Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 301

 

Ж.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 313 дугаар магадлалтай, Ж.О-т холбогдох 1805032641257 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дүүргийн эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 516 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 5 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Ж-ийн О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.  

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзоригийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг гаргасан  гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг энэ хуулийн ... 39.8 дугаар зүйлд заасны дагуу ойлгоно”, уг зүйлийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ...36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана”, уг зүйлийн  36.7.2.1-д “Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго...шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, ...хэргийн талаарх нөхцөл байдал” зэргийг тусгахаар заасан боловч шийтгэх тогтоол нь уг хуулийн шаардлагыг хангаагүй, таамагласан дүгнэлтийг хийсэн. Шүүгдэгч Ж.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...би О.Б-г огт цохиж, зодоогүй, согтуу хөл дээрээ тогтож чадахгүй унаж, босож яваад байсан, шатаар буухдаа унаж гэмтсэн, хэрвээ би ийм том биетэй хүн, хөгшин настай хүнийг зодсон бол хөнгөн гэмтлээс илүү хүнд гэмтэл учрах байсан, би юу гэж хөгшин настай хүн зодох вээ дээ...” гэж тогтвортой мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид хууль сануулан гэрчээр мэдүүлэг авахад “...намайг гараараа цохьсон үгүйг сайн мэдэхгүй байна...” гэсэн атлаа хохирогчоор мэдүүлэхдээ “...намайг гараараа толгой, нүүр хэсэг рүү олон удаа цохьсон...дээрээс толгой руу хөлөөрөө дэвссэн...” гэж харилцан зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлсэн байдаг. Түүнчлэн хохирогч О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр...О гэдэг залуугийнд...ярилцаж сууж байгаад...”, “...О-ын хашаа руу ороод гэрлүү нь явж байх үед...намайг заамдаж барьж аваад урагшаа татаж, цементэн дээр унагаасан...”, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “намайг гэртээ оруулаад шал мөргүүлж, дээрээс дэвссэн...” гэж мөн л харилцан зөрүүтэй мэдүүлдэг. Уг хохирогчийн мэдүүлгүүдээс үзэхэд тухайн өдөр О.Б нь Ж.О-ын гэрт нь орсон эсхүл ороогүй, гадаа эсхүл гэрт нь зодуулсан, зодсон гэх нөхцөл байдал нь эргэлзээ төрүүлдэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хохирогч О.Б, гэрч Б.Б, шинжээч Ханхүү нарын мэдүүлэг, шинжээчийн 6787 тоот дүгнэлтийг үндэслэсэн. Гэтэл хохирогч О.Б нь харилцан зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлгүүдийг өгсөн, гэрч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ж.О О.Б-г цохиж, зодсон гэдгийг хараагүй, хэрэг учрал болсон гэх газар, цаг хугацаанд хамт байгаагүй, хэргийн нөхцөл байдлыг мэдэхгүй бөгөөд Б-тай хаана тааралдсан, ямар байдалтай явж байсан талаарх нөхцөл байдлын талаар мэдүүлдэг. Шинжээчийн 6787 тоот дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, эргэлзээтэй гарсан байдаг. Тухайлбал, хохирогчийн шүдний булгарал, нэг шүдний сулрал гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй талаар дүгнэлтдээ тусгасан байдаг. Үүнээс үзвэл уг гэмтлүүд нь хэрэг учрал болсон өдөр эсхүл өмнө, дараа нь учирсан эсэх, шинэ, хуучин гэмтлийн аль нь болох нь тогтоогдоогүй юм. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...хохирогчийн...хиймэл шүд хийлгэсэн 35,000 төгрөг...баримтаар нотлогдож байна...” гээд хохиролд тооцож, гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй бөгөөд “...хохирогчийн нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” талаарх дүгнэлт нотлох баримтаар авагдсан байхад хохирогчийн шүдэнд учирсан тухайн гэмтлийг хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр учруулсан мэтээр дүгнэлт хийсэн байна. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Ж.О нь хохирогч О.Б-н биед учирсан хөнгөн гэмтлийг ямар аргаар учруулсан, сэдэлт, зорилго, шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр зэргийг нэг бүрчлэн нарийвчлан тусгаагүйгээс гадна “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг...хаана, яаж үйлдсэн”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 1.7.2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч...нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан зарчмыг удирдлага болгон Ж.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хэрэг учрал гарснаас хойш 3 хоногийн дараа шинжээчийн дүгнэлт гарч, уг дүгнэлтээр хохирогч О.Б-н эрүүл мэндэд нь гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Мөн хохирогчийн зүгээс шүүгдэгч Ж.О өөрийнх нь эрүүл мэндэд нь хохирол учруулсан болохыг тодорхой эх сурвалжтай мэдүүлэг өгсөн тул энэхүү хэрэг бүрэн нотлогдон тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан гомдлыг үндэслэн Ж.О-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.О нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16-383 тоотод О.Б-г маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.О-ыг гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Ж.О нь хохирогч О.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд хоёр шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тогтоосон байна.

Харин шүүгдэгч Ж.О-т холбогдох хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэх үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 313 дугаар магадлалд:

“Прокуророос шүүгдэгч Ж.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсан 2, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН