Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 146

 

                                            Б.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.А, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар магадлалтай, Б.А-д холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдээллийн технологийн ажилтан байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн 36 айлын орон сууцны 3-25 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Д овогт Б-ийн А.

Б.А нь 2007 онд Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн ____ дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдээллийн технологийн ажилтнаар 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр томилогдож, улмаар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл уг дипломыг ашиглан ажиллаж, 81,936,960 төгрөгийн хууль бус орлого олсон гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Б.А-ыг хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ыг 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж 35 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав гаргасан гомдолдоо: “Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

Б.А-ыг хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан ажилд орж, хууль бусаар орлого олсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Шинжлэх ухаан технологийн их сургуулийн сургалтын албанд ажилладаг Ж.Б гэх залуу Б.А-д уг дипломыг өгөхдөө сургалтын албанаас үлдсэн хичээлүүдийг чинь зохицуулаад бичиг баримтыг чинь аваад ирлээ гэж хэлж өгсөн. Миний үйлчлүүлэгч энэ талаар мөрдөн байцаалтад шалгагдаж байхдаа мэдүүлэгтээ өгсөн байгаа. Уг диплом хуурамч байхыг үгүйсгэхгүй гэхдээ тухайн үед Б.А хуурамч гэдгийг огт мэдээгүй, харин уг диплом хуурамч болохыг 2021 оны 12 сард мэдсэн. Тэрээр дипломоо хуурамч гэдгийг анхнаасаа мэдсэн бол олон жил ийм болтлоо явахгүй, дахин сургуульд суралцаж бакалаврын боловсрол эзэмших маш их хугацаа байсан.

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Ж.С гэгчийг гэрчээр асууж Б.Ад уг дипломоо хуурамч диплом гэж хэлсэн эсэх, энэ талаар мэдсэн эсэхийг асууж тогтоогоогүй, мөрдөн байцаалтын шатанд шалгаж тодруулаагүй. Ж.С нь хуурамчаар диплом үйлдсэн энэ тухайгаа Б.Ааас нууж өгсөн байх үндэслэл бүхий байхад түүнийг шалгахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэхээргүй байна. Хуурамчаар диплом үйлдсэн Ж.Сын үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч Б.Ад диплом өгөхдөө хуурамч диплом гэдгийг хэлсэн эсэхийг шалгаж тодруулснаар Б.Аын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Иймд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоол, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.А хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Бичиг баримт хуурамч байсанд харамсаж байна. Хуурамч бичиг баримтыг Ж.С гэх хүн үйлдэж өгсөн. Миний хувьд бичиг баримт хуурамч гэдгийг мэдсэн бол өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхгүй байсан. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 10 гаруй жил ажиллахдаа бичиг баримт хуурамч байсныг мэдээгүй. Түүнчлэн бичиг баримт хуурамч гэдгийг мэдэхгүй байсан учир магистрын сургалтад суусан. Тухайн үед хичээлээ судалж дуусаагүй байхдаа ажилд орчихсон байсан бөгөөд 20 гаруй настай оюутан хүүхэд юмны сайн мууг мэдэхгүйгээр өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн байна. Би 9 жил, 11 сарын хугацаанд зүгээр сууж байгаад 81,000,000 төгрөгийг авч ашиглаагүй, тодорхой хэмжээнд хөдөлмөрлөсөн. Хамгийн гол шалтгаан бол бичиг баримт хуурамч гэдгийг мэдэхгүй явсан. Бичиг баримт хуурамч болохыг тушаал дэвших үед буюу 2021 оны 11 дүгээр сард мэдээд сургуулиасаа асуухад төгсөлтийн ажил байхгүй гэх зүйлийг хэлсэн. Улмаар 2022 оны  02 дугаар сард ажлаа хүлээлгэж өгсөн. Иймд хуурамч бичиг баримт үйлдсэн асуудлыг Ж.Саас тодруулж өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.А нь Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын зэргийн дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдээллийн технологийн ажилтнаар томилогдож 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.А тус дипломыг хуурамч гэдгийг мэдээгүй гэх мэдүүлэг нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тодорхойлолт, мэргэжлийн хяналтын байгууллагын албан бичиг, гэрч Ш.З болон шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж зааснаас харахад шүүгдэгч 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөнөөр гэмт үйлдэл төгссөн байна. Анхан болон давж заалдах шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж эхэлсэн, үргэлжилсэн, төгссөн хугацааг зөв тогтоосон тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар төрөөс олгосон цалин хөлсийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин зөвхөн гарт олгосон цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, төрөөс шүүгдэгчийн нэрээр нийгмийн даатгалын санд шилжүүлсэн дүнг давхар гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэв.

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэргийг нийлмэл болон нэгдмэл гэж эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт ангилан үздэг ба энэхүү төрлийг гэмт этгээдийн хүсэл зориг, түүндээ хүрэхийн тулд хэрэглэсэн арга, хэрэгсэл гэх мэт гэмт үйлдлийн объектив хийгээд субъектив шинжүүдтэй нь нөхцөлдүүлэн үндэслэлтэй, бодитой тогтоох нь хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтайгаар оногдуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

Нийлмэл болон нэгдмэл гэмт хэргийн хувьд нэг буюу хэд хэдэн удаагийн үйлдлээс бүрддэг ижил төсөөтэй талтай байдаг хэдий ч зөвхөн нэгдмэл гэмт хэргийн тухайд үргэлжилсэн, удааширсан үйлдэлтэй гэж ангилан үздэг болно.

Нийтлэг зорилгыг хангах болон нэгдмэл санаа бодлыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн адил төсөөтэй хэд хэдэн үйлдэл хийхийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж үздэг бол тодорхой хугацааны дотор тасралтгүй үйлдэгдсэн тохиолдолд удааширсан гэмт хэрэгт тооцогдоно.

Удааширсан гэмт хэрэг нь тодорхой цаг хугацаанд завсарлагагүй, тасралтгүйгээр үргэлжилдэг, агуулгын хувьд нэг үйлдэл (эс үйлдэхүй)-ээр хэрэгжүүлдэг өвөрмөц шинжтэй билээ.

Өөрөөр хэлбэл, удааширсан гэмт хэрэг нь гэмт этгээд тодорхой нэгэн үйлдэл (эс үйлдэхүй) хийснээр эхлээд хэсэг хугацаанд үргэлжилж тэрээр гэмт хэргээс өөрөө татгалзсан эсхүл түүнийг нь эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас таслан зогсоохоор дуусгавар болдог онцлогтой юм.

Шүүгдэгч Б.А нь 2007 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг төгсөөгүй мөртлөө тус сургуулийг компьютерын программ хангамж мэргэжлээр төгссөн гэх бакалаврын хуурамч дипломыг (____ дугаартай хэргийн 1 дах хавтас, 36 дахь тал) ашиглан төрийн албанд томилогдсон гэмт хэрэг үйлдсэнийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан төрөл, хэмжээний хүрээнд түүний гэм буруутайн болон хувийн байдалд тохирсон ял оногдуулсан байна.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 3 дугаар тушаалаар тус газарт мэдээлэл технологийн ажилтнаар томилсон тушаал (хэргийн 1 дэх хавтас, 9 дэх тал) гаргаснаар эхэлж цагдаагийн байгууллагаас хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэгт холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах хүртэл үргэлжилжээ.

Дээр дурдсан удааширсан гэмт хэргийн хэлбэр, агуулгын онцлогтой уялдуулан анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг зөв тодорхойлсон байна.

Учир нь зөвхөн дээд боловсрол эзэмшсэн хүн эрхлэн гүйцэтгэх албан тушаалд томилогдон хуурамч баримт бичиг ашиглан ажиллаж байсан шүүгдэгчийн гэмт үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлснээр таслан зогсоогдсон байх тул Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд тооцох ба мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч нь хуурамч баримт бичиг ашиглан буюу гэмт хэрэг үйлдэх замаар төрийн албанд томилогдон, эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, үүнийхээ төлөө цалин хөлс авсныг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж хоёр шатны шүүх дүгнэж, түүнийг хураахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм. 

Уг хуулийн тусгай ангийн хэм хэмжээг хэрэглэхэд удирдлага болговол зохих ерөнхий ангийн нийтлэг хэм хэмжээг зохицуулах шинжээр нь эрх олгосон, үүрэг болгосон, хориглосон гэж ангилан үздэг билээ.

Түүнчлэн эдгээр хэм хэмжээг зохицуулж буй үүргийн зэргээр нь үүрэг болгосон буюу хориглосон (императив) болон эрх олгосон буюу зөвшөөрсөн (диспозитив) гэж ангилан үздэг ба уг зэрэглэлээс хамаарч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг болгосон хэм хэмжээг шүүх аливаа нэгэн урьдач нөхцөлгүйгээр, ямар ч тохиолдолд заавал хэрэглэх үүрэгтэй болно.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... албадан гаргуулна” гэсэн хэм хэмжээ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон зохицуулалт тул үүнийг шүүх заавал хэрэгжүүлнэ.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын дипломыг ... хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн, ингэснээрээ эрхлэх ёсгүй албан тушаалыг хашиж, олгогдох учиргүй цалин хөлсийг авч орлого олсон байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул шүүх үүнийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж дүгнэж хураасан нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон байна.

Хэргийг мөрдөн шалгах явцад хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авч, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн ба нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр баримтат мэдээлэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан нотолбол зохих байдлыг нотлоход хүрэлцэхүйц, хангалттай тул мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгөхийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

                           ДАРГАЛАГЧ                                        Ч.ХОСБАЯР

                           ШҮҮГЧИД                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН