Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 442

 

 

 

 

 

 

 “ЧАХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,                                                      2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02475 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ЧАХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЖГГ” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 45 468 460 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 73 649 749 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЧАХ” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр               0229-1/2016/ЗТЗХА/ дугаар ажил гүйцэтгэх гэрээг “ЖГГ” ХХК-тай байгуулсан. Уг ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж 33 тоот хаягт баригдаж буй Романа рэсидэнс барилгын гадна усан хангамжийн 626,5 метр урт шугам хоолойг Ф250 мм голчтой болгон өргөтгөх ажлыг ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэх, захиалагч нийт 146 142 141 төгрөгийг төлөхөөр тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. “ЖГГ” ХХК-ийн зүгээс урьдчилгаа 66 342 642 төгрөгийг шилжүүлсэн. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлаа эхлүүлэх гэсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.1-т “Барилга угсралтын талбайд гүйцэтгэгчийг ажил гүйцэтгэх боломж нөхцөлөөр хангаж, холбогдох газар эзэмшигч байгууллагуудаас зөвшөөрлүүдийг авч өгөх үүрэгтэй” гэсэн заалтыг захиалагч тал хэрэгжүүлээгүй хэрнээ гэрээг цуцалсан. “ЖГГ” ХХК-тай байгуулсан ажлыг хугацаандаа хийнэ гэсэн төлөвлөгөөтэйгээр 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “ТӨ” ХХК-тай бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 100 хувь шугамаа захиалан авсан. Гэтэл “ЖГГ” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан ажлыг хугацаандаа эхлүүлэх нөхцөл бололцоогоор хангаагүй бөгөөд манай компани “ТӨ” ХХК-д төлбөрөө төлж чадаагүй учир шүүхийн шийдвэрээр алданги 21 861 860 төгрөгийг манай компани төлөхөөр шийдвэр гарсан. “ЖГГ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж манай компани 21 861 860 төгрөгөөр хохирч байна. Мөн “ЖГГ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бараа материалуудыг татсан бөгөөд одоогийн байдлаар 23 606 600 төгрөгийн үнэ бүхий бараа материалууд байна. Дээрх бараа материалуудыг зөвхөн “ЖГГ” ХХК-тай хамтарч ажиллах гэрээнд тавьсан шаардлагын дагуу татан нийлүүлсэн тул цаашид өөр зориулалтаар ашиглах боломжгүй юм. Иймд хохиролд төлсөн 21 861 860 төгрөг, үлдэгдэл бараа материалын үнэ 23 606 600 төгрөг, нийт 45 468 460 төгрөгийг “ЖГГ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “ЧАХ” ХХК-иар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж-33 тоот хаягтай Романа ресиденс барилгын гадна усан хангамжийн 626,5 метр урттай, Ф150мм голчтой шугам хоолойг Ф250мм голчтой болгон өргөтгөх ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохирч, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр          0229-1/2016 дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш бид ажлыг эхлүүлэхийн тулд “ТЦХ” ХХК-иас зөвшөөрөл авахаар бичгээр болон бусад хэлбэрээр удаа дараа хандсан тухай гүйцэтгэгч тал болох “ЧАХ” ХХК мэдэж байсан бөгөөд талуудын төлөөлөл уулзалдаж, газар эзэмшигчээс зөвшөөрөл авах тал дээр хамтран ажиллахаар тохиролцож, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр протокол үйлдсэн байдаг тул “ЖГГ” ХХК-ийг дангаар гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Гүйцэтгэгч “ЧАХ” ХХК нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалаа авъя гэж манай компаниас 66 342 642 төгрөгийг нэхэмжилсний дагуу манай компанийн зүгээс “ЧАХ” ХХК-ийн төгрөгийн харилцах данс болох Хас банкны 5000981513 тоот дансанд 66 342 642 төгрөгийг шилжүүлсэн. “ЧАХ” ХХК нь манай компаниас дээрх үнийн дүн бүхий төлбөрийг авсныхаа дараа 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “ТӨ” ХХК-тай “Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, улмаар тус гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн алданги болох 21 861 860 төгрөгийг огт хамааралгүй манай компаниас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2018 оны 6 дугаар сард “М” ХХК нь энэхүү шугам хоолой өргөтгөх ажлыг өөрийн зардлаар хийхээр болсон тул бид 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 18/251 тоот албан бичгээр “ЧАХ” ХХК-д гэрээ цуцлах мэдэгдлээ хүргүүлсэн. Мөн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 18/305 тоот албан бичгээр “Худалдан авалт хийсэн агуулахдаа байгаа бараа материалын үзүүлэлт, үнийн саналыг манайд ирүүлж, тооцоо нийлэх” саналыг “ЧАХ” ХХК-д хүргүүлсэн боловч тухайн үед манайд ирүүлсэн бараа материалууд нь манай хэрэгжүүлж буй төсөлд ашиглагдахааргүй материал байсан тул бид хүлээн зөвшөөрөөгүй. Харин манай компани тус шугам хоолой өргөтгөх ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэхээр болсон “М” ХХК-д тухайн ажлыг гүйцэтгэхдээ “ЧАХ” ХХК-иас бэлэн байгаа материалыг авахыг санал болгосны дагуу тус компани нь худалдан авалт хийсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гэрээний дагуу 66 342 642 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Гэрээт ажлыг гүйцэтгэх байршилд “ХГ” ХХК, “М” ХХК, “ТЦХ” ХХК зэрэг хэд хэдэн газар эзэмшигчид барилга барьж, үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр газар эзэмшигчдээс “М” ХХК нь өөрийн зардлаар гадна усан хангамжийн 626,5 метр урттай, Ф150мм голчтой шугам хоолойг Ф250мм голчтой болгон өргөтгөх ажлыг гүйцэтгэхээр болж, ажлаа эхлүүлснээр бид “ЧАХ” ХХК-иар ажил гүйцэтгүүлэх боломжгүй болж 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 18/251 тоот албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдлээ хүргүүлсэн. “ЖГГ” ХХК-тай байгуулсан гэрээнд заагдсан шаардлагын дагуу татан нийлүүлсэн гэх шугам хоолойг “М” ХХК нь манай компанийн санал болгосноор “ЧАХ” ХХК-иас худалдан авсан. Бид нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан урьдчилгаа төлбөрөө буцаан шилжүүлэхийг гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөс хойш удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул 66 342 642 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нотлох баримт болох 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны Хас банкны 5000981513 тоот дансны хуулгаас харахад манай компаниас 7 307 107 төгрөгийг “ЧАХ” ХХК-д шилжүүлсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр нэмэгдүүлж, нийт 73 649 749 төгрөг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчид шаардах эрх үүсээгүй. Яагаад гэвэл “ЧАХ” ХХК бол гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээний үүргийн ямар нэгэн зөрчилгүй, хуулийн асуудал зөрчсөн зүйлгүй. Хариуцагч тал шилжүүлсэн мөнгөө авъя гэж нэхээд байгаа ч гэрээгээ зөрчсөн. Гэрээ зөрчсөн нөхцөлийг харвал ийм асуудлууд байдаг. Яг хууль зүйн ямар үндэслэлээр шаардах эрхээ гаргаад байгаа нь тодорхойгүй. Харин өөрсдөө гэрээний 4.1.1, 4.2.1, 4.2.3, 5.8, 5.11, 9.2, 5.12 дахь заалтуудыг ерөөсөө биелүүлээгүй. Тийм атлаа урьдчилгаанд төлсөн мөнгөө буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй, хуулийн ямар заалтаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн 23 606 600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 23 606 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЧАХ” ХХК-ийн хохирол 21 861 860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “ЖГ ” ХХК-ийн 50 043 149 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 21 861 860 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцож, үлдэх 28 181 289 төгрөгийн шаардлагаас 14 915 764 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “ЧАХ” ХХК-иас 6 265 525 төгрөгийг гаргуулан “ЖГГ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 385 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 621 533.21 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 115 199 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нийт төлбөрийн урьдчилгаа 30% болох 43 842 642 төгрөгийг ажил эхлэх үед шилжүүлэх үүрэгтэй байсан хэдий ч, ажил эхлэх нөхцөл бүрдээгүй байхад гүйцэтгэгч талын хүсэлтийг хүндэтгээд 66 342 642 төгрөгийг манай компани шилжүүлсэн байдаг. Тухайн төлбөрийг шилжүүлэх үед ажлыг эхлүүлэх боломж бүрдээгүй, ТЦХгээс зөвшөөрлийг авахаар талуудын хэн аль нь хичээж ажиллаж байсан бөгөөд уг зөвшөөрлийг авснаар бидний ажил эхлэнэ гэдгийг талууд мэдэж байсан. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “ТӨ” ХХК-тай “Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 65 076 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлж авсан нь ямар ч шаардлагагүй үйлдэл гэж бид үзэж байгаа бөгөөд манай компани “ЧАХ” ХХК-д гуравдагч компаниас зээлээр бараа материал авах үүргийг хүлээлгээгүй. Бид “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2-р зүйлд заасны дагуу хийх ажлын хугацаа, хэмжээ, гарах зардалд тохируулан төлбөрийн графикийг харилцан тохиролцож гаргасан бөгөөд манай компани тус графикийн дагуу төлбөрийг шилжүүлж, “ЧАХ” ХХК нь уг төлбөрөөр бараа материалаа захиалж, шат дараалалтайгаар ажлыг гүйцэтгэх ёстой байсан. Гэтэл ажил эхлэх хугацаа бүрэн тодорхой болоогүй байхад ажлаа хийнэ гэж бодоод зээлээр бараа материал авсан гэж тайлбарлаж тус зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадалгүй алдангид төлөх ёстой    21 861 860 төгрөгөө манай компаниас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэл тодорхойгүй байх тул манай компани зөвшөөрөх боломжгүй байна. Гэтэл нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа “ТӨ” ХХК-д зээлээ төлж чадахгүй алдагдалд ороод байгаа учраас “ЖГГ" ХХК-д 2 дахь ээлжийн төлбөрөө шилжүүлэхийг шаардсан боловч шилжүүлэхгүй байснаас үүдэн “ТӨ” ХХК-д 21 861 860 төгрөгийн алданги төлөх болсон гэдэг. Манай компани “ТӨ” ХХК-д төлөх ёстой "ЧАХ" ХХК-ийн зээлийн эргэн төлөлт, алдангийн түүний өмнөөс төлж барагдуулах, ямар нэгэн үүрэг хүлээгээгүйгээс гадна ажил гүйцэтгэх гэрээний 2-р зүйлд заасан графикаар тохиролцсон хугацаанаас өмнө, илүү дүнгээр шилжүүлснээрээ, эсрэгээрээ бид одоо санхүүгийн алдагдал хүлээгээд байна. “ЧАХ” ХХК нь манай компанийг газрын эзэмшигчдээс зөвшөөрлийг авч өгөөгүй гэдэг шалтгаанаар гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд хандсан нь үндэслэлгүй болохыг “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд хавсрагдсан 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн талуудын төлөөлөгчийн гарын үсэг зурагдсан уулзалтын протоколын 6-д: Цэнгэлдэх хүрээлэнгийн газрын эзэмшигчийн зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг талууд хамтран шийдвэрлэх талыг баримтлан ажиллах гэж тохиролцсоноор үндсэн гэрээг батлагдсанаас хойш талуудын төлөөлөл уулзаж гэрээний 4.1.1-д заасан захиалагч талын үүргийг гэрээлэгч талууд хамтран хэрэгжүүлэхээр болсон нь тодорхой харагдаж байгаа юм. Манай компани сөрөг нэхэмжлэлдээ гэрээ байгуулах баталгаа болгож шилжүүлсэн 7 307 107 төгрөг урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 66 342 642 төгрөг, нийт 73 649 749 төгрөгийг “ЧАХ” ХХК-иас буцаан авахаар нэхэмжилсэн.

Үүнээс талууд зөвшөөрсний дагуу үлдэгдэл 23 606 000 төгрөгийн бараа материалыг манай компани шилжүүлэхээр болсон учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дүн 50 043 149 төгрөг болсон. Үүнээс “ЧАХ” ХХК-ийн “ТӨ” ХХК-д төлөх ёстой алданги болох 21 861 860 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн “ЧАХ” ХХК ажил гүйцэтгэх талбай дээр ч нэг ч удаа очиж, ямар ч ажил хийгээгүй, ямар ч хамаарал, холбогдолгүй өдөр тутмын зарлагын баримтуудыг эвлүүлэн шүүхэд өгсөн байхад “Хариуцагч тал ажлаа эхлүүлэх бэлтгэл хангахаар 14 608 657 төгрөгийн зардал гаргасан болох нь тогтоогдож байна” гэж шүүх үзсэн нь дэндүү учир дутагдалтай. Учир нь “ЧАХ” ХХК нь зөвхөн манай компанийн ажлыг гүйцэтгэхээр байгуулагдсан компани биш гэдэг нь ойлгомжтой, барилгын ажил гүйцэтгэдэг компани барилгын материал авах нь ойлгомжтой, зөөвөр тээвэр хийх нь ойлгомжтой байхад “ЧАХ” ХХК-ийн гаргаж өгсөн баримтуудыг манай компанитай холбон манай нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон нь үндэслэлгүй шийдвэр болохыг баталж байна. Хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн “ЧАХ” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 06/2018 тоот албан бичигт манай компанид үлдэгдэл бараа материалын жагсаалтыг гаргаж өгсөн байх бөгөөд үүнд 4 удаагийн тээврийн зардал 1 200 000 төгрөгийг оруулан 23 606 000 төгрөг болсон байгаа учраас бид үлдэгдэл бараа материалыг зөөвөр тээврийн зардалтай нь хамт сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасуулчихсан байгаа юм. Мөн гэрээ байгуулах баталгаа болгож манайхаас шилжүүлсэн 7 307 107 төгрөгийг “ЧАХ” ХХК-иас шалтгаалахгүйгээр гэрээ цуцлагдсан учир буцаан шаардах эрхгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон. Энэхүү 7 307 107 төгрөг нь гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувь бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсанаар бид шилжүүлсэн урьдчилгаа төлбөрөө буцаан шаардах эрхгүй болно гэсэн гэрээний болон хуулийн үндэслэл бүхий заалт байхгүй. Манай компанийн шилжүүлсэн 73 3649 749 төгрөг нь бараа материал авах зориулалтаар хариуцагч талын хүсэлтийн дагуу шилжүүлсэн төлбөр бөгөөд ажил эхлэх нь тодорхой бус байхад манай шилжүүлсэн мөнгөөр бараа материалаа авахгүй гуравдагч компанитай "Зээлээр бараа материал худалдах худалдан авах гэрээ" байгуулж мөнгийг өөр зүйлд ашигласан байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу “ЧАХ” ХХК нь манай компанид бараа материалыг эсхүл, бараа материалын үнийг буцаан өгөх үүрэгтэй байна. Иймд анхан шатны шүүх манай компанийг үүрэг зөрчсөн гэж үзэж шийдвэр гаргасан нь хэргийг тал бүрээс нь дүгнээгүй, нотлох баримтуудыг нарийн шинжлэн судлах үүргээ биелүүлээгүйгээс гаргасан үндэслэлгүй, алдаатай шийдвэр гэж үзэж байгаа тул шийдвэрийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 23 606 000 төгрөгийн хариуцагчийн зөвшөөрлийг баталснаас бусад хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

         Нэхэмжлэгч “ЧАХ” ХХК нь хариуцагч “ЖГГ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 45 468 460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 73 649 749 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргажээ.

 

          “ЧАХ” ХХК нь Хан-Уул дүүрэгт баригдаж буй Романа ресидэнс барилгын гадна усан хангамжийн 626,5 метр урт шугам хоолойг Ф250 мм голчтой болгон өргөтгөн өгөх ажлыг 146 142 141 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр “ЖГГ” ХХК-тай тохиролцож, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ талаар талууд маргаагүй.

 

          Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

          “ЖГГ” ХХК-иас гэрээний баталгаа гэж нэрлэн 7 307 107 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-нд урьдчилгаа төлбөр 66 342 642 төгрөг нийт 73 649 749 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “ЧАХ” ХХК-д шилжүүлсэн үнийн дүнгийн талаар талууд маргаагүй байна.

 

             Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүйн улмаас “ЧАХ” ХХК-ийн гэрээний үүргийг “М” ХХК өөрийн зардлаар хийж гүйцэтгэх болж талууд гэрээнээс татгалзсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ЖГГ” ХХК-ийн үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзсан гэж дүгнэхээр байна. Учир нь хариуцагч нь газрын зөвшөөрөл авч, нэхэмжлэгчийг ажиллах боломжоор хангах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрт учирсан хохирол шаардах эрх үүснэ.

