Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 159/ШШ2016/0017

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Л.Одбаатар, шүүгч Ж.Бурмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч ******* холбогдох

Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан, уг хуралдаанаас гарсан 45, 46, 47, 48, 49 дүгээр тогтоолууд, мөн Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10/01, 10/02, 10/03, 10/04, 10/05, 10/06, 10/07, 10/08, 10/09 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Иргэдийн төлөөлөгч: *******   

Нэхэмжлэгч: ******* 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:*******    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон нийтлэг бүрэн эрхийн дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08:00 цагаас хуралдуулахаар аймгийн ИТХ-ын даргын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/15 дугаар захирамж гаргасан. Гэтэл уг зарлагдсан хуралдаанд ирвэл зохих 11 Тэргүүлэгчдээс 5 хүн ирснээр хуралдааны хуулинд заагдсан ирц хүрээгүй. Би ирц бүрдэхийг хүлээж бараг 1 цаг, 20 минут орчим хүлээсний эцэст Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолоор батлагдсан ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны дэгийн хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг ИТХ-ын дарга удирдана, хурлын даргын эзгүйд ИТХ-ын даргын санал болгосноор аль нэг тэргүүлэгч удирдана”, 2 дахь хэсэгт “Тэргүүлэгчдийн хуралдаанд олонхи нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно гэсэн заалтуудыг удирдлага болгон аймгийн Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааныг хойшлуулахдаа албан ёсоор мэдэгдэж хурал зарласан өрөөг орхин гарсан. Ингэснээр уг зарлагдсан хуралдаан болоогүй болно.

Гэтэл аймгийн ИТХ-ын нэр бүхий 4 тэргүүлэгч засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дэгийг зөрчин аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг хууль бусаар үргэлжлүүлэн хуралдуулж 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 45 дугаар тогтоол гарган П.Эрдэнэбатыг хурал даргалагчаар сонгон / 1 гишүүн түдгэлзсэн/, “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудал батлах тухай 46 дугаар тогтоол, Хуралдааны тов зарлах тухай 47 дугаар тогтоол, ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай 48 дугаар тогтоол, ИТХ-ын хуралдаанд асуудал оруулах илтгэгчийг батлах тухай” 49 дүгээр тогтоолуудыг тус тус гарган өөрсдөө сэйф онгойлгон тэмдэг авч дээрхи тогтоолуудад дарж хууль зөрчсөн нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д хурлын болон хурлын тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга ... гарын үсэг зурна гэсэн ИТХ-ын дарга миний хуулиар олгогдсон эрхэнд ноцтой халдсан үйлдэл гэж үзэж байна. 

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны дэгийн 2-т “Бэлтгэгдэж зөвшөөрөгдсөн материалыг хэлэлцэх асуудалд оруулж төлөвлөгөө боловсруулан ИТХ-ын захирамж гарсаны дараа урьдчилан судлах шаардлагатай материалын хамт хурал хуралдахаас 1-ээс доошгүй хоногийн өмнө тэргүүлэгчдэд бичгээр юмуу электрон шуудангаар хүргүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж өөрсдөө урьдчилан тараагдаагүй асуудлуудыг шууд хэлэлцэж, дур мэдэн хууль бус тогтоолуудыг гаргасан байна. 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д хурлын болон хурлын тэргүүлэгчдийн тогтоолд хурлын дарга... гарын үсэг зурна” мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолоор батлагдсан ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны дэгийн дөрөвдүгээр зүйлийн 4.1-д “Шийдвэрийн төсөлд тэргүүлэгчдээс шийдвэрт тусгахаар баталсан өөрчлөлтийг оруулан ... хурлын дарга гарын үсэг зурж, тамгыг дарсанаар хүчин төгөлдөр болно” гэж заасан заалтуудыг зөрчин тогтоолд Тэргүүлэгч гарын үсэг зурсан нь хуулийг ноцтойгоор зөрсөн үйлдэл юм. Тэднийг хууль зөрчиж байгаа тухай хурлын нарийн бичгийн дарга хуралдааны ирцийн тухай хуралдаанд асуудал оруулах тухай, хурлын тогтоолд хэн гарын үсэг зурж баталгаажуулах тухай хуралдаан даргалагчийг Хурлын дарга санал болгодог тухай гэх мэт холбогдох хуулийн заалтыг уншин сонсгож байсан боловч үл тоож өөрсдөө хуулийг дур мэдэн тайлбарлаж хуралдан, шийдвэр гаргасан. 

Хууль бус хурлыг хийхдээ өөрсдийнхөө санаагаар намайг ирцэнд оруулан хурлыг орхин гарсан тул эсрэг санал өгсөнд тооцож, 1 тэргүүлэгч түдгэлзэж, 3 тэргүүлэгч зөвшөөрсөн гэж хууль бус үйл ажиллагаагаа явуулж дуусган, гаргасан тогтоолдоо тамга дарахыг Хурлын дарга надаас шаардсан боловч миний бие та бүхний хийсэн          хурал, гаргасан шийдвэр чинь хууль бус тул тамга дарах боломжгүй гэдгийг удаа дараа хэлсээр байтал өөрсдөө сэйф онгойлгон, тэмдэг авч дарсан.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны заавар шинэчлэх батлах тухай тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар / 41 дүгээр тогтоолоох батлагдсан хавсралтын 33 дахь Бүх шатны засаг даргын тамга, тэмдгийг  Засаг дарга, тэдгээрийн орлогч, хот, тосгоны захирагчийн тамга, тэмдэгийг хот, тосгоны захирагч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Иргэдийн Нийтийн Хурлын тамгыг Хурлын Тэргүүлэгчдийн даргын гарын үсэг зурсан баримт бичиг дээр дарна гэсэн заалтыг зөрсөн болно.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно гэсэн заалтыг зөрчин 2 тэргүүлэгчийг бүрэн эрх нь дуусгавар болсон хэмээн үзэж ирц тооцож байгаа нь мөн хууль зөрчиж байна.

Энэ хуралдаан нь хууль бус мөн гаргасан дээрхи тогтоолууд нь хүчин төгөлдөр бус болох нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолоор батлагдсан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны дэгээр тогтоогдож байна.

Иймд Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан хуралдаан, уг хуралдаанаас гаргасан ИТХ-ын Тэргүүлэгчдийн 45, 46, 47, 48, 49 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ. 

Мөн шүүхэд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 10/01, 10/02, 10/03, 10/04, 10/05, 10/06, 10/07, 10/08, 10/09 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Дээрхи тогтоолуудыг хүчингүй болгуулахаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүхийн шийдвэр гараагүй байгаа талаар ИТХ-ын Төлөөлөгчдөд тайлбарлан хэлсээр байхад дээрх хууль бус тогтоолуудыг үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн ИТХ-ын 21 төлөөлөгч хүч түрэн ИТХ-ын даргын өрөөнд хуралдаж “Хуралдааны нарийн бичгийн даргыг сонгох тухай” 10/01, “Хуралдааны хэлэлцэх асуудал батлах тухай” 10/02, “Хуралдааны тооллогын комисс сонгох тухай” 10/03, “Хуралдааны бичиг баримт боловсруулах комисс сонгох тухай” 10/04, “Засаг даргыг огцруулах тухай” 10/05, “Засаг даргыг сонгох тухай” 10/06, “Аймгийн ИТХ-ын даргыг огцруулах тухай” 10/07, “Аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай” 10/08, “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 10/09 дүгээр тогтоолуудыг тус тус гаргасан. Энэ тухай хуулийн холбогдох байгууллагуудад хэлж байсан.  Дээрх хүмүүс төрийг эргүүлэх гэж оролдсон гэтэл энэ нь төрийн 3 өндөрлөгийн асуудал биш, орон нутгийн удирдлагын асуудал тул өөрсдөө хуулийн байгууллагаар явах хэрэгтэй гэж холбогдох хүмүүс нь хэлсэн. 

Иймд уг тогтоолуудыг Захиргааны илт хууль бус акт болсныг баталж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж ярих зүйлгүй гэв.  

