Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 326

 

                                                                    

Г.А, Э.У, Б.С

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхбаяр, М.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 329 дүгээр магадлалтай, Г.А, Э.У, Б.С нарт холбогдох 201301021120 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Г-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Х овогт Э-ын У,

3. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Ш овогт Б-ын С нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Э.У, Б.С нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар  Г.А, Э.У, Б.С нарт холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр, шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр нарын хамтран гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байна. Хохирогч Б.Э, гэрч М.Л, Б.У, Э.Г нарын мэдүүлгүүд болон 4740, 453, 300, 1099 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар Г.А- нь согтуугаар бусадтай маргалдах явцдаа иргэн Б.Э-ийн баруун нүд рүү цохиж хүнд хохирол санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэжээ. Мөн магадлалын 17 дахь талд “шүүгдэгч Г.А-ын нүдэн тус газар нь хүчтэй цохьсон цохилтын улмаас баруун нүд нь хараагүй болсон талаараа хохирогч Б.Э Г.А-ын нэрийг мэдсэнээс хойш нэрлэн мэдүүлж байсан бөгөөд гэрч М.Л, Б.Н нарын мэдүүлгээр хохирогч Б.Э өөрийнх нь нүд орчим нь хэн цохьсон болохыг хэрэг болсон тухайн цаг хугацаанд мэдэж хэлж байсан талаар нотлон мэдүүлсэн байх тул Г.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзсэн байна. Гэвч дээрх мэдүүлэг нь эргэлзээтэй, нотлогдоогүй нотлох баримт гэдэгт давж заалдах шатны энэ хэргийг хэд хэдэн удаа хянахдаа анхаарсангүй. Учир нь Б.Э нь А-ын нэрийг мэдсэнээс хойш нэрлэн заасан гэдэг нь эргэлзээтэй. Хохирогч нь 2013 оны 04  дүгээр сарын 21, 06 дугаар сарын 12, 2014 оны 02 дугаар сарын 05-нд мэдүүлэг өгснөөс хойш 4 дэх мэдүүлэг өгөхдөө буюу А гэдэг нэрийг анх 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буюу 1 жил 8 сарын дараа өгсөн мэдүүлэгтээ хэлсэн. Үүнээс өмнө ...залуугийн царайг би хараагүй, надаас өндөр залуу байсан ... хаагаад байсан банди нь цаашаа харсан байсан учир царайг нь харж амжаагүй, ямар хувцас өмссөн байсныг мэдэхгүй байна...босох гээд өндийхөд хажуунаас өөр нэг өндөр залуу миний нүүрлүү цохьсон... тэр үед гадаа харанхуй, ойр орчимд гэрэлтүүлэггүй байсан учир ямархуу хүн цохисныг мэдэхгүй байна... эзэн холбогдогчийг олж өгнө үү...” хэмээн мэдүүлж байсан. Зодоон болох үед А- өөрөө хүнд зодуулсан, нүүр, нүд нь хөхөрч хавдаад юм харах боломжгүй болсон ба зодоон хурдан болоод өнгөрсөн тул А-од бусдыг зодох цаг хугацаа байгаагүй байна. Л нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2 жил 7 сарын дараа анх мэдүүлэг өгсөн. Гэвч энэ өдөр А болон түүнтэй хамт явсан хүмүүсээс хэнийг ч цагдаа авч яваагүй болно, энэ нь хэд хэдэн удаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг, асуулт, хариултаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, А-ыг цагдаа авч яваагүй тул цагдаатай хамт явсан “өндөр хүн” А биш гэдэг нь нотлогдож байна. Харин тухайн өдөр зодоон болсон газар ирсэн цагдаа хэнтэй хамт явсныг тогтоогоогүй боловч цагдаатай яваагүй А-ыг өндөр гэдгээр нь А гэж шууд хийсвэр дүгнэлт хийж байгаа байх тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна. Хэрэв гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй бол бусад нотлох баримтаар тогтоох ёстой байтал ийм ажиллагаа хийгээгүй юм.