 

           Нэхэмжлэгч “ЧАХ” ХХК нь хариуцагч “ЖГГ” ХХК-ийн буруугаас “ТӨ” ХХК-тай байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрөө авч чадаагүйгээс “ТӨ” ХХК-д шүүхийн шийдвэрээр алдангийг төлөхөөр болсон ба үүнийхээ хохиролд тооцно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч “ЧАХ” ХХК нь “ТӨ” ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний дагуу 65 076 000 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материал худалдаж авсан боловч хариуцагч ажил эхлүүлэх бололцоогоор хангаагүйн улмаас шүүхийн шийдвэрээр 21 861 860 төгрөгийн алданги төлснөө хохиролд тооцон нэхэмжилсэн.

         

         Нэхэмжлэгч “ЧАХ” ХХК хариуцагч “ЖГГ” ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 73 649 749 төгрөг авсан атлаа, “ТӨ” ХХК-тай байгуулсан 65 076 000 төгрөгийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгчид хохирол учирсан гэж дүгнэхгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “ЧАХ” ХХК нь “ТӨ” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ гүйцэтгээгүй зөрчил нь нөгөө талын буюу “ЖГГ” ХХК-ийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна. Иймээс нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн       21 861 860 төгрөгийн алдангийг хохиролд тооцох шаардах эрхгүй гэж үзнэ.

 

          Нэхэмжлэгч “ЧАХ” ХХК-д 23 606 600 төгрөгийн бараа үлдэгдлээр байгаа ба уг барааг хариуцагч “ЖГГ” ХХК авахыг зөвшөөрсөн учир хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 73 649 749 төгрөгнөөс 23 606 600 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй. Учир нь хариуцагч “ЖГГ” ХХК нь уг барааны үнэ болох 23 606 600 төгрөгийг шилжүүлэн өгсөн учир уг мөнгийг уг компаниас дахиж гаргуулж нэхэмжлэгчид олгох боломжгүй.

 

Иймд талууд гэрээнээс татгалзсаны үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх бол 23 606 600 төгрөгийн барааг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй байна.

          Сөрөг нэхэмжлэл болох 73 649 749 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 23 606 600 төгрөгийн барааг бэлнээр авах болсон тул 50 043 149 төгрөгийг нэхэмжлэгч “ЧАХ” ХХК хариуцагч “ЖГГ” ХХК-д төлөх үүрэгтэй. Үүнээс нэхэмжлэгч гэрээний дагуу ажлаа эхлүүлэхэд гаргасан зардал 14 608 657 төгрөгийг хасаж тооцох үндэслэл тогтоогдоогүй байна. Учир нь энэ хэмжээний зардал гарсан гэх тайлбарыг нэхэмжлэгч “ЧАХ” ХХК нь хангалттай нотлоогүй. Цалин олгосон, шатахуун, бараа материал авсан баримтуудыг нэхэмжлэгч “ЧАХ” ХХК шүүхэд гаргаж өгсөн боловч /хх 86-174/ эдгээр баримтуудыг талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотойгоор гарсан шууд зардал буюу хэрэгт хамааралтай баримт гэж дүгнэх боломжгүй.

 

            Анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байна.

 

          Талууд гэрээний 2.2-т “2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэрээт ажлын нийт төлбөрийн 5 хувь буюу 7 307 107 төгрөгийг баталгаа болгон шилжүүлэхээр заасан” байна.

 

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаас үзвэл үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгэгч түүний өмнөөс үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргадаг. Харин гэрээний 2.2-т заасан агуулгаас үзвэл үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгүүлэхээр баталгаа гаргах нь хуульд нийцэхгүй.

 

Гэрээний 2.2-т заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт дэнчингийн талаар тохиролцсон гэж дүгнэхээр байна. Талууд дэнчингийн талаар тохиролцсон болох гэрээнээс татгалзсан тохиолдолд дэнчинг буцааж өгөх юм.

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчээс 23 606 600 төгрөгийн бараа материал, 50 043 149 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,                                                      2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02475 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1,2 дахь заалтыг нэгтэн 1 гэж дугаарлаж “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “ЖГГ” ХХК-аас гэрээний үүрэгт 45 468 460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ЧАХ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “ЧАХ” ХХК-аас 23 606 600 төгрөгийн үнэ бүхий бараа материал, 50 043 149 төгрөгийг тус тус гаргуулж “ЖГГ” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтыг 2 гэж дугаарлаж “106 дугаар зүйлийн 106.6” “...хариуцагчаас 385 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож” гэснийг тус тус хасч “115 199” гэснийг “526 198” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 486 147 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                         ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ                                                      

                                                                                                Д.БАЙГАЛМАА