Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/35

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Н.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/69 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Аын давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох, 2235000560050 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, програм хангамжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 36 айлын орон сууцны 3-25 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д ургийн овогт Бийн А /Регистрийн дугаар: ОН85041073/.

1. Б.А нь Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D200727802 дугаартай, бакалаварын хуурамч диплом ашиглаж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдээллийн технологийн ажилтнаар 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр томилогдож, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилласан буюу хуурамч баримт бичиг ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

          2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/69 дүгээр шийтгэх тогтоолоор:

-шүүгдэгч Д ургийн овогт Бийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 1800 /нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-шүүгдэгч Б.Ад оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

-шүүгдэгч нь заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж,

-шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох түүний гарт олгогдсон нийт 66,738,096 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Н.Алтаннням давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “ Анхан шатны шүүх намайг Монгол улсын шинжлэх ухаан, технилогийн их сургуулийн 0200727802 дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдээллийн технологийн ажилтнаар 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр томилогдож, улмаар 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэл уг дипломыг ашиглаж, 66.738.096 төгрөгийн хууль бус орлого олсон гэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр торгуулах ялаар шийтгэсэн юм.

Намайг хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан ажилд орж, хууль бусаар орлого олсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

Манай ШУТИС-ийн сургалтын албанд ажилладаг Ж овогтой Б гэх залуу надад уг дипломыг өгөхдөө сургалтын албанаас үлдсэн хичээлүүдийг чинь зохицуулаад бичиг баримтыг чинь аваад ирлээ гэж хэлсэн юм. Би энэ талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн. Уг диплом хуурамч байхыг би үгүйсгэхгүй, гэхдээ тухайн үед би хуурамч гэдгийг огт мэдээгүй, харин миний диплом хуурамч болохыг 2021 оны 12 сард мэдсэн. Хэрэв би дипломоо хуурамч гэдгийг мэдсэн бол олон жил ийм болтлоо явахгүй, дахин сургуульд суралцаж бакалаврын боловсрол эзэмших хангалттай хугацаа байсан.

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Ж.Б гэгчийг гэрчээр асууж, надад уг диплом өгөхдөө хуурамч диплом гэж хэлсэн эсэх, энэ талаар намайг мэдсэн эсэхийг асууж тогтоогоогүй, мөрдөн байцаалтын шатанд шалгаж тодруулаагүй.  Ж.Б нь хуурамчаар диплом үйлдсэн талаар надаас нуусан байх үндэслэл байхад түүнийг шалгахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж надад ял шийтгэл оногдуулж байгаа нь хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэж байна.

Би үнэнийг хэлэхэд 66,738,096 төгрөгийг зүгээр сууж байгаад аваагүй. Ажлын 8 цагаар 9 жил 11 сар ажилласан. Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ  гүйцэтгэж, цалин хөлс авсан гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү“ гэв.

 5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ Б.Аыг хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглаж хууль бус орлого олсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа.

  Б.А нь 2007 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн технологи мэдээллийн ангид суралцаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Тухайн сургуулийг төгсөх явцад Ж.Б гэгч хүн нь хөндлөнгөөс оролцож, өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгосон. Улсын яллагчийн хувьд Ж.Б гэгчийн хуурамч диплом үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тэр хүнийг шалгах шаардлагагүй гэж үзсэн талаараа тайлбарладаг.  Б.Аыг  хуурамч диплом гэдгийг  мэдсээр байж ашигласан гэж буруутгасан. Үнэхээр мэдсээр байж ашигласан гэдгийг Ж.Б л мэднэ, гэрчээр асууж өгнө үү гэсэн хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд тавьсан. Гэрчээр байцаах хүсэлтийг өнөөдөр хүртэл шийдвэрлээгүй байна. Б.Аын ажиллаж байсан Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн технологийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод “дээд боловсролтой байх” гэсэн шаардлага тавигдахгүй гэж үзэж байна. 

 Анхан шатны шүүхээс Б.Аын төрийн албанд ажилласан хугацаанд авч байсан цалин болох 66,738,096 төгрөгийг түүнээс гаргуулахаар заасан.  Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Г.Ш нь манай байгууллагад учирсан хохирол байхгүй, Б.Ааас нэхэмжлэх хохирол, төлбөр байхгүй гэж мэдүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тухайн байгууллагад хохирол учраагүй гэдгээ хэлсэн байна. Б.А нь тухайн байгууллагад 9 жил 1 сар ажиллахдаа төрийн албаны тухай хуульд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн байна гэж үзэх боломжтой, үүнд дээд боловсрол шаардлагагүй болчихсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-т зааснаар гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн заалт нь шүүгдэгч Б.Ад үйлчлэх ёстой гэж үзэж байгаа. Нэгэнт Ж.Баас асуух шаардлагагүй гэж үзэж байгаа бол  гэмт хэрэг үйлдсэн гээд байгаа Б.Аын гэм буруугийн асуудал яригдана.

Төрийн албаны тухай хуулиар заавал дипломтой хүн төрийн албанд ажиллах байсан уу, үгүй юу гэдэг асуудал харагдаж байгаа. Б.А нь төрийн байгууллагад 9 жил 1 сар ажиллахдаа хор уршиг учруулаагүй, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ажиллаж байсан. Гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж авсан цалин, хөлсийг төрд учирсан хохирол гэж шийдсэн нь учир дутагдалтай байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал нь тогтоогдохгүй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.

Шүүхээс үргэлжилсэн үйлдэл гэдэг байдлаар шүүгдэгч Б.Аын үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэх үндэслэлээр, мөн хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашигласан гэх үндэслэлээр яллаж,  шийтгэх тогтоол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Энхтуул тайлбар, дүгнэлтдээ: “ Шүүгдэгч Б.А нь  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэргийг үйлдээгүй, тухайн дипломыг хуурамч гэдгийг 2021 оны 10 дугаар сард мэдсэн, хэрэв би мэдэж байсан бол хуурамч бичиг баримт ашиглаж ажил хийхгүй байсан. Мөн надад хуурамч диплом өгсөн гэрч Ж.Б гэдэг хүнээс мэдүүлэг авах шаардлагатай гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг гаргасан байна.

Б.Аын диплом авсан арга нь хууль ёсны байсан уу гэдэг дээр дүгнэлт хийх шаардлагатай. Б.Аын нэр дээр албан ёсоор диплом байхгүй болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогдсон. Б.А нь  компьютерийн техник менежментийн сургуульд 2016 оны хавар суралцаж байгаад манай сургуулиас хасагдсан болно гэсэн тодорхойлолт шинжлэх ухаан технологийн их сургуулиас ирсэн нь хэрэгт авагдсан.

Шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд “ улсын шалгалт өгсөн үү”  гэсэн асуултад “өгөөгүй”,  “дипломын ажил бичсэн үү” гэсэн асуултад “бичээгүй” гэж тус тус хариулсан байдаг. Дээд боловсролын дипломыг их сургууль л олгоно. Ж.Б гэдэг хүний гар дээрээс өгдөг зүйл биш. Улсын шалгалтын комисс хуралдаад, дипломын ажлыг нь хамгаалуулаад, дипломын ажил хийгдсэнийх нь дараа олгодог эрх олгосон баримт бичиг. Энэ мэргэжлээрээ тухайн салбарт ажиллах эрхийг нь олгож байгаа баримт бичиг юм.

 Б.А гаргасан гомдолд  “чиний дутуу кредит цагийг зохицуулсан шүү гэж хэлээд надад диплом гаргаж өгсөн” гэж бичсэн. Сургуулийнхаа сургалтын албанаас дипломоо гардаж аваагүй байж  Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаад явсан гэдгээ шүүгдэгч нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хуурамч гэдгийг нь 2021 оны 11 сард e-mongolia-аас орж үзэхэд мэдсэн гэж яриад байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байна. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Энэ хэрэг дээр Ж.Б гэдэг хүнийг шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/ 69 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Аын давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох, 2235000560050 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Б.А нь Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D200727802 дугаартай, бакалаварын хуурамч диплом ашиглаж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдээллийн технологийн ажилтнаар 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр томилогдож, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилласан буюу хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Шын “… Б.А нь 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдээлэл технологийн ажилтнаар томилогдсон бөгөөд тухайн хугацаанаас эхлэн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан... Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллахдаа төрийн үйлчилгээний 7.1-ээс 7.3 дугаар зэрэглэлээр цалин, хөлс авч байсан. Уг ажилтан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд жилийн эцсээр үйл ажиллагааны бичмэл тайланг нь авч үнэлэж, дүгнэдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар тал/,

 -гэрч Б.Мын: “Б.А нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд мэдээлэл технологийн ажилтнаар ажиллаж байсан. 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ТҮ-ийн зэрэглэлийн 7.1 дэх шатлалаар, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ТҮ-ийн зэрэглэлийн 7.2 дахь шатлалаар, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ТҮ-ийн зэрэглэлийн 7.3 дахь шатлалаар цалин хөлс авч байсан. Улсын бүртгэлийн хэлтсээс Б.А нь нийт ажилласан 9 жилийн хугацаанд 81,936,960 төгрөгийн цалин, хөлс авсан байх бөгөөд уг мөнгийг задалж авч үзвэл 66,738,096 төгрөгийн цалинг бэлэн авсан, 6,613,202 төгрөгийг цалингийн ашигт төлсөн, 8,585,652 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 94, 111 дүгээр тал/,

-гэрч Д.Эгийн: “Увс аймагт 2009 онд Улсын бүртгэлийн хэлтэс шинээр байгуулагдахад миний бие даргаар томилогдсон бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. ...Монгол Улсын Засгийн газраас 2009 онд бүртгэлийг төгөлдөржүүлэх зорилгыг  тавьсан. Уг зорилгын хүрээнд 2012 оны орчим иргэний шинэчилсэн бүртгэлийг Увс аймагт зохион байгуулах шаардлага гарч байсан юм. Энэ ажилд  мэдээлэл технологийн ажилтны албан тушаалтан чухал болж ирсэн бөгөөд би энэ албан тушаалд томилох зорилгоор мэргэжлийн хүн хайж эхэлсэн. Тухайн үед манай хэлтэст ажиллаж байсан П.Ганболд гэх нэртэй хүн “А гэж залуу байна. Энэ хүн нь мэдээлэл технологийн мэргэжилтэй” гэж хэлээд надад утасны дугаарыг нь өгсөн. ...Би ингэж анх Атай утсаар холбогдсон бөгөөд Увс аймагт ирж надтай уулзсаны дараагаар уг залууг Улсын бүртгэлийн хэлтэст технологийн ажил хариуцсан албан тушаалтнаар ажилд авч байсан. ...Миний бие хүнийг ажилд томилохдоо дипломыг өөрөөр нь канондуулж авдаг байсан бөгөөд дипломын хуулбарыг дипломтой нь тулгаж үздэг байсан. Яг энэ жишгээр Б.Аыг ажилд томилохдоо дипломыг нь хуулбартай нь харьцуулж үзсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар тал/,

-гэрч Ш.Зын “...Би О.Бийн эхнэр нь байгаа юм. Б.А гэдэг хүнийг огт танихгүй. О.Б бид хоёр гэр бүл болоод 14 жил болж байна. Миний нөхөр О.Б нь 2007 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник хангамжийн сургуулийн програм хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Одоо АНУ-д суралцаж байгаа. Надад О.Бийн их сургууль төгссөн диплом байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 165 дугаар тал/,

- Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б.Аыг Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээлэл технологийн ажилтнаар томилсон тухай 03 дугаар тушаал / хх-ийн 09 дүгээр тал/,

- Мэдээлэл технологийн ажилтны ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 10 дугаар тал,

- Б.Аын Төрийн албан хаагчийн анкет /хх-ийн 13-16 дугаар тал/,

- Б.А гэсэн нэртэй, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн бакалаварын D200727802 дугаар диплом, дипломын хавсралтын  хуулбар / хх-ийн 20 дугаар тал/,

