Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 510

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.М, Б.С нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01031 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.М, Б.С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах, орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.М, Б.С нар нь 1985 онд албан ёсоор гэр бүл болж, 5 хүүхдийн эцэг эх болон айл болон амьдарч байсан ба дунд хүү М.Б 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зуурдаар алдсан. Талийгаач хүү М.Б нь 2014 олны 09 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах Буянт-Ухаа хорооллын 716 дугаар байрны 17 тоотын 1 өрөө орон сууцыг худалдаж авсан ба одоо энэ орон сууц нь Хаан банкны зээлийн барьцаанд байдаг. Гэтэл Б.Г  нь хүү Б.А-гийн  нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ авсан гээд 2017 оны 07 дугаар сард бидэнд мэдэгдэлгүйгээр, дураараа авирлан тус орон сууцан дээр удаа дараа очиж өөрийн албан тушаал, хууль хүчний дүрэмт хувцсаа ашиглан түрээслэгчийг айлган сүрдүүлж дарамтлан байрнаас хөөж гаргаад хаалганы цоожийг нь солиод өөрөө ороод амьдарч байна. Өв залгамжлалын тухайд талийгаачийн төрсөн эцэг Х.М , эх Б.С нар нь хууль ёсны өв залгамжлагчид байсаар байтал Хан-Уул дүүргийн нотариатч Б.Б нь Б.А-гийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасан өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгоно гэснийг, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.4-т өвлүүлэгчийн ах, эгч, дүү мөн болохыг нотлох нотлох хүн тус бүрийн төрсний гэрчилгээ, эсхүл төрөлт бүртгэсэн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эцэг, эхийн хэдэн хүүхэд төрүүлсэн тухай лавлагаа, мөн заврын 8.2.9-д өвлөгдөх эд хөрөнгийн оршин суугаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичгийн бүрдлийг хангах зэргээр бусад хууль ёсны өв залгамжлагчдыг шалгаж нягтлах, тэдгээрийн татгалзал, зөвшөөрөл байгаа эсэх, тухайн өвлөгдөх эд хөрөнгийн талаар болон өвлүүлэгчийн өмчлөлд байсан эсэхийг шалгаагүй, зохих баримт материалыг шаардан аваагүй, нотариатын бүртгэл хийгээгүй зэрэг нь Нотариатын тухай хууль болон холбогдох журам зааврыг баримтлаагүй буюу зохих журмын дагуу хийх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хууль ёсны өв залгамжлагч нар болох Х.М, Б.С нарын эрх ашиг сонирхлыг хөндөж зөрчиж байна. Иймд Хан-Уул дүүргийн нотариатч Б.Б-гийн2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 08 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, талийгаач М.Б-ийн эцэг Х.М, эх Б.С нарыг тус Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, Наадамчдын зам гудамжны 716 дугаар байрны 17 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өвлүүлэгч М.Б-ийн өмчлөх эрхтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, Наадамчдын зам гудамж, 716 дугаар байрны 17 тоотын 1 орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээг авахаар Б.Г 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүсэлтийг бичгээр гаргасан. Хүсэлттэй холбогдуулан Б.А-гийн  төрсний гэрчилгээ, М.Б-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, оршин суугаа засаг захиргааны тодорхойлолт болон хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, Монголын нотариатчийн танхимаас өв нээгдсэн эрхийн бүртгэлийг гаргаж өгсөн. Нотариатч эдгээр баримт бичгийг судлан үзэж Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан шаардах баримт бичиг бүрдүүлбэр хангасан гэж үзэж 08 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон. Өв нээгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд өв хүлээн авах тухай хүсэлт гаргасныг Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Д.Х 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн. Нэг жилийн хугацаанд өвөөс татгалзсан ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Мөн түүнчлэн бусад өвлөгчөөс, түүний дотор Х.М, Б.С нараас өв хүлээн вах хүсэлтийг гаргаж байгаагүй болох нь Монголын нотариатчийн танхимаас авсан өвийг бүртгэх бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. Тийм учраас Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.3 дахь хэсэгт зааснаар Б.А-г хууль ёсны өвлөгч гэж үзсэн. Б.А өнөөдөр 4 настай, хууль зүйн хувьд эрх зүйн чадамжгүй учраас хууль ёсны төлөөлөгч болох түүний эх Б.Г  хүсэлт гаргасан нь үндэслэлтэй. Өв хүлээн авах хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн нотариатч бүртгэлсэн нь хууль ёсны байсан. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ өв нээгдсэн газрын нотариатчид хандана гэж заасны дагуу гаргасан. Б.А-д өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн өдөр буюу 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 1 жил, 4 сар, 254 хооногийн дараа олгосон нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2, 531.3 дахь хэсэгт заасны дагуу хийгдсэн. Иргэний хуулийн 22 дугаар зүйлд иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу харьяалан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т бусдын асран хамгаалалтад байгаа этгээдийн оршин суугаа газрыг тэдний эцэг, эхийн оршин суугаа газар тодорхойлогдоно гэж заасан. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрээр Б.А нь өвлүүлэгч М.Б-тай нэг хаягт албан ёсоор бүртгэлтэй оршин сууж байсан нь тогтоогддог. Иймд энэхүү өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо зохих журмын дагуу шаардлагатай нотлох баримтыг үндэслэн хуулийн дагуу олгосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие талийгаач М.Б-тай анх ахынх нь хашаанд хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Гэтэл гэрлэлтээ бүртгүүлсэн, цуцлуулсан гээд байх юм. Хэрэв тийм шийдвэр байгаа бол гаргаад ирэх хэрэгтэй. М.Б бид хоёр амьтдраад 2 жил 6 сар болоод талийгаач 2013 оны 03 дугаар сард Афганистан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явсан. Тэр үед би 3 сартай жирэмсэн үлдсэн. Тэгээд 6 сарын хугацаатай яваад 2013 оны 10 сард ирсэн. Ирээд 3 хоногийн дараа би төрж, 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.А-г төрүүлсэн. Энхийг сахиулах ажиллагаанд явж ирээд тодорхой хэмжээний цалин хөлс авсан учир тэр мөнгөө байрны урьдчилгаанд хадгалж, ингээд хоёр талаасаа мөнгө нийлүүлж, 2014 оны 10 дугаар сард Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын 716 дугаар байрны 17 тоотын 1 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж, орон сууцны зээлд хамрагдан үлдэгдэл төлбөрийг төлж, уг орон сууцанд хамт амьдрах болсон. Бид хоёрын хамтын амьдрал нэг жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Яагаад гэхээр М.Б архи их уудаг, архины хамааралтай байсан. Орой болгон ирээд хэл амаар доромжилдог, хамгийн сүүлд намайг нэвширтэл зодсон байдаг. Аргагүйн эрхэнд би тусдаа гарч айлын хажуу өрөө түрээслэж амьдарсан. Нэхэмжлэгч нар Б.Г гаас энэ байрыг авна гээд байх юм, эцгээс өвлөгдсөн байрандаа хүү нь яагаад амьдарч болохгүй байгаа юм. Яагаад ач хүүгээ боддоггүй юм бэ. Би өдий хүртэл хадам талаасаа нэг ч төгрөг гуйж үзээгүй. Энэ хүмүүс одоо миний нэр хүндэд халдаж явна. Миний бие шүүхэд хандаж эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлсэн. Гэтэл энэ шийдвэр огт биелэгдээгүй. Би өөрийн оруулсан мөнгийг авч чадаагүй. Талийгаач өөрийгөө боож алсан хүн шүү дээ. Би түрээслэгчийг хөөж гаргасан зүйл байхгүй. Намайг байранд очиход хоосон байсан. Өв нээлгэх үед би нэхэмжлэгч талтай зөндөө ярилцсан. Надад ямар ч тайлбар өгөөгүй, бид өөрсдөө шийднэ гэсэн. Гэтэл эцэстээ алгын чинээ хүүхдийг ад үзээд байх юм. Нэхэмжлэгч талд өв нээлгэх хангалттай хугацаа байсан атал өнгөрсөн хойно нь ямар ч үйлдэл хийгээгүй байж яагаад одоо ингээд байгаа юм бэ. Өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй тул өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг баримтлан       Хан-Уул дүүргийн нотариатч Б.Б-гийн Б.А-д 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Х.М, Б.С нарыг өвлүүлэгч М.Б-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжинд 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.М, Б.С нарт олгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Х.М, Б.С нар нь өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдэлийг хүчингүйд тооцуулах орон сууцны өв залгамжлагчаар тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн шийдвэрт уг хэргийн гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Г  миний бие гомдолтой байна. Миний хүү Б.А нь одоо 6 настай. Энэ хүүхдийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг яагаад анхан шатны шүүгч анхаарч үзэхгүй байгааг би ойлгохгүй байна. Шүүгчийн гаргасан шийдвэрт “...Б.Б-гийн Б.А-д олгосон 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №08 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Х.М, Б.С нарыг өвлүүлэгч М.Б-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоосугай” гэсэн нь гуравдагч этгээд Б.А-г хууль ёсны өвлөгч бус мэтээр нэхэмжлэгч нар ойлгож байрнаас хөөх шалтгаан болж байна. Хууль журамд нэг жилийн дотор өв хүлээн авах тухай хүсэлт \Монголын Нотариатчдын Танхимд\ бүртгүүлсэн, мөн эд хөрөнгийг эзэмдэн авсан эрхлэн удирдсан этгээд өвлөгч болно гэсэн дагуу шүүгч шударгаар хэргийг шийдсэн бол шүүхээс ийм шийдвэр гарахгүй байсан. Өвлөгч Б.А өв хүлээн авах хүсэлтээр хугацаанд нь зохих байгууллагад гаргасан богөөд мөн өвлүүлэгч өөрөө амьд ахуй цагтаа буюу 2015 он 07 сараас орон сууцаа бусдад хөлсөлж мөнгөөр нь банкны зээл төлж, хүү Б.А-г тэжээн тэтгэж байсан болно. Өвлүүлэгч амьд сэрүүн байхдаа өөрөө орон сууцаа бусдад хөлсөлж байсанг гуйвуулж бичгээр хийсэн ямар ч гэрээ, гэрчгүй бусад нотлох баримтгүй байхад шүүгч хэт нэг талд үйлчилж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Өвлүүлэгчийн эгч н.Ч  \өвлөгч биш этгээд\ нь н.А-ийн  охиноор дамжуулж орон сууцны хөлсийг авч ашиг олж байсан бөгөөд ах н.Б нь Б.А-г миний байраас гаргаж өгнө үү гэсэн утга бүхий нэхэмжлэл гаргаж байсан, одоо нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нараа сольж ямар ч аргаар хамаагүй Б.А-г байрнаас гаргахын төлөө нэхэмжлэгч н.С, н.М , н.Ч , н.Б нар нэгдэж нэхэмжлэл гаргаж явна. Нэхэмжлэгч нар орон сууц хөлслөх гэрээ хэлцэл байгуулж яваагүй, хөлслөгч н.А тэй уулзаж байгаагүйг шүүх хурал дээр гэрч н.А  мэдүүлсэнг шүүх анхаарч үзсэнгүй. н.А т өвлүүлэгч н.Б өөрөө орон сууцаа хөлсөлж байсанг шүүх анхаарч үзсэнгүй. Анх н.А  2015 оны 07 сараас тухай орон сууцыг хөлсөлж эхэлсэн байхад шүүгч нэхэмжлэлгч нарыг эд хөрөнгө эзэмдэн авч эрхлэн удирдсан мэтээр хүчээр тогтоож байгаад маш гомдолтой байна. \цаг хугацаа, үйл баримтыг анхаарч үзэхгүй шүүгч хэт нэг талд үйлчилж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргасан байна. Янз бүрийн лавлагаа мэдээлэл авах байсан мэтээр нотариатчийг буруутгаж байгаа нь утгагүй байна. Учир нь иргэн өөртөө туслаж өв хөрөнгө авах тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад гаргах үүрэгтэй бөгөөд өөрөө үйлдээгүй гэрээ хэлцэл, орлого зарлагыг мөнгөн хөрөнгө захиран зарцуулсан мэтээр гүйцэтгэсэн, мэтээр шүүхэд мэдүүлэх нь учир дутагдалтай хэлж ярьж байгаа бүхнээ нотлох үүргээ нэхэмжлэгч нар гүйцэтгээгүй байхад шүүгч хууль буруу хэрэглэж гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэсэн мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар нь 6 настай ач хүүгээ орон сууцнаас гаргахыг шаардаж зөвхөн нэхэмжлэгч нарыг өвлөгч мэтээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж ойлгож байна. Хэргийг бүх талаас нь хянан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

           Нэхэмжлэгч Х.М, Б.С нар нотариатч Б.Б-д холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, М.Б-ийн Хан-уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, Наадамчдын зам гудамжны 716 дугаар байрны 17 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр, нас барагч М.Б-ийн төрсөн хүү Б.А-гийн хууль ёсны төлөөлөгч, эх Б.Г  оролцож тайлбар гаргасан байна.

 

           Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, Наадамчдын зам гудамжны 716 дугаар байрны 17 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны өмчлөгч бөгөөд нэхэмжлэгч Х.М, Б.С нарын төрсөн хүү, гуравдагч этгээд Б.А-гийн  төрсөн эцэг М.Б нь 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нас баржээ. /хх 10-11/

 

           Хариуцагч Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Б.Б нас барагч М.Б-ийн төрсөн хүү Б.А-гийн  хууль ёсны төлөөлөгч, эх Б.Г гийн 2016 оны 11 дүгээр сарын 12-нд гаргасан өв хүлээн авах хүсэлтийг үндэслэн, Б.А-д , 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 08 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон /хх-7, 23/ үйл баримт тогтоогдсон байна.  

 

              Нэхэмжлэгч Х.М, Б.С нар нэхэмжлэлдээ “нотариатч Б.Б өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо уг хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг аваагүй, бусад хууль ёсны өв залгамжлагчдыг шалгаагүй холбогдох баримтыг шаардан аваагүй” гэсэн үндэслэл заасныг, хариуцагч Б.Б “М.Б-ийн орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу, шаардлагатай нотлох баримтыг үндэслэн, хуулийн дагуу олгосон” гэж маргасан.

 

            Нотариатч Б.Б хүсэлт гаргагч нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй байхад, тус үйлдлийн үр дагавар, бусад өвлөгчид байгаа эсэх, тэдний эрх, үүрэг зөрчигдөж болзошгүй талаар анхаарч, зохих ажиллагааг бүрэн хийгээгүйгээс бусад өвлөгчийн талаархи мэдээллийг зөвхөн Нотариатын танхимын өвийн бүртгэлийн лавлагаагаар хязгаарлаж, түүнийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийсэн нь Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргагч өөрийгөө хууль ёсны өвлөгч гэдгийг нотлохоос гадна өөр өвлөгч байхгүй нь тогтоогдоогүй байхад нотариатч түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл хийсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэхээргүй байна.

 

           Иймд хариуцагч Б.Б Хан-уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа Наадамчдын зам гудамж, 716 дугаар байрны 17 тоот орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээг Б.А-д олгохдоо: өвлүүлэгчийн эд хөрөнгийн эрхтэй холбоотой лавлагаа гаргуулаагүй, өвлөгдөх хөрөнгийг өвлөх хүсэлт гаргасан этгээдээс гадна хуульд заасан үндэслэл журмын дагуу өөр өвлөгч байгаа эсэхийг тодруулаагүй талаар анхан шатны шүүх дүгнэхдээ, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлжээ.

 

          Хариуцагч буюу нотариатч Б.Б-гийн 08 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2 дахь заалтыг зөрчсөн байх тул Б.А-д 2017 оны оны 6 дугаар сарын 6-нд өвлөх эрхийн 08 дугаартай гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр үндэслэл хуульд нийцсэн байна.

 

         Харин анхан шатны шүүх нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Х.М, Б.С нарын шаардлагаар буюу нас барагч М.Б-ийн төрсөн эцэг, эхийг нь өвлөгчөөр тогтоон шийдвэрлэсэн боловч М.Б-ийн төрсөн хүү буюу гуравдагч этгээд Б.А-гийн  эрх ашиг хөндөгдөж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй учир шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй.

 

Анхан шатны шүүхийн гаргасан зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01031 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гуравдагч этгээдийн төлөөлөгчийн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ИЧИНХОРЛОО

                          ШҮҮГЧИД                                             Д.ЦОГТСАЙХАН

                                                                                     Д.БАЙГАЛМАА