийн хугацаанд 31 удаагийн төлөлтөөр нийт 75 598 577.82 төгрөг төлсөн. Түүнчлэн нэхэмжлэгч “Х” ХХК нь 2015 оны 12 сарын 15-ны өдөр 1 446 000 төгрөг, 2016 оны 7 сарын 15-ны өдөр 1 960 280.02 төгрөг, 2017 оны 6 сарын 12-ны өдөр 2 386.29 төгрөг, 2017 оны 9 сарын 26-ны өдөр 3 133 692 төгрөг, нийт 6 542 358.31 төгрөг зээлийн төлбөрт суутган авсан. Ингээд хариуцагч нар зээлийн гэрээний эргэн төлөлт нийт 82 140 396.13 төгрөг төлсөн. Дээрхээс зээлийн эргэн төлөлтөд 2016 оны 3 сарын 15-ны өдөр 2 661 000 төгрөг төлсөн байхад нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хариуцагч Г.Н-гийн 1080019295 дугаартай дансны хуулга, нэхэмжилсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол зэрэгт 2 660 147.93 төгрөг гэж 852.07 төгрөгөөр дутуу бичилт хийсэн байна. Түүнчлэн зээлийн гэрээний 4.2-т зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө гэж заасан нь Иргэний хуульд нийцэхгүй. Тодруулбал Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлөх журамтай. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгчийн хүлээх хариуцлага бөгөөд эдгээр хариуцлагыг эхэлж төлүүлэхээр гэрээгээр дараалал тогтоох нь хуульд нийцэхгүй гэж үзнэ. Хэдийгээр иргэний эрх зүйн харилцаанд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд гэрээний агуулгыг тодорхойлох бүрэн эрхтэй хэдий ч Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, хуульд нийцэхгүй агуулгаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш бөгөөд зээлдэгчид хохиролтой гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулсан. Банктай байгуулж буй зээлийн гэрээ нь байнга хэрэглэгдэх, гэрээний нөхцөлийг урьдчилан тогтоож, зээл авахаар ирсэн зээлдэгч бүрт санал болгодог тул зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 10 сарын 21-ний өдрийн 1080019295 тоот зээлийн гэрээнд заасан нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний стандарт нөхцөлөөр хуулийн заалтыг тодотгосон журам тогтоож болох хэдий ч түүний агуулгыг өөрчилж, банкнаас тавьсан нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч болох зээлдэгч нарт хохиролтой байдлаар тодорхойлох нь хуульд харшилна. Иймд хариуцагч нарын зээлийн эргэн төлөлтийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан журмын дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар тооцоолж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Н-, Г.Б- нараас 30 500 861 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310 454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-, Г.Б- нараас 310 454 төгрөг гаргуулан гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх /шинжээч томилуулах/ хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Зээлийн гэрээний 4.2 дахь заалтын хүчин төгөлдөр байдлын талаар маргасан боловч уг заалт нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд нийцсэн эсэх, зээлдэгч талд хохиролгүй эсэхэд дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн. Гэрээний стандарт нөхцөлийн тухайд гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээ хязгаар нь шударга ёс, харилцан итгэлцлийн зарчимд харшлахгүй байх бөгөөд стандарт нөхцөлийг хүлээн авагч зээлдэгч талд хохиролгүй байх явдал байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасан харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш гэдгийг тогтоохын тулд хуулийн үндэслэлээс хайх зарчмыг баримталдаг билээ. Түүнчлэн, тухайн гэрээний мөн чанартай салшгүй холбоо бүхий гол эрх, үүргийг хязгаарлаж байгаа ба ингэснээр гэрээний зорилгод хүрэх боломжгүй нөхцөл байдал үүсч буй бол ийм агуулга бүхий стандарт нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр бус байдаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх журамтай байна. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгчийн хүлээх хариуцлага бөгөөд эдгээр хариуцлагыг эхэлж төлүүлэхээр гэрээгээр дараалал тогтоох нь хуульд нийцэхгүй гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтын үндсэн агуулга, зарчмын хувьд өрийн хэмжээ багасвал төлөх үүргийн хэмжээ бас багасна гэх үүрэг гүйцэтгэгчийн эрх ашгийг хамгаалсан үзэл баримтлал, логик утга агуулсан. Тодруулбал, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний маргаан бүхий заалт нь Иргэний хуулийн үүрэг гүйцэтгэх дарааллыг журамласан заалтын агуулгыг илтэд гуйвуулан, эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, хүүг төлүүлж, эцэст нь үндсэн төлбөрийг төлүүлснээр өрийн хэмжээ багасахгүй үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчид хохиролтой нөхцөл байдалд хүргэнэ. Аливаа хуулийн хориг тавигдсан зохицуулалтын обьектив нөхцөл бүрдсэн бол субьөктив тал буюу холбогдох этгээдийн хүсэл зоригийг харгалзан үзэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний нөхцөлийг зээлдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн заалтыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг гэрээний хугацаа дуусгавар болсон үеэс үйлчлэх зохицуулалт гэж буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.11-т “Эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр төлөх үүрэг нь гэрээний хэсэгчилсэн үүрэг гэж, уг үүргийг гүйцэтгэхээр заасан хугацаа нь хэсэгчилсэн үүргийг гүйцэтгэвэл зохих гэрээний хэсэгчилсэн хугацаа гэж тус тус тооцогдох бөгөөд энэ хугацаанд хэсэгчилсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нь зээлийн гэрээний үүргийн зөрчил гэж тооцогдоно. Ийнхүү хэсэгчилсэн үүргийг зөрчсөн нь гэрээний 4.1-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлд хамаарна” гэж заасан. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагчийн төлбөр гүйцэтгэсэн байдлыг төлбөрийн хуваарьтай харьцуулан үзэхэд сүүлийн зээл, хүүний төлөлт хамт хийгдсэн 2017 оны 3 сарын 02-ны өдрийн байдлаар зээлд нийт 56 000 000 төгрөг, зээлийн хүүд 27 470 465.74 төгрөг тус тус төлөхөөс зээлд 55 133 692 төгрөг, зээлийн хүүд 26 939 727 төгрөг төлсөн, өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэх дараалалтай холбоотойгоор хариуцагч илүү хүү төлж хохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч нарын төлөөлөгчийн зүгээс тооцоолол хийлгэхээр 2020 оны 01 сарын 20-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний эргэн төлөлтөд нийт 82 140 936.13 төгрөг төлсөн. Үүнийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу тооцоолж үзвэл нэхэмжлэлийн үнийн дүн өөрчлөгдөж хасагдах нь тодорхой билээ. Иргэний эрх зүйн харилцаа нь оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд үндэслэх бөгөөд гэрээний стандарт нөхцөлийн тухайд харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд нийцэх, стандарт нөхцөлийг хүлээн авагч тал болох зээлдэгчид хохиролгүй байх шаардлагатай ч энэхүү шаардлагыг зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.2 дахь заалт нь хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Г.Н-, Г.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 30 500 861 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Х” ХХК нь 36 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй, 72 000 000 төгрөгийг хариуцагч Г.Н-, Г.Б- нарт зээлдүүлэх, хариуцагч Г.Н-, Г.Б- нар нь зээл, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч “Х” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 72 000 000 төгрөгийг хариуцагч Г.Н-гийн дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 7-9, 16-р тал/

