Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 474

 

МАГАДЛАЛ

2020-03-02                                                        474                                             

 

 

 

 

 

 

 

Б.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/00063 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206030413 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 81а байр, 03 тоот хаягт байрлах 60,8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг “МОТ ” ХХК үнэлгээний газраас үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. Дээр дурдсан орон сууцыг 2014 онд 1 м.кв-ыг 2 631 578 төгрөг буюу 160 000 000 төгрөгөөр худалдан авсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/01019 шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор шинжээчээр 118 400 000 төгрөгөөр үнэлүүлсэнд гомдож, үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Энэ үнэлгээ нь зах зээлд худалдан борлогдох үнээс хэт доогуур байгаа нь миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Миний бие энэ орон сууцыг анх худалдаж авахдаа 160 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл үнэлгээчин энэ үнээс 41 600 000 төгрөгөөр доогуур үнэлсэнд гомдолтой. Мөн үнэлгээчин гэрт орж үзээгүй. Мөн хөрөнгийн үнэлгээнүүд нь хоорондоо зөрүүтэй. Зах зээлийн хандлагын, орлогын хандлагын, өртгийн хандлагын гэсэн 3 хандлагаар үнэлгээ гаргаад хамгийн өндөр үнэлгээтэй нь зах зээлийн хандлага буюу шууд м.кв талбайгаар нь тооцож өндөр гарсан учраас энэ үнэлгээгээр хийнэ гээд хийсэн байгаа нь буруу юм. Сүүлд шинжээчээр томилогдсон “ХҮТ ” ХХК-ийн гаргасан үнэлгээгээр зөвхөн орон сууцны зориулалттай учраас өргөтгөлийг тагтны зориулалттай гэж үзээд өргөтгөлийн 10 м.кв талбайг 0,3 итгэлцүүрээр үнэлээд орон сууцыг 120 514 000 төгрөг гэж үнэлсэн байдаг. Б.О-ын орон сууц нь нэгдүгээр давхарт байрлалтай учраас анхны “МОТ ” ХХК-ийн орлогын хандлагаар тооцвол 2 500 000 төгрөгөөр м.кв-ыг тооцох боломжтой. Хэрэв ингэж үнэлсэн тохиолдолд үнэлгээ нь өндөр гарах ёстой байсан. Гэтэл үнэлгээг гаргахдаа ашигтай талуудыг харгалзаж үзэлгүйгээр зөвхөн м.кв талбайгаар үнэлсэн нь буруу гэж үзэж байна. Нэгдүгээр давхарт байрлалтай 60.8 м.кв талбайтай байрыг түрээслэхэд түрээсийн төлбөр 2 000 000 төгрөгөөс буухгүй гэснийг тооцоолоогүй гэсэн хүсэлтийг өгч байсан. 118 400 000 төгрөгийн үнэлгээ хийсэн “МОТ ” ХХК-ийн үнэлгээ, “ХҮТ ” ХХК-ийн 120 514 000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээ нь 2 000 000 төгрөгийн зөрүүтэй гарч байгаа. НШШГГ надад 2019 оны 04 сарын 25-ны өдрийн 4/10108 тоот мэдэгдлийг 2019 оны 04 сарын 26-ны өдөр гардуулсан. Энэ мэдэгдэлд хүлээж авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаар багагүй үнээр бие даан борлуулах тухай санал гаргаж болох бөгөөд энэ талаар бичгээр хариу ирүүлнэ үү гэсэн байсан. Энэ талаар 2019 оны 04 сарын 29-ний өдөр бичгээр хариу өгсөн. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд гаргалаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын     24-ний өдрийн 184/ШШ2018/01019 дугаартай шийдвэрээр Б.О-аас 90 985 800 төгрөгийг гаргуулж “С” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б.О-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 81а байр, 3 тоот хаягт байрлах, 60.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, үнийн санал өгөх тухай мэдэгдлийг талуудад хоёр удаа хүргүүлсэн боловч Б.О нь үнийн саналаа өгөөгүй тул манай талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019 оны 04 сарын 17-ны өдөр шинжээч томилж, “МОТ ” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход үнэлгээ нь 118 400 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг 2019 оны 04 сарын 25-ны өдрийн мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээ болон хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Б.О мэдэгдэж, тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулсан. Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “МОТ ” ХХК-ийн 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 42/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 749 950 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн    679 750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.О олгож, шинжээчийн зардал 250 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О-аас гаргуулж “ХҮТ ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Уг байрыг         160 000 000 төгрөгөөр худалдан авсан нотлох баримт, уг байранд 10 м.кв өргөтгөл хийсэн тухай шинжээчийн дүгнэлт мөн 2 өрөө байрыг 3 өрөө болгосон тухай шинжээчийн дүгнэлтүүд тус тус хэрэгт авагдсан байхад эдгээр нотлох баримтуудыг хэрэгт огт хамааралгүй мэтээр орхигдуулан шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/01019 дугаартай шийдвэрээр Б.О-аас 90 376 000 төгрөгийг гаргуулж “С” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн /хх 17/, хариуцагч байгууллага гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2018 оны 08 сарын 30-ны өдрийн 18271291 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна /хх- 19х/

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь шүүгчийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр авагч “С” ХЗХ-д 90 376 000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага хугацаа тогтоож үнийн санал авах болон шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, зээлийн үүрэгт барьцаалсан орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хх 22-36/

 

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйн улмаас түүний өмчлөлд бүртгэгдсэн, улсын бүртгэлийн Ү-2206030413 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 81а байр, 03 тоот хаягт байрлах 60,8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар, хариуцагч байгууллагаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад үнийн санал хүргүүлээгүй тул “МОТ ” ХХК-ийг шинжээчээр томилуулан шинжээчийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ ижил төстэй зах зээлд зарагдаж байгаа нөхцөл байдлыг тодруулан 118 400 000 төгрөгөөр үнэлэгдсэн үйл баримт тогтоогдожээ. /хх 41-54/

 

Уг орон сууцны зах зээлийн үнийг 2019 оны 04 сарын 22-ны өдрийн байдлаар      118 400 000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслээд хариуцагч байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг албадан худалдах доод үнийг 70 хувиар тооцож 82 880 000 төгрөгөөр тогтоосныг төлбөр төлөгч Б.О нь 2019 оны 04 сарын 25-ны өдрийн 4/10108 тоот мэдэгдлээр хүргүүлснийг тэрээр 2019 оны 04 сарын 26-ны өдөр хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. /хх 56/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлож чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн, шүүхээс томилсон “ХҮТ ” ХХК-ийн 2019 оны 12 сарын 05-ны өдрийн 447 дугаар үнэлгээний дүгнэлтээр Б.О-ын дээрх орон сууцны үнийг 2019 оны 12 сарын 03-ны өдрийн байдлаар 120 514 000 төгрөг болохыг тодорхойлсон байх тул “МОТ ” ХХК-ийг шинжээчээр томилуулан, шинжээчийн дүгнэлт гаргуулсан үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

 

Шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зүйл хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/00063 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

                                                               Д.БАЙГАЛМАА