Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2020/00063

 

                                                                                                                                               

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 02 өдөр    

         Дугаар 184/ШШ2020/00063

               Улаанбаатар хот

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... тоот хаягт оршин суух, П- овогт Б-ын О- /РД:-/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ...., өөрийн байр хаягт байрлах, Н-арт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.О- миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, .... тоот хаягт байрлах 60,8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг “М-” ХХК үнэлгээний газраас үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. Дээр дурдсан орон сууцыг Б.О- би өмчилдөг. 2014 онд нэг м.кв-ыг 2,631,578 төгрөг буюу 160,000,000 төгрөгөөр худалдан авсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.24-ний өдрийн 184/ШШ2018/01019 шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор шинжээчээр 118,400,000 төгрөгөөр үнэлүүлсэнд гомдож, үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Энэ үнэлгээ нь зах зээлд худалдан борлогдох үнээс хэт доогуур байгаа нь миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Миний бие энэ орон сууцыг анх худалдаж авахдаа 160,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл үнэлгээчин энэ үнээс 41,600,000 доогуур үнэлсэнд гомдолтой. Мөн үнэлгээчин гэрт орж үзээгүй. Н-ар надад 2019.04.25-ны өдрийн 4/10108 тоот мэдэгдлийг 2019.04.26-ны өдөр гардуулсан. Энэ мэдэгдэлд хүлээж авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаар багагүй үнээр бие даан борлуулах тухай санал гаргаж болох бөгөөд энэ талаар бичгээр хариу ирүүлнэ үү гэсэн байсан. Энэ талаар 2019.04.29-ний өдөр бичгээр хариу өгсөн. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд гаргалаа” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.О- нь тус байрыг 160,000,000 төгрөгөөр худалдан авсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Шинжээчийн үнэлгээгээр 118,400,000 төгрөгөөр байрыг үнэлсэн байдаг. Б.О- нь 41,600,000 төгрөгөөр хохирч байгаа учраас хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Мөн хөрөнгийн үнэлгээнүүд нь хоорондоо зөрүүтэй. Зах зээлийн хандлагын, орлогын хандлагын, өртгийн хандлагын гэсэн 3 хандлагаар үнэлгээ гаргаад хамгийн өндөр үнэлгээтэй нь зах зээлийн хандлага буюу шууд м.кв талбайгаар нь тооцож өндөр гарсан учраас энэ үнэлгээгээр хийнэ гээд хийсэн байгаа нь буруу юм. Сүүлд шинжээчээр томилогдсон “Х-” ХХК-ийн гаргасан үнэлгээгээр зөвхөн орон сууцны зориулалттай учраас өргөтгөлийг тагтны зориулалттай гэж үзээд өргөтгөлийн 10 м.кв талбайг 0,3 итгэлцүүрээр үнэлээд орон сууцыг 120,514,000 төгрөг гэж үнэлсэн байдаг. Б.О-ын орон сууц нь нэгдүгээр давхарт байрлалтай учраас анхны “М-” ХХК-ийн орлогын хандлагаар тооцвол 2,500,000 төгрөгөөр м.кв-ыг тооцох боломжтой. Хэрэв ингэж үнэлсэн тохиолдолд үнэлгээ нь өндөр гарах ёстой байсан. Гэтэл үнэлгээг гаргахдаа ашигтай талуудыг харгалзаж үзэлгүйгээр зөвхөн м.кв талбайгаар үнэлсэн нь буруу гэж үзэж байна.  Нэгдүгээр давхарт байрлалтай 60.8 м.кв талбайтай байрыг түрээслэхэд түрээсийн төлбөр 2,000,000 төгрөгөөс буухгүй гэснийг тооцоолоогүй гэсэн хүсэлтийг өгч байсан. 118,400,000 төгрөгийн үнэлгээ хийсэн “М-” ХХК-ийн үнэлгээ, “Х-” ХХК-ийн 120,514,000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээ нь 2,000,000 төгрөгийг зөрүүтэй гарч байгаа. Тиймээс “М-” ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Н-рын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/01019 дугаартай шийдвэрээр Б.О-аас 90,985,800 төгрөгийг гаргуулж “С-” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б.О-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, .... тоот хаягт байрлах, 60.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, үнийн санал өгөх тухай мэдэгдлийг талуудад хоёр удаа хүргүүлсэн боловч Б.О- нь үнийн саналаа өгөөгүй тул манай талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019 оны 04 сарын 17-ны өдөр шинжээч томилж, “М-” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход үнэлгээ нь 118,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг 2019 оны 04 сарын 25-ны өдрийн мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээ болон хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Б.О-ад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулсан. Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигч, өмгөөлөгч нарын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О- нь Н-ар /цаашид “Н-” гэх/-т холбогдуулан “М-” ХХК-ийн үнэлсэн 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 42/Ш дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/01019 дугаар шийдвэрээр хариуцагч Б.О-аас 90,376,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 609,800 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “С-” ХЗХ-д олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...орон сууцыг анх худалдаж авахдаа 160,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл шинжээч 118,400,000 төгрөгөөр буюу 41,600,000 төгрөгөөр багасган зах зээлийн үнэлгээг бууруулж үнэлсэнд гомдолтой, мөн тухайн орон сууцыг 3 өрөө болгон засвар хийж, 10 м.кв талбай бүхий тагт хийсэн. Ашигтай байрлал буюу 1 давхарт байрладаг тул үнэ нь ижил төрлийн байрнаас илүү үнэтэй...” хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч “Н-” нь “...“М-” ХХК нь хуулийн дагуу хөрөнгийн үнэлгээ гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргав.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 сарын 26-ны өдрийн 184/ШЗ2018/07994 дүгээр захирамж, мөн өдрийн 184/ГХ2018/00866 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн “Н-” нь 2018 оны 08 сарын 30-ны өдөр 18271291 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж эхэлжээ.

 

“Н-” нь төлбөр төлөгч нарт шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг гаргуулан, банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх болон хасалт хийх тогтоол үйлдэн, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгийн талаарх лавлагааг гаргуулж, бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар Хан-Уул дүүрэг, .... тоот хаягт байршилтай 60,8 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, 2 өрөө орон сууц нь төлбөр авагч “С-” ХЗХ-той байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаалбараар бүртгэгдсэн байжээ. “Н-”-ын 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 18271291/136 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 18271291/05 дугаар тогтоолоор хураасан байна.

 

Хураагдсан эд хөрөнгөнд төлбөр авагч болон төлбөр төлөгч хэн аль нь үнийн санал гаргаагүй, тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй тохиолдолд үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээг тогтоох талаар “Н-” нь 2019 оны 04 сарын 10-ны өдрийн 4/8920 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр нотлогдов.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй буюу үнийн санал гаргаагүй тул “Н-” 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 125 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “М-” ХХК-ийг томилжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “Н-”-ын шинжээч томилж, үнэлгээ хийхтэй холбоотой ажиллагаа нь хууль зөрчсөн эсэх талаар маргаан байхгүй, харин зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн тул уг үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчийн маргаагүй, гомдоогүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа, зуучлалын цахим хаягт үзлэг хийсэн бөгөөд төлбөр төлөгч Б.О-ын өмчлөлийн орон сууцтай зэргэлдээ байршилд байх Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 54-3 тоот хаягт байрлах, 2014 оны 09 сард ашиглалтад орсон 54 м.кв талбайтай 2 өрөө бүхий орон сууцны 1 м.кв-ын үнэ 1,600,000 төгрөг буюу 86,400,000 төгрөг байв. “Н-”-аас томилогдсон “М-” ХХК-ийн үнэлгээний тайланд Б.О-ын орон сууцыг ижил байршилд байх 3 үл хөдлөх эд хөрөнгөтэй жишин харьцуулсан байх ба дээрх 3 орон сууцаас Б.О-ын орон сууцтай үзүүлэлтээрээ хамгийн ижил байж болох нэг хотхонд буюу “UB Town” хотхонд байрлалтай 64 м.кв талбайтай, 2010 онд  ашиглалтад орсон, 2 өрөө орон сууцыг 115,000,000 төгрөгөөр үнийг тогтоожээ. Мөн шүүхээс томилсон “Х-” ХХК-ийн 2019 оны 12 сарын 05-ны өдрийн 447 дугаар үнэлгээний тайлангаар Б.О-ын орон сууцны үнийг 2019 оны 12 сарын 03-ны өдрийн байдлаар 120,514,000 төгрөг болохыг тодорхойлжээ.

 

 “М-” ХХК нь 2019 оны 04 сарын 26-ны өдрийн №42/Ш дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар Б.О-ын үл хөдлөх хөрөнгийг 118,400,000 төгрөгөөр үнэлсэн  байх ба дээр дурдсан 3 үнэлгээтэй харьцуулан үзэхэд “М-” ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс хэт бага үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.О-ын гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 749,950 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 679,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилсон ба шинжээчийн зардал 250,000 төгрөгийг Б.О-аас гаргуулж “Х-” ХХК-д олгож шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Н-арт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “М-” ХХК-ийн 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 42/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 749,950 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 679,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.О-ад олгож, шинжээчийн зардал 250,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О-аас гаргуулж “Х-” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.УРАНЗУЛ