Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01514

 

 Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/00371 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 646 дугаар магадлалтай,

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г.Надмидцэрэн, Г.Баярмаа нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 30,500,861 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Надмидцэрэн, Г.Баярмаа нар нь 2014.10.21-ний өдөр Хас банктай 1080019295 дугаартай зээлийн гэрээ, 1080019295-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, 72,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2201018672 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 131/3 байрны 56 тоотод байрлалтай, 89.33 м.кв талбайтай орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 1.8-д заасны дагуу гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016.12.05-ны өдрөөс эргэн төлөлтийн хуваарийг зөрчин гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш үндсэн зээлд 55,133,692 төгрөг, зээлийн хүүд 26,939,726.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 67,517.30 төгрөг тус тус төлсөн. Банкны зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөр төлөх боломжийг маш олон удаа өгч, амаар мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь заалт, зээлийн гэрээг үндэслэн 2019.10.03-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 16,866,308 төгрөг, зээлийн үндсэн хүү 11,728,947 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,905,606 төгрөг, нийт 30,500,861 төгрөгийг хариуцагч Г.Надмидцэрэн, Г.Баярмаа нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Надмидцэрэн, Г.Баярмаа нар нь нэхэмжлэгч Хас банк ХХК-тай 2014.10.21-ний өдөр 1080019295 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 72,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаанд Хас банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.11.30-ны өдрийн А-1590 дугаартай зээлийн хүүгийн хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай тушаалын 1 дэх заалтаар Хас банк ХХК-ийн бүх төрлийн зээлийн бүтээгдэхүүний хүүгийн хувь хэмжээний дээд хязгаарыг сарын 2 хувь байхаар тогтоож, мөн гүйцэтгэх захирлын 2016.12.01-ний өдрийн А-1591 дугаартай тушаалаар 2016.12.01-ний өдрөөс өмнө олгосон, идэвхтэй байгаа зээл, овердрафтын сарын хүү нь 2.0 хувиас дээш байгаа тохиолдолд сарын хүүгийн хувь хэмжээг дээд хязгаарт нийцүүлэн бууруулан өөрчлөхөөр шийдвэрлэсэн байна. Дээрх тушаалуудын дагуу зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд 2016.12.03-ны өдөр жилийн хүүгийн хувь хэмжээг 24 хувь болгон өөрчлөлт оруулсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралтаар харилцан тохиролцсон. Тус зээлийн эргэн төлөлтийг хариуцагч нар дараах байдлаар төлсөн. 2014.11.17-ны өдрөөс 2017.03.02-ны өдрийн хугацаанд 31 удаагийн төлөлтөөр нийт 75,598,577.82 төгрөг төлсөн. Түүнчлэн нэхэмжлэгч Хас банк ХХК нь 2015.12.15-ны өдөр 1,446,000 төгрөг, 2016.07.15-ны өдөр 1,960,280.02 төгрөг, 2017.06.12-ны өдөр 2,386.29 төгрөг, 2017.09.26-ны өдөр 3,133,692 төгрөг, нийт 6,542,358.31 төгрөг зээлийн төлбөрт суутган авсан. Ингээд хариуцагч нар зээлийн гэрээний эргэн төлөлт нийт 82,140,396.13 төгрөг төлсөн. Дээрхээс зээлийн эргэн төлөлтөд 2016.03.15-ны өдөр 2,661,000 төгрөг төлсөн байхад нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хариуцагч Г.Надмидцэрэнгийн 1080019295 дугаартай дансны хуулга, нэхэмжилсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол зэрэгт 2,660,147.93 төгрөг гэж 852.07 төгрөгөөр дутуу бичилт хийсэн байна. Түүнчлэн зээлийн гэрээний 4.2-т зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө гэж заасан нь Иргэний хуульд нийцэхгүй. Тодруулбал Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлөх журамтай. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгчийн хүлээх хариуцлага бөгөөд эдгээр хариуцлагыг эхэлж төлүүлэхээр гэрээгээр дараалал тогтоох нь хуульд нийцэхгүй гэж үзнэ. Хэдийгээр иргэний эрх зүйн харилцаанд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд гэрээний агуулгыг тодорхойлох бүрэн эрхтэй хэдий ч Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, хуульд нийцэхгүй агуулгаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш бөгөөд зээлдэгчид хохиролтой гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулсан. Банктай байгуулж буй зээлийн гэрээ нь байнга хэрэглэгдэх, гэрээний нөхцөлийг урьдчилан тогтоож, зээл авахаар ирсэн зээлдэгч бүрт санал болгодог тул зохигчдын хооронд байгуулсан 2014.10.21-ний өдрийн 1080019295 тоот зээлийн гэрээнд заасан нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний стандарт нөхцөлөөр хуулийн заалтыг тодотгосон журам тогтоож болох хэдий ч түүний агуулгыг өөрчилж, банкнаас тавьсан нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч болох зээлдэгч нарт хохиролтой байдлаар тодорхойлох нь хуульд харшилна. Иймд хариуцагч нарын зээлийн эргэн төлөлтийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан журмын дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар тооцоолж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/00371 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Надмидцэрэн, Г.Баярмаа нараас 30,500,861 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Надмидцэрэн, Г.Баярмаа нараас 310,454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 646 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/00371 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 310,454 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Надмидцэрэн, Г.Баярмаа нарт холбогдох 30,500,861 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт ...талуудын байгуулсан гэрээний 4.2-т зээлийн төлбөрийг төлөх дарааллыг тохиролцсон байна. Зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хүчин төгөлдөр хэлцэл хийсэн байх бөгөөд гэрээний 4.2 дахь заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх агуулгад хамаарахгүй. Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн...Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй гэх боловч уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй... гэж дүгнэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх /шинжээч томилуулах/ хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байхад хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зохигчдын хооронд байгуулсан 2014.10.21-ний өдөр 1080019295 дугаартай Зээлийн гэрээ-ний 4.2-т Зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө гэж заасан заалтын хүчин төгөлдөр байдлын талаар маргасан боловч анхан шатны шүүхээс уг заалт нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд нийцсэн эсэх, зээлдэгч талд хохиролгүй эсэхэд дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн. Банкнаас зээлдэгч нартай байгуулж буй зээлийн гэрээ нь гэрээний стандарт нөхцөл юм. Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээг гэрээний стандарт нөхцөл мөн болохыг талууд хүлээн зөвшөөрч, маргадаггүй. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий гэрээний нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т нийцсэн эсэх, хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байсан. Иргэний эрх зүйн харилцаанд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд гэрээний агуулгыг тодорхойлох бүрэн эрхтэй хэдий ч тухайн гэрээ, ялангуяа гэрээний стандарт нөхцөл хууль зөрчөөгүй байх шаардлага тавигддаг. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна... гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээний стандарт нөхцөлийн тухайд гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээ хязгаар нь шударга ёс, харилцан итгэлцлийн зарчимд харшлахгүй байх бөгөөд стандарт нөхцөлийг хүлээн авагч зээлдэгч талд хохиролгүй байх явдал байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасан харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш гэдгийг тогтоохын тулд хуулийн үндэслэлээс хайх зарчмыг баримталдаг билээ. Тодруулбал, тодорхой нэг эсвэл хэсэг бүлэг хуулийн зохицуулалтын зорилго, зорилт агуулгатай үл нийцэх байдлаар эсрэг талын эрхийг хязгаарласан тохиолдолд тус гэрээний стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Түүнчлэн тухайн гэрээний мөн чанартай салшгүй холбоо бүхий гол эрх, үүргийг хязгаарлаж байгаа ба ингэснээр гэрээний зорилгод хүрэх боломжгүй нөхцөл байдал үүсч буй бол ийм агуулга бүхий стандарт нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр бус байдаг. Хариуцагч Г.Надмидцэрэн, Г.Баярмаа нарын нэхэмжлэгч Хас банк ХХК-тай 2014.10.21-ний өдөр байгуулсан 1086019295 дугаартай Зээлийн гэрээ-ний 4.2-т Зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө гэж заасан нь Иргэний хуульд нийцэхгүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл энэхүү хуулийн зохицуулалтаар үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх журамтай байна. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгчийн хүлээх хариуцлага юм. Эдгээр хариуцлагыг эхэлж төлүүлэхээр гэрээгээр дараалал тогтоох нь хуульд нийцэхгүй гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 нь үндсэн агуулга, зарчмын хувьд өрийн хэмжээ багасвал төлөх үүргийн хэмжээ бас багасна гэх үүрэг гүйцэтгэгчийн эрх ашгийг хамгаалсан үзэл баримтлал, логик утга агуулсан. Тодруулбал, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний маргаан бүхий заалт нь Иргэний хуулийн үүрэг гүйцэтгэх дарааллыг журамласан заалтын агуулгыг илтэд гуйвуулан, эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, хүүг төлүүлж, эцэст нь үндсэн төлбөрийг төлүүлснээр өрийн хэмжээ багасахгүй үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчид хохиролтой нөхцөл байдалд хүргэнэ. Аливаа хуулийн хориг тавигдсан зохицуулалтын обьектив нөхцөл бүрдсэн л бол субьектив тал буюу холбогдох этгээдийн хүсэл зоригийг харгалзан үзэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний нөхцөлийг зээлдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн заалтыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй. Дээрх үндэслэлүүдээр зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.2 дугаар зүйл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасан харилцан итгэлцэл, шударга ёсны зарчмыг зөрчиж, зээлдэгчид илт хохиролтой нөхцөл бүрдүүлсэн байхад тус заалтыг хүчин төгөлдөр гэж дүгнэж, хүчин төгөлдөр бус байх агуулгад хамаарахгүй дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг гэрээний хугацаа дуусгавар болсон үеэс үйлчлэх зохицуулалт гэх буруу дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй хэргийг шийдвэрлэсэн. Учир нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.11-т Эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр төлөх үүрэг нь гэрээний хэсэгчилсэн үүрэг гэж, уг үүргийг гүйцэтгэхээр заасан хугацаа нь хэсэгчилсэн үүргийг гүйцэтгэвэл зохих гэрээний хэсэгчилсэн хугацаа гэж тус тус тооцогдох бөгөөд энэ хугацаанд хэсэгчилсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нь зээлийн гэрээний үүргийн зөрчил гэж тооцогдоно. Ийнхүү хэсэгчилсэн үүргийг зөрчсөн нь гэрээний 4.1-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлд хамаарна гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан ба нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх ба зээлийн гэрээний хугацаанд Хас банк ХХК-аас 2015.01.22-ны өдөр 2,024.85 төгрөг, 2015.01.28-ны өдөр 1,735.58 төгрөг, 2015.02.24-ний өдөр 2,314.52 төгрөг зэргээр зээлийн гэрээний хугацаанд нийт 1,973,123 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцсон байдаг. Улсын дээд шүүхийн 2006 оны 53 дугаартай Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарчим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж тайлбарласан. Дээрхээс үзвэл Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өр... гэдэг нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон үеэс бус зээлийн эргэн төлөлтийн хуваариар тохиролцсон сар бүр төлөх хэсэгчилсэн үүргээр тодорхойлогдохоор байхад гэрээний хугацаа дууссаны дараа тус зохицуулалтыг хэрэглэнэ гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулаагүйд гомдолтой байна. Түүнчлэн хариуцагч нарын төлөөлөгчийн зүгээс зээлийн эргэн төлөлтөд төлсөн 82,140,936.13 төгрөгийг Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх дараалал, журамд заасны дагуу эхний ээлжид үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх дарааллаар тооцоолол хийлгэхээр 2020.01.20-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.01.20-ны өдрийн 1827 дугаартай захирамжаар хүсэлтэд дурдсан асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан тусгай мэдлэг шаардагдахгүй, хууль зүйн асуудал байна гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж шийдвэрлэсэн. Үүнийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь буруу бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ. Хариуцагч нар зээлийн гэрээний эргэн төлөлтөд нийт 82,140936.13 төгрөг төлсөн. Үүнийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу тооцоолж үзвэл нэхэмжлэлийн үнийн дүн өөрчлөгдөж хасагдах нь тодорхой билээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн..., мөн зүйлийн 172.2.2,-т шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хас банк ХХК нь Г.Надмидцэрэн, Г.Баярмаа нарт холбогдуулан үндсэн зээл 16,866,308 төгрөг, зээлийн хүү 11,728,947 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,905,606 төгрөг, нийт 30,500,861 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар ...зээлийн төлбөрийг хуульд заасан дарааллын дагуу тооцоогүй, зарим тооцоо зөрүүтэй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааны үндэслэлд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