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-Д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, ... төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж хуульчилсан. Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг 11 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй сонгосон. Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн өглөө 8:00 цагаас хуралдуулахаар аймгийн ИТХ-ын даргын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/15 дугаар захирамж гаргасан байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолоор батлагдсан “ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийн хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг ИТХ-ын дарга удирдана, хурлын даргын эзгүйд ИТХ-ын даргын санал болгосноор аль нэг Тэргүүлэгч удирдана”, 2 дахь хэсэгт Тэргүүлэгчдийн хуралдаанд олонхи нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно гэж заасны дагуу 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд ирэх ёстой 11 тэргүүлэгчээс 5 тэргүүлэгч ирсэн тул аймгийн ИТХ-ын дарга ******* хурлын ирц хүрэхгүй байна. Иймд Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдах боломжгүй болсон тул хойшлуулсан болохыг Тэргүүлэгчдэд мэдэгдсэн өрөөнөөсөө гарч явсан байна.

Гэтэл ирсэн 4 тэргүүлэгч ямар ч хуулийн үндэслэлгүйгээр ирц бүрдээгүй байхад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг хууль бусаар хуралдуулан П.Эрдэнэбатыг хурал даргалагчаар сонгон 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 45 дугаар тогтоол /1 гишүүн түдгэлзсэн/, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудал батлах тухай 46 дугаар тогтоол, Хуралдааны тов зарлах тухай 47 тогтоол, ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай 48 тогтоол, ИТХ-ын хуралдаанд асуудал оруулах илтгэгчийг батлах ИТХ-ын хуралдаанд асуудал оруулах илтгэгчийн батлах тухай 49 дүгээр тогтоолуудыг тус тус гарган аймгийн ИТХ-ын даргын сейфийг нь онгойлгон тэмдгийг нь авч дээрх тогтоолуудад дарж /тамга дарах ёстой/ баталгаажуулсан байна. Зохион байгуулалт, захирамжлалын баимт бичгийн 2011 оны Монгол Улсын стандартын 3-т Удирдлагын үйл ажиллагааны холбогдолтой баримт бичгийн харилцан хамаарал, зориулалт, нэр төрлийн шинжээр нь баримт бичгийг

а/захирамжлалын баримт бичиг

б/зохион байгуулалтын баримт бичиг

в/мэдээлэл-лавлагааны баримт гэж 3 төрөлд хуваана. Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн 2011 оны Монгол улсын стандартын 5.2-т Захирамжлалын баримт бичиг нь зарлиг, тогтоол, захирамж, тушаал, шийдвэр, албан даалгавар, албан шаардлага гэсэн төрлүүдээс бүрдэнэ.

5.2.2-т Тогтоол нь асуудлыг хамтран хэлэлцэж, шийдвэрлэх үндсэн дээр баталж гаргасан баримт бичиг гэж тодорхой заасан байдаг.

Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар-ын 33-т бүх шатны Засаг даргын тамга, тэмдгийг Засаг дарга, тэдгээрийн орлогч, хот тосгоны захирагчийн тамга, тэмдгийг хот, тосгоны захирагч, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тамгыг Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Нарийн бичгийн дарга, Иргэдийн нийтийн хурлын тамгыг Хурлын Тэргүүлэгчдийн даргын гарын үсэг зурсан баримт бичиг дээр дарна гэх тодорхой зааж өгсөн. 

Гэтэл дээрх тогтоолуудад тэмдэг дарсан нь Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх зааврын 33-ыг зөрчин тамга дарах ёстой байтал тэмдэг дарсан нь энэ тогтоол хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож байна. 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудал батлах тухай 46, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай 48 дугаар тогтоолд Аймгийн Засаг дарга ******* намайг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр тусгасан нь миний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байна. Учир нь: Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолоор батлагдсан Тэргүүлэгчдийн хуралдааны дэг-ийн нэгийн 2-т Бэлтгэгдэж зөвшөөрөгдсөн материалыг хэлэлцэх дараалалд оруулж төлөвлөгөө боловсруулан ИТХ-ын захирамж гарсаны дараа урьдчилан судлах шаардлагатай материалын хамт хурал хуралдахаас 1-ээс доошгүй хоногийн өмнө Тэргүүлэгчдэд бичгээр буюу электрон шуудангаар хүргүүлнэ гэж заасан.

Гэтэл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааныг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн өглөө 8:00 цагаас хуралдуулж, Сонгуулийн тухай /дахин сонгууль зарлах/ асуудлыг хэлэлцүүлэхээр Аймгийн ИТХ-ын даргын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/15 дугаар захирамж гаргасан байхад хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг хэлэлцүүлэхээр 2015 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудал батлах тухай 46 дугаар тогтоолд аймгийн Засаг дарга ******* намайг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоол гаргасан нь Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолыг зөрчсөн хууль бус тогтоол гаргасан байна.

Энэ хуралдаан нь хууль бус, мөн гаргасан дээрхи тогтоолууд нь хүчин төгөлдөр бус болохыг Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.7 дахь заалтууд, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоол зөрсөн нь тогтоогдож байна. Иймд Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 45, 46, 48 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ. 

Мөн нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Дархан-Уул аймгийн ИТХ-ын Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолоор батлгдсан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны дэг-ийн хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг ИТХ-ын дарга удирдана, хурлын даргын эзгүйд ИТХ-ын даргын санал болгосноор аль нэг Тэргүүлэгч удирдана, 2 дахь хэсэгт Тэргүүлэгчдийн хуралдаанд олонхи нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно гэсэн заалтуудыг удирдлага болгон 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 4 тэргүүлэгч ирц хүрээгүй байхад хууль бусаар хуралдан 45,46,47,48,49 дүгээр тогтоолуудыг гаргасныг эс зөвшөөрч тус аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байхад энэ хууль бус тогтоолуудыг үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Аймгийн ИТХ-ын 21 төлөөлөгч хүч түрэн ИТХ-ын даргын өрөөнд хуралдаж Хуралдааны хэлэлцэх асуудал батлах тухай 10/02, Засаг даргыг огцруулах тухай 10/05, Засаг даргын сонгох тухай 10/06 дугаар тогтоолуудыг тус тус гаргасан. ******* миний гомдлыг шүүх хүлээн авч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулий 36 дугаар зүйлийн 36.1-д Шүүгч энэ хуулийн 34.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж гаргана гэж хуульчилсаны  дагуу хэрэг үүсгэх шатанд явж байхад Дархан-Уул аймгийн Засаг дарга ******* намайг огцруулсан аймгийн ИТХ-ын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн засаг даргыг огцруулах тухай 10/05 дугаар  тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэнээр Ерөнхий сайд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 187 дугаар захирамж гарган Дархан-Уул аймгийн Засаг дарга ******* намайг огцруулсан болно. Гэтэл аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 204 дүгээр шүүгчийн захирамж гарсан. Шүүх миний гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй, ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 45,46,47,48,49 дүгээр тогтоолуудыг хэрэгжилтийг түдгэлзүүлсэн захирамж гарсан байхад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хуралдаан Хуралдааны хэлэлцэх асуудал батлах тухай 10/02, Засаг даргын огцруулах тухай 10/05, засаг даргыг сонгох тухай 10/06 дугаар тогтоолуудыг тус тус гаргасан ******* миний хуулиар олгогдсон эрхэд ноцтой халдсан үйлдэл болсон тул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10/02, 10/05, 10/06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулахаар мөн нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хууль бусаар хуралдаж гаргасан 45, 46, 48 дуггартай тогтоолууд нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэр гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч ******* шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна гэжээ.  