- цалингийн тооцооны карт /хх-ийн 24-34 дүгээр тал/,

        -Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Иргэн Бийн А /ОН85041073/ нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг 2007 онд төгссөн талаарх мэдээлэл байхгүй, D200727802 дугаартай бакалаврын диплом нь “Компьютерийн програм хангамж” мэргэжлээр өөр хүнд олгогдсон талаар манай газрын болон тус сургуулийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн байна” гэх 06/268 дугаартай албан бичиг /хх-ийн 40-42 дугаар тал/,

-Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай албан бичиг, холбогдох баримтууд /хх-ийн 44-48 дугаар тал/,

- О овогтой Б гэсэн нэртэй, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг төгссөн бакалаврын дипломыг хуулбарлан авав” гэх бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл, баримтууд /хх-ийн 51-55 дугаар тал/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Шаас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн тэмдэглэл баримтууд /хх-ийн 56-76 дугаар тал/ зэрэг  хэрэгт авагдаж,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий байна. 

          4. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Аын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж, хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

         5. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцсэн, хууль ёсны байх зарчмыг хангасан байна.

          6. Шүүгдэгч Б.А давж заалдах шатны шүүхэд: “ ...намайг хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан ажилд орж, хууль бусаар орлого олсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. ШУТИС-ийн сургалтын албанд ажилладаг Ж.Б гэх залуу надад уг дипломыг өгөхдөө сургалтын албанаас үлдсэн хичээлүүдийг чинь зохицуулаад бичиг баримтыг чинь аваад ирлээ гэж хэлж  өгсөн. Би энэ талаар мөрдөн байцаалтанд шалгагдаж байхдаа мэдүүлсэн. Уг диплом хуурамч байхыг би үгүйсгэхгүй, гэхдээ тухайн үед би хуурамч гэдгийг огт мэдээгүй, харин уг диплом хуурамч болохыг 2021 оны 12 дугаар сард мэдсэн.

Мөрдөн байцаалтын шатанд Ж.Баас  надад уг диплом өгөхдөө  хуурамч гэдгийг хэлсэн эсэхийг асууж шалгахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

6.1. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Аын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар  үндэслэл бүхий дүгнэлт  хийжээ. 

6.2 Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:  Шүүгдэгч  Б.А нь Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Компьютер програм хангамж мэргэжлээр төгсөөгүй атлаа уг сургуулийг Компьютер програм хангамж мэргэжлээр төгссөн гэх баклаварын D200727802 дугаартай диплом ашиглан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр мэдээллийн технологийн ажилтнаар орж,  2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт  тогтоогдсон байна.

        6.3 Шүүгдэгч Б.А нь “Би Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийг 2003 онд сурч төгсөөд Улаанбаатар хотод Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн компьютер техник менежментийн сургуулийн программ хангамжийн ангид 2003 оноос 2007 онд суралцсан ба уг дипломыг хуурамч гэдгийг мэдээгүй тул хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашигласан гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдүүлж, гэм буруугийн талаар  маргаж байгаа боловч тэрээр Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд элсэн суралцаж байсан боловч уг сургуулийг төгсөөгүй болох нь:

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06/268 дугаар : “Иргэн Бийн Алттанням / ОН 85041073/ нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийг 2007 онд төгссөн талаарх мэдээлэл байхгүй, D 200727802 дугаартай баклаварын диплом нь “Компьютерийн программ хангамж” мэргэжлээр өөр хүнд олгогдсон талаар манай газрын болон тус сургуулийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн байна “ гэх албан тоот,

           - Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн :” Б овогтой А / оюутны код:D.SW 03D148/ компьютерийн техник, менежметийн сургуульд компьютерийн программ хангамж мэргэжлээр 2003-2004 оны хичээлийн жилд элсээд 2006-2007 оны хавар хүртэл суралцаж байгаад сургуулиас хасагдсан болно. Тус сургуультай нэгдэхэд энэ сургууль дээр шилжиж ирээгүй” гэх тодорхойлолт,

          - шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн компьютер техник менежментийн сургуулийн программ хангамжийн ангид 2003 оноос 2007 онд суралцсан. 2007 оны намар Улаанбаатар хотод байхдаа сүүлийн жилд судлах хичээл дуусаагүй байхад хоёр дүү маань оюутан болж сурахаар болсон тул би тухайн үед ажил хийхээс өөр аргагүй болсон. Тэгээд ажилд ороод ажлаа хийгээд явж байхад манай дээд курсийн Ж.Б гэх залуу тааралдаад надад сургалтын албанд таньдаг хүн байгаа, тэр хүнээр дамжуулаад туслаад өгье гэж хэлсэн. Тэр үед кредитийн мөнгө, төрийн сангийн зээл төлүүлэх юм байна гээд 1.500.000 төгрөг бэлнээр надаас авсан.Хэсэг хугацааны дараа ажил чинь амжчихсан шүү гээд Ж.Б надад диплом авчирч өгсөн” гэх мэдүүлэг,

- мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би тухайн үед 2-3 хичээл судалж дуусаагүй,  диплом бичээгүй”  гэх мэдүүлгээр нотлогдсон ба шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгчийн Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтэст мэдээлэл технологийн ажилтнаар орохдоо ашигласан, Б овогтой А гэсэн нэртэй, Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг компьютерийн программ хангамж мэргэжлээр төгссөн гэх, D200727802 дугаартай бакалаварын диплом нь 2007 онд тус сургуулийг “Компьютерийн програм хангамж” мэргэжлээр төгссөн Оюунбаатар овогтой Бийн диплом болох нь  :

 -Шинжлэх   ухаан, технологийн их  сургуулийн ректорын 2007 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 174 дүгээр тушаал, түүний хавсралт, оюутны дүнгийн хуудас,  дипломын хуулбар,түүний хавсралт  зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.

6.4 Шүүгдэгч Б.А нь түүний нэр бүхий Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг “Компьютерийн програм хангамж” мэргэжлээр төгссөн гэх  D200727802 дугаартай бакалаварын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан дээд боловсролтой, программист мэргэжилтэй байх  шаардлага бүхий албан тушаалд томилогдсон  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

            Шүүгдэгчийн ажиллаж байсан мэдээллийн технологийн ажилтны ажлын байр нь дээд боловсролтой, программист мэргэжилтэй байх шалгуур тавигддаг болох нь хэрэгт авагдсан мэдээлэл технологийн ажилтны ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 10-12 дугаар тал, гэрч Д.Эгийн мэдүүлгээр нотлогдож байна.

        6.5. Энэ хэрэгт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Нөгөө талаар, шүүгдэгч Б.Аын “уг дипломыг Ж.Б надад өгсөн тул түүнийг гэрчээр асуулгах тухай ” хүсэлт хэрэгт ач холбогдолгүй буюу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй тул энэ үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлгүй.

7. Шүүгдэгч Б.Алтнням түүний өмгөөлөгч Б.Лхагважав нар давж заалдах шатны шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.А нь Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу хөдөлмөрлөж цалин хөлс авсан. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэх хохирол төлбөргүй гэх тайлбар гаргасан байхад Б.Аын хөдөлмөрлөж авсан  цалинг улсын орлого болгосон нь хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн зөрчил”,  мөн “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй “ гэх агуулга бүхий тайлбар гаргасан ба  уг тайлбарууд нь хуульзүйн үндэслэлгүй байна.

 7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан.

        Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 66,738,096 төгрөгийг хууль бусаар  олсон нь тогтоогдсон байх тул уг мөнгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, журамд нийцсэн, үндэслэлтэй байна.

             7.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Аын хуурамч диплом ашигласан гэмт хэрэг үйлдэж эхэлсэн, үргэлжилсэн, төгссөн хугацааг зөв тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8 дугаар зүйлүүдийг тус тус зөв тайлбарлан хэрглэсэн байна.

             Хуурамч баримт бичиг  ашиглах үйлдлийн тухайд, уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзнэ.

            Шүүгдэгч Б.А нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D 200727802 дугаартай хуурамч диплом ашиглаж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээлэл технологийн ажилтнаар 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан байх тул уг гэмт хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Аын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нэг жил байх бөгөөд Б.Аыг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр энэ хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

              8. Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах болон хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул  шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/69 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Аын  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН      

                                                            Н.МӨНХЖАРГАЛ