Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 570

 

                               

 

 

 

 

 

 

 

2018 оны 3 сарын 12 өдөр                   Дугаар 183/ШШ2018/00570                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.М //,

 

Нэхэмжлэгч: Б.С нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Бд  холбогдох,

 

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах, орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базарсад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М, С нар 1985 онд албан ёсоор гэр бүл болж 5 хүүхдийн эцэг эх болон амьдарч байсан ба дунд хүү М Б 2016 оны 01 сарын 22 өдөр зуурдаар алдсан. Талийгаач хүү нь 2014 оны 9 сарын 30 өдөр Орон сууцны  ипотекийн зээлийн гэрээгээр Хан-уул дүүрэг, 16 хороо, Буянт ухаа 716 байр, 17 тоот 1 өрөө байрыг худалдаж авсан ба одоо энэ орон сууц нь Хаан банкны зээийн барьцаанд байдаг. Гэтэл Б.Г нь хүү Б.Агийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ авсан гээд 2017 оны 7 сард бидэнд мэдэгдэлгүйгээр, дураар авирлан тус орон сууцанд очиж өөрийн албан тушаал, хууль хүчний дүрэмт хувцсаа ашиглан түрээслэгчийг айлган сүрдүүлж дарамтлан байрнаас хөөж гаргаад хаалганы цоожийг нь солиод өөрөө амьдарч байна. Өв залгамжлалын тухайд талийгаачийн төрсөн эцэг Х.М эх Б.С нар нь хууль ёсны өв залгамжлагчид байсаар байтал Хан-уул дүүргийн нотариатч Б.Б нь Б.Агийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хуулийн 43.6-д өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгоно, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.4-т өвлүүлэгчийн ах, эгч, дүү мөн болохыг нотлох хүн тус бүрийн төрсний гэрчилгээ, эсхүл төрөлт бүртгэсэн лавлагаа терөл садангийн лавлагаа, эцэг, эхийн хэдэн хүүхэд төрүүлсэн тухай лавлагаа, 8.2.9-д өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичгийн бүрдлийг хангах зэргээр бусад хууль ёсны өв залгамжлагчдыг шалгаж нягтлах, тэдгээрийн татгалзал зөвшөөрөл байгаа эсэх, тухайн өвлөгдөх хөрөнгийн талаар болон өвлүүлэгчийн өмчлөлд байсан эсэхийг шалгаагүй, зохих баримтыг шаардан аваагүй, нотариатын бүртгэл хийгээгүй зэрэг нь Нотариатын тухай хууль болон болон холбогдох журам зааврыг баримтлаагүй буюу зохих журмын дагуу хийх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг зөрчиж байх тул 2017 оны 6 сарын 16 өдрийн 08 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхэд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд холбоотой хууль ёсны өв залгамжлагч болох өвлүүлэгчийн төрсөн эцэг эх нарыг өв залгамжлалаар тогтоолгох тухай 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эхний шаардлагын хувьд нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгох хуульд заасан үүрэгтэй мөн эрхтэй байгаа. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдлийг хийхдээ холбогдох Нотариатын тухай хууль, Иргэний хууль, 2011 оны нотариатын үйлдэл хийх заавар буюу 8 дугаар хэсэгт заасан холбогдох дүрэм зааврыг зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Холбогдох шаардлагатай бүрдүүлэх бичиг баримт дутуу, хууль бус байхад үйлдэл хийсэн. Нотариатын тухай хуулийн тухай хуулийн 43.6-д тухайн өвлөгдөж буй эд хөрөнгийн талаар нотолсон бичиг баримтыг тодруулаагүй. Өвлөгдөж буй эд хөрөнгө бусдын барьцаанд байгаа тохиолдолд барьцаалагчаас заавал зөвшөөрөл авч зөвшөөрлийн үндсэн дээр олгоно. Хэдий хариуцагч Хаан банкинд очиж уулзаж хуулбар үнэн даруулсан ч хариуцагч талаас өгсөн Хаан банкны хуулбар үнэн дарагдсан ямар ч эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй байна. Өвлүүлэгчийн бусад өв залгамжлагч нарыг тогтоох хуулиар тавигдсан шаардлагыг хангаж үйлдэл хийгээгүй. Нотариатын тухай хуулийн 43.1, Иргэний хуулийн 533.1-д өв нээгдсэн газрын нотариатчдад хууль ёсны залгамжлагч хүсэлт гаргасны дагуу гэрчилгээ олгоно гэж заасан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн нотариатад хандсан  нь өв нээгдсэн газар биш. Хуульд хэрвээ өвлүүлэгчийн өв нээгдсэн газар нь өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байгаа газар гэж байгаа өв нээгдсэн газар нь Чингэлтэй дүүрэг юм. Гэтэл хуульд заасан журмын дагуу зохих нотариатад хандаагүй. Хан-Уул дүүргийн нотариатч өв нээгдсэн газар биш байтал гэрчилгээ олгосон байна. Гэтэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад өвлөх эрхийн гэрчилгээ олгож байна. Тийм учраас үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү. Төрүүлсэн эцэг эх нь хууль ёсны өвлөгч, эд хөрөнгийн тухайд Иргэний хуулийн 528.2-т эд хөрөнгийг өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор эрхлэн удирдаж байсан учраас эцэг эх нь хууль ёсны өв залгамжлагч мөн бөгөөд нотариатч хууль зөрчиж гэрчилгээ олгосон нь тэдний хуулиар олгосон эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэв.

  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Агийн өмнөөс эх Гэрэлтнаран 2017 оны 6 сарын 12-ны өдөр өвлүүлэгч Батхуягийн өмчлөлийн орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг бичгээр гаргасан. Хүсэлттэй холбогдуулан Агийн төрсний гэрчилгээ, нас барсны бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, оршин суугаа засаг захиргааны тодорхойлолт болон хүн амын өрхийн дэвтрийн бүртгэл мөн Монголын нотариатчийн танхимаас өв нээгдсэн эрхийн бүртгэлийг гаргаж өгсөн. Нотариатч эдгээр баримт бичгийг судлан үзэж Нотариатын тухай хуулийн 43.2-т заасан шаардах баримт бичиг бүрдүүлбэр хангасан гэж үзэж,  08 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгосон. Өвлөгч Агийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч эх Гэрэлтнаран өв хүлээн авах хүсэлтийг өв нээгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд гаргасныг Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Хишигсүрэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн. 1 жилийн хугацаанд өвөөс татгалзсан ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Түүнчлэн бусад өвлөгчөөс түүний дотор өвлөгч С, М нараас өв хүлээн авах хүсэлтийг гаргаж байгаагүй болох нь Өв бүртгэх бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон учраас Иргэний хуулийн 528.1, 528.3-т зааснаар Аг хууль ёсны өмчлөгч гэж үзсэн. Өв нээгдсэн газрын асуудал өвлөх эрхийн гэрчилгээ ялгаатай ойлголт. Өв хүлээн авах хүсэлтийг аль ч нотариатад гаргах эрхтэй байгаа. А 4 настай, хууль зүйн хувьд эрх зүйн чадамжгүй, хууль ёсны төлөөлөгч эх нь хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Сонгинохайрхан дүүргийн нотариатч бүртгэсэн нь хууль ёсны байсан. Хан-Уул дүүргийн нотариатч н.Бд Иргэний хуулийн 531.1-д заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ өв нээгдсэн газрын нотариатчид хандана гэж заасны дагуу гаргасан. Ад өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн буюу 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 1 жил 4 сар 254 хоногийн дараа Иргэний хуулийн 531.2, 531.3-т зааснаар олгосон. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 8.1-д хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх өвлөх эрхтэй гэж заасны дагуу хуульд заасан үндэслэл журмын дагуу нотариатч баталгаажуулсан. Иргэний оршин суугаа газрыг Иргэний хуулийн 22 дугаар зүйлд иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу харьяалан бүртгүүлсэн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно, 22.3-т бусдын асран хамгаалалтад байгаа этгээдийн оршин суугаа газрын тэдний эцэг эхийн оршин суугаа газар тодорхойлогдоно гэж заасан. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрээр А нь өвлүүлэгч Батхуягтай 1 хаягт албан ёсоор бүртгэлтэй оршин сууж байсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.М, Б.С нар нь Хан-Уул дүүргийн нотариатч Б.Бд холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хууль болон журам, зааврыг зөрчсөн гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээг авах нь тусдаа ойлголт,  өв хүлээн авахаар гаргасан хүсэлт, лавлагааг үндэслэн гэрчилгээ олгосон гэж маргалаа.

     

Хан-Уул дүүргийн нотариатч Б.Б нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 хороо, Буянт-ухаа хороолол, 716 байр 17 тоот хаягт байрлах, Ү-2206035604 улсын бүртгэлийн дугаартай, 000353871 тоот гэрчилгээтэй, 1 өрөө орон сууцыг Б.Ад өвлүүлэхээр 08 тоот гэрчилгээг олгожээ.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн төрүүлсэн хүүхэд болон эцэг, эх нь хууль ёсны өвлөгч байх бөгөөд адил хэмжээгээр өвлөх эрхтэй” гэж заасан ба М.Батхуягийн төрсөн хүү Б.А, түүний эцэг Х.М, эх Б.С нар нь хууль ёсны өвлөгч байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөхөөр заасан ба М.Б өмч болох бөгөөд дээрх орон сууц нь өвлөгдөх эд хөрөнгө ба тухайн эд хөрөнгө буюу өвийг хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журмыг хуулиар зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсанд тооцохоор заасан байна.

 

Нэхэмжлэгч нар нь М.Б нас барах хүртэл нь Чингэлтэй дүүрэг, 12 хороо, Булгийн 19 гудамж, 908 тоотод хамт амьдарч байгаагүй, харин Чингэлтэй дүүрэг, 12 хороо, Булгийн 19 гудамж, 917а тоотод нас барагч нь эгч Ч гэрт амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдлоо.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар нас барах хүртэл нь хамт амьдраагүй бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариатад өв хүлээн авах тухай буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч нар нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор нотариатад өв хүлээн авах тухай буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаж байгаагүй, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд харин орон сууцыг бусдад түрээслүүлж байсан нь өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан гэж төлөөлөгчөөс нь шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

Тухайн тохиолдолд гэрч М.Б нь орон сууцыг бусдад түрээслүүлж байсан гэж мэдүүлсэн ба Х.М, Б.С нар нь хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

 

М.Б нь 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нас барснаар өв нээгдсэн, ам бүлийн бүртгэлд хэдийгээр хамт бүртгэлтэй байгаа боловч түүний хүү Б.А, Б.Г нар нь түүнтэй 2015 оны 9 дүгээр сараас хойш хамт амьдраагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан гэж тайлбарлаж байна.

 

Нас барагчийн хүү Б.Агийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатчид өв хүлээн авах хүсэлт гаргаж, гарын үсгийн 83 дугаарт бүртгэгдсэн нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасанд нийцэж байна.

 

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатад гаргана гэж, 531.2-т гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа олгоно гэжээ.

 

Х.М, Б.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх хуулийн заалтыг зөрчиж, Чингэлтэй дүүрэгт амьдарч байгаад нас барсан байхад Хан-Уул дүүргийн нотариатч гэрчилгээ олгосон гэж тайлбарлах ч өв хүлээн авахаар гаргасан хүсэлтийг бүртгэсэн Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатчийн үйлдлийн хувьд маргаагүй, бүртгэл хүчин төгөлдөр байна.

 

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 болон 43.2-т өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичиг, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт бичгийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор зохицуулжээ.

 

Нотариатч нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр насанд хүрээгүй өвлөгч Б.Агийн хууль ёсны төлөөлөгч Б.Г өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт, нас барсны гэрчилгээ, хорооны Засаг даргын тодорхойлолт, өвлөгдөх эд хөрөнгийн гэрчилгээ, Б.Г өв хүлээн авахаар гаргаж байсан хүсэлт, Монголын нотариатчдын танхимаас Б.Г лавлагаа олгосон 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 195 тоот албан бичиг зэргийг үндэслэсэн байна.

 

Өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.2-т хүүхдийн төрсний гэрчилгээ, 8.2.4-т өв хүлээн авахаар хүсэлт гаргасан хууль ёсны өвлөгч нар нь өвлүүлэгчийн ах, эгч, дүү мөн болохыг нотлох хүн тус бүрийн төрсний гэрчилгээ, эсхүл төрөлт бүртгэсэн лавлагаа төрөл садангийн лавлагаа эцэг, эхийн хэдэн хүүхэд төрүүлсэн тухай лавлагаа зэргийг үндэслэхээр заажээ.

 

Өвлөгдөх эд хөрөнгийг өвлөхөөр өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хэд хэдэн хууль ёсны өв залгамжлагчид байгаа тохиолдолд уг зааврын 8.2.2-т заасан баримтуудыг нотариатч шаардах ба тухайн тохиолдолд Монголын нотариатчдын танхимын Өвийн нэгдсэн бүртгэлд зөвхөн нэг хууль ёсны өвлөгч бүртгэгдсэн байх тул дээрх баримтуудыг нотариатч нягтлах шаардлагагүй юм.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хүүхэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх эрхтэй гэж, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д өвлөгч нь насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй бол өвлөх эрхийн гэрчилгээг болон хууль ёсны төлөөлөгчид нь олгож, энэ тухай тусгайлан тэмдэглэл үйлдэнэ гэсэн байна.

 

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрөөгүй байх хугацаанд олгож болохоор зааснаар нотариатч 08 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг өвлөгчийн эх Б.Гэрэлтнаранд олгожээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгох заалтыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа ч нотариатчийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

Учир нь өвийн зүйл нь барьцаагаар хангагдсан үүргийг зээлийн гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны зүйлийн үнээс хангуулахаар Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдах талаар, 28.1-д барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан ба Хаан банкны ипотекийн зээлийн барьцаанд байгаа болохыг хүсэлт гаргагч болон нотариатч мэдэж байсан байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдийг дүгнэхэд хариуцагч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байх бөгөөд нотариатч Б.Бд холбогдуулан орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгохыг хүссэн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байх тул Х.М, Б.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцсоноор нэхэмжлэгч нарыг өвлөгдөх орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгоно гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нар нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүйгээс өвлөх эрхээ алдсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр оролцуулах бөгөөд хэн алинаас нь хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгч нар нь хариуцагчаар Б.Г тодорхойлоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан нотариатч Б.Бд холбогдох, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 08 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах, Хан-уул дүүрэг, 16 хороо, Буянт ухаа 716 байр, 17 тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгохыг хүссэн Х.М, Б.С нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