Хариуцагч Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч П.Эрдэнэбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дархан-Уул аймгийн Засаг дарга *******ын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн ИТХ /тэргүүлэгч П.Эрдэнэбат/-д холбогдох Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар  сарын 31-ний өдрийн хуралдаан, уг хуралдаанаас гаргасан 45, 46, 48-р тогтоолуудыг хүчингүй болгох тухай захирганы хэрэгт нэхэмжлэлийг гардан аваад дараах тайлбарыг гаргаж байна. Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/03 тоот тогтоол, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2/07 тоот тогтоол, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 6/02 тоот тогтоолуудаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр тус тус сонгогдсон 11 тэргүүлэгчээс Б.Азжаргал, О.Чимэдцэрэн нарт холбогдох Монгол Ардын намаас 13 дугаар баг, Өргөө баг, 7 дугаар багт нэр дэвшигч Г.Алтантуяа, Б.Азжаргал, О.Чимэдцэрэн нарыг нэрийн жагсаалтаас хасч, нэрийн жагсаалтаас хасагдсан нэр дэвшигч Г.Алтантуяа, Б.Азжаргал, О.Чимэдцэрэнгийн төлөө өгсөн саналыг хүчингүйд тооцож, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 тоот тогтоолын Г.Алтантуяа, Б.Азжаргал, О.Чимэдцэрэн нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай, Шийдвэр хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Г.Алтантуяа, Б.Азжаргал, О.Чимэдцэрэн нарыг Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөс эргүүлэн татах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй хэмээн тус тус шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 46 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 463 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон. Дээрхи хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг сайн дураар биелүүлэхгүй байсан тул Дархан-Уул аймгийн ШШГА шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардсан мэдэгдлийг удаа дараа ИТХ-д ирүүлж байсан ба хамгийн сүүлд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 03/3421 тоот албан бичгийг Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга *******д ирүүлж, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Дархан-Уул аймгийн ИТХТэргүүлэгчдийн хурал дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар өөрсдийн биеэр ирж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн. Ийнхүү хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч албадан биелүүлсэн тул Б.Азжаргал, О.Чимэдцэрэн нарыг Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оролцох, шийдвэр гаргах, саналын эрх бүхий төлөөлөгч гэж үзэх үндэслэлгүй болж, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оролцох,шийдвэр гаргах, саналын эрх бүхий төлөөлөгч гэж үзэх үндэслэлгүй болж Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оролцох, шийдвэр гаргах, саналын эрх бүхий төлөөлөгч гэж үзэх үндэслэлгүй болж, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байснаас ИТХ-ын Тэргүүлэгч Б.Азжаргал, О.Чимэдцэрэн нар хасагдаж, 9 тэргүүлэгч гишүүн үлдсэн.

Дархан –Уул аймгийн ИТХ-ын даргын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/05 тоот захирамжаар, дахин сонгууль зарлах тухай асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу хуралдсан 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд бүрэн эрх нь хэвээр байгаа 9 тэргүүлэгч гишүүний 5 тэргүүлэгч гишүүн буюу олонхи хуралд хүрэлцэн ирсэнээр ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын ирц бүрдсэн боловч ИТХ-ын дарга ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, зориудаар хурлыг орхиж гарсан Монгол улсын Засаг дахиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-л Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна гэж заасныг болон Улсын дээд шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 8 дугаартай тогтоолын 10 дахь хэсэгт “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д заасан” ... хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт эрүүл мэндийн байдал, албан томилолтоор явсан, ар гэрт нь гачигдал гарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон зэрэг хувь хүнээс өөрөөс үл хамаарах нөхцөл байдлыг ойлгоно. Хурлын дарга хуулийн дээрх зүйлд заасныг зөрчин хуралдааныг орхин гарч хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. Энэ тохиолдолд хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд аль нэг төлөөлөгч хуралдааныг удирдаж үргэлжлүүлнэ гэж заасныг баримтлан тэргүүлэгч П.Эрдэнэбатыг хурал даргалагчаар сонгон, хурлыг цааш үргэлжлүүлэн явуулсан нь хуульд нийцсэн үйл ажиллагаа байсан. Тус хурлаас Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөгчдийн хурлын хуралдааныг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулах, уг хурлаар Дархан-Уул аймгийн Засаг даргыг огцруулах, аймгийн ИТХ-ын даргыг огцруулах, нөхөн сонгуулийн тухай хэлэлцүүлэхээр шийдвэрлэж 47 тоот тогтоол гаргаж, уг тогтоол дээр хуралдаан даргалагч гарын үсэг зурсан нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хурлын тэргүүлэгчид хороо, түүнчлэн төлөөлөгч тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална, 25.2-т Хурлын болон Хурлын тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна гэж заасан хуульд нийцсэн үйл ажиллагаа байсан.

Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Хурал даргалагчийг сонгох тухай 45 дугаар тогтоол, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай 48 дугаар тогтоолууд нь гадагш чиглэсэн гэх шинжийг огт агуулахгүй байгаа тул захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх захиргааны акт биш юм. Учир нь: аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тэдгээрийн тэргүүлэгчдийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Хуралдаан байдаг ба дээрхи тогтоолууд нь үндсэн үйл ажиллагааныхаа бэлтгэл ажлыг хангах зорилготой ИТХ-ын дотоод үйл ажиллагааг зохицуулсан акт болох нь тодорхой байна. Уг тогтоолуудаар хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргаагүй зөвхөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааныг зохион байгуулах бэлтгэлийг хангасан дотоод үйл ажиллагаагаа зохицуулсан тогтоолыг аймгийн иргэдийн хурлын Тэргүүлэгчид гаргасан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. ИТХ-ынд хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай 48 дугаар тогтоол нь ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсан болохоос биш аймгийн засаг даргыг огцруулах шийдвэрийг эцэслэн гаргаагүй ба аймгийн Засаг даргын огцруулах эрх нь аймгийн ИТХ-д байдаг тул уг тогтоолын улмаас аймгийн засаг дарга *******ын эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Дархан-Уул аймгийн Засаг дарга *******ын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн ИТХ /тэргүүлэгч П.Эрдэнэбат/-д холбогдох Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан, уг хуралдаанаас гаргасан 45, 46, 48-р тогтоолуудыг хүчингүй болгох тухай захиргааны хэрэгт Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10/02, 10/05, 10/06 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардан аваад дараах тайлбарыг гаргаж байна. Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/05 тоот захирамжаар, дахин сонгууль зарлах тухай асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу хуралдсан 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Дархан-Уул аймгийн засаг даргыг огцруулах, аймгийн ИТХ-ын даргыг огцруулах, нөхөн сонгуулийн тухай хэлэлцүүлэхээр шийдвэрлэж 47 тогтоол, ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай 48 тоот тогтоол гаргасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын 21 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан хуралдаанаас Хуралдааны хэлэлцэх асуудал батлах тухай 10/02, Засаг даргыг огцруулах тухай 10/05, Засаг даргыг сонгох тухай 10/06 дугаар тогтоолуудыг тус тус гаргасан нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т хурлын тэргүүлэгчид, хороо,түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, 25.1-т Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална гэж заасан хуульд нийцсэн үйл ажиллагаа байсан.

2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хуралдах үед ******* нь Захиргааны хэргийн нэхэмжлэл гаргасан баримт, мэдээлэл ИТХ-д ирээгүй ба уг хуралдаан болсноос хойш 6 хоногийн дараа Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 45, 46, 47, 48, 49 дүгээр тогтоолуудын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 204 дугаартай шүүгчийн захирамж гарсан байсан. Өөрөөр хэлбэл тогтоолуудын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарахаас өмнө “Хуралдааны хэлэлцэх асуудалыг батлах тухай 10/02, Засаг даргыг огцруулах тухай 10/05, Засаг даргыг сонгох тухай 10/06 тогтоолууд гарсан тул эдгээр тогтоолууд нь ямар нэгэн хууль болон шүүгчийн захирамжийг зөрчөөгүй болно.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын 10/05, 10/06 тоот тогтоолууд нь хууль зөрчөөгүй болно. Уг тогтоолуудыг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг захирамж гаргаж батламжилсан нь уг тогтоолууд нь хуульд нийцсэн болохыг нотолж байгаа юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаас Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Эрдэнэбатыг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж даргаар Гомбожав овогтой Эрдэнэбатыг сонгосон. Г.Эрдэнэбат даргыг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүх *******, ******* нарын нэхэмжлэлтэй Захиргааны хэрэгт хариуцагчаар оролцуулахаар болж дарга намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж би өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан зарласан боловч 5 гишүүн ирсэн бусад нь ирээгүй байсан. 5 гишүүнээс 4 нь хуралдаад уг тогтоолууд гарсан байсан. Сая болж өнгөрсөн сонгуулиар Монгол Ардын хувьсгалт нам илт давуугаар ялалт байгуулж гарсан. Харин ******* гэдэг хүн сонгогдоогүй.