Харин гэрч Б.Н “...нэг өндөр залуу хүрч ирээд цохьсон гэж байсан” гэж мэдүүлдэг. Гэтэл тэр “өндөр залуу хэн байсан бэ” гэдгийг тогтоож чадаагүй байна. Мөн А-той хамт явсан хүмүүсээс тэрээр ганцаараа өндөр байгаагүй, мөн тухайн үед амарч байсан зэргэлдээ гэрийн хүмүүс бүгд өглөө байхгүй байсан, тэнд ямар хүмүүс амарсныг тогтоогоогүй. Зодооны үед хэн хэн нь хэнтэй гэрийн аль хавьд, хаана нь зодолдсон гэдгийг хэн ч мэддэггүй. Жишээ нь А хохирогчийг зодсон гэдгийг хэн ч хараагүй байдаг. Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдаагүй байхад нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэр гаргаж байгаа нь хууль бус юм. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 4740, 453, 300, 1099 дугаартай дүгнэлтүүд бүгд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн. Тухайлбал дээрх дүгнэлтүүдийг гаргуулахаар шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоолуудад заасан эрх, үүрэгтэйгээ шинжээч нар танилцаж гарын үсэг зураагүй. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 177-178 дугаар талд шинжээч нараар гарын үсэг зуруулсан тогтоол нөхөж оруулсан, гэвч энэ тогтоолоор дүгнэлт дахин гараагүй, эсвэл шинжээч нар гаргасан дүгнэлтдээ гарын үсэг зураагүй зэрэг олон процессын зөрчил байдаг. Энэхүү зөрчилтэй шинжээчийн дүгнэлтээс болж хэрэг хэд хэдэн удаа прокурорын шатанд буцаж байсан болно. Мөн энэ талаар өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргаж байсан. Хамгийн сүүлийн 1099 дугаартай шинжээчийн дүгнэлт нь шинжээч томилсон тогтоолд дурдсанаас өөр асуултад хариулж дүгнэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримт, мэдээллийг нотлох баримт гэж хэлнэ. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчиж үйлдсэн шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх нь эргэлзээтэй нотлох баримтыг хэрэглэж шийдвэр гаргаснаараа хэргийн бодит байдлыг тогтоох, гэм буруугүйд тооцох зарчим болон зөвхөн хохирогчийн эргэлзээтэй мэдүүлгийг үнэлснээрээ хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж заасан тул Г.А-ыг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч Б.Энхбаяр хэлсэн саналдаа “Хохирогч Б.Э нь А-ын нэрийг мэдсэнээс хойш нэрлэн заасан гэдэг нь эргэлзээтэй. Хохирогч нь 4 дэх мэдүүлэг өгөхдөө А гэдэг нэрийг анх хэрэг гарснаас хойш 1 жил 8 сарын дараа өгсөн мэдүүлэгтээ хэлсэн. Үүнээс өмнө ...залуугийн царайг би хараагүй, надаас өндөр залуу байсан ... хаагаад байсан банди нь цаашаа харсан байсан учир царайг нь харж амжаагүй, ямар хувцас өмссөн байсныг мэдэхгүй байна...босох гээд өндийхөд хажуунаас өөр нэг өндөр залуу миний нүүрлүү цохьсон... тэр үед гадаа харанхуй, ойр орчимд гэрэлтүүлэггүй байсан учир ямархуу хүн цохисныг мэдэхгүй байна... эзэн холбогдогчийг олж өгнө үү...” хэмээн мэдүүлж байсан. Зодоон болох үед А өөрөө хүнд зодуулсан, нүүр, нүд нь хөхөрч хавдаад юм харах боломжгүй болсон ба зодоон хурдан болоод өнгөрсөн тул А-од бусдыг зодох цаг хугацаа байгаагүй байна. Л нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2 жил 7 сарын дараа анх мэдүүлэг өгсөн. Гэвч энэ өдөр А болон түүнтэй хамт явсан хүмүүсээс хэнийг ч цагдаа авч яваагүй болно, энэ нь хэд хэдэн удаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг, асуулт, хариултаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, А-ыг цагдаа авч яваагүй тул цагдаатай хамт явсан “өндөр хүн” А биш гэдэг нь нотлогдож байна. Хэрэв гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй бол бусад нотлох баримтаар тогтоох ёстой байтал ийм ажиллагаа хийгээгүй юм. Харин гэрч Б.Н “...нэг өндөр залуу хүрч ирээд цохьсон гэж байсан” гэж мэдүүлдэг. Гэтэл тэр “өндөр залуу хэн байсан бэ” гэдгийг тогтоож чадаагүй байна. Мөн А-той хамт явсан хүмүүсээс тэрээр ганцаараа өндөр байгаагүй, мөн тухайн үед амарч байсан зэргэлдээ гэрийн хүмүүс бүгд өглөө байхгүй байсан, тэнд ямар хүмүүс амарсныг тогтоогоогүй. Зодооны үед хэн хэн нь хэнтэй гэрийн аль хавьд, хаана нь зодолдсон гэдгийг хэн ч мэддэггүй. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 4740, 453, 300, 1099 дугаартай дүгнэлтүүд бүгд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн бөгөөд дээрх дүгнэлтүүдийг гаргуулахаар шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоолуудад заасан эрх, үүрэгтэйгээ шинжээч нар танилцаж гарын үсэг зураагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчиж үйлдсэн шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд Г.А-ыг цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч М.Алтанцэцэг хэлсэн саналдаа “Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Мөн хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байхад нотлох баримтаар үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг зөрчсөн байна” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ч.Нямцоож хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үйл баримтыг тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шинжээчийн дүгнэлтийн зөрүүг арилгасан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Г.А, Э.У, Б.С нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.А, Э.У, Б.С нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Г.А нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси их хайрхан” нэртэй амралтын газарт согтуугаар бусадтай маргалдах явцдаа Б.Э-ийн баруун нүд рүү цохиж хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.С, Э.У нар мөн амралтын газарт согтуугаар бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, Б.Э-т хүч хэрэглэн зодож нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Г.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Э.У, Б.С нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар  тэдгээрт холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг шүүх шинжлэн судалсан байдалд дүгнэлт хийхэд хэдийгээр гэрчүүд хохирогч Б.Э-ийг шүүгдэгч Г.А нь зодож, цохьсон эсвэл тэгээгүй тухай шууд гэрчлээгүй байх боловч тухайн үед хэргийн газарт байсан бусад хүмүүс болох Б.С, Б.Н, Б.У, Э.Г, М.Л, Э.У, Б.Ж нарыг хаана, ямар байдалтай байсан талаар харилцан дэлгэрэнгүй мэдүүлж тэдгээрийн алин нь ч хохирогчийг зодож цохиогүй болохыг батлан тэмдэглэсэн байна.

Хохирогч Б.Э-ийн хувьд өөрийг нь цохьсон хүний гадна төрх, онцлог шинжийг дүрсэлж мэдүүлсэн нь Г.А-ын талаар тогтоогдсон байдалтай тохирч байх ба хожим нэрийг нь мэдэж нэрлэн заажээ. Гэрч нарын мэдүүлгүүд хохирогчийн мэдүүлэгтэй зөрүүгүй, хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай, хамааралтай байх тул хохирогчийг шүүгдэгч Г.А цохиж гэмтээснийг шууд бусаар нотолж байна гэж үзэж шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр нарын Г.А-ын гэм буруу тогтоогдоогүй гэх гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 329 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр нарын хяналтын шатны шүүхэд  гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН