Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 687

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ё.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00139 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ё.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Т-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 1 622 134 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.А- нь 2019 оны 4 сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын хойд талын уулзварын замд 14:30 минутын үед явган гарцаар гарч байх үед Э.Т- нь “Инфинити кү экс 60” маркийн 90-02 УНК улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж Ё.А-г мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан. Ё.А- нь үүнээс шалтгаалж, Мөнгөн гүүр эмнэлэгт 10 хоног хэвтэж үзлэг оношлогоо, эмчилгээ хийлгэсэн. Үүнд нийт 2 290 514 төгрөгийн зардал гарсан ба Э.Т- 668 380 төгрөгийн хохирлыг барагдуулсан бусад хохирлыг барагдуулаагүй тул Э.Т-гээс гэм хорын хохиролд 1 622 134 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.А- нь тухайн үед шүүх эмнэлгийн дүгнэлтээр тохой шалбарсан гэмтэл байсан. Мөн Ё.А-гийн хүсэлтээр Мөнгөн гүүр эмнэлэг дээр яаралтайгаар компьютер томографик шинжилгээг тархи, нуруу нугас, аарцганд хийлгэхэд ямар ч гэмтэл гараагүй байсан. Тэгээд гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч үзлэг хийн мах тасарсан, яс хугарсан зүйл байхгүй, өвдөг тохой шалбарсанд нь боолт хийнэ гэсэн дүгнэлт гаргасны дагуу эм тариа, боолтны материалын төлбөр, мөн компьютер томографикийн төлбөр болох 668 380 төгрөгийн бодит хохирлыг төлж барагдуулсан болно. Мөн надад тээврийн прокурорын газраас миний буруутай үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авсан болно. Ё.А- нь Мөнгөн гүүр эмнэлэгт ядаргааны эмчилгээ хийлгэсэн гэж надад өөрөө хэлсэн. Иймд нэхэмжилж буй 1 622 134 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эмчилгээний зардлаас 1 000 000 орчим төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Т-гээс гэм хорын хохиролд 1 481 850 төгрөг гаргуулан, Ё.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 140 284 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 41 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 38 660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгч А.Ганбат миний бие Э.Т-гийн өөрийнх нь болон ар гэрийхнийх нь хүсэлтээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулж эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа билээ. Миний үйлчлүүлэгч Э.Т- нь шүүх хуралдаан дээр өмгөөлөгч А.Ганбатын хамт шүүх хуралдаанд оролцмоор байна гэж албан ёсоор хэлсээр байхад өмгөөлөгч миний бие 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 13:30 цагаас Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2 удаа хойшлогдсон нилээд ээдрээ төвөгтэй хэргийн шүүх хуралдаан товлогдсон тухай өмгөөлөгчийн хүсэлтийг бичгээр гаргаж хүргүүлсээр атал шүүх хуралдааныг хийж, Э.Т-г 1 481 850 төгрөг төлж барагдуулахаар шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгч Э.Т-г өмгөөлүүлэх эрхээр хангаагүй Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан эрхийг бүдүүлгээр зөрчсөн байна гэж үзэхээс өөр аргагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Э.Т-г өмгөөлүүлэх бололцоогоор хангаж, өмгөөлөгчийг оролцуулан дахин хуралдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна гэжээ.

     

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ё.А- нь хариуцагч Э.Т-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 1 622 134 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Э.Т- нь 2019 оны 4 сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын зүүн хойд талын уулзварт “Инфинити кү экс 60” маркийн, 90-02 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин, нэхэмжлэгч Ё.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-48-54, 78-р тал/

 

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ё.А-гийн биед тархи доргилт, баруун тохойд няцарсан шарх, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирчээ. /хх-ийн 78-р тал/

 

Улмаар нэхэмжлэгч Ё.А- нь 2019 оны 4 сарын 03-ны өдрөөс 4 сарын 13-ны өдөр хүртэл Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахад 8 000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардалд 809 590 төгрөг, эмра оношилгооны төлбөрт 350 000 төгрөг, физик бариа эмчилгээний зардалд 160 000 төгрөг, шархны боолт хийлгэхэд 30 000 төгрөг, эм тарианы зардалд 124 260 төгрөг, нийт 1 481 850 төгрөгийг тус тус төлсөн байна. /хх-56 59, 71-75-р тал/

 

Хариуцагч Э.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ё.А- нь зам тээврийн осолд өртөж, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх тул хариуцагч Э.Т-гээс шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахад төлсөн 8 000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардалд 809 590 төгрөг, эмра оношилгооны төлбөрт 350 000 төгрөг, физик бариа эмчилгээний зардалд 160 000 төгрөг, шархны боолт хийлгэхэд төлсөн 30 000 төгрөг, эм тарианы зардалд 124 260 төгрөг, нийт 1 481 850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ё.А-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх хариуцагчийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, тухайн өдөр өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан байсан гэх боловч хариуцагч Э.Т- нь 2019 оны 10 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаснаар шүүх түүний хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь 2020 оны 01 сарын 14-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна гомдолд дурьдсан үндэслэл нь өмгөөлөгчийн өөрийнх нь хууль зүйн үйлчилгээтэй холбоотой байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно. /хх-ийн 42-43-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр  сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00139 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

     

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ                             

           

           ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                                 

                                                                                           Г.ДАВААДОРЖ