Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2020/00139

 

 

 

2020 оны 01 сарын 14 өдөр

     Дугаар 183/ШШ2020/00139

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ж.Сэмжид, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо оршин суух, Ё. А /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, хаягт оршин суух, Э.

Т /РД:/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1 622 134 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагч Э.Т, нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов.                       

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.А нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын хойд талын уулзварын замд 14.30 минутын үед явган гарцаар гарч байх үед Э.Т нь Инфинити Кү Экс 60 маркийн .......УНК улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж Ё.Аг мөргөж эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан. Ё.А нь үүнээс шалтгаалж Мөнгөн гүүр эмнэлэгт 10 хоног хэвтэж үзлэг оношлогоо, эмчилгээ хийлгэсэн. Үүнд нийт 2 290 514 төгрөгийн зардал гарсан ба Э.Т 668 380 төгрөгийн хохирлыг барагдуулсан бусад хохирлыг барагдуулаагүй тул Э.Тгээс гэм хорын хохиролд 1 622 134 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу талбартаа: Ё.А нь тухайн үед шүүх эмнэлгийн дүгнэлтээр тохой шалбарсан гэмтэл байсан. Мөн хохирол Ё.Агийн хүсэлтээр Мөнгөн гүүр эмнэлэг дээр яаралтайгаар компьютер томографик шинжилгээг тархи, нуруу нугас, аарцаганд хийлгэхэд ямар ч гэмтэл гараагүй байсан. Тэгээд гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч үзлэг хийн мах тасарсан, яс хугарсан зүйл байхгүй, өвдөг тохой шалбарсанд нь боолт хийнэ гэсэн дүгнэлт гаргасны дагуу эм тариа боолтны материалын төлбөр, мөн компьютер томографикийн төлбөр болох 668 380 төгрөгийн бодит хохирлыг төлж барагдуулсан болно. Мөн надад тээврийн прокурорын газраас миний буруутай үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авсан болно. Ё.А нь Мөнгөн гүүр эмнэлэгт ядаргааны эмчилгээ хийлгэсэн гэж надаа өөрөө хэлсэн. Иймд нэхэмжилж буй          1 622 134 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Эмчилгээний зардлаас сая орчим төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэв.

      

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.А нь хариуцагч Э.Тд холбогдуулан гэм хорын хохиролд 1 622 134 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Ё.А миний бие 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр нутаг, Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын хойд талын уулзварын замд 14.30 цагийн үед явган гарцаар гарч байхад, Э.Т .......УНК улсын дугаартай авто машинаар мөргөж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тул эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал 1 622 134 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.” гэж тайлбарлаж байна.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ. Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хууль бус үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтанд тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Э.Т нь 2019 оны 04 дүгээр сарын               03-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Вокзалын хойд уулзварт .......УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчснөөс осол гаргаж, нэхэмжлэгч Ё.Агийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Замын цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгийн тогтоосон тэмдэглэл, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, Тээврийн прокурорын газар Прокурорын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 343 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байна. /хх-48-54, 77/

 

Хариуцагч Э.Тгийн дээрх үйлдлийн улмаар нэхэмжлэгч 2019 оны 04 сарын 03-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн болох нь өвчтөний түүх, үзлэгийн хуудас, төлбөр төлсөн баримт, эмнэлгийн магадалгаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахад төлсөн 8 000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал 809 590 төгрөг, эмра оншилгооний төлбөр 350 000 төгрөг, физик бариа эмчилгээний зардал 160 000 төгрөг, шархны боолт 30 000 төгрөг, эм тарианы зардал 124 260 төгрөг /эмнэлэгт байгаагүйгээс гаднаас авч хэрэглэсэн/, нийт 1 481 850 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар нотлогдож байна. /хх-55, 70-74/

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 1 481 850 төгрөгийн шаардлагыг хангаж, баримтаар тогтоогдоогүй 140 284 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнд дүгнэв.

 

Иймд хариуцагч Э.Тэмүүжингээс 1 481 850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 140 284 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 41 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 38 660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бэсүд овогт Энхтөрийн Т /РД:/-ээс гэм хорын хохиролд 1 481 850 /нэг сая дөрвөн зуун наян нэг мянга найман зуун тавин/  төгрөг гаргуулан, Боржигон овогт Ёндонгийн А /РД:/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 140 284 /нэг зуун дөчин мянга хоёр зуун наян дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 41 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 38 660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                         Д.МӨНХЦЭЦЭГ

 

                                  ШҮҮГЧИД                                        Ж.СЭМЖИД

                                                                             

                                                                                Д.ЯНЖИНДУЛАМ