1. 2014.10.21-ний өдөр Хас банк ХХК болон Г.Надмидцэрэн, Г.Баярмаа нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, уг гэрээний хүчин төгөлдөр байдалд хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

 

Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч нарт 72,000,000 төгрөгийг, жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэх, хариуцагч нь сар тутам үндсэн зээлээс 2,000,000 төгрөг болон тус сард тооцогдох зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх, зээлийг хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцохоор талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ ба гэрээг бичгийн хэлбэрээр байгуулах хуульд заасан шаардлагыг хангажээ. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчин төгөлдөр бусд тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

2. Хас банк ХХК нь зээлийн мөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлж гэрээний үүргээ гүйцэтгэсэн, хариуцагч Г.Надмидцэрэн, Г.Баярмаа нар гэрээний хугацаанд үндсэн зээлд 55,133,692 төгрөг, зээлийн хүүд 26,939,727 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 67,517 төгрөг, нийт 82,140,936 төгрөг төлсөн боловч гэрээний хугацаа дуусгавар болсон 2017.10.16-ны өдөр гэхэд зээл, хүүг бүрэн төлж дуусгах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд гэрээний үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

3. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.

 

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.2.2-т зээлийн гэрээний ерөнхий хугацаа гэж энэхүү гэрээний 1.1-д заасан хугацааг /1.1-д 36 сарын хугацаа гэж заасан/, 1.2.3-т хэсэгчилсэн хугацаа гэж зээлийн төлбөрийн үүргийг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу хэсэгчлэн гүйцэтгэх хугацааг, 1.2.1-д зээлийн төлбөр гэж зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус ойлгоно гэжээ.

 

Зээлийн гэрээнд заасан хэсэгчилсэн хугацаанд зээлдэгч төлвөл зохих үндсэн зээлийг төлөх үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд гэрээгээр тухайлан тохиролцсон нь хуульд харшлаагүй, хуваариар тогтоосны дагуу үндсэн зээлийг хариуцагч нар төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байх тул хугацаа хэтрүүлсний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах нь хууль зөрчихгүй.

 

Иймээс гэрээний хугацаанд, гэрээгээр тохиролцож тогтоосон хуваарьт заасны дагуу төлсөн мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллаар суутгаж тооцоогүй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/00371 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 646 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргалын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.17-ны өдөр төлсөн 310,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