Дээрх актуудыг хууль бус байсныг хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

Гуравдагч этгээд А.Энхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга асан ******* нь 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нөхөн сонгууль зарлах асуудлаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг зарласан. Тус хуралдаан дээр Дээд шүүхийн шийдвэр гарсаны дараа Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь гүйцэтгэх ажиллагаа явуулж ИТХ-ын 2 Тэргүүлэгчийн бүрэн эрхийг хассан. Ингээд 11 Тэргүүлэгч байх ёстойгоос 9 тэргүүлэгчтэй болж, түүнээс 5 Тэргүүлэгч ирж /50+1/ олонхи хуралдсан. Уг хурал дээр ИТХ-ын дарга асан ******* нь хурлыг орхиж гаран эсрэг саналаар тооцогдож Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 15-нд ИТХ-ыг зарласан. 2015 оны 10 дугаар сарын 15-нд ИТХ-ын хуралдаанаар өмнө хуралдсан Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн батлагдсан тогтоолын дагуу Аймгийн ИТХ-ын дарга асан *******г огцруулах, мөн Аймгийн Засаг дарга асан *******ыг огцруулах асуудлыг хэлэлцэж огцруулсан. Ингээд Аймгийн ИТХ-ын даргаар П.Эрдэнэбатыг аймгийн Засаг даргаар А.Энхболд намайг томилсон. Дархан-Уул аймгийн ИТХ-аас гаргасан тогтоолын дагуу ЗГХЭГ-т миний томилгоотой холбоотой бичиг баримтыг явуулсаны үндсэн дээр ЗГХЭГ-ын ажлын хэсэг томилогдон ирж энэ 2 хурлын үйл явц хууль тогтоомжийн дагуу явсан эсэхийг шалгасан.

Үүний дараа ЗГХЭГ-ын хуулийн газраар давхар шүүгдэн хянагдаж, ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй гэсэн дүгнэлт гарсаны дараа Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 187, 188-р захирамж гарган *******ыг огцруулж, А.Энхболд намайг Засаг даргаар батламжилсан болно. Энэ үйл явц нь Монгол улсад мөрдөгдөж буй ямар нэгэн хууль, журам зөрчөөгүй болохыг мэдэгдэж тайлбар хүргүүлж байна. Мөн дараах хүсэлтийг хүргүүлж байна. Үүнд: 

1. 2015 оны 08 дугаар сарын 31-ний хурал дээр явагдсан ШШГАлбаны ажиллагааны тэмдэглэл, бичлэгийг татаж үзнэ үү.

2. Тэргүүлэгчдийн 5 төлөөлөгч тэргүүлэгчдийн хуралд ирснийг гэрчлэх холбогдох бичиг баримт, бичлэгийг татаж үзнэ үү.

3. 2015 оны 10 дугаар сарын 15-ны хуралд ИТХ-ын нийт 20 төлөөлөгчийн 2/3 буюу 21 төлөөлөгч ирснийг гэрчлэх бичиг баримтыг үзнэ үү.

4. ЗГХЭГ-ын ажлын хэсэг ирж ажилласан нотлох баримтыг үзнэ үү гэсэн хүсэлт тавьж байна гэжээ. 

Үндэслэх нь:

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/05 дугаартай захирамжаар Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08:00 цагт хуралдуулж, Сонгуулийн тухай /дахин сонгууль зарлах/ асуудлыг хэлэлцэхээр товлон зарлаж, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Тэргүүлэгчдийн хуралдаан 5 гишүүний ирцтэйгээр хуралдаан нээгдэж, Хуралдаан даргалагч ирвэл зохих 11 Тэргүүлэгчдээс 5 хүн ирснээр хуралдааны ирц хүрээгүй, Тэргүүлэгчид 11 гишүүнээс шүүхийн шийдвэрээр 2 тэргүүлэгч чөлөөлөгдөн, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор ирцийг 9 Тэргүүлэгчээс тооцно гэж Тэргүүлэгчид ирцийн асуудлаар марган, Хурлын дарга хуралдаан үргэлжлэх боломжгүй гэж үзэж, хаасныг мэдэгдэн, орхин гарснаас Тэргүүлэгчдийн олонхийн саналаар хуралдааныг цааш үргэлжлүүлэн хуралдаан даргалагчийг томилон, хэлэлцсэн асуудлаар Хуралдаан даргалагчийг сонгох тухай 45, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудал батлах тухай 46, Хуралдааны тов зарлах тухай 47, ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай 48, ИТХ-ын хуралдаанд асуудал оруулах илтгэгчийг батлах тухай 49 дүгээр тогтоолуудыг тус тус гаргасан байна.

Мөн дээрх тогтоолуудыг үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаас “Хуралдааны нарийн бичгийн даргыг сонгох тухай” 10/01, “Хуралдааны хэлэлцэх асуудал батлах тухай” 10/02, “Хуралдааны тооллогын комиссыг сонгох тухай” 10/03, “Хуралдааны бичиг баримт боловсруулах комиссыг сонгох тухай” 10/04, “Засаг даргыг огцруулах тухай” 10/05, “Засаг даргыг сонгох тухай” 10/06, “Аймгийн ИТХ-ын даргыг огцруулах тухай” 10/07, “Аймгийн ИТХ-ын даргыг огцруулах тухай” 10/08,  “Аймгийн ИТХ-ын Тэргүүүлэгчийг сонгох тухай” 10/09 тогтоолуудыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч *******, ******* нар нь Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч ******* холбогдуулан Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан, уг хуралдаанаас гарсан 45, 46, 47, 48, 49 дүгээр тогтоолууд, мөн Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10/01, 10/02, 10/03, 10/04, 10/05, 10/06, 10/07, 10/08, 10/09 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хууль бусаар хуралдаж гаргасан 45, 46, 48 дугаартай тогтоолууд нь илт хууль бус болохыг, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10/02, 10/05, 10/06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч ******* шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/05 дугаартай захирамжаар баталсан Сонгуулийн тухай /дахин сонгууль зарлах / асуудлыг хэлэлцэхээр 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанд 5 Тэргүүлэгч оролцон ирцийн талаар маргаан гарсан байна.  Хуралдаан даргалагч ирвэл зохих 11 Тэргүүлэгчдээс 5 хүн ирсэнээр хуралдааны ирц хүрээгүй гэх боловч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 2 тэргүүлэгч чөлөөлөгдсөн нь ирцийг 11 гишүүнээс тооцох үндэслэлтэй эсэхэд эргэлзээтэй байна. 

Учир нь Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон 2 ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болж, хуралдаанд оролцох хууль зүйн үндэслэлгүй болсон учир хуралдааны ирцэд оруулан тооцох боломжгүй юм. Иймээс тус ИТХ-ын хуралдаан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “ Аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно “ гэж зааснаар хүчинтэй, мөн тус хуралдаанаас гарсан шийдвэрүүд нь хуульд нийцсэн байна гэж үзлээ. 

Мөн ИТХ-ын хуралдаан даргалагч ******* нь хуралдааны ирц хүрээгүй хэмээн орхин гарсныг эсрэг санал өгсөнд тооцож хэлэлцэх асуудлуудыг шийдвэрлэсэн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиодолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэсэнтэй нийцсэн байх бөгөөд *******гийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Тус хуралдаанаар асуудлыг хэлэлцэх явцад хурлын дарга ******* нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д заасныг зөрчин хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хуралдааныг орхин гарсан байх бөгөөд ИТХ-ын 4 тэргүүлэгч хуралдааныг олонхийн саналаар үргэлжлүүлэн батлагдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэсэн нь хууль болон иргэн *******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргаж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батлан 25.2-д зааснаар тухайн хуралдаан даргалагч болон шинээр сонгогдсон хурлын дарга тус тус гарын үсэг зурсан нь хуульд нийцсэн байна.  

 Иймд нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 23.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан, уг хуралдаанаас гарсан 45, 46, 47, 48, 49 дүгээр тогтоолууд, мөн Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10/01, 10/02, 10/03, 10/04, 10/05, 10/06, 10/07, 10/08, 10/09 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70’200 төгрөг, нийт 140’400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдусгай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД                                            Ж.БУРМАА 

                                                       Л.ОДБААТАР