 

Мөн өдөр талууд баталгаат ипотекийн гэрээ байгуулж, хариуцагч Г.Н-, Г.Үүрцайх нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201018672 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 131/3 дугаар байр, 56 тоот хаягт байршилтай, 83,33 м.кв талбайтай, орон сууцыг барьцаалжээ. /хх-ийн 10-14-р тал/ 

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “ ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

            Хариуцагч Г.Н-, Г.Б- нар нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 55 133 692 төгрөг, зээлийн хүүд 26 939 726,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 67 517 төгрөг, нийт 82 140 936 төгрөг төлж, гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч “Х” ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар зээл, хүүгийн төлбөрийг хариуцагч Г.Н-, Г.Б- нараас шаардах эрхтэй юм. /хх-ийн 16-р тал/

 

            Иймд хариуцагч Г.Н-, Г.Б- нараас үндсэн зээлийн үлдэгдэл 16 866 308 төгрөг, зээлийн хүү 11 728 947 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 905 606 төгрөг, нийт 30 500 861 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

           

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо хариуцагч Г.Н-, Г.Б- нарын төлсөн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар тооцож, нийт зээлийн төлөлтөөс хассан нь үндэслэлгүй, гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байхад хамаарна, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу тооцох ёстой гэх боловч талуудын байгуулсан гэрээний 4.2-т зээлийн төлбөрийг төлөх дарааллыг тохиролцсон байна. Зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хүчин төгөлдөр хэлцэл хийсэн байх бөгөөд гэрээний 4.2 дахь заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх агуулгад хамаарахгүй. Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн давж заалдах гомдолдоо шүүх шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй гэх боловч уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/00371 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 310 454 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.МӨНХЗУЛ                                           

                                         ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

                                                                                                 

                                                                                                     Г.ДАВААДОРЖ